Баабархан минь дээ

Шинжлэх ухаан. Байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн зүй тогтлыг судлах сургаалуудын тогтолцоо. 

Эртний Ромын гүн ухаантан “Шош”-ийн хэлснээр “Гэртээ номгүй бол биедээ сүнсгүй” гэх үгийг санан хот хүрээ орж, номын өргөөгөөр аялах санаа өвөрлөн, их хотоор хэрэн хэсэх үеэр дотны нөхөдтэйгөө уулзан, номын бэлэг авсан нь Билл Брайсоны алдарт шинжлэх ухааны зохиол болох “Шинжлэх ухааны товч түүх” нэрт бүтээл гэдгийг сонсоод ихэд баяртай байв.

Зохиогч Билл Брайсоны бичлэгийн хэв маяг нь хошин хөгжилтэй, өвөрмөцөөс гадна анх удаа шинжлэх ухааны бүтээл туурвихаар зориглосон нь туйлын бахархууштай. Алдарт онолын физикч “Нэг чулуу”-гийн хэлснээр “Боловсрол гэдэг нь сургуульд сураад хожим мартсанаа эргэж санах үйл явц” гэж чухам онож томьёолсныг зохиолч өөрийн биеэр мэдэрчээ. Энэхүү номыг бүтээсэн нь тухайн үеийн /2003 он/ Их Британийн Боловсролын системд томоохон цохилт болсон төдийгүй өөрийн хүүхэд насны мөрөөдлийг бодит хэрэг болгож чадсан юм. 

Гэвч мэргэжлийн бус хүн шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн судалгаанд 3 жилийн хугацаа зарцуулах нь ямар ч тохиолдолд хангалтгүй. Нийт массад мэдлэг өгөх зориулалтаар нь авч үзвэл хангалттай байж болох ч нарийн баримт судалгаа, тооцоог шинжиж үзвэл сайнгүй бүтээл гэдэг нь мэдэгдэнэ. Тооцооллын алдааны хувьд жишээ авч үзвэл:

9.ХҮЧИРХЭГ АТОМ агуулгын, 170-р талын дээд хэсгийн тодорхойлолтод байх “Таны биенд байгаа атомаас нэг тэрбум нь нэгэн цагт Шекспирийнх байсан ... байж болох юм гэж үздэг” гэсэн хэсэгт тооцоолол хийж үзье. Шекспирийн жинг 80кг гэж үзээд Авогадрын тоо ашиглан атомын тоог тодорхойлбол 200 тэрбум атомтай гэсэн үг. Харин түүнийг нас барснаас хойш өдийг хүртэлх 400 жилийн дотор нийт атомынх нь хоёр зууны нэг нь нэг хүний биеийг бүрдүүлэхэд оролцоно гэдэг магадлалын хувьд боломжгүйтэй адил.

24.ЭС агуулгын, 471-р талын, эхний мөрийн тодорхойлолтод байх “Анхны эс хуваагдан хоёр, хоёр нь дөрөв гэх мэтээр үргэлжилнэ. Ердөө дөчин долоо хуваагдсаны дараа 10 мянган их наяд эс бий болох бөгөөд...” гэх хэсэгт тооцооллыг буруу хийжээ. Ингэж хуваагдах замаар 47 хуваагдвал ойролцоогоор 140 их наяд буюу буруу тооцооллоос даруй 70 дахин бага тоо гарч байна.

Харин одоо буруу ташаа мэдээллийн хувьд жишээ авбал: 

11.МАСТЕР МАРКИЙН КВАРКУУД агуулгын, 203-р талын, 11-р мөрд “Ганц секундийн дотор нэг ширхэг электроныг 7 км-ийн хонгилоор 47000 тойрог хийлгүүлж чаддаг” гэсэн нь 7км*47000/1сек=329000км/сек хурдтай эргэдэг буюу гэрлийн хурдыг даван гарч байгаа юм. Яг үнэндээ энэхүү туршилтийг хийсэн Super Proton Synchrotron хэмээх хурдасгуурын хонгилын урт 6.9км бөгөөд секундэд 43000 тойрог замыг туулсан юм. Хонгилын урт болон тойргийн тоог ташаа мэдээлснээс тооцоололд алдаа үүсч байна.

