13450137_1336966812985082_4457952132305145468_n

Нарны эртэд босч, Л.Наранцэцэг эмчтэй уулзахаар явлаа. Өндөр модны сүүдрээс бултсан нар туссан 4 давхар байшинд “Наран сувилал” гэсэн хаяг байх нь миний уулзах эмчийн ажлын байр мөн болохыг ойлгуулав. Мэдээллийн олон сувгаар эрүүл зөв хооллолтын тухай сонсож байсан ч амьдралд хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаа олдоггүй надад энэ уулзалт их сонин байлаа. Уншигч танд ч бас амьдралын утга учир, аз жаргал, эрүүл энх байна гэдэг ямар энгийн зүйлээс эхлэлтэй болохыг ухааруулах биз ээ.

– Сайн байна уу? Эрүүл, зөв хооллолтын тухай мэргэшсэн эмчтэй уулзана гэж бодож явахдаа уламжлалт анагаах ухааны эмч гэж бодсонгүй. Уламжлалт анагаах ухаан, эрүүл зөв хооллолттой ямар холбоотой юм бэ?

-Би ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийг 1987 онд төгссөн. Дараа нь Монгол Улсын гавьяат эмч Баагийн Билэгт гэдэг Өвөрмонгол эмчийн гарын шавь болсон юм. 1993 оноос хойш уламжлалт анагаах ухааны эмчээр ажиллаж байна. Хүний зан аашийг судлаад холерик, сангвиник, флегматик гэх мэтчилэн хуваадаг шиг уламжлалт анагаах ухаанд ч мөн хүнийг зан аашаар нь ангилдаг. Жишээ нь хурдан ярьдаг, хурдан иддэг, сэргэлэн цовоо, юмыг хурдан тусгаж авдаг, хурдан мартдаг, сэтгэл хөдлөл ихтэй, амархан уярамтгай гэх мэт шинжийг агуулсан хүнийг монголчууд “Хийн өвөрмөц хүн” гэж нэрлэдэг бол европчууд холерик хүн гэж нэрлээд байна. Уламжлалт анагаах ухаан гэдэг бол тусгай зүйл биш юм. Европын орнуудад хүмүүс цусны бүлгээрээ ялгаатай хооллож байна. Тухайлбал 1-р бүлгийн цустай хүн бол анчин цусны хүн байх жишээтэй. Ийм хүн мах идэхээс өөр зам байхгүй. Махан хоол идэхгүй бол бие хөнгөн юм шиг хэрнээ цаагуураа шим шүүсгүй болоод бодисын дутагдалд орох, яс нь хэврэг, биеийн гэрлэн бүрхүүл нь багасдаг. Тиймээс амьтны гаралтай уургаа хэрэглэж байх юм бол эрүүл байна. Бусдыг дуурайгаад дан цагаан хоол идэх юм бол хийн өвчинөөр ч юм уу ямар нэгэн эрхтэн нь өвддөг. Манай уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадганаар хооллох буюу хавсарсан хооллолттой байх юм бол эрүүл зөв хооллолтой хүн юмаа гэж тайлбарлаж байна.

– Цусны бүлгээрээ ялгаатай хооллоно гэхээр сонирхолтой юм. Тэгвэл 1-ээс бусад бүлгийн цустай хүмүүс ямар хоол хүнс хэрэглэвэл сайн вэ?

