Цэрэндоржийн Санчир /“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын захирал, соёл судлаач/
-Энэбишийн Ариунзаяа Яг одоогийн ажлаа хийж эхлэхэд тань нөлөөлсөн хамгийн гол ганцхан шалтгааныг мэдмээр байна...?
-Цэрэндоржийн Санчир Анх би 2004 оны дөрөвдүгээр сард Төвдийн өндөрлөгийн зүүн хэсэгт орших Цагаан монгол, Дунсиань хэмээх хоёр үндэстэн рүү явах аяллын багт бараг л сонирхлын журмаар багтаж явж байлаа. Байлдан дагуулалтаас үлдсэн монголчууд үнэхээр тэнд уусаагүй, хайлаагүй чигээрээ байдаг нь үнэн юм уу гэдгийг харах гэж л ганцхан удаа явъя гэж бодсон.
Гэтэл тэнд хамгийн анх тааралдсан настны биднийг дагаад явах гэсэн хүслийг нь мэдрээд, иртэл нь хүлээ гэсэн эзэн хааны зарлигийн тухай яриаг сонсоод, нэг сарын турш хийсэн аяллынхаа мөрийг бодож үзсэнийхээ дараа Монголд ирээд гурван сарын турш хэн нэгэнд асар их өртэй юм шиг санагдаад байж сууж чадаагүй юм. Тэнд хүмүүс өглөө бүр цайныхаа дээжийг бидний төлөө, улсынхаа зүг өргөөд зогсож байгааг хэн ч мэдэхгүй гэдэг нь эмгэнэлтэй санагдсан. Зуу зуун жил өнгөрөхөд эх нутгаасаа сураг чимээ алсарч, хэн бэ гэдэг нь бусдад эргэлзээтэй болсон тэр хүмүүс үнэхээр өрөвдмөөр байсан. Энэ тухай бид л ярихгүй юм бол хэн ч мэдэхгүй өнгөрнө гэхээр аймаар санагдсан. Дахиад би тийшээ явсан. Харин эргэж ирээд ажлаасаа гарч, илүү өргөн хүрээнд ажиллахаар шийдсэн.
Монголоос гаднах монголчууд гэхээр бидний ихэнх нь бизнесийн хүрээнд харилцдаг өвөр монголчуудыг л төсөөлдөг. Бид тэдэнтэй мөнгө төгрөг, ашиг орлогын төлөө л холбогдож байгаагаас биш, мөс чанар, үндэстэн, угсаа залгамжлал, хаан түүхийн тухай ярилцдаггүй шүү дээ. Гэхдээ түүхийн улбаанд тархан суурьшсан монголчуудын талаарх манайхны ойлголт, мэдээлэл нэг үеэ бодвол харьцангуй нэмэгдсэн гэж боддог.
Уг нь бол БНХАУ-ын найман мужид монголчууд аж төрдөг. Үүнээс 4´700´000 нь ӨМӨЗО-д, 1´200´000 нь бусад муж нутгуудад амьдардаг. Эдгээрээс гадна дунсиань, цагаан монгол, ёгор, баоань зэрэг монгол угсаатнууд бий. Харин бид тэднийг бүгдийг нь өвөр монголчуудаар л төсөөлж хардаг. ОХУ-д гэхэд буриад, халимаг, алтай, тува гээд тус тусын гарал суурьшил, үндэстэн угсаатны нандин уламжлалтай монголчууд байна. Хэдийгээр газар орон, хил хязгаараар таслагдсан боловч соёл, заншлаа тэр чигээр нь авч үлдсэн олон монголчууд дэлхийн энгээр аж төрж байна. Үүнийг л хүмүүст ойлгуулахын тулд, бодит үнэнийг хүргэхийг хүссэн болохоор бид энэ ажлыг хийж явна.
-Э.А. Саяхан өвөр монголчууд жагсаал хийж, үймээн гарлаа. Гэтэл дараа нь нэг өвөр монгол хүү монгол дуу дуулж баахан яриа гаргалаа...
