“Адмон” компанийн захирал Р.Энхбаттай уулзахаар зорьж очоод Интерном их дэлгүүрт зохиолч Д.Цэмбэл гуайн “Төлөөс” номын нээлтэнд оролцож байхад нь оллоо. Интерномын хоёрдугаар давхарт байрлах “кофе шоп”-т бид яриа өрнүүлэв. Номын нээлтийн зочид олон байсан учраас бага зэргийн шуугиантайхан, зарим зочин ирж, ярилцагчтай маань гар барина. Нийслэлийн ганц дендрологич гэгддэг байсан Б.Чимэд гуай ирээд аавтай нь танил дотно явснаа дурсаж байна. “Ю.Цэдэнбалын үед МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч, доктор Ж.Роозон гэж хүн байлаа. Ийм хүний хүү байгаа юм” гэхэд нь Р.Энхбат “За, миний аавын намтрыг яриад өгчихлөө” гэж хошигнов. “Баярлалаа, чи номын нээлтийг их гоё зохион байгууллаа” гэж Чимид гуай хэлнэ билээ.


-Д.Цэмбэл гуайн номын нээлт болж байна. Та аавынхаа үеийнхэнд ингэж дотно хандаж дэмждэг үү?

-Би Д.Цэмбэл гуайг олон жилийн өмнөөс таньдаг гэж хэлэхгүй л дээ. Харин мэддэг гэж хэлбэл буруудахгүй байх. Одоо үнэн үгээ тасралтгүй зоригтой бичдэг хүн цөөрсөн. Ямар ч нийгэмд хэлэх үгээ хэлдэг ийм хүмүүсийг л бид хүндлэх ёстой. Харамсалтай нь үнэн үгээ хэлье гэсэн ч чадахгүй яваа хүмүүс дийлэнх болжээ.

-Үнэн үг гэснээс хэдэн жилийн өмнө “Эх хэлний доройтол” гэж бичиж байсныг тань санаж байна. Үг, хэлний асуудалд санаа тавьсан хэвээрээ л байгаа юу?

-Сүүлийн 25 жил монголчуудын тэнэгрээд байгааг би шууд эх хэлтэй холбон харж байгаа. Одоо үетэй харьцуулбал социализмын үед бид чинь өнөөдрийнхөөс хамаагүй оюунлаг байж гэж санагдах боллоо. Монголд оюуны суутнууд байсан уу гэвэл 60-70-аад оныхныг л хэлнэ. Өнөөг хүртэл хамаг юмны үлгэр дуурайл болсоор буй шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын сор бүтээлүүд тэр үеийнх. Тэр үед хэлний талаар, өнөөдрийнх шиг их зарлиг, тогтоол, хууль журам гарч байсангүй, гэлээ ч монгол хэл түүхэнд байгаагүй их ахиц дэвшилд хүрсэн учраас л тэр амжилт бүтээлүүд бий болсон. Харамсалтай нь орчин үеийн эх хэлний хөгжил 90 оноос хойш хуучин монгол бичиг, уламжлал ёс заншилдаа дарагдаж хаягдлаа. Хэлбэрдэл газар авч, хэл ярианы утга агуулга мөн чанараа алдсан. Хэлсэн үгэндээ үргэлж хариуцлагатай ханддаг, хэлж ярьсныгаа ажил хэрэг болгоод бүтээгээд явбал нийгмийн хөгжил одоогийнхоос илүү дээр байхсан. Нийгмийг ялзруулж доройтуулж буй гол шалтгаан бол үг хэлээр тоглосон хариуцлагагүй явдлууд. Энэ үзэгдэл эх хэлийг маань бодит хүчгүй, хоосон болгож, бүтээлч ажлын эх үндэс болох замд нь саад учруулж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг чинь хэл яриан дээр хүний амьдрал тогтдог гэсэн утгатай үг байх. Гэтэл одоо бол худал амлалт, мөнгө хоёр дээр л энэ нийгэм дэнжигнэж байна. Монголын нийгэмд одоо бодитой, утга учиртай,үнэн үг хэлээр дамжсан ажил хэрэг л үгүйлэгдэж байна гэмээр. Үүний тулд УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болмоор юм. Ам ажил зөрөх явдал бүх шатанд гай тарьсаар байна.

