Би хэрэглээ нь хязгааргүй, 100mbps хурдтай интернет-д жилд 10.000иен орчим буюу сар болгон 20.000 орчим төгрөг төлдөг. Япон шиг өртөг өндөртэй орон байтугай Монголд маань ч үүнийг тийм өндөр үнэд орохгүй байх.

Саяхан өнөөх интернэт маань холбогдохгүй удаж тухайн компаниас залган асуулаа. Төхөөрөмжөө унтрааж асаах, компьютер дээрээ хэдэн тохиргоо хийхийг заасан ч холбогдохгүй байсаар л байв. Эцэст нь компьютерд ч биш, тухайн байгууллагийн сүлжээнд ч биш, харин анх суурилуулахдаа өгсөн төхөөрөмж эсвэл төхөөрөмжөөс салаалах "лан"-гийн утсанд асуудал байж таарлаа. Үнэндээ бол би ширээн дээр байж байх ёстой нөүтбүүкээ зөөж, ор луугаа татан зулгааж эвдэлсэн байхаас өөр ямар ч арга байхгүй. Хэдий миний 100% буруу байсан ч интернэт холбогдохгүй байгаад санаа зовон гэрийн хаягаар минь шинэ төхөөрөмж илгээчихлээ. Харин буцаад хуучин төхөөрөмжөө илгээх шуудангийн зардлыг ч тэр компани төлнө гэдгээ хэлэв.

Хэрэв анх энэ интернетэд төлсөн мөнгө дээрээ тооцоо хийвэл төхөөрөмж дор хаяж 1000, над руу илгээх буцааж би илгээхэд бараг 2000 иен, өөрөөр хэлбэл бараг 3 сарын төлбөрийн мөнгийг тэр байгууллага надад буцаан өгсөн байх юм. Тэр байгууллага над руу "Лангийн утас шинээр ав" эсвэл "Манайхаас ирж шинэ төхөөрөмж авна уу" гэж хэлж болох л байсан. Хэрэв тийм бол би хичээлийн аль нэг өдрөө таслан очиж, гэрээгээ үзүүлэн, дугаарлаж зогсоно. Хэдий ч үүний оронд өчигдөр хэлсэн асуудлыг өнөөдөр нь хамгийн шуурхайгаар шийдэж өгөх юм.

Ер нь Японд үйлчилгээ үзүүлсэн бол "тултал" нь гэх зарчим их үзэгдэнэ. Дэлгүүрээс хамгийн хямд 10иены чихэр авсан ч уутанд хийж өгнө. Та 100иены бараа авч таны дараагийн үйлчлүүлэгч 10000иены бараа авсан ч харьцаанд өөрчлөлт бараг л гарахгүй л болов уу. Бэлэн гоймон авахад савх өгч, хоол авахад нойтон сальфетка дагалдуулна. Ердөө л маш энгийнээр хэлэх юм бол Үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдийг МӨНГӨ биш ХҮН гэж харах л их чухал бололтой...


Нийтлэлч: Данна