Месоамерик болон Өмнөд Америкийн анхны агуу иргэншил Месопотами, эртний Египет, Хятадын соёл иргэншилтэй өрсөлдөхүйц байв. Месоамерикт соёлын анхны үрийг Олмекчүүд тавьжээ. Тэдний гол шүтээн нь ирвэс байсан бөгөөд энэхүү шүтээнээ Өмнөд Америкчуудтай ч хуваалцжээ. Ирвэсийн дүр Маяагийн соёлд ч, бүр сүүлд Ацтекийн үед ч чухал бэлгэдэл хэвээр байжээ.


Тус бүс нутагт элбэг байдаг цоохор ирвэсийг эдгээр бүс нутгийн эртний соёлд бишрэх, цэрвэх зэрэгцэн хүлээн авдаг байлаа. Ихэнх тохиолдолд "цоохор ирвэс гарвал"-ын тухай дүрслэн бичдэг ба үүнд нялх хүүхдийг цоохор ирвэсийн онцлогийг илтгэсэн доош урвайсан ам, том уруул, зууван нүдтэйгээр дүрсэлдэг байв. "Ирвэс байсан" гэх энэ үзэл Олмекчуудтай илүү холбоотой байдаг ба хаш чулуу, том баримал, шүтээний бүтээлэг, бусад хавтгай биет дээр энэ тухай сийлээстэй байдаг аж. Энэхүү дүрсийн жинхэнэ утга учир нь тодорхой бус ч бөөгийн ёсоор бурхан, эсвэл байгалийн хүчтэй холбогдоход ашигладаг шилжилтийн бэлгэдэл байх магадлалтай.

Месоамерикт МЭӨ 1500 – 900 оны үед хөгжсөн соёл иргэншлийн анхны шинж тэмдэг илэрч эхэлжээ. Газар тариалан эрхлэх ур чадвар, бүтээмж нэмэгдэн, магадгүй Өмнөд Америкийн Андын нуруу орчмын соёлын нөлөөгөөр сав суулга илүү боловсронгуй болж, сүмийн пирамид үүсэв.

Энэ цаг үе нь Месоамерикийн анхны соёл иргэншлийн эхлэл буюу Олмекчүүдийн үе байлаа.

Нам дор газрын амьдрал

Олмекчүүд өмнөд Мексикийн чийглэг, үржил шимтэй нам дор газар суурьшжээ. Тэдний соёл МЭӨ 1200 оны үед ихэд хөгжин цэцэглэв. МЭӨ 800 оны орчимд тэдний нөлөө Месоамерикт ихээр тархлаа. Худалдааны харилцаа холбооны үр дүнд Олмекийн бэлгэ тэмдэг олон нийтэд тархсан бололтой. Олмекчүүдийн газар тариалан эрхлэх арга ажиллагаа хөгжлийн хувьд тийм ч дэвшилтэт бус байлаа. Учир нь үр тариа, эрдэнэ шишийн ургалт сайн байсан тул тариалалтын ажиллагаандаа тэгж их анхаарах шаардлагагүй байсан байж магадгүй. Гэршүүлэх амьтан ховор байснаас тэд малчид гэхээсээ илүү ан гөрөө хийгчид байжээ. Амьтдыг унаа хөсгийн зориулалтаар ашиглаж байсангүй. Евроазиас ялгаатай нь тэдэнд дугуйтай унаа байгаагүй. Нойтон, намгархаг Олмекийн төв нутагт ийм тэрэгний хэрэгцээ ч бага байв.

Олмекчууд том толгойн хөшөөгөөрөө алдартай байсан бөгөөд тэдгээр нь нэлээд хэдэн метр өндөр, ойролцоогоор 20 тонн жинтэй байв. Хавтгай хэлбэр зонхилсон хэлбэртэй байдаг тул Олмекийн бурхадтай холбоотой байх хэмээн үздэг.



Сан Лоренцогийн цэцэглэлт

Өмнөд Мексикийн Веракрузи мужийн Коатзаколкос голын дээд хөндийд орших Сан Лоренцо бол олмекчүүдын анхны хамгийн том суурьшмал төв байв. Энэ хот МЭӨ 1200- 900 оны үед хөгжлийнхөө оргилд хүрчээ. Тухайн үед энэ нь элит анги, ур чадвартай ажилчид, хар ажилчид бүхий хот-улс гэхээсээ илүү удирдагчийн эзэмшил маягтай байв. Ойролцоогоор 1000 орчим хүн амтай байсан бололтой. Сан Лоренцогийн байшин барилгууд шороон довцог дээр нээлттэй баригдсан байдаг. Хот нилээд боловсронгуй ус зайлуулах системтэй байсан бололтой. Үүнээс гадна сийлж хийсэн том толгой мэт олон тооны чулуун баримал, шүтээн маягийн хийц, хүний суумал том хөшөө, олон тооны амьтад, ялангуяа цоохор ирвэсийн дүр олон тохиолдоно. Цусан болон бусад байдлаар золигт гаргах зан үйл байсан байх гэж үздэг. Гэхдээ энэ нь цэвэр таамаглал юм.