17.ТРОПОСФЕР агуулгын, 326-р талын, 16-р мөрд “1000 метр дээшлэх тусам агаарын температур цельсийн 1.6 градусаар бууж байв” гэснээс “9.8 градус” гэхийг тэс хөндлөн зөрүүлснийг харж болно.
Нийтлэлч Баабар гэх гуншинг хэдэн жил сонсож, хэд хэд хэлэлцэж хэрэлдэж явсны хувьд хэл найруулга, орчуулгын чанар харьцангуй гайгүй болов уу гэж бодтол харин үгүй байж ээ.

6.САРВУУ ШҮДЭЭР НЬ ТАЙЛДАГ УХААН агуулгын, 109-р талын, хажуугийн нэмэлт тайлбарт Mary Anning гэх нэрийг Мэри Эннинг бус Мэри Аннинг хэмээн бичжээ. Гадаад хүний нэр, сэтгүүлийн нэр зэргийг шууд дуудлагаар буюу Бакланд /Buckland/, Нэйчэр /Nature/, Нэйшнл Жеограф /National Geography/ зэргээр галиглан бичсэн өдий олон жишээ байхад яагаад энэ хүний нэрийг дуудлагаар галиглан бичсэнгүй вэ гэдэг нь эргэлзээтэй.

8.ЭЙНШТЕЙНИЙ ЕРТӨНЦ агуулгын, 151-р талын, 18-р мөрд “Энэ ажлынхаа төлөө Майклсон физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэнээр анхны америк хүн болсон” гэсэн хэсэгт найруулга, логикийн ямар ч уялдаагүй, хэн нэгний зохиосон шагналыг хүртэж байж америк хүн болох тухай өгүүлсэн байна.

Төрийн шагналт, мэргэжил нэгт анд Б.Цэнддоогоороо редакторлуулсныг энэ ном хэвлэгдэхээс өмнө сонссон сон бол их л таатай хүлээж авах байлаа. Харин нөхөр Цэнддоо сохров уу, үнэхээр эх хэлнийхээ наад захын дүрэм, үгийн үндсээ ч мэдэхгүй байна уу, “Эрэгцүүлэх /эргэцүүлэх/, хадаглагдаж /хадгалагдаж/, бүтээчиж /бүтээчихэж/, Маркын /Маркийн/, дурьджээ /дурджээ/, сохлодог /сохолдог/, богоон /вагон/” зэрэг номын хуудас, талын тооноос ч олон алдаа дурдаж болохоос гадна үсэг гээж бичсэн, үг хооронд зай авалгүй бичсэн зэрэг олон алдаа гаргажээ.

Мэдээлэл хуучирна гэж нэг юм бий. Тухайн үеийн нээлт ололт, техник технологид тулгуурласан баримтууд одоо үед хуучирсан мэдээллийн тоонд орчихсон л байдаг. Энэ номд ч өдгөө цагт хуучирсан мэдээлэлд тооцогдох баримтууд буй. Энэ нь бүрэн нотлогдоогүй зүйлийг таамаглах бус батлах маягаар өгүүлснээс болжээ. Жишээ нь: 

26.АМЬДРАЛЫН БҮРДЭЛ агуулгын, 515-р талын дээд хэсгийн тайлбарт “ДНХ-ийн 97 хувь нь ямар ч хэрэгцээгүй үгсийн цуглуулга тул <<Хогийн>> ДНХ гэж нэрлэдэг” гэсэн хэсэгт дурдсан мэдээлэл нь 2012 оны 9-р сард хийсэн нээлтээр энэ “Хогийн” гэж нэрлэгдээд байгаа ДНХ-ын 97 хувийн үүргийг илрүүлж, дээрх тодорхойлолтын худал гэдэг нь батлагдсан.

Хэн нэгний үзэн яддаг, хэн нэгний шүтэн биширдэг, хэн нэгний ширээний ном байх эсэх нь надад чухал биш. Би зөвхөн 30 жилийн дараах миний ач зээ энэ номоор шинжлэх ухааныг танин мэдэх учиргүй гэдгийг баттай хэлж чадна. Гэвч энэ ном нь өнөөгийн Монголын нийгэмд Шинжлэх ухааны бүтээл үнэхээр дутагдаж байсныг нөхөж чадсан номуудын нэгд багтах нь зүй ёсны хэрэг юм.

