Олон олон зөгнөлт зохиолоороо уншигч бидэнд танигдсан нэрт зохиолч Айзек Айзимов 1920 оны 01 сарын 02-ны өдөр мэндэлжээ.

Шинжлэх ухааны зөгнөлт зохиол байдлаар бичдэг байсан тэрбээр амьдралынхаа туршид 500 гаруй зохиол бүтээл туурвижээ. Мөнхүү түүний “Роботикийн 3-н хууль” их алдартай.


Зохиолчийн зөгнөсөн бүхэн эдүгээ биеллээ бараг олоод байгаа гэхэд болно. 1964 онд “2014 оны дэлхий ертөнцөөр аялах нь” хэмээх нийтлэл хэвлүүлж байсан нь тухайн үедээ олны гайхлыг төрүүлж байсан ч өнөөдөр ихэнх нь бодит амьдралын энгийн зүйлс болжээ.

“2014 он гэхэд электрон гэрлэн хавтангууд энгийн хэрэглээ болно”.

Хавтан гэдэг үг таныг төөрөгдүүлж мэднэ. Гэхдээ өнөө цагийн хавтгай дэлгэцтэй зурагт, зар сурталчилгааны самбар мөнөөх электрон гэрэл хавтан биеллээ олсны хамгийн тод жишээ юм.

“Харилцаа холбоо зөвхөн яриагаар хязгаарлагдахгүй. Ярилцах хүнийхээ дүр төрхийг хардаг болно”.

“Skype”, “Google Hangout”, “Face time”, “Viber”, “Yahoo messenger”... Азимовын таамаг биелснийг нотлох харилцааны иймэрхүү хэрэгсэл цааш нь хэдийг ч нэрлэж болно.

“Ярилцах хүнээ харах дэлгэцийг харилцаа холбооноос гадна бичиг баримт, гэрэл зураг харах, ном унших зэрэг ашигладаг болно”.

Компьютер, таблет, ухаалаг утасны эрин айсуйг зохиогч мэдэж байжээ.

“Робот нийтийн хэрэглээ болоогүй, сайн хөгжөөгүй байна. Гэхдээ эрдэмтэд олон төрлийн робот бүтээсэн байна”.

Ухаалаг, цахим хэрэгсэл бүрийг робот гэж үзвэл энэ нь зайлбаргүй биелсэн таамаг юм. Робот үйлчлэгч, робот найз одоогоор бидэнд алга. Гэхдээ бүжиглэж, дуулдаг, хүний хэл яриаг дуурайдаг, тэр бүү хэл заавал тушаал биелүүлдэг роботыг эрдэмтэд зохион бүтээгээд байна.

Ингээд уншигч та бүхэнд Айзек Азимовын “Нэгдүгээр хууль” хэмээх богино өгүүллэгийг хүргэж байна.


Айзек Азимов. Нэгдүгээр хууль. (Богино өгүүллэг)

Майк Донован уйдаж гэнэ. Хоосон шар айрагны шилээ харж сууснаа хангалттай сонссон гэдгээ ойлгож,

-За та бүгд жигтэй сонин роботуудын тухай яримаар байгаа бол, айн гээч! Надад нэгэн удаа Нэгдүгээр Хуулийг зөрчсөн нь таарч байсан юм! гэж тэр чангаар хэлэв. Энэ бүгд хачирхалтай, чихэнд хурц сонсогдсон тул бүх хүн эргэж харан, Донованыг ширтэв. Донован тэр дороо амаа барин, сэдвээ өөрчлөхийг завдаж:

-Өчигдөр би нэг сонин түүх сонслоо л доо… гэж хэлэхэд,

-Чи хүнд гэмтэл учруулсан роботтой учирч байсан гэв үү? гэж хажууд нь суусан Макферлейн түүний яриаг таслав. Мэдээж хэрэг Нэгдүгээр Хуулийг зөрчих гэдэг тэрийг л хэлж байна гэсэн үг.

-Нэг талаараа тиймээ… За тэгээд айн гээч, би ийм нэгэн түүх сонслоо л доо…

-За алив ээ, гэж Макферлейн шаардахад, бусад суусан эргэн тойрон суусан хүмүүс түүнийг дэмжин ширээг шар айрагны шилээр нүдэв. Донован ухрах газаргүй болсноо ойлгон, ярьxaap болов.