-Бүхнийг ингээд эх хэл рүүгээ түлхээд л болчихно гэж үү?

-Юу ч хамаагүй ярьж болох, эрх чөлөөтэй сайхан оронд бид амьдарч байна гэж ойлгоод байгаа хүмүүст энэ чинь туйлын буруу шүү л гэж хэлэх гэсэн юм. Одоо боллоо шүү дээ. Бид бодож байгаагаараа ярьдаг, бас ярьж байгаагаараа боддог. Эх хэл бол миний бодлын хөшүүрэг, илэрхийлэл, тиймээс эх хэл бол бидний эн тэргүүнд эзэмших ёстой суурь чадвар юм байна гэдгийг ухамсарлаж ойлгох ёстой. Эх хэл бол ярьж бичих хэрэгсэл төдийгүй, бодож бүтээх ухамсарт үйл ажиллагааны гол тулгуур. Хүний үг хэл, үйлдэл нэг байх нь эрүүл үзэгдэл гэдгийг уг нь хүн бүр мэддэг. Үг, үйлдэл нь зөрөөд байгаа хүн ямар билээ, тийм хүнд найдаж, ажил хэрэгчээр хамтарч болох уу? Ер нь бол бодсон, санаснаа хэлж хэрэгжүүлж амьдрах чинь л жинхэнэ аз жаргал, тэгж чадахгүй бүх юм нь өөр хоорондоо зөрөлдөөд байвал хүн цаагуураа наад зах нь стресст орно.

-Саяхан би Д.Энхбаттай ярьж байхад Гамлетаар жишээ татаад, У.Шекспир хүн төрөлхтнөөс, “Үнэнээрээ амьдрах уу, дүр эсгэж амьдрах уу” гэж асуусан гэж ярьсан л даа. Ер нь энэ нийгэмд хүн өөрийнхөөрөө, дүр эсгэхгүйгээр амьдрах эрх чөлөө байна уу гэдэг их чухал асуулт юм шиг санагдлаа. Би даргыг шүүмжчилчихвэл миний бизнес дарамтанд орчихно ч гэдэг юм уу, айдас хүйдэс их байдаг л даа?

-Ер нь бол хэл, миний, чиний үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг. Хүний хүсэл мөрөөдөл, гомдол бухимдал, ер нь ажил хэргийн утга учрыг бүхэлд нь тухайн хүнийг тодорхойлох зүйл гэж үзвэл миний амнаас гарч байгаа үгс тэр бүхнийг нарийн илэрхийлж өгнө гэсэн үг. Хүн зөвхөн өөрийн бодож буйг бусдад гаргаж хэлэхдээ биш, бас бусадтай ойлголцож амьдрахад ч хэрэгтэй байдаг. Хүмүүс үнэн үгээ хэлэх бололцоогүй, үнэн үг хүчгүй болох тусам нийгмийн уур амьсгал муудаж, нийгэм худал хуурмаг харилцааруу гулсаж, худал хуурмаг үйл хэрэг бидний амьдралыг тодорхойлно. Одоогоос 300 жилийн тэртээд Дани орон яг манайх шиг байж, тийм нийгмийн урсгал сөрж зогсоно гэдэг тун хэцүү. Шекспирийн Гамлет ийм нийгэмд урсгал дагаж үхээнц явахгүй, тэмцсэн нь дээр “хүн хоёрын хооронд амьд явснаас үхсэн нь дээр” гэсэн санааг ийм байдал дунд анх хэлсэн.

-Тийм л дээ. Гэхдээ үг гэдэг зэвсэг танд байгаа юм биш үү, хэвлэж байгаа номоороо дамжуулаад шинэ агуулга, утга санааг нийгэмд өгч хэлэлцүүлэх боломж танд бий шүү дээ?

