Найрагчийн товч намтар

Булгадар М.Уянсүх Увс аймгийн Хяргас сумын уугуул. Улаангом хотноо төрж. Хархираагийн догшин зэлүүд уулсын гүн хавцал - Мухар Улиастын аманд өсөж торнисон. Улаангом хотноо 10 жилийн 2-р сургууль (1985), ГХДС(1991) төгссөн. Орос хэл, Утга зохиолын багш.
Яруу найраг болон үргэлжилсэн үгийн төрлөөр 10 гаруй ном туурвиж, 2006 онд "Асагч сарны шүлгүүд" номоороо МЗЭ-н шагнал. 2008 онд "Яруу найрагч он цаг" номоороо яруу найргийн төрөлд шилдэг бүтээлийн "Алтан өд" шагнал хүртжээ. Б.Явуухулангийн нэрэмжит "Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө" наадмын "Хамбын гэгээний хишигт найрагч" өргөмжлөлт.
1990-д оны утга зохиолын явцуу, царцанги хүрээлэлд ихээхэн шуугиан тарьсан түүний өгүүллэгүүд тухайн үедээ судлаачдын анхааралд төдийлөн өртөж амжаагүй ч хэлбэр арга барилийн хувьд шинэчлэгч эхлэл байсан гэдгийг өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Номууд нь маш цөөхөн хувь хэвлэгддэг энэ яруу найрагч: "Яруу найраг бол гуниг, зовлон, үхэл 3 юм" хэмээн "Уянсүх-1" тэргүүн ботийнхоо өмнөтгөлд хийсэн ярилцлагандаа дурджээ. Жинхэнэ яруу найрагч л үгийн сувдаар гунигийн нулимсийг урлаж чадна. Тийм нэгэн яруу найрагч бол Уянсүх билээ.


***
Хэсэг хэсэг хугацаанд би гүн ухаантан шиг амьдарсан!
Хэрээ, хун хоёрын ялгааг олох гэж оролдсон
Үүрийн туяанд биш, шөнийн харанхуйд дурласан
Үхсэн хүнээс биш, амьд хүнээс нуугдсан

Тэнүүлч сүнс шиг мананг нөмөрч унтаад дарсан
Тэртээ холын гариг руу далавчлан нисэж үзсэн
Хөөрхөн мөртлөө муухай олон охидыг сонжсон
Хөсөр ургасан өвс шиг замын дэргэд өнжсөн

Илүү, дутуу бүхний хэм хэмжээг ойлгосон
Ичиж улайх бүртээ өөрийгөө зэмлэж бухимдсан
Нүүрэмгий тэр бүсгүйн хувцасыг тайлахаас айсан
Нүцгэн үнэн тэгэхэд над руу анх инээсэн

Инээх дуртай хүмүүс надаас нуугдаж уйлсан
Илбэ зүүд шиг ертөнц миний өмнө нээгдсэн
Нээгдсэн тэр хаалгаар би дотогш алхаж орсон
Нэг, хоёр, гурав!... гээд, нисэж үхэх шиг тайтгарсан!


Ирж буцахын зааг дээр бичсэн тонгорог ирт шүлэг

Тэнгэртэй төрсөн нь тэнгэр болдоггүй
Тэнгэрийн хуулийг тэнэгүүд сөрдөггүй
Ухаантай төрсөн нь ухаанаа гээдэггүй
Ухаантны зовлон тэнэгт байдаггүй

Инээд шиг эмгэнэл инээдэнд ханадаггүй
Нулимс шиг хагацал нулимсанд цаддаггүй
Хэдийдсэн хорвоо хэнээс ч айдаггүй
Хатуудсан тавилан хаадыг ч тойрдоггүй

Мэдрэлийн эмчийн надад зөвлөсөн
Мэдээжийн жорыг би уухгүй
Хор өгсөн ч асууж лавлахгүй
Хожмын үнэнийг бусдаас нуухгүй

Түймэр шиг шатсан нуринги орчлонг
Түйвээх самууныг би өдөөсөн
Өдөөсөн тэр л түймрийн галд
Өөрөө шатах хөгжүүн тавилантай

Үлэмжийн гунигт энэ л зовлонг
Үхлээр сольж…би хэнэггүй инээнэ
Үзэсгэлэнт охид нь эмгэд болоход
Үснийх нь ширхэгээр шүлэг бичнэ