Америк хүүхэд өөрийгөө илэрхийлэх талд харьцангуй нээлттэй, чөлөөтэй байдаг. Мөн аливаа зүйлийг бүтээлч байдлаар сэтгэн бодох чадвараараа ази хүүхдээс ялгардаг гэдэг. Энгийн мэт боловч эдгээр чанарыг Америкийн боловсролын систем хүүхдэд олгож чаддаг ажээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг америк боловсролын гол бодлого, монгол болон америк хүүхдийн суралцах, сэтгэх чадварын ялгаа хэр зэрэг байдаг зэргийг сонирхохоор АНУ-ын Вашингтон хотын Rock Springs Co-operateve сургуулийн өмнөх бэлтгэл сургууль буюу цэцэрлэгийн багшаар ажиллаж буй монгол бүсгүй Б.Хандмаатай ярилцлаа. Тэрээр анх 1996 онд Дорнод аймгийн Чулуунхороот сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлжээ. Улмаар 2005 онд АНУ-ыг зорьж, сүүлийн есөн жилийн турш тэндхийн цэцэрлэгт мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгэн юм.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрж өссөн. Зургаан хүүхэдтэй айлын том охин. Аав маань Б.Бат-Эрдэнэ, ээжийг маань Л.Цэрэнхад гэдэг. Аав, ээж минь насаараа сургууль, цэцэрлэгт ажилласан гавьяатай хүмүүс бий. Манай сумын хувьд их онцлогтой. Хоёр талаараа Орос, Хятадтай хиллэдэг. Хил залгаа учраас нутгийн иргэд ч наймаа арилжаанд сайн, амьжиргааны төвшин нэлээд дажгүйд тооцогддог байсан. Миний нутаг сайхан. Манай нутгийнхан их ажилсаг ард түмэн. Цагаан идээгээ бэлтгэж боловсруулна. Мөн ногоогоо өөрсдөө тарина. Намар нь хурааж аваад салатаа өөрсдөө хийнэ. Энэ бүхэн надад маш сайхан дурсамжийг үлдээжээ гэж боддог. Хүн хаана ч явсан нутгийнх нь уулс, тэнгэр ивээж явдаг гэдэгт би итгэдэг.

-Таныг их залуугаараа цэцэрлэгийн багш болсон гэж сонссон?
-Би 1996 онд аравдугаар ангиа төгсөөд “Цагдаа болъё” гэсэн боловч ээж маань зөвшөөрөөгүй. Тэгээд сумандаа цэцэрлэгийн багш болсон. 18 настайгаасаа л ажил хийж, “Хандмаа багш” гэж дуудуулсан.

-18 настай, дээрээс нь сумын төвийн цэцэрлэгийн багш болоход бэрхшээлтэй зүйл байв уу?
-Тухайн үеийн сумын цэцэрлэгт нэгдсэн халаалт гэж байдаггүй байлаа. Нам даралтын халаалтын зуухтай. Нүүрсээр галлана. Багш нар нь өөрсдөө галт тэрэгнээс нүүрсээ буулгаж ачна. Ингээд галчаа хийнэ. Зун цагт ногоогоо тарина. Тэгээд л тоос шороотой нүүрээ угаачихаад, багшаа хийгээд явдаг үе их байсан. Хоёр багш дөч гаруй хүүхэдтэй ажиллана. Гэхдээ хүнд хэцүү гэлтгүй, хүүхдүүдийн дунд байх нь надад аз жаргалтай, сайхан байсан. Миний ээж цэцэрлэгийн багш байлаа. Тийм болохоор бага байхад минь шүлэг, дуу их зааж өгсөн нь хэргээ гаргасан гэж боддог. Тэр нь эргээд цэцэрлэгийн багш болоход минь дөхөмтэй байсан.