Жич: Энэхүү шүүмжийг бичихдээ монгол хэлнээ орчуулагдсан болон англи хэлээр бичигдсэн эх хувилбар хоёрыг нь харьцуулан, орчуулагдсан хувилбарт зориулан бичсэн тул хуудас талын дугаар, мөр сэлтийг орчуулагдсан хувилбарынхаар аван бичив. Шаардлагатай тохиолдолд дурдагдсан мэдээллүүдийн англи хэлээр бичигдсэн хувилбар дахь байршлыг TeraReader@yahoo.com мэйл хаягаар болон Ж. Зоригт Facebook бүртгэлээр холбогдон авч болно. 

Шүүмж бичсэн: Магад Ж.Зоригт.

Төгс хүүхэдтэй болъё гэвэл...

“Sony” корпорацийг үндэслэн байгуулагч М.Ибука дэлхийд танигдсан алдартай нэгэн хэдий ч харамсалтай нь түүний хүү оюуны хомсдолтой төржээ. Иймд хүүхдийн оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх талаар олон жилийн турш судалгаа хийн, амжилттай ажилласнаар нэгэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэр нь “Хүүхдийн авьяас чадвар, оюун ухааныг төгс хөгжүүлье гэвэл 3 хүртэлх насанд нь зөв зааж, чиглүүлж, сурга. Энэ нь амжилтын үндэс болно” гэсэн санаа юм. /3 хүртэлх насанд тархины бүтэц хэлбэршин бүрэлддэг/
М.Ибука дээрх дүгнэлтийг “Гурван нас хүрэхэд оройтно” номынхоо хуудас бүрт нэвт шингээсэн бөгөөд дэлхийн бүх эцэг эхчүүдэд буюу миний бодлоор хүн бүрт зориулан бичжээ. Учир нь бид бүгд хүүхдээ төгс төгөлдөр, авьяас билэгтэй сайн хүн болоосой гэж хүсдэг. Тийм ч учраас хэзээ, яаж, хэрхэн хүүхдээ бэлдэх талаарх зөвлөмж бүхий энэхүү номыг хүн бүрт уншихыг зөвлөе.
Нэгэн эмэгтэй "Монголд 3 хүртэлх насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн сургалт огт байдаггүй юм билээ. Манай 3 настай охин их сэргэлэн адтай, юухныг ч дууриагаад сурчихдаг. Хөгжмийн сургалтанд суулгах гэсэн боловч 4-өөс дээш насны хүүхэд авна гээд оруулаагүй" хэмээн ярьж байсан. Тэгэхээр бид 3-аас дээш насны хүүхдийг сургах асуудалд л анхаарал хандуулдаг байх нь. Гэтэл уураг тархины 70-80 хувь бүрэлдэн тогтож, ид хөгжиж байдаг 3 хүртэлх насанд нь дэмжиж, залж чиглүүлбэл ирээдүйд амжилт гаргах магадлал нь өндөрсөх аж. Зохиогчийн баталж буйгаар 3 настайдаа анхны концертоо тоглосон Моцарт, эсвэл энэ насандаа сонгодог зохиолуудыг латин хэл дээр уншдаг Жон Стюарт Милл нар анхнаасаа суутан болж төрөөгүй, харин тэднийг нялх балчир байхад нь таатай нөхцөлийг бүрдүүлж, сайн боловсрол олгосны ачаар авьяас нь дээд зэргээр хөгжсөн гэнэ. Номын гол санаа бидний хувьд шинэ содон, анхаарч мэдмээр, амьдралд хэрэгжүүлмээр байгаа нь туйлын чухал юм.

Уран зохиолын ном уншаад сэтгэл хөдөлж догдолдог бол энэ удаад тэр сайхан мэдрэмж төрсөнгүй. Харин илүү нухацтай уншиж, хариуцлагатай байхыг өөрөөсөө шаардаж байлаа. Ямар нэг чухал санааг хөнгөхөн гүйгээд уншчих вий, тусгаж авалгүй үлдэх вий гэхээс тун ч эмээж дуусгав. Тийм ч учраас гол чухал санаануудыг тодотгон шарлуулж, давхар тэмдэглэж бичлээ. Шинэ санаанууд ч маш их төрж байв. 

