Ард түмний их л итгэл горьдлого тавьж байсан шинэ засгийн газар маань бас л баахан өр тавьж "гал унтраахаар" шийдэв бололтой. Өдгөөгийн энэ нөхцөл байдалд өөр яалтай ч билээ дээ. Хятадын хэвлэлээр манай эдийн засгийн хямралын талаар чамгүй их бичиж шуугиж байгааг тэр зүгийн хэл ус гадарладаг нөхөд уншиж байгаа байх аа.

"Асар их баялагтай, Хятадын дунд зэргийн хотоос олонгүй хүн амтай улс орон ингэтлээ доройтон ядуурах гэж байдаг аа." хэмээн халаглан бичсэн сэтгүүлч байхад "Монгол улсын засгийн газарт энэ байдлаас гарах хоёрхон арга зам үлдээд байгаагийн нэг нь бэлэн мөнгө ихээр хэвлэх, нөгөө нь Хятадаас тусламж гуйх явдал юм." хэмээн бэлэн жор бичиж үлдээсэн нь ч харагдана.

Мэдээжийн хэрэг Монгол улсын асуудлыг гадаадын сонин сэтгүүл дээр гарсан "бэлэн жороор" шийднэ гэж ч юу байхав.
Манай засаг төрийн толгойд гарсан эрхмүүдийн оюуны мэлмийг охорхон бодлын үүлс бүрхчихээд байгаагаас биш эдийн засгийн хямралыг шийдэх хялбар дөт гарц хаана мундах билээ дээ?

Би өөрөө хятад судлаач хүний хувьд Хятадын хүчин зүйлсийг хэрхин өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж болох талаар цөөн хэдэн санаа хэлье гэж бодлоо.

01. Си Зинь Пин дарга манай улсад айлчлахдаа: Бид хөрш зэргэлдээ улс орнууд түүний дотор Монгол улсыг "Хятадын хөгжил" хэмээх галт тэргэндээ суухыг урьж байна . . . . гэсэн санааг хэлсэн. Харамсалтай нь түүнийг манайхан тулхтай анхаараад ярьж хэлж байгаа хүн бараг үгүй юм даа.

02. Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Киссенжир нэгэн удаа: "Хэрвээ газрын тосонд хяналтаа тогтоож чадвал бүхий л улс орныг атгандаа оруулах боломжтой. Хэрвээ хүнсний нөөцөнд хяналтаа тогтоож чадвал хүн бүхнийг атгандаа оруулах боломжтой." хэмээх алдартай үгийг хэлсэн нь Америкийн төрийн бодлогын хэрэгжилтэнд хүчтэй тусгалаа олж байдгийг анзаарахад төдийлөн төвөгтэй биш.

03. Саяхан Голландын үр тарианы "Нидера" корпорацийн хувьцааны дийлэнхи хувийг Хятадууд 17 тэрбум доллараар худалдан авах хэлцэл хийсэн нь дэлхийн бизнесийн ертөнцөд ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Энэ талаар манай сонин сэтгүүлүүд л таг чиг байх юм. 17 тэрбум гэдэг чинь манай үндэсний нийт бүтээгдхүүнээс бараг гурав дахин их тоо биз дээ? Тэртээ алс хол европын буланд оршиж байгаа Голланд хэмээх жижиг орны энэ корпораци сүүлийн жилүүдэд 490 хувиар өсөж байгаа Хятадын үр тарианы импортын голлох тоглогч нарын нэг болоод байсан билээ.

04. Америкчуудч яахав дэлхийн хамгийн хүчирхэг хөгжингүй хөдөө аж ахуйтай улс орон гэдгээрээ "Хятадын хүнсний импортын өсөлт" хэмээх том бялуунаас хамгийн том томоор хүртэж байгаа нь ойлгомжтой. Түүний чамгүй том хэсгийг нь Голландчуудаас гадна Япон, Өмнөд Солонгос, Португалчууд хүртэж байгаа гэвэл та итгэх үү? Өөрөөр хэлбэл өөрсдөө хүнсний нөөцийн хомсдолтой байж мэдэхээр газар нутаг багатай эдгээр улс орнууд Бразили, Аргентиний өргөн уудам нутагт тариалангийн талбай түрээслэж аваад Хятад улсад нэн хэрэгцээтэй байгаа сайн чанарын улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцаг зэргийг тариалж дэлхийн зах зээлийн үнэ ханшаар худалдаж жилдээ 100 гаруй тэрбум долларын цэвэр ашиг олж байна л даа.