-Ц.С. Бид өвөр монголчуудыг бус, хаалттай бүсэд байгаа монголчуудыг судалдаг учраас энэ талаар ярих юм алга л даа. Яах вэ, хамгийн хямд зардлаар тэдгээр газар руу явах зам ихэнхдээ өвөр монголоор дайрдаг болохоор тэдний эгэл жирийн, бодит амьдралыг хангалттай ажигладаг. БНХАУ-ын 55 үндэстний цөөнхөөс харьцангуй нээлттэй, зөвшөөрөгдсөн нь өвөр монголчууд гэж боддог шүү. Жишээ нь, уйгаруудтай бол хятадууд тийм ч эвтэй харилцдаггүй гэсэн яриа байдаг. Яг ямар бодлого байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ өвөр монгол, дээд монгол, шинжаан монгол, цаст монголчууд маш оюунлаг хүмүүс бөгөөд тэр хэрээрээ өндөр цалинтай ажиллаж, боломжийн амьдардаг. Ер нь, нэг талыг хэт бариад байлгүй, юманд бодитоор хандах хэрэгтэй л дээ. Монголд ажиллаж байгаа хятад барилгачнаар хятад улсыг төсөөлж болохгүй шүү дээ. Ер нь хэдэн тэрбум хүнтэй их гүрэнд тодорхой хэмжээний хяналт байдаг байж л энэ хүчирхэг нэгдмэл улс үндэстэн оршин тогтнодог биз. Тиймээс олон талаас нь л бодож үзэх хэрэгтэй байх.
-Э.А. Судалгаа шинжилгээ, ажил мэргэжлийн нарийн деталиас илүү бүтээгчдийн санаа сэтгэл, мэдрэмжийг сонирхмоор байна. Энэ ажлыг хийх үед таны мэдэрсэн зүйл бусдынхаас юугаараа өөр байж болох вэ?
-Ц.С. Судалгаа, зураг авалт, хээрийн шинжилгээний аялал, олон улсын төслийн аялал болгонд л юм бодмоор, өр өвдмөөр, зүрх шимширмээр, бас бахархмаар, уйлмаар, дуулмаар үйл явдлууд, дүр зургууд хөвөрдөг. Мэдээж манай багт ажиллаж байгаа багш, эмч, зураач гээд олон янзын хүмүүс энэ бүхнийг өөр өөр өнцгөөс харж, өөр өөрөөр мэдэрч байгаа л даа. Багийн бүх гишүүд замын турш тэмдэглэл хөтөлдөг юм. Биднийг дайлахын тулд ганц хонио гаргах гээд зэхчихдэг, өөрт нь байгаа сүүлчийн хүнс болох хэдэн ширхэг төмсийг чанаад өмнө минь тавьчихдаг тэдгээр хүмүүстэй би олон удаа таарч байсан бол багийн шинэ гишүүд маань анх удаа харсан сэтгэгдлээ бичдэг учраас тэмдэглэлүүд нь их сонирхолтой байдаг. Миний хувьд ажиглалт, дүгнэлт, ярилцлага, зураг авалт хийдэг бол багт анх удаа явж байгаа хүн тэднийг жирийн хүний нүдээр харж, харилцаж, гайхаж, огшиж, бүр уйлна. Ялангуяа эрэгтэй хүмүүстэй хамт явахад тэдний үйлдэл төдийгүй тэмдэглэлдээ буулгасан мэдрэмж нь гайхмаар сайхан, үнэн байх шиг надад санагддаг юм. Жишээ нь, 2007 онд бидэнтэй хамт герман хэлний орчуулагч залуу аяллаар явсан. Замд гарахын өмнөх сэтгэгдлийг нь бичүүлэхэд “Тэнд олон зуун жилийн туршид монголоо хадгалж үлдсэн хүмүүс байгаа гэдэгт би маш их эргэлзэж байна” гэсэн байлаа. Харин цастын монголчууд дээр очоод тэр асар их догдолж, хамаг гутал хувцас, цаг сэлтээ бэлэглэчихээд буцсан юм даа. Тийм сайхан хүмүүс биднийг хүлээж байгаа гэж бодоогүй байсан болохоор тэр үнэхээр гайхан баярлаж усыг нь зөөж өгч, гурилыг нь элдээд л... Буцаж явахдаа тэр тэмдэглэлдээ “Найман зуун жилийн тэртээд аялаад ирлээ. Их Монголынхоо нэгэн хэсэг газар очсон юм шиг санагдлаа. Яг тэр үеийн хүмүүсийн мөс чанар, сайхан сэтгэл эвдрэлгүйгээр хадгалагдаж үлдсэн газар энэ л байна” гэж бичсэн байдаг.
