15540616_1298219520199711_7494794550447508934_o

Энэ удаагийн уншигч булангаар www.bsvijin.blogspot.com блогийн хөтлөгч, www.medee.mn-ний сэтгүүлч Б.Сүйжингийн Ж.Ж. Фрэйзерийн “Алтан гишүү” номны тухай бичсэн тэмдэглэлийг хүргэж байна.


АЛТАН ГИШҮҮ: Эртний хүмүүсийн хачирхалтай ёс заншлууд

Эртний Грект нас барсан гэж андууран, эзгүйд нь оршуулах ёс гүйцэтгэсэн тэр хүнийг шинээр төрөх ёс үйл хийх хүртэл үхсэн хүн л гэж үздэг байжээ. Түүнийг эмэгтэй хүний хоёр хөлийн дундуур гаргаж угаалга үйлдэн, манцуйлж, хөхүүл эхийн асрамжид өгдөг байв. Гагцхүү энэ ёс үйлийг нарийн нягт гүйцэтгэсний дараа мөнөөх эргэж ирсэн этгээд хүмүүстэй чөлөөтэй харилцаанд орж болдог. Төсөө төсөөгөө төрүүлдэг буюу Гомеопатик илбэ домыг янз бүрийн цаг үед олон ард түмний авч хэрэглэж байсан, дайн этгээдэд хор хөнөөл учруулах, эсвэл түүнийг төлөөлөн хийсэн дүр, дүрсэнд нь гэмтэл бэртэл учруулах замаар түүнийг хөнөөх эсвэл илбэ домын нөлөө туссан хүн шаналж тарчилж улмаар үхдэг хэмээн бүрэн итгүүлж дайснаа егүүтгэх зэрэг үйлдэл, оролдлого . Дээр дурдсан жишээнд ан хийхээр явсан эсвэл дайсантайгаа тулалдахаар яваад сураггүй болсон тул түүнийг үхсэнд тооцон оршуулах ёс гүйцэтгэсэн тул гомеопатик аргаар эргэн амьдруулж байна.

Эртний хүмүүсийн энэ мэт хачирхалтай ёс заншил, сэтгэлзүйн сонирхолтой баримтуудын талаар өгүүлэх Ж.Ж.Фрэйзерийн “Алтан гишүү”-г залуус ширээний номоо болгоосой гэж би ихэд хүсдэг. Учир нь өнөөдөр ч Монголын залуус “тэнэглэл” гэж хэлж болох зарим ёс заншлуудад хүлээтэй байж, хөгжих, эрх чөлөөтэй байх, чөлөөтэй бодох боломжуудаа өөрөөсөө шалтгаалан алддаг нь харамсалтай.Долоон зуун наян нэгэн нүүр энэ номыг Орос хэлнээс орчуулсан эрхэм Ж.Отгонбаярт талархахгүй байхын аргагүй юм. Философич Людвиг Витгенштейн, антропологич Уэстон Ла Барр зэрэг алдартнууд түүний энэ бүтээлийн залгамж болсон нийтлэлүүдийг бичиж байсан бөгөөд “Алтан гишүү” номын бүтэн эхийг модернист литературт чухал нөлөө үзүүлсэн хэмээн үнэлдэг билээ.

Нэг. Үхэгсэдээс айх айдас

Баялаг тайлбар бүхий 60 бүлгийг бүгдийг энд багтаах боломжгүйн дээр, утга зохиолын ном шиг ерөнхий санааг нь ч тоймлон хэлэхэд бэрх. Тиймээс би энд зарим баримтуудыг л онцлон бичихийг хичээе. Энэ бүлэгт, өнөөгийн залуусын маш их ач холбогдол өгдөг үхэгсэдээс айх айдас, сүнсний тухай, зүүд зөнгийн тухай эртний хүмүүсийн ойлголтыг дурдъя.

Тухайлбал, Малайзичууд сүнсийг эрхий хурууны чинээ хэмжээтэй ч ихэнх тохиолдолд үл үзэгдэгч бяцхан хүн мөн гэлцдэг. Хүүхэд байхдаа өнгөрсөн хүмүүсийн сүнс болбоос чац богинотой байна. Бразилийн эсвэл Гвианы индиан нар гүн нойрноос сэрэхдээ сүнс нь ан гөрөө хийж, загас барих, мод огтолж эсвэл нүдэнд үзэгдэх мэт болсон бусад зүйлийг үнэхээр хийсэн, харин бие нь дүүжин орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэдэгт хатуу итгэдэг. Макуши омгийн нэгэн индиан хүний бие нь муу байж л дээ. Тэрбээр усны огцом хүрхрээн дундуур сэлүүрт завийг өргөн чирэх бөгөөд энэ үйл явдлыг эзэн нь түүнд тушааж буй байдлаар зүүдэлжээ. Зүүдэндээ ийн үзэж, маргааш өглөө нь мөнөөх индиан шөнөжин хүчир ажил хийлгэсэн цэвдэг сэтгэлт эзнээ нүүр нүдгүй зэмлэн буруушаажээ. Учир нь тэд зүүдийг бодит зүйлээс ялгадаггүй шүү дээ.