Эхний бүлгээ ч уншиж дуусгаагүй хэр нь НОМ-ын заавар зөвлөгөөнүүдийг тун дуртайяа дагасан. Өчигдөрхөн л цаас урлаа, хог тарьлаа хэмээн хүүхдээ зэмлэж байсан би өнөөдөр тэрхүү үйлдлийг нь бахархалтайяа ширтэж байсан юм. Учир нь нялх хүүхдийн /1 нас/ гараараа хийж байгаа бүх зүйл түүний оюун ухаан, бүтээлч чадварыг хөгжүүлдэг гэнэ. Цаас урж, хог тарих нь хүртэл шүү. Гэх мэтчилэн НОМ-ын өгөх зөвлөгөө бүр хэрэгжүүлэхэд ойр, хамгийн гол нь хүүхдээ “таньж мэдэхэд” тустай байлаа.

Хэд хоногийн өмнө SBN телевизээр Европод 14 сартай бяцхан хүү шуугиан тарьж байгаа тухай мэдээ гарав. Учир нь тэрээр томчуудын зовж байж сурдаг /зарим нь бүр сурдаггүй/ snowboard дээр чөлөөтэй гулгаж байсан юм. Яг энэ тухай М.Ибука гуай “Спортоор хэдий чинээ эрт хичээллэж эхэлнэ, үр дүн нь төдий чинээ сайн гарна. Бид хүүхэддээ ямар нэг зүйл зааж сургахдаа эрт байна гэж хойш тавин, зөв цагийг алддаг. Ингэснээрээ тэдний амьдралыг түвэгтэй болгож байна” хэмээн нотолжээ. Тэгэхээр 14 сартай хүүгийн шуугиан тарьж буй явдал ойлгомжтой юм. Тийм ч учраас би зохиогчийн санааг 100 хувь дэмжиж, амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн.

Номын амин сүнс нь гол санаа хэдий ч /3 нас хүрэхээс өмнө зааж сурга/ гарчиг бүрт байх болсон явдал, жишээ, баримт, туршилтууд илүүтэй итгэл үнэмшил төрүүлж, зөв ойлгоход тусалж байсан. Жишээ нь ой хүрч буй бяцхан хүүг ойлгохгүй, мэдэхгүй гэж бодон асрагч хүүхэн дэргэд нь найз залуутайгаа амрагладаг байсан явдал. Гэтэл хожмоо өнөөх хүү дүнсгэр, уур уцаартай нэгэн болсон бөгөөд судалж шалгатал нялх балчир үеийн таагүй сэтгэгдэлээс улбаатай болох нь тогтоогдсон аж. Гэх мэтчилэн сургамжтай, ойлгомжтой жишээ туршлагууд М.Ибукагийн номонд олон бий.

Харамсалтай нь найруулга, орчуулгын чанар тун тааруу юм. Гарчиг текст хоёр зөрсөн тохиолдол ч хэд хэд бий. Өөрөөр хэлбэл А гэдэг гарчигтай текстийг уншиж дуусаад А-гийн талаар юу ойлгов гээд дүгнэх гэхээр А байхгүй Б-тэй үлдсэн байх жишээний. Нэг өгүүлбэрийг хоёр, гурав уншиж байж өөртөө наах үе ч байсан. Орос хэлнээс А.Арвий гэгч орчуулсан бөгөөд ДУНД буюу С түвшинд монгол хэл рүү буулгажээ. Гэхдээ зарим нэг орчуулгын номтой харьцуулахад үг үсэг, "бөөс хуурс"-ны асуудал тун бага байсан нь авууштай. Ямартай ч дэвтэр үзэг дэргэдээ тавьж, шинэ төрсөн санааг тэмдэглэн байж уншдаг "мөлжүүртэй" номын нэг яах аргагүй мөн.

Дүгнэж хэлэхэд энэ номноос олон зүйл сурч, "шүүрч" авсан тул сэтгэл ханамж 100 хувь үлдлээ.

Б.ЁНДОНДҮЙЧИР