-Э.А. Аяллын үеэр таны хувьд огт төсөөлж байгаагүй зүйл тохиож байсан уу?
-Ц.С. Ер нь шинэ газар оронд очих болгондоо л бид шинэ ертөнцтэй тулгарч, монгол хүний нүдээр харж, монголоо баталж, нотолж яваа. Америк, иран, япон гэх мэт гадны улс орны монголч эрдэмтдийн харах өнцөг, дүгнэлтээс бидний судалгаа, харах нүд огт өөр байдаг. Бид 2009 онд Монголын эзэнт гүрний баруун хязгаар нутаг болох Ил хант улсын нийслэл байсан Ираны Табриз хотыг зорьж гарсан. Гэтэл зөвхөн Табриз хотод биш, өнөөгийн ираны нутаг дэвсгэрт тэр аяараа даяар монголын түүхийн асар олон биет дурсгал хадгалагдан үлдсэн байх юм. Гэтэл Монголын эзэнт гүрнээс үлдсэн биет дурсгал өнөөгийн монголын газар нутаг дээр хэр их байдаг бол. Үүнийг л бүгдээрээ мэддэг болчихвол сайхан байна.
Манай өвөг дээдэс асар өндөр соёл, боловсрол, хөгжлийг цогцлоосон улс гүрнийг байгуулж байсан тухай бид өнөөдөр хангалттай ярьдаггүй. Монголын байлдан дагуулалт гэхээр л гадны эрдэмтэд байтугай монгол эрдэмтэд хүртэл тэрэгний дугуйтай чацуулан хяддаг, адууныхаа цусыг амьдаар нь уудаг, хүйс тэмтрэгч, алан хядагч байсан мэтээр л ярьж, бичдэг. Гэтэл дэлхийн анхны одон орны төвийг монгол хаан Хүлэгүгийн зарлигаар байгуулсны баримтыг бид Иранд нүдээрээ харсан. Хүн төрөлхтний соёлын өвд монгол хаан Өлзийтийн нэрээр бүртгүүлсэн гурван давхар, найман талтай тансаг ордныг ч мөн үзсэн.
Бид өнөөдөр нээлттэй байгаа зүйлсийг л мэдэхээс биш, хаалттай нийгэм дэх, дотоодын мөргөлдөөнтэй, исламын шүтлэгтэй, дайнтай улсуудад байгаа Монголын эзэнт гүрний Ил хант улс, Цагаадайн хант улс, Алтан ордын улсуудын судлагдаагүй түүхийн тухай ярьдаггүй. Тэр талаар бидэнд байгаа мэдээлэл нь персээс англи, англиас орос, оросоос монгол руу буусан цөөн хэдэн бүтээл, эсвэл хятад хэл дээрх сурвалж бичгүүд л байна. Жирийн монгол залуу хүний мэдэх ёстой тал бүрийн мэдээлэл дэндүү бага байна. Иймээс л бид энэ ажлыг хийдэг юм. Гэхдээ баримтат цувралууд, гэрэл зураг болгон хүмүүст хүргэж байгаа маань бидний эрдмийн ажлын багахан хэсэг гэхэд болно.
