Нийслэл хотын хөл хөдөлгөөн татарч хэдийнээ үдшийн 23.00 цаг болжээ. Оройн 22.00 цагт нийслэл нам жим болж, хаа нэг давхилдах машинаас өөр үзэгдэх харагдах зүйлгүй болдог байсан цаг аль эрт ард үлдэж. Харин өнөө цагт шөнийн 24.00 цаг болсон ч нийслэлийн хөл татрана гэж үгүй. Бид биеэ үнэлэгчид хамгийн ихээр цуглардаг гурван газраар явж энэ удаагийн шөнийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Эхний зогсоол бол Саппорогийн тойрог. Түмэн олон холхисон Саппорогийн уулзварын орчим манай сурвалжлах хэсгийг очиход нэг залуу “Эрвээхий” сонирхож байна уу, ямар” хэмээн асуусаар угтав. Биднийг гайхан лавлахад “Яагаав, шөнийн эрвээхий” гэж нүдээ ирмэв. тэднийг зуучилж буй залуус ийн нэрлэдэг бололтой. Саппорогийн урд байрлах сандлуудыг тойрон олон хүүхнүүд, хэсэг залуучууд цугларан тамхи татаж элдэв зүйлийг хаман ярингаа нүдээрээ хэн нэгнийг хайж буй нь илт. Биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчээ олохдоо тэр хавиар эргэлдэх залуучуудаас очиж “Яриа байна уу” хэмээн өдөж үг солилцдог аж. Өөр, өөр насны 30 гаруй биеэ үнэлэгчид зогсож байгаа талаарх мэдээлэл чих дэлсэв. Улаан хувцастай махлагдуу эмэгтэй ирж “Яриа байна уу” хэмээн биднээс асуулаа. Тэр эмэгтэй биеэ үнэлэгч биш бөгөөд харин зуучлагч аж.

-Зуучлагч: Хэд орчим насны эмэгтэй сонирхож байгаа юм?

-Хэд орчим насны бүсгүйчүүд байгаа юм.

-Зуучлагч: Янз янзын л хүүхнүүд байна. Ахимаг насны хүүхэн хэрэгтэй юу эсвэл залуу охидууд хэрэгтэй юу?

- Үнэ нь хэд орчим байдаг юм бэ?

-Зуучлагч: Залуу охидууд бол цагийн 50.000, хоногийн 150.000. Хоногоор авах бол буудлынхаа мөнгийг багтааж болно. 30-аас дээш насны хүүхнүүд авбал хоногийн 100.000-д авч болно. Цагаар бол 40.000.

-Өөрт чинь хичнээн хүүхэн байгаа вэ?

-Зуучлагч: Өнөөдөр зургаан эмэгтэй байна. 18-43 насны бүсгүйчүүд байна.

-Ойрхон буудал хаана байна?

Зуучлагч: Хаана ч болно. Найдвартай, цэвэрхэн аятайхан буудалд оруулаад өгье. Хороолол эсвэл Хархорин руу явж болно. Харин таксины мөнгө чи өөрөөсөө гаргана шүү. Энд хүргэж өгөх таксинууд байгаа.

Тэнд зогсдог бүсгүйчүүд авсан хүнийхээ дарамтанд ордоггүй бололтой. Учир нь тэднийг хамгаалдаг залуус олон байдаг аж. Залуус тэр хавиар шорлог зардаг хүмүүсийн ойролцоо бөөгнөрч тамхи татан зогсох зуураа бүсгүйчүүдээ нүдннрнн хариулж, бас давхар хянана. Ажиглалт хийсэн нэг цаг гаруйн хугацаанд Саппорогийн автобусны буудал дээр байх болж бүтэхгүй гэмээр бүх хүмүүс бие биеэ мэдэж, таньдаг бололтой. Шөнийн 01.00 цаг хэдийн өнгөрч байхад тэр хавийн хүмүүс харин ч нэмэгдсээр, эндэхийн амьдрал одоо л эхэлж байна гэлтэй байв. Энд зөвхөн биеэ үнэлэлт ч биш, архидалт, зодоон цохион, хүчирхийлэл, хулгай дээрэм гээд нийгэмд байж болохгүй бүх л муу муухай цугласан гэлтэй. Бид ч тэдэнд анзаарагдахгүйн тулд машин дотроосоо зураг авч, хүмүүсийн яриаг чагнаж, ажиглаж байв. Нэг цаг 40 минут гаруй болсоны дараа бидний ойролцоо зогсож байсан нэг эмэгтэй анзаарсан бололтой нэг залуу дээр очоод манай машин руу заан ямар нэг зүйл хэлж, ярилцаж эхлэв. Түүнээс гадна ганц нэг залуус машиныг маань тойрч эргэлдэх болсон тул гадуур явсан сурвалжлагчаа дуудаж дараагийн газраа зорилоо. Хэдий ийм нөхцөл байдалд тэд олуулаа, хүчтэй мэт харагдавч тэдэнд бас айх хүн бий. Тэр бол цагдаа нар гэнэ. Учир нь цагдаагийн газраас жирийн хувцастай эрүүгийн цагдаа нар үе үе тэднийг баривчлах ажиллагааг зохион байгуулдаг аж.