-Тэгэхээр, би хэвлэлийн газрыг авч яваа хүний хувьд л үгээ хэлэх хэмжээний юм бодоод байгаа юм биш. Бид бие биетэйгээ жирийн амьдралд ч үнэн бодитой харьцахаа байсан, зөвхөн ашиг харцгаах амьдралтай болцгоолоо. Сургуулийн хүүхэд хүртэл эцэг эх, багшдаа юу хэлбэл таалагдахыг хамгийн түрүүнд сурч байна. Хүүхдийн буруу ч байсан хамаагүй, өөрийн гэсэн бодолтой байж, түүгээрээ бусдаас ялгарч, буруугаас зөвийг олж хөгжих замаар “Би” гэдэг хувь хүн болохын оронд багаасаа л бусдын ая талд өөрийгөө нийцүүлэх, хүн ялгаварлах, хүнд таалагдах чадварт суралцаж байна. Тэд хэл яриагаа өөрийгөө хөгжүүлэхэд бус, харин хүн хуурахад илүү ашиглаж байна. Тиймээс хэлний асуудал бол алдаагүй зөв бичих төдий бус, хүний амьдралыг шийдвэрлэх чухал хүчин зүйл гэдэгт бид анхаарал тавимаар санагдана. Мэдээж амьдралын чанарыг шийдвэрлэх олон зүйл байдаг ч үндэсийн үндэс нь эх хэл шүү.

-Таны хэлэх дуртай соёл гэгээрэл хэрэгтэй болоод байгаа юм байна, тийм үү. Бусдыг аялдан дагалдана, өөрийн бодолгүй байна гэдэг хүн сүргээс ялгаагүй. Би хэн бэ гэдгээ таньж мэдэх хэрэгцээ хувь хүнд ч, улс оронд ч байж магадгүй юм даа?

-Таны хэлж байгаа шиг нэг хүн, нэг компанид нийгмийг аль нэг зүгт хандуулах хүч хүрэхгүй, үүнд төр засгийн хүсэл хэрэгтэй. (шоудахыг хэлээгүй) Тиймээс бид өөрсдийн хэмжээнд нийгэмд тулгамдсан сэдвүүдийг л гаргаж тавьж, олны анхааралд хүргэхийг эрмэлздэг. Жишээлбэл, саяхан Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Ю-гийн улс орноо босгосон түүхийг манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан. Сонгуулийн өмнө энэ номыг гаргаснаараа бид тэр хүнийг зүгээр л нэг магтах бус, харин бид сурсан дадсанаараа энэ удаа ч бас хоёр нэр дэвшигчийн аль нэгийнх нь нэрийг дугуйлаад тав дахь ерөнхийлөгчөө сонговол Монгол улс өнгөрлөө шүү дээ. Бидэнд ямар ерөнхийлөгч хэрэгтэйг, бид ерөнхийлөгчөөсөө юу хүсэх ёстойгоо ухамсартайгаар бодож үзэх цаг ирснийг ойлгуулах зорилго тавьсан, энэ талаар ярилцахад энэ ном маш гоё! Учир нь манайхаас цөөхөн хүн амтай улсыг дэлхийн хөгжлийн оргилд аваачиж чадсан, амьд жишээ байдгийг мэдвэл зүгээр. Улс орноо өөд татах ерөнхийлөгч яг л өөрийн гэр орноо янзалж байгаа эзэн хүн шиг, улс орон ард түмнээ өөрийн гэр бүл, үр хүүхдүүдээ хайрлаж байгаа юм шиг хайрладаг, тэднийхээ төлөө өөрийгөө зольж чадах тийм л хүнийг сонгох, хамгийн гол нь ерөнхийлөгч хүн хэлсэн ярьсандаа баттай байж чадах явдал хамгийн чухал гэдгийг хүмүүс ойлгоосой гэж бид хүсч байна. Зүгээр л гэрийн эзний дүр эсгэх хэнд хэрэгтэй юм бэ? Хүмүүст таалагдах, хэн ч буруутгахгүй аар саар зүйлээр цаг барахын оронд тууштай тэмцэл явуулж улс орноо өөд нь татах хэрэгтэй болоод байна. Ер нь хүмүүс улс төрчдийн үгэнд маш их хууртдаг, тэд бодож байгаагаа ярьдаггүй, ярьж байгаагаа хийдэггүй. Үүнийг нь бид тоохгүй, ойшоохгүй байж болохгүй цаг үе тулж ирээд байна.