Өвөг дээдэс маань харанхуй, балмад, нүүдэлчин төдий хүмүүс байгаагүй гэдгийг залуучууд илүү мэддэг бол түүхээрээ бахархаж, улс үндэстнээ төдийгүй өөрсдийнхөө чадварыг өндөрт тавьж сурна. Өнөөгийн хөгжлийн загвар болсон Америк орон зэрлэг омгуудын арал байхад монголчууд дэлхийн 40 орныг нэгтгэж, хүчирхэг соёл иргэншлийг бүтээж, цогцлоож, цэгцэлсэн, даяаршлыг анх эхлүүлсэн, шинжлэх ухаан, нийгмийн эрс шинэчлэлтүүдийг зоригтой хийж явсан, энэ газрын амьдралаас халиад гараг ертөнцүүдийг сонирхон, одон орон шинжлэн судалдаг багажийг анх бүтээсэн гэдгийг хүн бүхэн л мэддэг болчихмоор байна.
-Э.А. Ер нь эх орноо гэх сэтгэл, түүнтэй холбогдох тэр холбоос яг яаж хүнийг тэгж хөөргөөд байдгийг би гайхаад байдаг юм. Энэ мэдрэмж яс, цуснаас илүү орчин нөхцөлөөс шалтгаалсан зүрх сэтгэлийн зүйл юм уу гэж бодогддог. Хэзээ ч очиж үзээгүй газрыг, хэнийг нь ч танихгүй нутаг орныг насан туршдаа эх орон гэж санаж, хайрлаж, цөхөрч амьдарна гэдгийг бид ойлгоё гээд ч ойлгож чадахгүй байх.
-Ц.С. Монголчууд бол асар үнэнч ард түмэн гэдгийг мэдэх үү? Үнэнч учраас л өнөөдөр 20 гаруй оронд их түүхээс тасарсан монгол хүмүүс газар орноо сахиад, ёс заншлаа хадгалаад амьдарч байна. Одоо бид тэр давуу чанараа мэдэхгүй, хэн нэгний бодлогоор ч юм уу хэн нь ч хэндээ итгэж чадахааргүй болсон юм шиг бусдад харагдаад байна. Найман зууны өмнөх монголын эзэнт гүрний тухай судалж байсан перс, италийн судлаачид монгол хүний зан чанарын талаар “Энэ дэлхийн өөр хаана ч байхгүй гайхалтай үнэнч зан чанартай, хэзээ ч худал хэлдэггүй, зэрэг дэв горилдоггүй үндэстэн” хэмээн дуу нэгтэйгээр тэмдэглэсэн байдаг.
Тэгвэл энэ цаг үед тэдгээр хүмүүс тэнд, тийм байдалтайгаар амьдарч байгаагийн гол шалтгаан нь хааны зарлиг. Тэр хүмүүс тэнгэр заяатай Монгол гэдэг үндэстэн учраас хаана ч, хэдийд ч гуйлга гуйж амьдарч болохгүй гэдэг. Цастын монголд боломжгүй амьдралтай хүн байдаггүй. Тэд цус, ясаа цэврээр нь хадгалан үлдэж байгаа хүмүүс. Үүний төлөө асар их зүйлээ золиосолж байгаа ард түмэн. Ирээдүйгээ бодох юм бол хятадад монгол бичгээр сургуульд сурах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Монголоо бодоод л золиос гаргаж байгаа хэрэг. Жирийн монгол судлаач биднийг очиход цагаан эсгий дэвсэж угтаад, нутаг нугаараа нийлэн галын наадам хийдэг. Хэзээ нэгэн цагт Монголд очихоор биднийг эсгий дэвсэн угтана даа гэж тэд боддог. Монголд очиж үзэх юмсан, дараагийн амьдрал гэж байдаг бол адуу ч болтугай болж Монголд төрөхсөн гэж ярьж байгаа хүмүүсийн дэргэд өөрсдийгөө бид юу гэж харалтай билээ. Бид энд адуу биш хүн болоод төрчихсөн. Гэтэл бид босоо бичгээ ч мэддэггүй. Монгол хувцас өнөөдөр эргэлзээтэй болж байна. Гэхдээ үүнийг балар эртний амьдралдаа эргэн оръё гэсэн утгаар яриагүй шүү. Сүүлийн үед хүмүүс их сонин байдлаар үндсэрхэг үзлээ илэрхийлэх болж.