Бидний очсон дараагийн зогсоолыг “Монголын ягааны гудамж” гэж хэлж болох бөгөөд энд биеэ үнэлэлт цэцэглэн хөгжсөн гэж ярих болжээ. Энэ бол Улаанбаатар зочид буудлын урд талын талбай. Бид шөнийн 02.00 цагийн үед тэнд очлоо.

“Central tower”-ийн баруун талын зогсоолд очиход бидний хажууд “Toyota prius” маркийн машинд хэдэн залуучууд сууж тамхилцгааж байв. Хүүхэн авах гэж яваа юм болов уу гэж санан яриаг нь чагнахаар машиныхаа цонхыг бага зэрэг онгойлговол тэд утсаар “Хүүхнүүдээ хараад байж байна. Өнөөдөр хүн муутай байна. Тэгж байгаад ярья” гэх нь сонсогдов. Тэгэхээр энд ч гэсэн тэднийг харгалзаж, хамгаалж байдаг хүмүүс байдаг нь тодорхой болсон юм. Энд насны хувьд янз бүрийн хүүхнүүд зогсдог бөгөөд үнийн хувьд ч харилцан адилгүй. Гэхдээ залуу охидууд харьцангуй цөөн бөгөөд 30-45 насны хүүхнүүд ихэнх хувийг эзэлдэг аж. Саппорог бодвол илүү олон хүүхэн энд зогсож байлаа. Бид нас насны хүүхнүүдээс зарим зүйлийг асууж тодруулсан юм.

20-30 насны хүүхнүүд нь цагийн 50.000, хоногийн 100.000-150.000. Түүнээс дээш настай бол цагийн 35.000-45.000, хоногийн 70.000-100.000 хооронд хэлбэлзэнэ. Өөрсдийгөө бараа бүтээгдэхүүн адил үнэлэх тэр бүсгүйчүүд тухайн хүнийхээ боломжийг асуугаад хямдарч болдог гэнэ. Мөн наснаас гадна бие галбир, өндөр нам, царай зүсээс хамааран үнийн хэлбэлзэлтэй байдаг ажээ.

Улаанбаатар зочид буудлын өмнө зогсдог биеэ үнэлэгч “Ч” нэрээ гаргахгүй, зургаа авахуулахгүй гэж тохиролцон хэсэг хугацаанд ярилцлаа. Тэрээр 14 жилийн турш биеэ үнэлж байгаа ажээ.

-Яагаад энэ замыг сонгох болсон бэ. Шалтгаанаа хэлж болох уу?

-Би 2000 онд Төв аймгаас Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн. Тэгээд хамаатныхаа айлд хэсэг хугацаанд амьдарсан. Ажил олдохгүй их хэцүү байсан. Хувийн үйлдвэрүүдэд цэвэрлэгч, үйлчлэгч хийж байсан л даа. Тэгээд нутгийн эгч “O”-той таарсан юм. Би тэр эгчийг бага байхын л таньдаг байсан. Намайг таниад л хоолонд оруулж гадуур зугаалуулж нэг өдөр өнгөрсөн. Тэгээд тэр эгч биеэ үнэлдэг их мөнгө олдог надтай хамтрах уу жирийн ажил хийгээд чи сайхан амьдрахгүй гэж надад хэлсэн. Би эхэндээ их дургүй байсан. Удалгүй ээж маань нас барж, намайг гэх хүнгүй болсон гэх үү дээ. Тэгээд л өөрийнхөөрөө амьдрах болж тэр эгчийг даган биеэ үнэлж эхэлсэн.

-Эхэндээхэцүү байсан байх. Буруу алхам хийлээ гэж харамсаж байсан уу?

-Эхэндээ их эвгүй байдаг байсан. Тэр үед дандаа л хижээл насны эрчүүд биднийг авдаг байсан. Өөрөөсөө ах, хайргүй, танихгүй хүнтэй унтах эвгүй. Буруу алхам хийснээ мэдэж байсан ч их мөнгө олдог байсан болоод ч тэр үү нэг л мэдэхэд тоохоо больчихдог юм билээ.

