Нэг.

Хөдөөгийн бяцхан сууринд тэрбээр миний харсан хамгийн сайхан бүсгүй байсан юм. Түүний тунгалаг хар нүд, ялиг ягаан туяатай хацартайгаа зохицсон нимгэн цагаан царай нь одоог болтол санаанаас минь гардаггүй билээ. Бүсгүй дандаа л цагаан даашинз өмсч явдагсан. Дөнгөж арваннайман нас шүргэж явсан түүнийг манай суурингийн эр хүйстэн болгон сонжиж явсаныг би тодхон санаж байна. Яагаад ч юм бэ, би бусад эрчүүдийн адил түүнийг битүүхэн харж явсан юм. Тэгэхэд би арвандолоон нас ч хүрээгүй байсан билээ. 
Магадгүй, тэр миний анхны хайр байсан байх. Магадгүй ч гэж дээ, анхны минь хайр байсан юм. Гэвч би тэр хайраа ойлгоо ч үгүй, хайрлаа ч үгүй төгсгөсөн билээ. Түүнийг Хатангоо гэдэг байсан юм. Хатангоогийнх манайх хоёр хөршүүд байсан билээ. Дунд сургуулийн есдүгээр ангид ордог жилээ би Хатангоотой дотносон үерхсэн юм. Түүнтэй байхад надад сайхан байдаг байсан болохоор би нэг ч удаа түүнээс холдохыг хүсч байсангүй. Манай суурингийн өмнө байдаг Цэцэгт толгод хэмээх хадтай бяцхан толгод руу бид хоёр мөн ч олон удаа гарч, элдвийг хүүрнэж суусансан. Тэгэхэд Хатангоо Цэцэгт толгодын тухай надад нэг домог ярьж өгсөн юм. Хатангоогийн ярьсан тэр домгоор хэзээ ч юм бэ, бүү мэд. Эрт цагт энэ толгод Халзан толгой нэртэй байсан аж. Халзан толгойн энгэрт шинэхэн ханилсан эр, эм хоёр нутагладаг байжээ. 

Тэгтэл тэр хоёрын үзэсгэлэн төгс царай зүсэнд атаархаж явдаг нэгэн муу санаатан залууг нь хорлож амийг нь егүүтгэжээ. Хайртай ханиа алдсан бүсгүй өвөл, хавар, зун, намрыг ч үл анзааран Халзан толгойн оройд суун асгартал уйлдаг байжээ. Бүсгүй уйлсаар, нулимс нь суусан газрынх нь шороонд шингэсээр л байжээ. Сүүлдээ бүсгүй уйлсаар байгаад хараагүй болжээ. Бүсгүйн уй гашуу, нулимсанд норсон толгой хар аяндаа гэв гэнэт л цэцэгт хучигдан өөрчлөгджээ. Түүнээс хойш хүмүүс Халзан толгойг Цэцэгт толгод гэж нэрлэх болжээ. Цэцэгт толгодын зүүн суганаас нүдний хараанд сайн гэгддэг Нүдэн хэмээх халуун рашаан урсдаг нь амрагаа санан гансарч ухархайгаа ширгээсэн бүсгүйн нулимс аж. Тэр рашаан эгц улаан хадны энгэрээс дусагнан гоожих агаад хажууд нь очоод хүн үнэн сэтгэлээсээ мэгшин уйлвал дуслах нь хурдалдаг гэлцдэг байсан юм. Харин чанга, чанга дуугарвал дусагнахаа больдог гэсэн үгтэй юм. Хатангоо бид хоёр домог үнэн эсэхийг шалгахаар уйлж ч үзсэн, чанга чанга хашгирч ч үзсэн. Уйлж, мэгшихийг нь Хатангоо туршсан. Хатангоо үнэн санаанаасаа мэгшээгүй юм байлгүй, мөнөөх рашаан дусдагаараа л дусч байсан. Харин намайг чанга, чанга хашгирахад рашаан дусахаа больж байсан нь үнэн билээ. Мөн Хатангоо Цэцэгт толгодод бүсгүй хүн ойр ойрхон гараад байвал хүсээгүй байхдаа жирэмсэлдэг гэсэн юм. Тийм болохоор Хатангоо заримдаа Цэцэгт толгодод гарахдаа учиргүй дургүйцдэг байсан билээ. Харин би Хатангоотой хоёулахнаа байхыг хүсдэг байсан болохоор хүний хөлөөс дайжин Цэцэгт толгодын оройд гарахыг байнга хүсдэг байсан юм. 