-Э.А. Тэдгээр хүмүүсийн талаар бид мэддэг болчихлоо. Огт мэддэггүй байсан тэр үеэс хойш яг юу өөрчлөгдсөн бэ?
-Ц.С. Анх би афганистанд очоод ирэхдээ юу ч хийж чадаагүй, зургаан сая хазарачууд биднийг хүлээгээд, хараад, хүндлээд байж байдаг юм байна гэсэн өөрийн олж авсан мэдээлэл, мэдрэмжтэйгээ л эргэж ирсэн. Харин тэр үетэй харьцуулахад өнөөдөр өөр болсон. Гараад машин барьлаа гэхэд нэрийг минь тэдэнд дуулгаад өгөөрэй гэж жолооч нь захих, тайлангаа өгсөн татварын байцаагч манай киног үзээд уйлж суусан тухайгаа ярих тохиолдол олон таардаг болсон.
Бидний барьж авсан энэ сэдэв өөрөө нүсэр том, асар гүнзгий юм л даа. Тэр утгаараа олон нийтэд хүртээж, ойлгуулж байгаа нь их хариуцлагатай, хүнд хүчир ажил болдог. Бид яг одоо л баримтжуулж, уулзаж, учирч, ярилцаж амжихгүй бол мөхөөд алга болоход ойрхон үндэстнүүд ч цөөнгүй байна. Яг одоо л дээл хувцас, хэл яриа, дүр төрхийг нь баримт болгон хадгалж үлдээхгүй бол хожимдох гээд байна.
-Э.А. Та монгол хүн болж төрсөндөө яагаад баярладаг вэ?
-Ц.С. Монголчууд хэмээх эрхэм зан чанартай хүмүүс дэлхий дээр байгаа нь ерөөлтэй хэрэг. Эндээс намайг ямар их үндсэрхэг хүн бэ гэдгийг харж болох байх. Гэхдээ үндсэрхэг үзэл гэдгийг ороогоод, туйлшруулаад байгаа хүмүүс энэ үгийг их эргэлзээтэй болгоод байна л даа. Монголгүй дэлхийг би төсөөлж чадашгүй. Зочломтгой, хүндлэлтэй, эхэлбэл дуусгадаг, үнэнч, чадварлаг, авьяаслаг, оюунлаг ард түмэн бол монголчууд бид.
Монгол эмэгтэйчүүд маш чадварлаг хүмүүс, эрчүүд маань бол бүр агуу. Монголчууд шиг гарын дүйтэй, ухааны цараатай, зориг тэвчээртэй, сэтгэлгээний олон мэргэн хувилбартай үндэстэн дэлхий дээр тун ч ховор шүү.
Азийн ихэнх орны хүмүүс ажилчин байх зан чанартай бол монголчууд бид бүгд л удирдагч, тэргүүлэгч байх зан чанартай. Хамгийн энгийн жишээг улаанбаатарын замын түгжрэлээс харж болно. Бүгд л давшсан, зүтгэсэн, өөртөө итгэлтэй хүмүүс. Тэд хэнд ч бууж өгөхгүй байгааг харахаар надад гоё санагддаг юм аа. Яг энэ л удирдагч, манлайлагч зан чанарыг зөвөөр чиглүүлж чадвал улс орны маань хөгжлийн том хөшүүрэг ч болж мэднэ. Тэр том гүрнийг байгуулахад монгол хүний төрөлхийн өвөрмөц зан чанарууд асар их үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог.
-Э.А. Өнөөдөр олон жирийн монгол хүний андуу бодоод, алдаад байгаа зүйл юу байж болох вэ?