-Энэ бүгд Титан гариг дээр болсон юм, арван жилийн өмнө. гэж түр бодсоноо,

-Тийм тийм, хорин таван онд, гэж тэр үргэлжлүүлэв. Бид дөнгөж Титан гаригт зориулагдсан шинэ загварын гурван робот хүлээн авсан юм. МА загварын эхний хувилбарууд байсан юм. Бид тэднийг Эмма Нэг, Хоёр, Гурав гэж нэрлэсэн хэрэг. Донован хуруугаа дугарган, зөөгчид дахин нэгэн шар айраг захиалж, зөөгчийн араас бодошролтойгоор харав. Цааш нь тэгээд яасан юм гэж үү? -Амьдралыхаа тэн хагасыг роботехникээр оролдож байна Майкаа, харин хэзээ ч МА загварын тухай сонсоогуй юм байна, гэж Макферлеин үг хавчуулав.

-Тэр загварыг энэ болсон болсон явдлаас хойш үйлдвэрлэлээс гаргасан шүү дээ, санахгүй байна уу?

-Үгүй.

Донован яарсан маягтай:

-Бид тэднийг ажилд нь хурдхан оруулах нь тэр. Бархасбадь гариг Нарыг тойрох 80% хугацаанд Титанд шуурганы улирал эхэлдэг учир, манай бааз ихэвчлэн ажилгүй суудаг байсан юм. Цас орж эхлээд, баазаас 200 метр зайнд ч болтугай холдсон тохиолдолд өнгөрлөө л гэсэн үг. Үүрд алга болно, хэзээ ч дахин олдохгуйгаар үгүй болно. Бас дээрээс нь Титан дээр соронзон талбай байдаггүй учир луужин нэмэргүй. Харин МА загварын роботууд шинэ үеийн агаарын хэлбэлзэл бүртгэгчээр хангагдсан болохоор, бааз руу шулуун замаар олдог байв. Ийм маягаар бол жилийн турш хүдэр олборлох боломж нээгдсэн юм. Дуугүй байж бай, Мак.

Агаарын хэлбэлзэл бүртгэгч төхөөрөмж бас зарагдахаа больсон юм, ойлгов уу? Нууцлагдсан юм, гэж Донован хэлээд, хоолойгоо засав.

-Эхний шуурганы улиралд роботууд зүв зүгээр ажиллаад, ямар ч бэрхшээл учруулдаггүй байв. Гэтэл тайван улирал эхлэхэд Эмма Хоёр сонин жигтэй болж, булангуудаар эсвэл хайрцагнуудын доор орж нуугддаг болов. Тэр доороос нь гаргахад мөн ч амаргүй байж билээ. Эцэстээ тэр Баазаас явж, эргэж ирэлгүй алга болов. Загварт нь гажуудал гарч гэж бид бодоод, үлдсэн хоёроор ажлаа үргэлжлүүлдэг байв. Тэгсэн хэрнээ бид роботуудыхаа бараг талыг алдсан болохоор, байн байн бидний нэг нь Корнск-руу нисэх хэрэг гардаг байв. Би яахав, тийшээ роботгүй нисээд ирье гэж сайн дураараа хэлэв. Угаасаа аюул гэх юм байхгүй байв, шуурга ойрын хоёр хоногтоо болохгүй, бас баазаас 12 цагийн зайтай юм болохоор тайван байв. Буцаад ирэх замдаа, баазаас хэдхэн арван километрийн өмнө хүчтэй салхины эргүүлэгт оров. Хурдхан машинаа газар суулган, тэр маань хага үсрэхээс нь өмнө гарч амжин, бааз руу очих замыг тооцоолон өөрийн хүчээр гүйхээр болов. Татах хүч багатай юм болохоор Титан дээр гүйх их амархан, хэцүү юм нь замаа л алдахдаа байдаг юм. Бас хамгаалалтын хувцасны дулаан, агаар хангамж ч сайн ажиллаж байв. Гэвч төөрсөн тохиолдолд хэдэн арван километр бол хязгааргуй их зай гэсэн үг. Удалгуй цас орж эхлэж, эргэн тойрон тас харанхуй болж, Бархасбадь хүртэл харахуйлагдаж, нар бяцxан цэг шиг болов. Би зогстол салхи намайг хийсгэх шахав. Яг миний өмнө бүдэг бадаг харагдах хар цэг харагдав. Арай ядан харагдсан тэрийг яг хараагүй ч гэсэн, шуургачин болохыг ойлгов. Шуургачин гэдэг сонин амьтан шүү. Энэ хатуу нөхцөлд амьд үлдэх чадвартай, дээрээс нь ертөнцийн хамгийн аюултай араатан. Хамгаалалтын хувцас ч олигтой хамгаалалт болохгүй нь ойлгомжтой байв. Дээрээс нь юу ч харагдахгүй, зөвхөн тулж байж л түүнийг буудаж алж болно гэсэн үг. Хий буудсан тохиолдолд өнгөрлөө гэж бодоод, буугаа гарган ониллоо. Тэр хар цэг улам ойртсоор, би хамаг мэддэг тарни залбирлаа амандаа бувтнан зогсож байтал- өөр нэгэн том хар цэг надруу ойртон, би бөөн баяр болж хашхирах нь тэр. Өнөөх алга болсон Эмма Хоёр миний өмнө зогсож байв. Түүнийг алга болсноос хойш түүний яагаад алга болсон, учир шалтгааныг нь байнга боддог байв.