-Та хэдэн настай байсан бэ. Өдийг хүртэл яагаад биеэ үнэлээд байгаа юм бэ?

-Би тэгэхэд 22 настай байсан. Сүүлийн дөрвөн жилээс хувийн үйлдвэрт ажиллаж байна. Одоо бол хааяа л гардаг.

-2000 онд биеэ үнэлж эхлэхэд одоогийнх шиг олон эмэгтэй байсан уу?

-Тэр үед цөөхөн байсан. Тоотой хэдэн эгч нар ирдэг байсан юм. Бид нарт зааж сургаж, хааяа мөнгөнөөс маань хураамж авдаг байсан. Харин одоо бол олон болжээ.

-Өөрийн тань зогсдог газар хичнээн биеэ үнэлэгчид байдаг вэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Залуу охидууд их биеэ үнэлдэг болсон болохоор өөрийн үеийн хэдэн бүсгүйчүүдээ л таньдаг. Ямар ч байсан 100-аад эмэгтэйчүүд байгаа байх.

-Яагаад залуу охидууд биеэ үнэлж байна вэ. Бусдын адил ажил хийгээд амьдрах боломж байхгүй байна гэж үү?

-Ихэнхдээ ядуу, өнчин, ар гэрийн амьдрал тааруу тийм охидууд л ирдэг. Яахав хүн өөрөө шийдээд ирсэн болохоор бид нэг их цааргалдаггүй.

-Өдрийн цагаар биеэ үнэлэгчид зогсдог тухай сонсож байсан. Интернэт болон телевизийн зараар үйлчлүүлэгчээ олох тохиолдол байдаг уу?

-Өдрийн цагаар зогсдог хүүхнүүд байдаг. Телевизийн чат гарч байх үед тэндээс хүн олох тохиолдол байдаг байсан. Заавал гарч зогсохгүй амар байдаг юм.

-Цагдаа нар та нарыг баривчилж түр хорьдог гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Эрүүгийн цагдаа нар жирийн иргэний хувцас өмсөөд баривчилдаг. 7-30 хоногийн хугацаатай хүүхнүүдийг саатуулдаг.

-Цагдаа нар биеэ үнэлэгчдээс татвар авдаг гэсэн тухай мэдээлэл гарч байсан шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ?

-Манай хүүхнүүдээс татвар авч байсан тохиолдол байдаг. 5000-30000 төгрөгөөр торгодог л доо. Миний хувьд цөөхөн удаа торгуулж байсан.

-Байнгын үйлчлүүлэгч гэж байдаг уу?

-Хэдэн хүн байдаг. Дугаараа солилцоод л хааяа уулздаг.

-14 жилийн турш зөвхөн энд л зогсож байна уу. Одоо биеэ үнэлэгчид зогсох биш саун массажны газар их байдаг болсон юм биш үү?

-Нэг хэсэг Саппоро дээр зогсдог байсан. Залуу охидууд л саун массажны газраар зохион байгуулалттай биеэ үнэлдэг гэсэн. Би тэгж явж байгаагүй.

-Та хэдэн төгрөгөөр биеэ үнэлдэг вэ?

-Энэ тухай хэлмээргүй байна. Хөгширч байгаа болохоор нэг их үнэрхээд байдаггүй ярилцаж байгаад л явдаг даа.

-Гэр бүлтэй юу?

-Нөхөр маань нас барчихсан. Охинтойгоо амьдардаг.

-Бэлгийн замын халдварт өвчин тусах магадлал өндөр шүү дээ. Эмнэлэгт үзүүлдэг үү?

-Үзүүлэлгүй яахав дээ. Шинжилгээ өгч ядаргаа тайлах витаминууд уудаг.

-Танай энэ газарт залуучуудтай нийлж хүн дээрэмддэг тухай яриа гарсан байдаг. Энэ мэдээлэл үнэн болов уу?

-Биеэ үнэлэх нэрийдлээр тухайн үйлчлүүлэгчээ залуучуудтай нийлж зодож мөнгө, гар утас зэргийг дээрэмддэг бүлэглэл байдаг. Тэдэнд дээрэмдүүлсэн залуучууд цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй учраас өөрсдөө хохироод л үлддэг гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

...-Зуучлагч: Янз янзын л хүүхнүүд байна. Ахимаг насны хүүхэн хэрэгтэй юу эсвэл залуу охидууд хэрэгтэй юу?
- Үнэ нь хэд орчим байдаг юм бэ?
-Зуучлагч: Залуу охидууд бол цагийн 50.000, хоногийн 150.000. Хоногоор авах бол буудлынхаа мөнгийг багтааж болно. 30-аас дээш насны хүүхнүүд авбал хоногийн 100.000-д авч болно. Цагаар бол 40.000.
-Өөрт чинь хичнээн хүүхэн байгаа вэ?
-Зуучлагч: Өнөөдөр зургаан эмэгтэй байна. 18-43 насны бүсгүйчүүд байна....

