Миний бие ШУА -г анх байгуулагдахад орж өдгөө хүртэл 53 жил ажиллажээ. ШУА -г анх ямар байсан, одоо ямар болсоныг дотроос нь харж байгаа хүний хувьд бодит үнэнийг шуудхан хэлье. Би хэлэхгүй бол өөр хэлэх хүн бий гэж үү.


1.    ШУА -н сүүлийн хориод жилийн удирдлага гэж урагшгүй, шинжлэх ухааны менежментийг гадарладаггүй шахам, хувийн доголдолтой, санаачлага муу нөхдүүд байна. Үүний уршгаар манай ШУА -н үйл ажиллагаа нь ихэд доройтлоо.

Удирдлагынх нь унхиагүй олхиогүй байдлаас үүдэж эрдмийн боловсон хүчний чадавхи нь задарч, харъяа эрдмийн байгууллагаа удирдах чадваргүй, авлига хээл хахууль, зусар баялдуучлалд автагдсаар шинжлэх ухаанаа уналтанд ортол уруудууллаа,

Манай ШУА үнэхээр МАФИ болж, бүрэн ялзарсан гэдэгтэй өвгөн би санал нэгдэж байна. Хэдэн архаг феодалын дарангуйлалд эрдэм шинжилгээний ажилтнууд бүрэн орсон, тэд айдас хүйдэстэй цаг нөхцөөдөг болсон. ШУА гэдэг шинжлэх ухааны ийм гаж байгууллагыг тэжээж, тэтгэж байхын хэрэг ер нь байна уу ?

2.    Өнөөдрийн өндөрлөгөөс үзэхэд "ШУА-ын статусын хууль" нь Монгол улсын суурь хэдэн хуулиудыг зөрчиж буй " Монополь байгууллагын хууль" болсон байна. Монгол улсад тусгай хуультай, төрөөс санхүүждэг байгууллага ШУА-аас өөр алга. Энэ хуулиар ШУА төрийнх ч юм шиг, биш ч шиг, ТББ мөн ч юм шиг, биш ч юм шиг болгожээ.

Шинжлэх ухааны хэдэн зуун докторыг дотор нь "хязгааргүй онцгой эрхтэй хэдэн академич" , "эрх, хүндэтгэл, хөнгөлөлт, тэтгэлэг байхгүй докторууд" болгож 2 хуваасан. Энэхүү алдаатай хуулийг ардчилсан нийгэм, эдийн засгийн шинэ уур амьсгал бүрдсэн өнөөдрийн нөхцөлд хүчингүй болгох ёстой.

3. "Шинжлэх ухаан, технологийн тухай" хууль хэт ерөнхий, агуулга султай учраас өнөөдрийн гажуудал, анархи байдал үүсэхэд дөхөм үзүүлэв. Түүнд ШУА-н статусын хууль бүр ч нэрмээсболсон. Муу хуулиудаас болж ажил завхардаг аж.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд "оюун ухааны балчирдах нялхасыи өвчлөл" үүсэх боллоо, Манай ШУА өөдтэй өнгөтэй чадварлаг хүнгүй болсон цалин бага болохоор ухаантай залуус холуур тойроод явчихаж байна.

4.    Хүрээлэн, их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын сэдэв, дэд сэдэв гэгчийг тэр байгууллагынхны дэвшүүлсэнээр баталдаг хуучин сэтгэлгээ, арга барил, удирдлага, санхүүжилтыг одоо бүрэн халах цаг нь болжээ.

ШУА- н гишүүд өөрсдөө үүнийг хэлж байна шүүдээ. Сэдвээ өөрөө дэвшүүлж, санхүүжүүлэх эрхийг нь өөрөө өөртөө олгодог, өөрөө судлаад өөрийгөө өөрөө үнэлдэг ийм гажиг байж таарах уу ?

5.    ШУА -н салбарын бага чуулганыг одоо татан буулгах хэрэгтэй. Эрх мэдэл байхгүй, алаг цоохор бүрэлдэхүүнтэй, сэтгэлгээний хоцрогдолтой, нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хамгаалах зэрэг улсын чанартай асуудлыг шийдвэрлэх өндөр мэргэжлийн бүрэлдэхүүнгүй байна. Жишзэ нь гэхэд Атарын  3-р аяны шинжлэх ухааны үндсэн асуудал.

