Өнөөдөр Битлз хамтлагийг шүтэн биширдэг, ялангуяа залуу нас нь битлзтэй хамт өнгөрсөн хүн бүрийн хувьд гунигт өдөр билээ. Учир нь бидний шүтээн Жон Леннон 1980 оны энэ өдөр хорвоог орхисон юм.

Тэрбээр 3 хоногийн өмнө Роллинг Стөүнз сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Please never be afraid to cry” гэж Иоко Оногийн мөрийг дагаж дуулснаа, “Уйлахаас буү ай, өндөрт дүүлэн нисэхээс ч бүү ай. Тэгээд бас айхаасаа ч битгий ай” гэж уугуул шүлгийг нь өөрчлөн дуулж байж. Мөн Double Fantasy цомгийнхоо талаар ярихдаа “(Just like)Starting Over” (“Бүхнийг шинээр эхэлж буй мэт“ орч.)дууг тоглуулахыг хүсээд “Энэ бол цомгийн эхний сингл юм. Хэрэв чи анзаарсан бол энэ дууны эхлэлд бяцхан цонх гурвантаа цохиж байгаа. Оногийн хүслийн хонхыг зориуд ингэж дуугаргасан юм. Надад бол үхлийн хонх шиг санагддаг. Учир нь би энэ дууны шүлгийг хэзээ нэгэн цагт надтай нүүр тулахаар хорвоогоор элин нисэж буй үхэлд зориулан бичсэн юм” гэжээ. Энэ үгийг хэлэхдээ Жон Ленноны царайд хачин их гуниг төрж байснаас харахад уран бүтээлч маань өөрийн үхлийг зөгнөж байсан гэлтэй.


Тэр өдөр Роллинг Стөүнз сэтгүүлийн эхний нүүрэнд тавигдах зургаа даруулсан хос радио нэвтрүүлэгт оролцохоор гэрээсээ гарах үед шүтэн бишрэгч нар нь тэднийг бүчин авлаа. Олны дунд Марк Дэвид Чэпмен ч байсан юм. Чэпмен Христийн шашинд хэт итгэгч нэгэн байсан бөгөөд Жон Леннон атейст үзлээрээ өсвөр насны хүүхдүүдэд муу үлгэрлэл үзүүлж байгаа тул түүнийг алахаар шийдсэн гэж хожим мэдүүлсэн.


Иоко Онотой Stage Deli ресторанд оройн хоолоо идэхийн өмнө хүүдээ сайхан амраарай гэж хэлэхээр гэр лүүгээ харьж явсан түүнийг Чэпмен нийт 5 удаа буудсан юм. Жон орцны хаалгаа онгойлгож цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Үүдний хамгаалагч түгшүүрийн дохиог дарж, түүний цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин зугтахыг оролдсонгүй. Малгай, цуваа тайлаад замын хажууд суун, “Catcher in the rye” (Хөх тариан талбайн ирмэгт орч.) номыг уншаад тайван гэгч нь цагдаа ирэхийг хүлээж байв. Хаалгач “Чи юу хийснээ мэдэж байна уу” гэж Чэпмен лүү орилоход, зандалчин “Тийм ээ. Би дөнгөж сая Жон Ленноныг буудчихлаа” гэж тайвнаар хариулж байсан гэдэг. Эргүүлийн машин ирэн түүнийг баривчлахад эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд, зөвхөн “намайг битгий өвтгөөч” хэмээн гуйж байв. Цагдаа нар түргэн тусламж ирэхийг хүлээсэнгүй, эргүүлийн машинаар Жоныг эмнэлэгт хүргэсэн ч цус их алдсан учир ямар ч найдвар үлдээгүй байна.


“Сонирхуулахад, Хөх тариан талбайн ирмэгт ном томоохон 3-н гэмт хэрэгтэй холбогддог. Рэббека Шэфферийн аллага, мөн Роналд Рейганыг хороох гэсэн оролдлого. Янз бүрийн онол байдаг ч ямартаа эдгээр халдлагыг үйлдсэн этгээдүүд уг номонд дуртай, хэт автсан гэж болохоор байж.”

Түүнийг чандарласан бөгөөд өөрийнх нь хүсдэг байснаар ямар нэгэн оршуулах ёслол үйлдээгүй байна. Харин түүний үхэл дэлхий нийтийг цочроож, 1980 оны 12 сарын 14-нд дэлхийн сая сая хүмүүс 10 минут чимээгүй зогсон алдарт дуучинд хүндэтгэл үзүүлсэн билээ. Ямар ч байсан түүний 3-н шүтэн бишрэгч энэ мэдээг дуулаад амиа хорлосон гэдэг.


Хайрт дуучин маань одоо байхгүй ч гэсэн түүний дуунууд бидний зүрхэнд өнө мөнхөд эгшиглэж, одоог болтол энх тайван, аз жаргалтай ертөнцийг бүтээх түүний мөрөөдлийг дэлхий дахинаа түгээсээр байгаа билээ.