Хоёр. 
Хатангоо бид хоёрын үй зайгүй дотносдог тэр жилийн намар манай сургуульд залуухан хөгжмийн багш ирсэн билээ. Хөгжмийн багш залуу ирсэн даруйдаа л шахам хөгжмийн дугуйлан хичээллүүлсэн юм. Хатангоо намайг тэр дугуйланд нь хамт явъя гэсэн боловч би нэрэлхүү зангаасаа болоод ч гэх үү, Хатангоог харамлах сэтгэлээсээ болоод ч гэх үү цааргалан яваагүй билээ. Харин хийл хэмээх сэтгэл сэмлэм аялгуутай тэрхүү чавхдаст хөгжмийг гайхалтай сайн сурсан юм. Хатангоог хийлээ дарахад нь зүрхийг минь хайр, найргүйгээр хэн нэгэн өргөсөөр хатгах адил ер бусын өвдөлт өгдөг байсан билээ. 

Одоо бодоход тэр өвдөлт намайг Хатангоог харамлах сэтгэлээр өвчлүүлж, амьдралыг гэрэлтэй нүдээр харах боломжийг минь хааж байсан шиг санагддаг юм. Миний сэтгэлийн хөндүүрийг улам л өвтгөх гэсэн юм шиг өнөөх хөгжмийн багш залуу Хатангоог улайм цайм л гэрт нь орой, үдэш дөхүүлж өгдөг болсон билээ. Намайг харамлах, шаналах сэтгэлээрээ шатаж явааг минь гадарласан болоод ч тэр үү нэг удаа Хатангоо “Чи зөвөөр ойлго л доо. Би юу гэж өөрөөсөө олон ах хүнтэй найзлах юм. Хөгжмийн багш намайг сайн шавиа гэж бодоод л оройтоход минь гэрт дөхүүлдэг юм. Угаасаа ч багш найз бүсгүйтэй гэсэн. Тэр найз бүсгүй нь оюутан юм гэнэ лээ. Тэгээд ч гэсэн эр хүн байж бүсгүй хүнийг орой, үдэш ганцааранг нь гэрт нь дөхүүлж өгөхгүй бол муухай биз дээ? Чи өөрөө ямар намайг оройтохоор очиж авах биш” гэсэн гомдлын үг чулуудсан билээ. Би Хатангоогийн энэ үгэнд огт итгээгүй бөгөөд хөгжмийн багш залуутай найзалж байгаагаа надаас нууж байна л гэж бодсон юм. 

Гурав. 
Хатангоотой өнгөрүүлсэн тэр нэгэн шөнө миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай хэрнээ насан туршид минь үл тайлагдах оньсого болж үлдсэн билээ. Тэгэхэд би эр хүн болсон юм. Аав, ээжийнхээ эзгүйд намайг хань татан гэртээ хонуулсан Хатангоо тэгэхэд эхээс төрснөөрөө өвөрт минь орж ирэн “Чи одоо нөхөр нь, би эхнэр нь болж энэ шөнийг өнгөрөөе” гэсэн билээ. Ийм юм болно чинээ бодож яваагүй намайг учраа олоогүй гайхан мэгдэж байтал Хатангоо хачин сурмагаар хамаг хувцсыг минь тайлж орхисон юм. Энэ шөнийн жигтэй явдал намайг Хатангоогоос нэгмөсөн хөндийрөх шалтгаан болсон бөгөөд түүний тэрхүү эрээ, цээрээгүй байдал жигших, зэвүүцэх сэтгэлийг төрүүлсэн билээ. Миний эг маггүй хачин байдлаас ямар нэгэн санаа авсан ч юм уу Хатангоо “Чи надад итгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол би яг домогт гардаг бүсгүй шиг Цэцэгт толгод дээр гарч суугаад уйлах болно” гэсэн юм. Би Хатангоод итгээгүй. Хатангоог Цэцэгт толгод дээр гараад домогт гардаг бүсгүй шиг уйлна гэж бодоогүй билээ. 