05. Хятадад өдгөө 600 сая гаруй тариачин цуцалтгүй ажиллаад хураан авч байгаа үр тарианы нийт хэмжээ хүн ам тутамд 400 орчим кг оногдохоор байгаа юм. Энэ нь угтаа гаднаас үр тариа царайчлаад байхааргүй боломжийн хэмжээ бөлгөө. Гэвч Хятадын хөгжлийн үсрэнгүй хурдыг дагалдаад хүн амын махны хэрэгцээ хурдтай өсөн нэмэгдэж байгаа болохоор дээрх үр тарианы багагүй хэсгийг гахай тахиа зэрэг гэрийн тэжээвэр амьтад нь хуваалцаад байгаа тул дутуу дундуурыгаа гаднаас авахаас өөр аргагүй болчихож байгаа хэрэг. Дээр нь агаар хөрс, усны бохирдолтой холбогдоод хятадууд өөрсдийн дотооддоо үйлдвэрлэсэн цагаан будаа зэрэг гол нэр төрлийн бүтээгдхүүнд итгэл алдарсан нь байдлыг улам муутгаж байгаа ажээ. Үүний дээр хятадын тариалангийн талбай нь хотжих үйл явцын нөлөөгөөр жил болгон нэг хувиар хорогдож байгаа гэсэн сэтгэл түгшээсэн мэдээ нэлээд дээхнэ дуулдаж байсан.

06. 2012 онд л хятад өөрсдийн хэрэгцээт үр тарианыхаа 95 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна хэмээж байсан бол ердөө хоёрхон жилийн дараа буюу 2014 онд дээрх үзүүлэлт 86 хувь болон буурчээ. Энэ байдал цаашид ч хурдтай буурах төлөв байдал ажиглагдаад эхлэлээ.

07. Америкийн 3 сая хүрэхгүй цөөхөн фермер улс орныхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангаад дэлхийн үр тарианы хангамжийн дийлэнхийг нийлүүлж байна гэвэл та итгэх үү? Өөрөөр хэлбэл 1 америк фермер хятадын 234 тариачны хөдөлмөрийн бүтээмжтэй тэнцэх хэмжээний бүтээгдхүүнийг үйлдвэрлэж байгаа тухай сонирхолтой статистикийг хятадын хэвлэл дээрээс олж уншиж болно.

* * * * * *
-Миний дээр хэлхин цувуулсан цөөн хэдхэн тоо баримтаас та бүхэн Монгол улсад орчин үеийн эрчимжүүлсэн хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж чадвал ямар их нөөц боломж байгааг олж харсан байх аа.
-Манай төр засгаас энэ асуудлыг ихээхэн анхаарч үзээд Герман, Голланд, Япон, Солонгос, Америк, Канадын хөдөө аж ахуйн хөрөнгө оруулагч нарт маш тааламжтай боломж олгож, өөрсдийн зүгээс хөдөө аж ахуйн гол гол бүс нутгийн сайн чанарын авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтанд онцгой анхаармаар санагдана.
-Сүүний үйлдвэрлэлийн тухайд ч ийм маягаар Хятадын зах зээлд гарах боломжтой тухай санааг дэвшүүлж байсныг олон уншигч санаж байгаа буй за.
-2014 онд Хятадын засгийн газрын тайлан илтгэлд "Хүнсний асуудлыг шийдэх нь улс орны өмнө тулгарч байгаа нэн тэргүүний зорилт" хэмээн тодорхойлсон нь байдал тэдний хувьд ихээхэн ноцтой байгааг илтгэнэ.
-Дяо Юй Дао арал, Спратли арлын асуудал гэх зэргээр Америк, Япон зэрэг улсууд Хятадтай цэрэг улс төрийн харилцаа маш ээдрээтэй байгаа мэт боловч хил хязгаарын хувьд чамгүй хол оршдог зарим улс орнууд "Хятадын хүнсний импорт" зэрэг эдийн засгийн асуудал дээр овсгоотой ажиллаж "Хятадын хөгжлийн буухиа галт тэргэнд" бүрэн утгаараа сууж амжсаныг дээрх баримтууд илтгэж байна.
-Үнэндээ жаахан ухаантай сийрэгхэн толгойг улсын удирдагчийн сэнтийд залж чадах бөгөөс Монгол шиг их баялагтай жижиг улсын цөөн хүн амыг хүний дор оруулахгүй амьдруулах гэдэг тийм ч хэцүү асуудал биш байлтай. Үүний тулд уламжлалт уул уурхайгаа зөв голдрилоор хөгжүүлье. Түүний дээр "Хятадын хүнсний асуудал" гэх зэрэг том бялуунаас хэр тааруухан хэрхин хүртэх асуудлыг төр засгийн хэмжээнд ултай авч үзэж, тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлмээр санагдана.
-Уул уурхайн баялаг дахин сэргэхгүй, харин хөгжингүй хөдөө аж ахуй гэдэг бол үргэлжид нөхөн сэргэж байдаг нь бас нэг давуу тал биш гэж үү?
-Ер нь энэ мэтчилэн хятадын асуудлыг тусгайлан судладаг хүрээлэн, ''Think tank' байгууллагыг ерөнхий сайдын шууд ивээл дор байгуулаасай. Түүний өмнө Хятадад суугаа элчин сайд, консул зэрэг гол гол албан тушаалтнуудыг хятад хэлний сайн мэдлэгтэй чадварлаг хятад судлаачдаар цус сэлбэх юмсан. Уг нь "Улсыг засах жараахай шарах шиг амархан" гэх буюу "Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл байдаг." хэмээх нангиадын эртний зүйр үгийг энэ ээдрээтэй цаг үед санаж явахад илүүдэхгүй байлтай.


Boldbaatar Dorjsuren

https://www.facebook.com/boldbaatar.dorjsuren.75