-Та нийгмээ гэгээрүүлэх гэж их юм санаж сэдэж явдаг. Соёл, гэгээрлийн өдрүүд хийдэг. Олон ном, бүтээлүүдээр дохио санамж өгөх гэж хичээдэг. Энэ бүхний эцэст та хонгилын үзүүрт гэрэл, өөрчлөлт харж байна уу, эсвэл зүгээр л цөхөрчхөөд байгаа юм уу?

-Бүтэхгүй юм хийж яах нь вэ дээ гэж ил далд их хэлцгээдэг л дээ Би өнөөдрөөрөө л амьдрахыг хичээдэг. Өнгөрснөө бодож гуниглах, харамсах, ирээдүйгээ бодож мөрөөдөх, хүлээх би дургүй. Тиймээс би санасан бодсон зүйлээ хойш тавилгүй өнөөдөр л хийх, хүссэн амьдралаараа өнөөдөр л амьдрахыг хүсдэг. Тиймээс, чи юу хүсээд байгаа юм, чиний хүсээд байгаа тэр сайхан нийгэм бий болохгүй шүү дээ гэсэн үгсийг би сонсдог ч үгүй. Дуртай юмаа хийх, зорилготой, утга учиртай, тэмцэлтэй байх. Үүнээс илүү гоё амьдрал хаана байна? Уурлаж бухимдах зүйл зөндөө л гардаг, гэхдээ тэр бол цөхрөл биш. Боломжтой мөртлөө юу ч хийж чадахгүй хүлээлгийн өрөөнд өлбийгөөд чимээгүй суух шиг уйтгартай юм хаана байх вэ.

-Та сүүлийн үед юу уншиж байгаа вэ?

-Саяхан манайх маш сайн уран зохиолын номууд гаргасан. Тэрийгээ л нэг бүрчлэн уншиж байгаа. Унших яах вэ, уншсанаа хоорондоо ярилцах л чухал болоод байна. Би яаж ойлгосон юм, чи яаж ойлгосон юм. Хүн болгон юмыг өөр өөрөөр ойлгож, өөр өөрөөр хүлээж авдаг. Би эрэгтэй, чи эмэгтэй. Би чамаас ахмад, чи надаас залуу. Тэгэхээр чи бид хоёрын сонирхол ч өөр. Би чамтай ярилцах юм бол нэгдүгээрт чамайг ойлгохоос гадна тэр зохиолоо ч илүү сайн ойлгож авна. Тэр зохиолоос бас өөрийгөө ч ойлгоно. Ном уншихдаа гол нь биш, уншсан ном өөрт шингэх, өөрийгөө бусдаас ойлгож авах нь гол. Тэр номонд өгүүлж байгаа амьдралаас хүмүүс ихийг ухаарч, дутуугаа нөхдөг. Олон амьдрал, хувь заяаг мэдрэх ухаарах тусам хүн илүү хэрсүүжнэ. Уран зохиолын ном уншина гэдэг олон хүний амьдралаар амьдарч үзнэ гэсэн үг болохоос хүн бүр дур дураараа ойлгож болно гэсэн үг биш.