-Эмма минь, шуургачинг одоохон алаад, намайг бааз руу хүргэ, гэж би залбирахын наагуур гуйв. Тэр намайг сонсоогүй мэт,

-Эзэнтээн, битгий бууд, битгий бууд гэж хашхираад, шуургачинруу гүйв.

-Наад чөтгөрийн амьтнаа одоохон устга, Эмма! Чи сонсож байна уу? гэж би чангаар тушаав. Гэтэл Эмма шуургачинг гартаа аваад, цааш гүйв. Би хойноос нь дуудаж чарлаад, хамаг хоолойгоо сөөтөл орилсон боловч тэр эргэж ирэлгүй, намайг цасанд үхэхээр орхисон байв. Донован амьсгаа даран, хэсэг дуугүй сууж, бусдын анхаарлыг улам өдөөж:

-Та бүгд Нэгдүгээр Хуулийг сайн мэднэ, робот ямарваа үйлдлээрээ эсвэл үйлдэлгүй байдлаараа хүнд гэмтэл учруулахыг хориглоно гэдгийг. Гэтэл Эмма тэр шуургачинтай зугтаад, намайг үхэхээр орхиж байгаа юм даа. Гэвч тэр шуурга тур зуурынх байсан болохоор, удалгүй цаг агаар намдсан юм. Тийм юм ихээр тохиолддог юм. Аан жинхэнэ шуурга нь дараагийн өдөр нь болсон юм. Дөнгөж цас орох нь намдсан даруй би бааз руугаа хөл алдан гүйв. Хоёр цагийн дараа бааз руу Эмма Хоёр ч ирлээ… Мэдээж хэрэг түүний нууц нь дэлгэгдэж, МА загварын роботуудыг үйлдвэрлэл ба худалдаанаас нэн даруй гаргасан. -Тэгээд яг юундаа байсныг хэлээч ээ, гэж Макферлеин асуув.

-Бод л доо Мак, мэдээж хэрэг хүн надад ауюл тулгарсан нь үнэн байв. Гэвч тэр роботыг надаас юмуу, Нэгдүгээр Хуулиас илүүтэйгээр нэг л юмыг илүү чухалтайд тооцсон нь дамжиггүй. Тэд чинь МА загварын роботууд шүү дээ, битгий март. Өнцөг булан болгоноор нуугдахдаа тэр өөрт нь ер бусын юм болно гэж итгэж явж байсан хэрэг. Тэр нь ч ёсоор болсон юмдаа… Донованы хоолой нь бага зэрэг чичрэн, ийн үргэжлүүлж гэнэ:

-Шуургачин гэж бодож байсан амьтан шуургачин биш байсан юм билээ. Түүнийг Бяцxан Эмма гэж бид нэрлэсэн юм, Эмма Хоёр түүнийг байнгын хараа хяналтад байлгаж, харж үзэх хурц шаардлагатай байж. Тэгж Баазруу нууцаар оруулсан байсан гэсэн, тэгээд тэр байн байн нуугдаад байсан юм. Тийм л учраас бууны сумнаас түүнийгээ халхлах санаатай миний өмнүүр гүйсэн юм. Нэгдүгээр Хууль гэдэг чинь хүүхдээ хамгаалах эхийн сэтгэлийн дэргэд юу юм бэ? Юу ч биш!

Төгсөв.