Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрсөн лхагва гаригт /IV.16/ 475 хүнтэй “Севол” гатлага онгоц осолдож живсэн билээ. Инчон хотоос Чежү арал хүрэхээр хөвж явсан “Севол” хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш ажилчид зорчиж явсан юм. Ослын улмаас өнөөдрийн байдлаар /IV.20/ 56 хүн амь үрэгдэж, 246 хүн далайд ор сураггүй болоод буй юм. Аврах ажиллагааг Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалтын 200 усан онгоц, 34 нисдэг тэрэг, 600 шумбагч дөрөв дэх өдрөө гүйцэтгэж байна. Энэ хооронд Жиндо арал дээр цугласан зорчигчдын ар гэрийнхний тэвчээр алдарч, аврах ажиллагааг шүүмжлэн жагсчээ. Хохирогчдын төрөл төрөгсөд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот руу явж, ерөнхийлөгчийн ордон руу дайрахаар төлөвлөсөн аж. Уурлаж бухимдсан эцэг, эхчүүд голдуу жагсагчдыг арлын цагдаагийн газрын 100 орчим албан хаагч хориглон зогсоосон байна. 


 

Шар тэнгист живсэн Өмнөд Солонгосын зорчигч тээврийн хөлөг онгоцны орчимоос өнөө өглөө эрт бас нэг цогцос олсон байна. Үүгээр хөлөг онгоцонд үлдэж хоцорсон хүмүүс амьд мэнд байх найдлага тасарч байгаа аж. Учир нь осол болсон өдрөөс хойш дөрөв хоног өнгөрч, найдлага тавьж байсан хүмүүс аргаа барсандаа аврах хантааз өмсөж усны мандалд гарах оролдлого хийсэн бололтой. Аварагчдын багийнханы мэдэгдсэнээр сүүлд 2:20 цагт олдсон эмэгтэй сурагчын цогцос аврах хантаазтай байсан нь хөлөг онгоцноос амь тэмцэн гарах гэж оролдсоныг гэрчилж байгаа аж. Онгоцны ослоор амь үрэгдсэн хүний тоо одоо 60 хүрээд байна. Энэ тоо цаг тутамд нэмэгдэж ирсэн бөгөөд цаашид яах аргагүй 300 хүрэх бололтой. Учир нь хөлөг онгоцонд үлдсэн 240 хүнийг одоо аврах аргагүй байгаа нь илэрхий болжээ. Өнгөрсөн шөнөжин ажилласан шумбагчид хөлөг онгоцны тавцанд гарах гэж яваад түгжигдсэн 20 хүний цогцосыг олж гаргасан бол өнөөдөр хөлөг онгоц руу нэвтрэхээр төлөвлөсөн байна. Шубагчид өчигдөр өдөр хөлөг онгоцонд нэвтрэх таван орц байгааг олж тогтоосон бөгөөд энэ гарцаар эрэл явуулж, аврах ажиллагааг эрчимжүүлэх зорилго тавьж байгаа боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амь эндсэн хүмүүсийг эрж хайх ажиллагаа хоёр сар үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Одоогоор осол болсон Жиндо арлын орчим 260 байгууллагын таван мянга орчим сайн дурынхан ирж аврах ажиллагаанд оролцож байгаа аж. Өмнөд Солонгосын прокуророос онгоцны ахмадад албан ёсоор бүх насаар нь шоронд хорих ял оноох болсон, харин түүнийг эцсийн хугацаанаас нь таван жилийн өмнө суллах ялын тогтоол төлөвлөсөн нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй шийдвэр болжээ. “Севол” хөлгийн ахмад хамгийн түрүүнд шахуу хөлөг онгоцоо орхин ослын үед хүний амь аврах ямар ч ажиллагаа явуулаагүйгээр барахгүй зорчигчдыг байр байрандаа тайван байх захирамж өгсөнд олон нийт дургуйцэж байгаа билээ.