Оюутолгой Тавантолгойн уул уурхайн том үйлдвэрлэлийн төсөл боловсруулалтын экологи, ус агаарын бохирдол гэх мэт олон асуудлаар ШУА-ын бага чуулганууд нь үнэлэлт, тайлбар, экслертиз хийх чадамжгүй, хууль эрхзүйн мэдлэг, мэргэжилтэй эрдэмтэдийн бүрэлдэхүүнгүй байна.

Ийм чуулган монголд oгтooc хэрэггүй, Иймээс одоогийн бага чуулганы оронд үйлдвэрлэлийн хэрэглээгээ түшсэн салбарын шинжлэх ухааны төрөлжсөн агентлагуудыг байгуулж бага чуулганы үүргийг тэдгээр агентлагт шилжүүлье.

6.    ШУА-ын гишүүн сонгодог хуучин тогтолцооны 1964 оны журмыг хүчингүй болгож ардчиллын ил тод систем рүү шилжүүлэх шаардлагатай, Одоогийн нууц санал хураалтын журам нь тооллогын комиссын далд үйл ажиллагааны будлиан, хуйвалдаан хээл хахууль, авилгалын эх үүсвэр болов.

Сүүлийн хоёр сонгууль ихэд будлиан тарьж, академичид өөрсдөө бөөн уур уцаар болоод байна. Үүнийг бүрэн утгаар өөрчлөн халж чөлөөт ил тод сонгодог хэлбэрт оруулах, эсвэл ерөөсөө ШУА -н тусгай эрхтэй гишүүнгүй болгож, хамт олноос сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар гишүүнчлэлтэй болдог шинэ журамд шилжмээр байна.

7.    Академич нарын нийгмийн асуудлыг авч үзэж асуудал боловсруулахдаа хүрэх юм бол гол нь үүндээ биш, харин ШУА-ын гишүүн бус шинжлэх ухааны олон салбарын 130-140 орчим докторууд (Sc.D) ба олон зуун дэд докторуудын эрх ашиг, тэд нарын нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хамтад нь шийдэх шаардлагатай болно.

Иймд "монголын эрдэмтэдийн их хуралдай" зохион байгуулж хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Асуудлыг ШУА-ын 60-аад гишүүний хүрээнд шийдэх гэж оролдох аваас энэ олон докторууд (Sc.D), идэвхитэй хүчтэй залуу дэд докторууд сөрөг хүчин болон нэгдэж одоогийнх шиг ШУА-г байлгах уу үгүй юу гэдэг асуудлыг сөхөх нь мэдээж. Эрдэмтдийн их хуралдайгаар Монгол улсын Шинжлэх ухааны салбарыг шинэчлэх асуудлыг хэлэлцмээр санагдана.

8.    БШУЯ -с хийх гэж буй шинэчлэлттэйгээ уялдуулан ШУА-ын дүрэм, журам, хууль эрхзүйн баримт бичгүүдийг эргэн харж хүчингүй болгох асуудлыг УИХ, Засгийн газарт өргөн барьж болох байна. Ер нь ШУА гэдэг хоёрдмол байдалтай, утгагүй байгууллага байхын хэрэг байна уу, үгүй юу гэдгийг эрдэмтдийн референдүмээр шийдвэрлэхэд болохгүй нь юу байна.

ШУА гэх " рудимент " болсон эрхтэн шиг хэрэггүй байгууллага байхаар хүрээлэнгүүд маш хүнд байдалд ордог аж. Манай хүрээлэнгүүдийн захиралуудын дотор ШУА -н тэргүүлэгчтэй хуйвалдаж албан тушаалаас зууралдах, эрдэм шинжилгээний ажилтануудыг боолчлон дарлах аргад гаршсан нөхдүүд цөөн бус бий. Зарим нь 40 жил нэг хүрээлэнг азаргалж байна.

9.    Хүрээлэнгүүдийг дарангуйлагчийн гараас салгаж, БШУЯ -д аваач гэж Л.Гантөмөр сайдаас хүсье. Үүнийг яаралтай хийхгүй аваас хүрээлэнгүүд сөнөх болно шүү. "Шинжлэх ухаан технологийн сан" гэдэг өөдтэй ажил хийдэггүй, хөрөнгө дамжуулах төдий үүрэгтэй бас нэг илүү эрхтэн рудимент байна. ШУТС-г эрс өөрчилье.