Зүүдэлж байхад хүний сүнс биеэс гардаг тул ингэж явахдаа талийгаачийн сүнстэй тааралдаж түүнийг дагуулан явахаас ихэд эмээдэг. Түүнээс гадна бид одоо айлд хэн нэгэн нас барахад толийг бүтээн, буруу харуулан тавьдаг. Энэ нь оршуулга хүртэл гэрт байгаа талийгаачийн сүнс толинд тусгал хэлбэрээр байгаа хүний сүнсийг авч оддог хэмээн болгоомжилдог Ару арлынхны зан үйл юм. Мөн талийгаачтай холбоотой хүмүүс хоол хүнсэнд гараараа хүрэхийг хориглодог бөгөөд талийгаачид үйлчилсэн хэнийг ч 3-10 сарын хугацаанд хорьж, энэ хооронд өөрөө хоол унданд гараараа хүрэлгүйгээр бусдаар хооллуулж, шүдээ хүртэл чигчлүүлдэг байж. Ер нь тэд үхэгсэдийн сүнс хорон санаатай бөгөөд амьд хүмүүст хорлол учруулах нь тэдний цор ганц баяр зугаа хэмээн үздэг байна.

Одоогийн сэтгэцийн задаргааны онолоор бол үрэгдэгсэдээс үлдэгсэд нь тэднийг амьд байхад хангалттай сайн асран хамгаалж чадаагүйн дээр үхэлд хүргэсэн шалтгаануудын нэг нь өөрийгөө байх вий гэх айдас тэднийг илүү айлгаж байдаг. Тухайлбал, хэт уурласан үедээ хүн “энэ үхээсэй” гэсэн гэнэн бодлоо биелчихлээ хэмээн айх айдсыг дурдаж болно. Тиймээс өш хонзон санасан сүнснүүд тэднийг ээрэхвий гэх тарчлаантай бодлууд тэднийг үхэлд дууддаг байж. Эртний нийгэмд өнөөгийн хууль мэт үүрэг гүйцэтгэж байсан айдас үүсгэгч хорио цээрүүд өнөөдрийг хүртэл хүмүүст үйлчилж байна. Тэд хорио цээрээр дамжуулан хүмүүсийг айлгаж, нийгмээ, нийгмийн гишүүдээ эрүүл саруул, дэг журамтай, ёс зүйтэй байлгаж байсан нь тодорхой.

Харин орчин үеийн соёлт хүн төрөлхтөн танин мэдэхүй, шинжлэх ухаантай танилцжээ. Бид баруун, зүүн тархиныхаа үйл ажиллагаа, үүрэг, онцлогуудыг мэдэж байна. Тэр бүү хэл тархины эсүүдийг гар дээрээ тавьсан мэт тодорхой харж, хэвлий дэх хүүхдийн хөдөлгөөнийг технологийн тусламжтайгаар харах болсон. Бид 18 нас хүрэхдээ л физик, хими, математик, байгалийн шинжлэл, газарзүй, ургамал судлалын хичээлүүдийг үзэж, хорвоо ертөнцтэй бодитоор танилцдаг. Гэтэл өнөөгийн нийгэмд залуус хэдэн зуун жилийн өмнөх преметив хүмүүсийн сэтгэлзүйгээр, айдастай, хулчгар, хийх гэсэн бүхэн нь хорио цээрээр хязгаарлагдсан явна гэдэг уйтгартай басхүү гунигтай. Олон зуун жилийн өмнөх хүмүүсийн сэтгэлгээний онцлогийн тухай ном уншиж суухдаа өдгөө ч бид энэ л сэтгэлгээтэйгээ “гацчихсан” эсвэл зогсчихсон юм болов уу гэх бодол хуудас эргүүлэх тоолонд төрнөм.