1-ээс бусад бүлгийн цустай хүмүүс махыг маш бага хэрэглэж, ногоо ихтэй хөнгөн хооллох тусмаа бие эрүүл, цэвэр байна. Үүнтэй адилхан манайд бадгана шар ч юм уу бадгана темпийн улсууд мах бага хэрэглэж, ногоог түлхүү идэж байвал бие нь сайн байна. Хүний бие организм үүнийг суурь болгож зөв хооллох юм бол эрүүл хооллолт болно. Манай эмнэлэгт 1-р бүлгийн цустай хэрнээ цэвэр ногоон хоолтон хүн ирсэн юм. Маш их хийрхсэн байсан. Тэр хүн мах идэхгүй байснаараа сэтгэцийн өвчтэй болсон байсан. Нойргүйдэл ихтэй, тайван биш. Сэтгэцийн өвчин, нойргүйдэл чинь мах идэхгүй байгаагаас л болж байна гэж би хэлсэн. Ард түмний зан характер чухам юу иддэгээр тодорхойлогддог. Монголчууд мах иддэг учраас элгэнд халуун үүсдэг. Халуун цустай хүмүүс. Тийм учраас бид нар их зодолддог, хэрэлддэг, уурлахаараа дүрэлзээд л явчихдаг. Харин Солонгосчууд бол өөр. Олон ангит кинон дээр нь харагддаг шүү дээ. Маш их уйлсан, уярамтгай хүмүүс. Тэгсэн хэрнээ хорлон сүйтгэх тал дээрээ нарийн ажиллагаатай. Хүний санаанаас гарамгүй үйлдлүүдийг ч хийдэг. Энэ бүхэн чинь тэр үндэстэний “хий” ихэдсэнийг харуулж байгаа юм. Цагаан будаа, энерги багатай хоол идсээр байгаад тийм болсон. Харин Оросууд бол байхуу цайгаа уухдаа, бас хүнд хийж өгөхдөө заавал хажууд нь ёотон тавина. Дэндүү их нүүрс ус хэрэглэсээр эрч хүчтэй, огцом, баяр баясгалантай, хөөрүү хэрнээ хөгшрөөд ирэхээрээ даралтаар, харвалтаар явах нь элбэг. Ингэж үндэстний хоол гэдэг чинь үндэстнээ харуулж байдаг байхгүй юу.

Ухаантай хүн бол дан үндэстнийхээ хоолоор хооллолгүй биеэ тэнцүү авч явах үүднээс мах, ногоо, сүү цагаан идээ, гурил будаагаа зөв хуваарилж идээд өндөр насалдаг, өвддөггүй, харвалт өгдөггүй байна.

  • Зөв хооллолт гэж чухам яаж хооллохыг хэлээд байна вэ?

Уламжлалт анагаах ухааны онолоор зөв хооллолт гэдэг нь улирлаар ялгаатай хооллохыг л хэлээд байгаа юм. Манай ард түмэн үүнийг гаргаж ирсэн. Өвөл болохоор адууны мах, хонины мах, шар тос, цагаан тосоо идэх ёстой. Хавар цагаан сар өнгөрөнгүүт махаа багасгаад өөр хоол хүнс хэрэглэх ёстой. Энэ дэглэм л монгол анагаах ухаанаар бол хий, шар, бадганаа тэнцүүлсэн хүнс, европоор ярих юм бол хүчил шүлтийг тэнцүүлсэн хүнс, энергийн илчлэгийг тооцоолсон хүнс юм.

Бид зуны улиралд ямаа тэмээний мах идэхгүй, байхуу цай уухгүй, унтахдаа тараг уухгүй, цагаан будааны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Энэ бүхэн дэндүү хөнгөн чанарын, илчлэг багатай учраас хий их үүсгэдэг. Эрүүл байна гэдэг чинь хий, шар, бадгана тэнцүү байх асуудал. Мах их идэхээр бүдүүн гэдсэнд байгаа нянгийн тэнцвэр алдагддаг. Тиймээс бүдүүн гэдсэнд байгаа муу нянгуудыг устгуулахын тулд цагаан идээгээ иддэг байж. Махыг шингээхийн тулд ходоодонд хүчиллэг орчин хэрэгтэй. Тиймээс аарц буцалгаж уудаг байсан. Уураг их хураагдвал элэгний эсүүд гэмтэж эхэлдэг. Үүнийг засахын тулд шар тостой ээзгий иддэг. Ингснээр хүчиллэг орчинг бууруулж элгийг цэвэрлэж өгнө. Лам нар яагаад гоё царай зүстэй байдгийн учир нь тэр юм. Шар тос хэрэглэх тусам царай гэрэлтэж, тослогтож сайхан харагддаг.