Харин бидний дараагийн очсон газар бол Хөдөө аж ахуйн яамны буудал. Энэ газар дээрх хоёр газрыг бодвол харьцангуй сүүлд бий болсон биеэ үнэлэгчдийн “зогсоол” гэнэ. Энд насны хувьд 20-30 насны залуухан, цэвэрхэн бүсгүйчүүд зогсож буй харагдав. Тэнд хүүхнүүд зогсох зогсоол талбай бага учир ихэнхи нь машин дотор сууцгааж хааяа бууж үйлчлүүлэгчдээ олдог нь ажиглагдав. Үнийн хувьд цагийн 60.000-80.000 төгрөг бөгөөд хоногийн 140.000-180.000 хооронд хэлбэлздэг юм байна. Мөн тэнд зогсох машинтай залуучууд үйлчлүүлэгчдээ суулган буудалд хүргэн өгч эргэж зогсоолдоо ирж зогсдог болохыг анзаарч мэдэв. Биднийг очоод удаагүй байтал цагдаа ирж тэд нүд ирмэхийн зур таран алга болцгоов. Гэвч төд удалгүй эргээд л хөл хөдөлгөөн нэмэгдлээ.

Бид энэ сурвалжлагаараа биеэ үнэлэлтийн асуудлыг сурталчилж, эсвэл буруутгах гэсэнгүй. Биеэ үнэлэгчид аль ч нийгэмд, аль ч улс оронд байсаар л байна. Гэхдээ өдөр ирэх тусам биеэ үнэлэх охидын тоо нэмэгдэж, залуужиж байгаа нь л хамгийн гол асуудал, анхаарах асуудал болоод байгаа юм. Дээрх газруудаас гадна саун массаж, баар цэнгээний газар, интернэт орчинд ч биеэ үнэлдэг нь нууц зүйл биш. Тэднийг цагдаагийн байгууллагаас түр саатуулдаг ч хэд хоног хоригдоод л эргээд гараад нөгөө ажлаа хийнэ. Тэдний хувьд “биеэ үнэлэгч” гэдэг нь нэг төрлийн мэргэжил болчихоод байна. Бүгд нарийн холбоо сүлбээтэй зохион байгуулалттайгаар энэ төрлийн бизнесийг цэцэглүүлж байгаа учраас энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй болов уу.

Эсвэл тэдэнд зориулаад хотоос зайдуухан газар ягааны гудамж байгуулаад өгчихөд буруудах юмгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй аль ч оронд тийм гудамж байж л байдаг. Жишээлбэл ОХУ,Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг нь шөнийн цэнгээний газрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллуулж тэндээ тусгай зөвшөөрөл бүхий ягааны гудамж ажиллуулах нь бий. Тэнд байдаг хүүхнүүд улсдаа татвар төлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан байнгын хяналтанд байдаг юм билээ. Ингэснээр хүн амын дундах бэлгийн замын халдварын тохиолдол буурахыг үгүйсгэх аргагүй. Ядаж л энд тэндгүй, ямарч хараа хяналтгүй өдрөөс өдөрт цэцэглэсээр байгаа энэ бизнесийг барих нэг боломж ч байж мэднэ. Тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа танай гэрийн гадаа дээр дурьдсан шиг байдал үүсч магадгүй болоод байна шүү дээ.Нөгөө талаар яагаад охид энэ замыг олноороо сонгох болоод байгаад ч анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ямартай ч “Охид садарлавал улс мөхөхийн шинж” гэж өвгөдийнхөө хэлсэн үгийг санахад, эргэцүүлэхэд буруудахгүй л болов уу. Шөнө дөл болтол үргэлжилсэн бидний сурвалжлагын гол баатар “Шөнийн эрвээхий”-нүүд ажил ихтэй байдаг аж. “Шөнийн эрвээхий” гэх энэ бүсгүйчүүд хаа дуртай газраараа “нисэж”, юу дуртайгаа хийдгийг нь хянаж, хязгаарлах нь зүйтэй болов уу.

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний алба

http://shar.mn/