Хоёр. Уран зохиолын мэт ертөнцөөр аялах нь

“Алтан гишүү”-г уншихаар заримдаа яг л уран зохиолын ном уншиж байгаа мэт адал явдалтай учирна. Муу сүнснүүд нүдэнд үл харагдах тул тэдгээрээс салж хагацахын тулд агаар салхийг хий зодож буй хүмүүс, айлган зугтаалгахын тулд орь дуу тавьж, маш хүчтэй чимээ гаргаж буй эмэгтэйчүүд нүдэнд төсөөлөгдөнө. Заримдаа эхнэр эсвэл нөхөр нь өөд болсноос тосгоныхондоо гадуурхагдаж, гэгээн өдөр гадуур явах эрхгүй болж, шөнийн цагаар загасчилж буй нь харагдана. Нөхрийнх нь эсвэл эцгийнх нь нэрэнд орсон үгийг дуудах эрхгүй эмэгтэйчүүд “гахай”, “нохой”, “чоно” зэрэг үгсийг өөр үгсээр орлуулан хэлнэ. Заримдаа яг л эмгэнэлт роман уншиж буй мэт нулимс мэлмэрүүлэн суухад ч хүрнэ. Хөгширсөн хуш модыг өгөршин унах хүртэл жил бүр охин хүүхдийг өргөл болгон өгч, уй гашууд автаж буй гэр бүлүүд төсөөлөгдөнө. Ургаа модны холтсыг хуулсан нэгний хүйсийг огтлон авч, хуулсан холтосны оронд нааж байна. Тосгон руу ойртох эрхгүй болсон, сарын тэмдэг нь ирсэн бүсгүйчүүдийг шулам мэт үзэж сүүдэр нь тусахвий гэж холуур тойрон яваа хүмүүсийн айдастай харц харагдана. Заримдаа инээдтэй гэмээр баримтууд ч бий. Талийгаачтай адилхан нэртэй хүмүүс сүнснээс айхдаа нэрээ солино, ахиад л ижил нэртэй хүн өөд болвол ахиад л өөр нэр сонгоно. Сүйт бүсгүйтэй гэрлэх гэсэн харчуул сүйт бүсгүйг хөөж, хэн барьж авч чадсан гэргийгээ болгоно. Таалагддаг хүндээ давуу боломж олгож буй сүйт бүсгүйн сэтгэл догдлол зүрхэнд мэдрэгдэнэ. Зарим бүлэгт Монголын түүх, домог, ёс заншлуудын тухай өгүүлсэн ч тааралдана. Ингэхлээр яг л таньдаг дүртэйгээ номон дотор дахин тааралдаж буйтай ижил мэдрэмж төрөх шиг болдог.

Фрейзер энэ урт аялалыг хийж, энэ их баримтыг цуглуулан, энэ урт номыг тэрлэх болсон нь хүний оюун ухааны атираа нугачаатай зам мөрийг мөшгөхийг эрмэлзэн, үнэний эрэл хайгуул хийхэд чиглэж байсан болохоос илбэ, ид шид, дом, шашны агуулгуудыг хөөргөн дэмжиж, сурталчлан таниулж буй явдал биш юм. Ердөө л Арици хотын Дианагийн сүмийн тахилчийн албан тушаал хэрхэн өвлөгддөг тухай дэг журмыг тодорхойлдог хачирхалтай дүрэм горимуудыг тайлбарлахаар эхэлсэн энэ номонд нэг асуултаас нөгөө асуулт урган гарч, нөгөө асуулт гурав дахь асуулттай холбогдсоор уртаас урт үнэт баримтуудын цуглуулга, хүн төрөлхтний сэтгэлгээний түүх болжээ. Өдгөө бид өвгөд дээдэстээ газар шороо, уул ус, барилга байгууламж, зураг баримал үлдээсэнд нь талархаж байснаас өдий зэрэгтэй оюун ухаан үлдээсэнд нь талархаж байсангүй. Тэд оюун ухаанаас үүдсэн бие эрхтний асар хүнд золиос, өвдөлтүүдийг даван гарч, аливаад бодитоор хандаж, эрүүлээр сэтгэх, шинжлэх ухаанч иргэн болох суурийг тавьж өгчээ. Тэдний бие болон сэтгэлээр амсаж, дараагийн үе рүү шат ахисан сэтгэлгээг нь бид өнөөдөр хүндлэн, хойш алхахгүй, ухрахгүй, урагшлах, давших хэрэгтэйг энэ ном сануулна. Тиймээс ч та бүхэн “Алтан гишүү” номын нүүрнээс л “Хүний сэтгэлгээний урагшлах хүсэл, давших хөдөлгөөн илбэ домоос шашнаар дамжин, шинжлэх ухаан руу чиглэх байдлаар явж иржээ” гэсэн супер өгүүлбэрийг унших юм. Бид илбэ дом, үл үзэгдэгч аугаа ид шид, амьтны хүч гэх мэтийн эрхшээлд өөрийгөө даатгаж, оюуны чадвартаа найдахаа больжээ. Эцэст нь энэ гайхалтай номыг уншиж эхлэхдээ Тёрнерийн “Алтан гишүү” зургийг сайтар ажиглан, сонжоорой хэмээн зөвлөх байна. Энейг харанхуй хөндий хонгил руу хоёр тагтаа дагалдана, “алтан шаргал туяа цацруулан” Алтан гишүү модон дээр гэрэлтэн байна.

Б.Сүйжин

Golden_bough