  • Ээзгийгээр элэгээ эмчилж болно гэсэн үг үү?

Ээзгий дотроо метронин гэдэг бодис агуулдаг. Оросууд элэгний өөхлөлтийг арилгахын тулд метронин гэж эм гаргадаг. Гэтэл манайд ээзгийнд бэлэн байж л байдаг. Ээзгийгээ шар тостой хольж хэрэглэхээр нэг нь халууныг нь аваад нөгөөх нь эсийнх нь мембрамыг бэхжүүлдэг. Орой ажлаасаа ирэхдээ ядарчихсан, уурлачихсан ирдэг хүмүүс яагаад тэгдэг вэ гэхээр хий нь босчихсон байдаг. Тиймээс оройн цагаар монгол архи халаагаад дээрээс нь жаахан шар тос хийгээд шимж уувал хий дарагдаж сайхан болдог. Монголчууд бид ингэж өвлийг сарыг өнтэй давдаг байжээ.

Өвөл өнгөрсөний дараа махаа багасгаад хужиртай цай уудаг байсан. Мах их идсэн гэдэс өвлийн гурван сарын хугацаанд их хүчиллэг болчихсон байдаг. Хужир уугаад ирэхээр царай шингэрээд бие хөнгөрч ирдэг. Гэхдээ хужрыг их хэрэглэж болохгүй. Учир нь хий ихэддэг. Тодорхой хугацаанд ууж байгаад хавар борцоо иддэг байсан. Борц хатаасан мах учраас хийг дардаг. Ингээд зун болоход гэдсээ цайлгана гэж сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэж байжээ.

  • Бид намар болохоор айраг их уудаг. Энэ зөв үү?

Өвлийг угтаж мах боловсруулах тогоог / ходоодыг / бэлтгэж айраг уудаг. Айраг их уухад хүний биед их хий үүсдэг. Тэр хий ном ёсоороо байвал уушгийг яндан хөөлж байгаа юм шиг л цэвэрлэнэ. Цусан хангамж сайжраад уушиг эдгэдэг. Казакстанд сүрье өвчнийг айргаар эмчилдэг. Тиймээс айргийг уух хэрэгтэй. Гэхдээ сайн гээд өлөн уугаад байж болохгүй. Тэгвэл буруу хэрэглээ болно.

  • Танд өвчтөнүүд ямар зовиураар их хандаж байна. Эмчилгээний тань гол арга юу вэ?

Би 23 жилийн хугацаанд 180-аад гэр бүлийн эмчээр ажиллаж ирлээ. Байнгын үйлчлүүлэгч 300 гаруй хүн байна. Үйлчлүүлэгчдийн маань 20 орчим хувь нь утсаар зовиураа хэлж зөвлөгөө авах нь бий. Би хамгийн түрүүн юу идсэнийг нь асуудаг. Нэг ёсондоо өвчтөнийхөө ходоодноос эхэлж эмчилдэг гэсэн үг. Утасны цаанаас идсэн ууснаа хэлээд, зөвлөгөө авч хоолоороо өөрийгөө засч эрүүлжээд явдаг үйлчлүүлэгчид бий шүү

  • Идэж байгаа хоолоороо биеэ засч болдог гэдгийг таниас л анх сонсч байна.

Идсэн хоол бүхэн тодорхой цагийн дараа цус болно, маргааш нь чиний булчинг тэжээнэ. Нөгөөдөр нь бодисын солилцоонд орж өөхийг чинь тэжээнэ. Харин 4 дэх өдөр таны ясыг тэжээж, 5 дахь өдөр чөмгийг тэжээж, 6 дахь өдөр эмэгтэй хүний сарын тэмдэг, эрэгтэй хүний үрийн шингэн болдог. 7 дахь өдөр зүрхэнд охь шим болж улмаар сүнсээ тэжээдэг. Тийм учраас япон, солонгосчууд идэх хоол болгоноо чухалчлан харж ач холбогдол өгдөг. Манайхан тэгдэггүй нь харамсалтай. Хоолны газар ороод аль их порцтойг нь авдаг. Тогооч нар ч их порцтой харагдуулахын тулд цуйванг л гэхэд гурилан овоо болгож таваглаад өгнө. Манайхан түүнийг нь кетчупаар амтлаад л идчихэж байгаа юм.