-Ц.С. Манайхан бүгдээрээ улстөрч шүү дээ. Бүх л сэдвийн талаар сайн, муу, маш их мэдээлэлтэй. Тэгэхээр дор бүрдээ л ажил, амьдрал, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, гэр бүлдээ чадах чинээгээрээ сайхан орчныг бүрдүүлж өгөхийг хичээх хэрэгтэй байна. Өөрөө итгэмжгүй байж бусдаас итгэмж шаардаад, өөрөө хэнд ч юунд ч боломж өгдөггүй мөртлөө боломж авах гэж зүтгэдэг байдлаа өөрчилбөл олон сайхан зүйл нээгдэх болов уу. Маш их ярьдаг, бүгд л сайхан сайхан санаануудыг гаргадаг шүү дээ. Харин одоо үүнийгээ хэрэгжүүлэх цаг нь ирж байх шиг.
-Э.А. Таны мөрөөдөл юу вэ?
-Ц.С. Манай багийнхан яг ажлаараа амьдардаг хүмүүс. Бүх цаг хугацаа, хүсэл мөрөөдөл, залуу нас, эрүүл мэндээ бид ажилдаа бүрэн зориулдаг. Бидний амьдралын ихэнх цаг замд, судалгаа хийхэд, зураг авалтын ажилд зарцуулагддаг. Өнөөдөр манайхан Монгол улсаас гадна байгаа монгол гэхээр өвөр монголчуудаас өөр олон ард түмнийг мэддэг болсон. Харин миний мөрөөдөл бол тэдгээр элэг нэгтнүүдийнхээ туулсан түүх, үлдээсэн бахархалыг дэлхийд харуулах. Хөөрч сагсуурч биш, үнэнийг, монголчууд ийм эрхэмсэг, бахдам сайхан ард түмэн гэдгийг л үзүүлэхсэн гэж хүсдэг.
Дэлхий нийт монголын соёлыг анхаарч эхэлж байна. Энэ зун Улаанбаатарт “Олон улсын монголч эрдэмтдийн хурал”, “Дэлхийн монголчуудын чуулган” болно. Дэлхийд энэ сэдвийг үнэнээр нь л хүргэмээр байна, монгол хүн бичсэн учраас өмөөрсөн, сүүдрээ нуусан, төсөөлсөн, зохиосон биш, гагцхүү баримттай, нотолгоотой бахдам үнэнийг.
-Э.А. Таны ертөнцийг үзэх үзэл хамгийн ихээр өөрчлөгдсөн үе хэзээ вэ?
-Ц.С. Би анх монгол зургийн мэргэжил эзэмшсэн хүн. Зураач байхдаа ч би реалист чиглэлийг сонирхдог байсан. Түүх, үндэстэн, соёл, дурсгалыг судалдаг хүн хийсвэрээр сэтгэдэг байж болохгүй, бүх юмыг бодитоор харах хэрэгтэй болдог. Тиймээс одоо ч миний үзэл баримтлал реалист. Цагаан монголчуудын 800 жилийн турш хэрэглэсэн монгол эмэгтэйн зүүсгэл, дээд монголчуудын 470 жил хадгалсан монгол эмээлийн баавар, 790 жилийн өмнө Иранд баригдсан дэлхийн соёлын өв “Монгол хааны ордон” гээд судалгааныхаа бүх зүйлд баримттай, бодитой ханддаг.
-Э.А. Тэгвэл шашин шүтлэгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ц.С. Монголчууд бид их тэнгэрлэг ард түмэн. Гэхдээ бөө мөргөлийн тухай яриагүй шүү. Сүүлийн үед бөө мөргөлийг янз бүрийн зорилгоор дэлгэрүүлж, хэт туйлширч байгаад эмзэглэдэг. Зарим нэг хүн ашиг орлого олохын тулд айдсаар дамжуулаад, хүнийг өөрийнхөө үзэл бодолд бариад, багтаагаад байдаг гэх тохиолдлуудын тухай хэвлэлээс хардаг. Гэтэл Чингис хаан аливаад маш бодитоор ханддаг байсныг эх сурвалжууд өгүүлдэг. Төрийн зайрангаа шударга бус байсных нь төлөө цаазаар авсан их хаан маань зайрангаас ч, тэнгэрээс ч айгаагүй.