Сан Лоренцогийн ойролцоо түүнээс 1.6 км-ийн зайд орших Каскажалт Олмек бичиг байх магадлалтай зарим нэг дүрс бүхий МЭӨ 900 оны үеийн чулуу олдсон нь Олмекчүүд Месоамерикт хамгийн анх бичиг үсгийн системийг нэвтрүүлсэн байх гэсэн таамаглал төрүүлдэг.

Сан Лоренцо МЭӨ 900 оны орчим мөхөж үгүй болсон ба томоохон барилга, хөшөө эвдэрч сүйдсэн нь том хэмжээний дайралтын үр дүн байх магадлалтай хэмээн үзэж байхад зарим нь Сан Лоренцогийн сүйрэлд байгалийн хүчин зүйл гэж үзэх нь бий.

Ла Вента

Сан Лоренцогоос олон хүн амтай, одоогийн Табаско, Веракрузын хилийн ойролцоо орших Олемикийн өөр нэг төв бол Ла Венто байсан. Энэ нь МЭӨ 900-400 оны үед Месоамерикийн гол төв байжээ. Сан Лоренцогийн нэгэн адил чулуун толгойн хөшөө, цоохор ирвэсийн баримал дүрс, сүмийн барилга, маш том хэмжээний пирамид Ла Венто орчмоос ч олддог. Энэ газар нутгийн байшин барилга бүгд эгнэн байрласан нь одон орон судлалын ойлголттой ч холбоотой байж болох талтай.

Олмекийн урлаг тэр дундаа чулуун сийлбэр, олон тооны хаш баримал урлаг нилээн өндөр хөгжсөн байв. Ла Вента орчмоос сайхан чулуун сийлбэр мөн Олмекийн бусад олдворын хамт хүзүүнд зүүдэг зэс толь ч олджээ. Эдгээр нь Олмекийн удирдагчдын онцгой эрх мэдлийг харуулдаг. Ялангуяа толь нь гал ноцоох эсвэл аливаа зүйлсийн тусгалыг харахад ч хэрэглэгдэж байсан гэх таамаглал бий.

Энэхүү зурган дээрх хаш чулуун сийлбэрүүд Ла вентагаас олдсон олдворууд юм. Эдгээр олдвор нь хүн, ирвэсний холимог мэтээр хийгдсэн бөгөөд ямар нэгэн зан үйл хийхэд хэрэглэдэг байна. Мөн өргөл барьц болгон ашигладаг байсан байж болно.


Өмнөд Америк дахь Чавины соёл

Өмнө зүгт Перугийн эрэг хавийн томоохон газар нутгийг хамран тархжээ. Чавины соёлтой холбоо бүхий томоохон малтлага Лимагаас хойш 300 км орчимд Андын нурууны өндөр хэсгээс олдсон Чавин де Хуантарын олдвортой ямагт холбогддог.

Чавин де Хуантар нь энэхүү соёлын төв мөн байлаа ч, биш байлаа ч маш чухал ач холбогдолтой олдвор байв. 3000 орчим хүн ам бүхий нилээд төвлөрсөн энэхүү суурины голд уран чадварлагаар сийлж хээлсэн чулуун хавтан бүхий ёслол үйлддэг талбай байжээ. Олмек соёлд байдагчлан Чавины урлаг ч хүн, амьтны онцлогуудыг хольж бүтээсэн баримал хөшөө элбэгтэй. Чавин де Хуантарын Хуучин сүмийн төвд Чавины их бурханыг дүрсэлсэн хөшөө байх. Энэхүү бурхан Эль Ланзон нь хүн биетэй, мууран толгойтой байдаг. Иймэрхүү байдлаар дүрсэлсэн нь шашны ёс заншилтай холбоотой байж магадгүй. Эсвэл тахилчид бурханлаг төрхөнд ийнхүү шилжиж болно хэмээн үзүүлсэн байж болох талтай.


Чавин Де Хуантарын барилгууд энэхүү байгалийн түвэгтэй тогтоц бүхий газар орны хүн ардын уран баримлын болоод инженерийн гайхалтай туршлагыг илэрхийлж байдаг. Олмекчүүд Сан Лоренцогийн талыг барилга барихдаа зохицуулан зассантай адил чавинчуудад Хуучин сүмийг барихын тулд тэгш талбай бий болгох шаардлага гарч байжээ. Уулыг тэгшлэн орой дээр нь барьсан Монте Алба үүний илрэл юм.