Мэдээний зураг,

Одоогоос яг хагас зууны өмнө Нью-Йорк хотод зохион байгуулсан дэлхийн худалдааны үзэсгэлэн яармагын үеэр Бостоны их сургуулийн профессор, зөгнөлт зохиолч Айзек Азимов хүн төрөлхтний ертөнц 50 жилийн дараа ямар байхыг төсөөлсөн зөгнөл гаргасан байна. The New York Times сонинд нийтлэгдсэн уг зөгнөлөөр бол 2014 он гэхэд эрчим хүчний тал хувийг цөмийн цахилгаан станцууд үйдлвэрлэх бөгөөд Америкийн Аризона муж болон Казахстаны өргөн уудам тал нутгуудад нарны эрчим хүчний станц байгуулахын зэрэгцээ хүн төрөлхтөн сансараас эрчим хүч авч газар дэлхийд илгээдэг болж эхэлнэ. Нисгэгчгүй сансарын хөлөг энэ үед Улаан нүдэн гараг дээр очсон байх бөгөөд тэнд колончлол бий болгох эхлэл тавигдана. Энэ бүхэн одоо нэгэнт биелэлээ олсон гэж болохоор асуудлууд . Улаан нүдэн гараг дээр одоо ажиллаж байгаа Curiosity станц гэхэд энэ зөгнөлийн бодит биелэл мэт.

1964 оноос өнөөг хүртэл ердөө 50 жил өнгөрсөн хэдий ч дэлхий ертөнц маш их өөрчлөгджээ. Азимовын мөрөөдөл зөгнөлөөс олон зүйл биелэлээ олсон байх юм. Тухайлбал халаасандаа авч явж болдог ярьдаг утас, энэ утасны дэлгэцэн дээрээс ном уншиж, мэдээлэл авч, гэрэл зураг үзэж болно. Техникийн боломж нь утасгүй, зөвхөн зай хураагуураар удаан хугацаанд ажиллаж болдог. Киног бүр гурван хэмжээст орчинд үзэж болох төдийгүй хоол унд бэлтгэх гэх мэт гэр ахуйн яршигтай ажил ихээхэн хөнгөрнө. Гал тогооны хэрэгсэлүүд бүрэн автоматчилагдсан байх учраас хоол унд бэлтгэх ажил хобби болж бүрэн бэлтгэсэн хоол хүнс хэрэглэх болно гэж төсөөлж байв.

2014 онд хотын дүр төрх ч өөрчлөгдөнө гэж Азимов үзжээ. Хотын ихэнхи бүтэц газар доогуур шургах учраас өвөлдөө халаалт хэрэггүй, зундаа сэрүүн сайхан байх бөгөөд газрын хөрсөн дээр зөвхөн цэцэрлэгт хүрээлэнгүүд алаглаж, ногоо тарьж мал адуулах боломжтой. Харин хотын тээврийн хэрэгсэл газраас нэг метрийн өндөрт нисэж явах бөгөөд усан замын хөлөг онгоцнуудын хурд маш өндөр хэмжээнд очсон байх тухай зохиолж төсөөлж байсан байна.

Хуучин ЗХУ-ын цаг үед Оросод төрсөн зохиолч Айзек Азимов 2014 онд дэлхийн хүн ам 6,5 тэрбум болтлоо өсөх тухай нотолж байсанаар барахгүй Москвагаас Нью-Йорк ороход бүтэн хагас цаг ниснэ, АНУ-ын хүн ам 350 саяд хүрнэ (2013 оны зургадугаар сарын 1- ны тоо баримтаар 316 сая), хүн амын өсөлтийн улмаас Арктик болон цөл газруудыг эзэмшиж хүнсний шинэ бүтээгдэхүүн олж авах шинжилгээ судалгааны ажил эрчимжинэ, жишээлбэл хөдөө аж ахуйд илүү их илчлэгтэй хүнс бий болгох микроорганизмууд давамгайлахын хамт хөгжилтэй орнуудын хүн амын дундаж наслалт 85 хүрч, хүүхдийн төрөлтийг эрчимтэй хянах болно гэж сэтгэж байжээ.

Гэвч 2014 он гэхэд хүн төрөлхтний нэг бэрхшээл уйтгар гуниг болж энэ үндсэн дээр сэтгэл зүй,сэтгэл судлаачдын мэргэжил маш өргөн хүрээтэй хөгжиж, ирээдүйтэй мэргэжил байх болно гэсэн Азимовын төсөөллүүд өнөөдөр бидэнд гэнэн мэт санагдаж болно.

Гэтэл 1964 онд эрс зоримог сонсогдож байсан энэ бүх зөгнөл өнөөдөр биелэлээ олсон гэдгийг хэн ч маргаж үгүйсгэхгүй, харин 50 жилийн тэртээх цаг үед ингэж бодитой сэтгэж төсөөлж байсан нь түүний авъяас билгийн оргилыг харуулж байна уу,эсвэл “чөтгөрт сүнсээ худалдсан мэт” өнөөгийн цаг үеийг түрүүлээд харчихсан хэрэг үү гэдгийг одоо бид ухаж ойлгохгүй гэдэг тодорхой.

Сэтгүүлч Л.Отгонбат