Харин өнөөдөр хүмүүс нэг мод, эсвэл нэг голыг тахин шүтэж, хадаг яндар залаад л. Урьд нь дэглэм шүтдэг байсан бол одоо харагдах юм шүтээд л... Гэхдээ энэ нь гэнэт нээгдсэн эрх чөлөөт нийгмийн бүх зүйлийг туршиж үзэх гэсэн сониуч зан л байх.
Монголын эзэнт гүрэнд маш олон үндэстэн, угсаатан, ястан төдийгүй янз бүрийн хэлтэй, соёлтой олон төрлийн итгэл үнэмшилтэй, шашин шүтлэгтэй ард түмнүүд зэрэгцэн аж төрөх хувь хүний эрх чөлөөг хүндэтгэсэн далайцтай бодлогыг их хаад баримталж ирсэн байдаг.
-Э.А. Таныг нэг талаас харахаар их л шинжлэх ухаанч, бүх зүйлийг бодитоор хардаг хүн шиг, нөгөө талаас харахаар монгол хүн гэсэн дээд итгэл үнэмшил нь сэтгэл зүрхний, хийсвэр ч юм шиг...?
-Ц.С. Бидний энэ ажлын уг зорилго нь бизнес ч юм уу, олны танил болох ч юм уу, арай өөр байсан бол үзэгч уншигчдын сэтгэлд ондоогоор л тусах байсан байх. Харин бид зөвхөн зүрх сэтгэлээсээ, монгол нь монголыгоо хаана байгааг үнэн мөнөөр нь мэдээсэй гэсэн тийм л хандлагаар ажилладаг болохоор хүмүүс бидний ажлыг маш сайхан хүлээж авч, олныг бодож, бас мэдэрдэг болов уу. Очсон газар болгонд маань биднийг хэдэн зуун жилээр хүлээсэн, элэг нэгт монгол ахан дүүсийнхээ барааг анх удаа харж байгаа тэдгээр хүмүүстэй уулзахдаа яг л тэр шимширсэн зүрхний үгээр, сэмэрсэн сэтгэлийн дуудлагаар харилцдаг. Тийм болохоор манай киноны зохиол, ярилцлагын сэдэв хүмүүст их сайн хүрдэг байх. Хүн гэдэг юуны төлөө оюун ухаантай, зүрх сэтгэлтэй амьтан билээ. Энэ дэлхий дээр бид нэг л удаа амьдрах учир үндэс нэгтэй, элэг нэгтэй, өв соёл нэгтэй монголчуудаа хайрлан хүндэтгэж, үнэ цэнэтэй, мөс чанартай л амьдармаар байна.
Хүн хүсч чаддаг нь, тэр хүслээ мөрөөдөж, төсөөлж, амилуулж чаддаг нь сайхан. Ялангуяа хэн нэгний хүслийг биелүүлэхийг хүсвэл бүр сайхан. Бас тэр хүслийнх нь уг үндэс жинхэнэ хайр байвал сайхан. Энэ удаа миний хүсэл яг тийм хүсэл байсан. Огт мэдэхгүй хэн нэгнийг хайрлахад заримдаа хил хязгаар, хол ойр байтугай зүс царай, зүг ааш нь огт хамааралгүй байж болдог юм байна. Би тэднийг л хайрлаад байна, үнэн сэтгэлээсээ. Харин энэ хайраас ургасан хүсэл минь “Эх орныхоо салхи нь болж хувираад тэдний хацрыг хамгийн зөөлнөөр илбэх юмсан, эх газрынхаа шороо нь болж биежээд үрсийнх нь унах газрыг хачин ихээр зөөллөх юмсан, эс бөгөөс монгол нутгийнхаа агаар болж замхраад, үүл болон ууршаад, яг тэдний л дээр бороо болон асгарахсан” гэсэн хүсэл байлаа.
Э.Ариунзаяа
Эх сурвалж: http://goodali.style.time.mn/