-Нэг үеэ бодвол хүмүүс их уншдаг болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бодсоноо үнэнээр нь хэлэхээр хамаг юмыг үгүйсгээд байгаа юм шиг сэтгэгдэл хүмүүст төрүүлээд байдаг юм. Таны асуултад, тийм, бас үгүй гэж хариулъя. Хүмүүсийг номын хэрэглээтэй ба хэрэглээгүйгээр нь хоёр хэсэгт хувааж болно гэж би боддог. Энэ хэрэглээнд хүнийг багаас нь сургахгүй л бол хожим ном унших гэж маш түүртдэг. Хүүхэд мэдээ орсон цагаасаа л үсэг бичигтэй ойр дасал болбол түүний цаана ид шидтэй зүйл байдгийг үргэлж мэдэрч сонирхоно. Хожим утга учиртай номын хэрэглээтэй болоход ч дөхөмтэй. Эцэг эхчүүд, албан байгууллагууд манайхнаар номын тухай, ялангуяа хүүхдийн номын тухай урьж яриулдаг. Бидэнд ч тийм ажил хийж явахад сайхан санагддаг. Жаахан дэмжээд өгвөл хүмүүс ном уншихад бэлэн байна.

-Саяхан С.Дулам гуайтай ярьж байхад цагаан сараар хүмүүст ном бэлэглэдэг гэж байсан. Ном бэлэглэж байсан зарим жишээг би мэднэ л дээ. Цагаан сараар бие биедээ ном бэлэглэдэг соёл бий болж байгаа юм болов уу гэж санагддаг. Ийм хандлага танд мэдрэгддэг үү?

-Би саяхан хөдөө явлаа. Хөдөөний айлд очоод гурав, дөрөв хоносон юм. Дөрөв, таван настай хоёр хүүхэд цэцэрлэгт явдаггүй гэртээ байдаг юм байна. Хүүхдэдээ орой болгон уншиж өгөх үлгэртэй “365 үдэш” гэдэг номоо тэднийхэнд бэлэглэлээ. “Энэ номыг орой бүр хүүхдэдээ уншиж өгөөрэй. Уншихдаа сэтгэл гаргах нь хамгийн чухал гэсэн. Баярлаад л авсан, өөр ч юм хэлсэнгүй. Дараа нь ярьж суухад ингэж хэллээ. “Р.Энхбат гуай, манай хөдөө чинь одоо нэрээ зүдэрч тавьдаг хүмүүс олширсон шүү дээ. Бичиг мэддэг хүмүүс нь арван үг бичихэд тавыг нь алдана” гэсэн. Ийм үг сонсохоор яаж ч сайхан байх вэ дээ. Хааяа нэг ирдэг сонин ч үгүй болсон, хөдөөнийхөн тэр чигээрээ номноос холджээ. Юун соён гэгээрэл, эхлээд бичиг үсэгтэй болгох ажил хийгдэх хэрэгтэй болжээ. Бид чинь амьдралаас ингэж тасарч байна даа гэсэн бодол надад төрсөн. Тэр хүмүүс үнэнээ л хэлсэн, хүүхдүүдийнхээ боловсролд л их сэтгэл зовж байгаагаа хэлж байсан.

-Ингэхэд нийгмийн уншдаг хэсэг нь юу уншиж байна вэ?


-Дэлхийн хүмүүс олноороо уншиж байна гэсэн номыг бид хамгийн түрүүнд орчуулаад гаргадаг. Мэдээж хэн ямар ном, зохиол унших нь тухайн хүний сонирхлоос хамаарна. Өнөөдөр Монголд маш их мэдлэг орчуулгаар дамжиж орж ирж байгаа ч, худал, буруу орчуулгатай номууд олширсон. Орчуулагч хүний нийгмийн хариуцлагыг ойлгож, төрөөс орчуулагчдыг дэмжих ажил хийгдвэл сайн сан. Сайн ном гарахад хамгийн чухал хүмүүс гэвэл одоо тэд нар.

-Номын дэлгүүрт орж ирээд Ли Каун Ю-гийн номыг хараад, орчуулагч нь хэр сайн бол гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн л дөө. Танигдаагүй орчуулагч байх шиг харагдсан. Танайх орчуулагчид тодорхой шаардлага тавьдаг байх?