Дөрөв. 
Би Хатангоогоос сэтгэлээ хөндийрүүлэх гэж хэрэндээ хичээсэн. Нүдэн булгийн дэргэд очин үнэн санаанаасаа ч уйлж үзсэн. Гайхалтай нь, би Хатангоог төдий л удалгүй мартаж орхисон юм. Магадгүй, өөрөө өврөө нээсэн бүсгүйг эр хүн амархан мартдаг болоод л тэр биз. Харин тэр зун нь Хатангоо жирэмсэн болчихсон байсан. Өдрөөс өдөрт томрох гэдсээ хүнээс ичингүйрэн нууж, Цэцэгт толгодын оройд гарч суух Хатангоог би бусдын адил жигшин зэвүүцэх болсон билээ. Манай сургуулийнхан Хатангоог хөгжмийн багш залууг дагаж гүйж байгаад жирэмсэлсэн гэж хов жив болгон ярьцгаасан. Би суурингийнхаа хүмүүсийн ярианд үнэн сэтгэлээсээ итгэж байсан. Тэгэх тэгэхдээ бүр “Хохь нь, болж” хэмээн дотроо тавлаж байсан юм. Тэр үед би “Цэцэгт толгодод ойр ойрхон гараад байвал эмэгтэй хүн өөрийн мэдэлгүй хүсээгүй жирэмслэлтэй учирдаг” гэсэн Хатангоогийн үгийг ч мартчихсан байсан юм. Тэр үгийг мартах болсон шалтгаан манай суурингийнхны амны бай болоод байсан Хатангоо, хөгжмийн багш хоёрын тухай яриа байсан билээ. 

Тав. 
Хатангоогийн хэвлийд буй хүүхдийг хүн болгон л хөгжмийн багш залуугийнх гэж итгэж байлаа. Би ч тэр үгэнд итгэж байсан. Манай сургуулийн хүүхдүүдийн хамгийн их дурладаг байсан хөгжмийн дугуйланд төд удалгүй нэг ч хүүхэд очихоо больсон билээ. Олны ярианы бай болоод байгаагаа мэдсэн ч юм уу, эс мэдсэн ч юм уу толгой гудайн алхах хөгжмийн багш залуу манай сургуулийнхны нүдэнд орсон өргөс болж байсныг би сайн санаж явдаг юм. Нэг удаа шуудангийн салбараас орж өөртөө захиа ирсэн эсэхийг асуусан түүнийг шууданч бүсгүй нэг л ёозгүй нүдээр харж, “Чи өдөр болгон шахуу л захиа сурах юм. Чамд захиа бичих ариун явдалт хүн энэ орчлон дээр байдаг юм уу?” гэж тавлах, үзэн ядах хослуулан хэлэхийг би сонссон юм. Тэгэхэд хөгжмийн багш залуу нэг л гайхсан, цөхөрсөн харцаар шууданчийг харчихаад гарч билээ. Тэр харц яг юу хэлснийг одоо болтол бодоод олдоггүй юм. 

Зургаа. 
Арван есөн нас дөнгөж хүрэх гэж байсан тэр намраа Хатангоо хүүхдээ төрүүлэх гээд төрүүлж чадаагүй нас барсан юм. Ямар ч байсан Хатангоо үхье гэж бодоогүй л байсан байх. Хэрвээ Хатангоо үхье гэж бодсон бол төрөхийг хүсэхгүй байсан байх аа. Харин Хатангоо нас барахынхаа өмнө надад захиа өгүүлсэн юм. Өглөө орноосоо босоогүй хэвтэж байсан надад ээж “Хатангоо энэ захиаг чамд өгүүлж байна” хэмээн дөрвөлжилж нугалсан бяцхан захиаг өгсөн юм. Ээжийн авч ирсэн захиаг би задалж ч үзээгүй гал руу чулуудчихсан билээ. Хатангоогийн тэр захиаг ид дүрэлзэж байсан гал яах, ийхийн зуургүй залгиж орхисон юм. Тэгэхэд ээж “Яаж байна аа, чи? Үеийн юм болохоор л Хатангоо чамд зовлон, жаргалаа бичээ биз. Хүний сэтгэлийг хуваалцчихад яадаг байна аа? Тусгүй хүүхэд вэ, чи” гэж илт хэрэгт дурласан янзтай харамсангуй өгүүлж билээ. 