10.    Эрдмийн зэрэг эмх замбараагаа бүрэн адлаа. Одоо эрдмийн зэргийн аттестатчлалын улсын систем буй болгоё. Ингэвэл, улс даяар баримтлах мэргэжлийн ухаануудын төрөлжсөн нэршилзүй (номенклатур) буй болно.

Одоо манай их сургууль, хүрээлэнгүүд мэргэжлийн төрөлжилтийг диссертацийн ажилд зааж өгөхдөө гурван хос (00.00.00) ба дөрвөн хос (00.00.00.00) тоон индексийг өөр өөрөөр сонгож байгаа зөрөөнүүд арилж нэгдсэн бүртгэлийн жагсаалтанд орно.

Шинжлэх ухааны салбаруудын нэгдсэн бүртгэлийн индексийн ангилал бүрдэнэ. Эрдмийн дээд цэцийг дахин сэргээе. ОХУ -н сайн туршлагыг авъя.

11.    ШУА -н гишүүн гэх хуульд захирагддаггүй хүмүүс буй болжээ. Тэдний дотор УИХ-н гишүүд байдаг нь байдлыг бүр ч утгагүй болгож байна. Одоогоор тэд cap бүр академич цолны нэмэгдэл 500 мянга, дээр нь шинжлэх ухааны докторын нэмэгдэл 137 мянга, бас профессор цолны нэмэгдэл 68 мянга, захирал салбарын эрхлэгчийг хавсарсаны 320 мянга, нийт 1025 мянган төгрөгийг зүгээр л авдаг.

Энд төсөл удирдсаны хөлс, үндсэн цалин, тэтгэвэр зэргийг оруулаагүй, тэдгээр нь авах ёстой мөнгө. Дээрхи сул мөнгийг ШУА-н гишүүн 60 хүнээр тооцоход жилд 738 сая төгрөг. Зах зээлийн тогтолцоонд орсон 20 жилээр тооцоод нэмэхэд 7,5 тэрбум төгрөг хүрэв. Сангийн сайд Ч.Улаан энэ их мөнгийг хаанаас гаргаж байгаагаа хэлэх ёстой.

12. ШУА -н үе үеийн удирдлагуудын үйл ажлыг ерөнхийлөн дүгнэвээс:

Б. Ширэндэв. 1961-1982 он. ШУА -г залуусаар бэхжүүлж, хөл дээр нь босгосон хүн. ШУА-н алтан үе.

Ч.Цэрэн. 1983-1986 он. ШУА -д өөрчлөлт хийх шинж илэрсэн.

Д.Содном, 1987-1990 он. ШУА-ийн ажлыг зогсонги байдалд оруулсан " унтаа" ерөнхийлөгч.

Д.Баатар. 1990 - 1995 он. Зогсонги байдал хэвээр үргэлжилсэн,

Б.Чадраа 1995 - 2008 он. ШУА-н уналтыг эхлүүлж, эмх замбараагий нь алдуулж, бантагнуулсан овжин хүн. ШУА -г арга залиар удирдаж болохгүй ээ.

Б.Энхтүвшин 2009-2014 он. ШУА -н үйл ажиллагааг дуусгавар болгож буй, эрдмийн хамт олонд гологдсон хүн.

Түүний баг ШУА -н түүхэнд байгаагүй сулбагар хүмүүсээс бүрджээ. ШУА -н тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл вээр ШУА -н тэргүүлэгчдийн гал тогоонд 20 -д жил ажиллаж, энэ байгууллагын үйл ажиллагааг мөхөөхөд их хувь нэмэр оруулж буй хүн, Эдгээр нөхөд хариуцлага гэдгийг мартсан бололтой.

Ард түмэн, эрдмийн хамт олон мартахгүй шүү гэдгийг та нөхөд санаарай. Түүхийн нэхэл хатуу шүү.

АНУ-ын Газарзүйн нийгэмлэгийн гадаад гишүүн, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Буриад Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, биологийн шинжлэх ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, улсын зэрэглэлт профессор Г.Эрдэнэжав