-Нэрийг нь Монголмаа гэдэг. Тэр, “Энэ номыг заавал орчуулах ёстой” гээд бидэн дээр эх оронч сэтгэлээр ирсэн. Мэдээж хэрэг сэтгэлийн хөөрлөөр барьж ирээгүй, орчуулж чадна гэсэн итгэлтэй байсан. Орчуулгын ажил дуусаж номыг хэвлэлтэнд бэлэн болоход орчуулгыг хянаж сайжруулах хоёр жилийн хугацаанд манайхаас арваад хүн оролцсон байсан. Сайн орчуулга болсон. Сайн орчуулга гаргахад гадаад хэлнээс илүү эх хэлдээ сайн байх л хамгийн чухал байдаг. Хүмүүс санал бодлоо хэлэх байх аа.

-Та өргөн хүрээнд ажиллах юм аа. Цэцэрлэг, сургуулийн багш нарт хүртэл хүүхдийг яаж номонд дуртай болгох вэ гээд сургалт хийж байсныг санаж байна. Нэг төрийн бус байгууллага, хэвлэлийн компаниас илүү их хүч гаргаж нийгмээ соён гэгээрүүлэхээр зүтгэж байгаа санагддаг?

-Нийгмээ гэгээрүүлэх уг нь төрийн ажил. Төр энэ ажлаа жинхэнээр нь хийдэггүй, тийм болохоор л бид ийм ажил хийдэг гэж харагдаад байна. Төрөөс явуулж буй ажлууд сонгуулийн зориулалттай, өөрсдийгөө сурталчлах хувийн зорилготой, олон нийтэд таалагдахаас цааш утга агуулга байдаггүй. Тэд цаг зуурын ажлаар л хөөцөлддөг. Тэд хаанаас л бол хаанаас мөнгө олж, нэр сүртэй ажил зохионо, олны танил нэртэй хүмүүс ч энэ ажилд нь хүсээгүй хирнээ чимэг болоод явж байдаг. Явах нохойд явахгүй нохой саад гэж тэдний худал хуурмаг ажлууд ном сонин болж энд тэндэхийн сав шүүгээгээр нэг болж номын сангуудын жижигхэн өрөөнд чихэлддэг. Тэд үнэн мөнөөр ажиллаж буй хүмүүсийн үйл ажиллгаа, бүтээл туурвилуудыг үнэгүйдүүлж байгаагаа ер тоодоггүй. Ийм сонгуулийн ашиг сонирхолд нийцүүлсэн ямар ч буянтай ажил шудрага хөлөмөрийг үгүйсгэж, гай тарьж байдаг. Худал хуурмаг юм болгон хар балаг дагуулдаг шүү дээ.

-Сониуч асуулт байна. Та номон дунд умбаж явдаг болохоор таныг гайхшруулах амаргүй байх л даа. Хамгийн сүүлд танд гүн сэтгэгдэл төрүүлсэн ном байна уу?


-Манай утга зохиолын цувралаар хамгийн сүүлд гарсан ном бий. Туркийн зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” гэж ном их таалагдсан. Тэр номыг уншаад, энэ зохиолыг уншсан хүнтэй яримаар, хүмүүсийн бодлыг сонсмоор санагдсан. Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг. Залуусын хайр сэтгэл, дотоод сэтгэлийн тухай ном л доо.

-Интернэтэд номын хорхойтнуудын группүүд байдаг. Та аль нэгэнд нь нэгддэг үү?

-Тэр хүмүүсийг цуглуулаад, уншсан номоо ярилцдаг болъё гээд манай номын дэлгүүр уриалаад л байгаа ш дээ. Номын тухай л ярилцмаар байна.

-Хүмүүс шагшаад байгаа номыг олж унших гэж эрж хайдаг юм шиг ээ. Интерномын их дэлгүүрээс гаргадаг бестселлер номын жагсаалтад та анхаардаг уу?

-Үгүй ээ. Надад тэр ерөөсөө сонин биш. Тэр бол зүгээр л зарагдсан номын тоо шүү дээ.