Долоо. 
Хатангоогийн хүүхэд ч хүн болж чадаагүй юм. Энэ тухай манай аав, ээж хоёр “Хоёрын хоёр амь нэг дор эрсэдлээ. Нялх амьтан яаж ч төрөлтийн хүндрэл даах билээ дээ. Эмч нар ядаж хүүхдийг нь хүн болгочихьё гэж хичээгээд дийлээгүй гэнэ. Муухай л юм боллоо доо” хэмээн ярьж байсан юм. 

Найм. 
Хатангоогийн хувь заяа ингэж оньсого адил дууссан юм. Бүх хүнд гэмтэн гэж санагдаж байсан хөгжмийн багш залуу ч тэр намраа хаа нэг тийшээ арилж одсон билээ. Тэгэхдээ тэрбээр “Би ямар ч буруугүй шүү” гэдэг ганц өгүүлбэрийг хэлж чадаагүй юм. Магадгүй, түүнд тэгж хэлэх боломж байгаагүй ч юм бил үү? Тэгж хэлсэн байлаа ч гэсэн хүмүүс түүнд итгэхгүй байсан биз. Чин үнэндээ бүх үнэнийг Хатангоо хүүхэдтэйгээ хамт үүрд аваад явчихсан билээ. Хожим нь Хатангоогийн аав, ээж хоёр айл саахалтынхаа хүмүүст “Хатангоо цаг нь болохоор бүх үнэнийг өөрөө хэлнэ гэдэг байсан юм” хэмээн ярьсан байж билээ. 

Ес.
Би саяхан Цэцэгт толгод дээр гарч баахан суулаа. Тэр явдлаас хойш хориод жил болжээ. Энэ хорин жилийн дотор олон юм өөрчлөгджээ. Манай суурингийн таньдаг хүмүүсийн маань ихэнх нь бурхны орон руу одож, үлдсэн  зарим нь амь амьдралынхаа мөрийг хөөн хаа нэг тийшээ шилжин оджээ. Хатангоогийн гэрийн буйр ч тэр, манай гэрийн буйр ч тэр ялгалгүй элдэв лууль, шарилжинд дарагдан бараг эдгэрчээ. Харин миний сэтгэлийн гүн дэх тэр нэгэн шарх ерөөсөө эдгээгүй билээ. Мэдээж, тэр шархны гүнзгий сорви нь Хатангоогийн надад өгсөн захидал байсан юм. Тэр байж болох үнэнийг би өөрөө устгасан юм. Магадгүй, тэр захианд хөгжмийн багш залуугийн хэлж чадаагүй гурван үгний учир утга байсан ч байж мэдэх юм. Заримдаа би тэр захиаг уншаагүйдээ өөртөө ч баярладаг юм. Учир нь, үнэн гээч зарим тохиолдолд мэдэж болохгүй зүйл байдаг шүү дээ. 

Арав. 
Цэцэгт толгодын тухай, Хатангоогийн тухай энэ бяцхан түүхийг хол замд дөрөө нийлж явахад нэгэн танил минь надад ярьж өгсөн билээ. Харин тэр танил маань надад өөрийн ярьсан түүхээ үнэнээр нь яриагүй юм шиг л санагдсан. Учир нь, түүнийг тэр түүхээ ярьсанаас хойш нэлээд хэдэн жилийн дараа би Цэцэгт толгодыг өөрийн биеэр үзэж, нутгийн хүмүүстэй уулзсан юм. 
Тэгэхэд нутгийн хүмүүс Цэцэгт толгодын тухай “Сүүлийн үед цөлжилт ихсээд ч тэр юм уу, дээр нь энд тэндхийн доншуучид алт, эрдэнэс хайж ухсанаас болоод ч тэр юм уу хавар эрт багширтал ургадаг шар цэцгүүд нь ургахаа больсон. Нүдэн рашаан нь оргүй ширгэсэн” хэмээн ярьж байсан билээ. Магадгүй, Цэцэгт толгодын тухай жинхэнэ үнэн энэ ч байж мэдэх юм. Хэрвээ хэзээ нэгэн цагт намайг дахин очиход Цэцэгт толгодын нэр өөрчлөгдсөн байвал энэ орчлонгийн бүх зүйл үнэнээс нуугдахын төлөө оршдог гэдэгт би л лав бүрэн дүүрэн итгэх болно. 

2007.07.14

Зохиолч Ц.Буянзаяа “Манан дундах эрвээхэй” ном /34-41-р тал/
Эх сурвалж www.wikimon.mn