Ам руу орж байгаа бүхэн бидний биед шингэж байдаг. Тийм болохоор залуус минь сайхан залуу насандаа гурилан бухал цуйван битгий ид, нойр булчирхайн чинь ачаааллыг нэмнэ. Элгэнд карахмал хуримтлагдана. Үүнээс болоод 25, 26-тай хүүхдүүд инээж чадахаа больчихсон, амьдрал үзсэн хүн шиг овортой харагддаг. Буруу хооллолтоос хүний сэтгэл санаа, өнгө үзэмж, инээд хүртэл өөр болдог юм.

  • Эмэгтэйчүүд сүүлийн үед эрүүл хүүхэд төрүүлж чадах эсэхдээ эргэлзэж, санаа зовдог болсон. Бидний идэж ууж байгаа бүхэн бас үүнтэй холбоотой байх?

Охид бүсгүйчүүд маань ээж болохын тулд жилийн өмнөөс бэлдэх учиртай. Уламжлалтын эмчид үзүүлж, ямар махбодийн хүн гэдгээ мэдэж ав. Ингэснээр биеийнхээ хий, шар, бадганаа тэнцүүлэх боломжтой болно. Энэ гурав тэнцүү ээжид эрүүл хүүхэд бүрэлдэнэ. Ураг бүрэлдэж байх үед эмэгтэйчүүдийн идсэн хоол 6 дахь хоногийн дараа саванд нь шингэдэг. Тиймээс юу идэж байгаагаа бодох хэрэгтэй. Идээ ундаа, сэтгэл санааны тэнцвэр алдагдсанаас хүн бий болох боломж бүрдэж чадахгүйд хүрдэг. Өөртөө хүн тээж яваа хэрнээ газтай ундаа уугаад, машин бариад яваа эмэгтэйчүүдийг харахаар сэтгэл өвддөг. Хүүхэд төрүүлнэ гэдэг жаргал байсан бол одоо зарим хүний хувьд зовлон болж байна. Унтдаггүй, ууртай, эсвэл хоолонд дургүй, шөнө уйлдаг хүүхэдтэй болвол яах вэ.

  • Таныг Төмөрчулуун гуайн гэр бүлд зөвлөгөө өгдөг гэж сонссон?

Би Төмөрчулууны гэр бүлтэй нэгэн ам бүл болоод удаж байна. Би нэг зүйлд их итгэдэг хүн. Энерги энергээ дагадаг гэдэгт. Төмөрчулуун бол маш сайхан энергитэй хүн. Уламжлал, анагаах ухааныг ойлгодог хүмүүсийн нэг. Тийм ч болохоороо зөв хооллож, аливаа юманд эерэгээр ханддаг, хаа явсан газраа дандаа эерэг энерги цацаж чаддаг хүн шүү дээ. Магадгүй энэ хүн нийгмээсээ төрүүлээд төрчихсөн байх гэж би боддог юм. Нийгмийн аль сайн сайхныг олж харж, болж бүтэхгүйг шударгаар шүүмжилж, яавал нийгэм маань илүү сайн сайхан болох вэ, ард түмэн минь аз жаргалтай байх вэ гэж дандаа ярьдаг. Өөрөө их оюунлагаас гадна гэр бүлээрээ бурханлиг. Эхнэр нь их сайхан хүн бий. Үр хүүхдүүд нь маш сайхан хүмүүжиж байгаа. Тиймээс би тэднийд очих их дуртай. Би өөрөө гэр бүлд нь зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй Төмөрчулуунаас их энерги авдаг. Жаран жил ижийгээ ярьж, ижийдээ сүсэглэж, ижийгээ биширч яваа. Их л ховор хүн дээ.

Ярилцсанд баярлалаа.

Ч.Очирмаа