-Америкт хэзээ ирэв, ер нь энэ оронтой хэрхэн холбогдож байсан түүхээсээ ярихгүй юу?
-Би нөхөр хүүгийнхээ хамт амьдардаг. Намайг Америк руу хөтөлсөн түүх их сонин. Анх 2000 онд нөхөр маань “Энхтайваны корпус”- ын шугамаар сайн дурын ажилтан болж Монголд ирсэн юм. Нөхрийг маань Ариэль гэдэг. Ариэль маань Монголд ирээд хоёр сарын хугацаанд монгол хэл харьцангуй сайн сурсан учир холын суманд хуваарилагдсан гэдэг. Тэр нь манай сум байсан. Гол ажил нь сургуулийн хүүхдүүдэд англи хэл заах. Хажуугаар нь насанд хүрэгчдэд ч хичээл заадаг байв. Би арван жилийн ангийнхаа охидуудтай хичээлд нь сууж эхэлсэн юм. Тэгээд л англи хэлний хичээлд сууж байгаад танилцаж дотноссон. 2002 онд Ариэль Америк руу буцсан юм. 2003 онд Японд сайн дурын ажилтнаар явж нэг жил ажилласан. Тэр үедээ Монголд жилд хоёр гуравхан удаа ирж, надтай уулзаад буцдаг байлаа. Үүний дараа 2004 онд Монголд ирэхэд нь бид гэрлэсэн. Тэгээд л нөхрийнхөө ажлаас шалтгаалаад бид Америкт ирсэн. Энд ирээд хүүтэй болсон. Нөхөр маань Төрийн департментад Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа.

-Харин таны тухайд энд цэцэрлэгт багшилдаг. Монголын захын сумын цэцэрлэгээс их гүрний цэцэрлэгт ирж ажиллахад олон ялгааг олж харсан байх. Анх энд ирээд ажилд ороход ямар байв?
-Би Америкт ирснийхээ дараа 14 хоноод л цэцэрлэгт ажилд орж байсан. Англи хэлдээ тийм ч сайн байгаагүй. Хүүхдүүдийнхээ дунд байгаад л хэлээ сайжруулсан гэж болно. Анх цэцэрлэгт нь орж ирээд “Ямар том өрөөнүүдтэй, ямар олон тоглоомтой юм?” гээд гайхаж байснаа санадаг юм. Багш нар нь найрсаг харилцаатай, тохилог, хангамж сайтай орчинд ажилладаг нь шууд л нүдэнд илхэн байсан. Ямартай ч дэлхийн олон орны хүүхдүүдийн дунд байж, тэдэнд хичээл зааж байгаагаа сайхан хувь заяа гэж боддог.

-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Манай уншигчид ажиллаж байгаа салбарын тань тухай сонирхож байгаа байх. Бид барууны боловсрол гэж их ярьдаг боловч төдийлэн сайн мэддэггүй. Америкийн сургуулийн өмнөх сургалтын систем нь манайхаас хэр зэрэг ялгаатай байдаг вэ?
-Монголд цэцэрлэгийн насны хүүхдийг ерөнхийд нь 2-6 нас гэж үздэг. Харин Америкт ясли, цэцэрлэгийн өмнөх, цэцэрлэгийн нас гэж гурав ангилдаг. Тухайлбал, 0-3 насны хүүхдийг яслийн ангид авдаг. Энэ анги нь дотроо 0-2, 2-3 нас гэж хуваагддаг. Энэ насанд хүүхдүүд ихэвчлэн хөлд болон хэлд ороогүй байдаг. Тиймээс биеийн хөгжил, онцлогоор нь ялгадаг. Зарим ээж хүүхдээ төрүүлээд арав хоноод ажилдаа орох нь бий. Энэ тохиолдолд 0-2 хүртэлх насны ангид авдаг. Харин 3-5 насны хүүхдүүд Рreschool буюу сургуулийн өмнөх насны бэлтгэл сургуульд ордог. Энэ үед цагаан толгойн үсгээ нүдлэх, дуу бүжиг сурах, тоо бодох, тоолох зэрэгт суралцдаг. Таван нас хүрсэн тохиолдолд Кindergarden буюу цэцэрлэгийн насны ангид ордог.

-Америкт хүүхдийг боловсролтой, хүмүүжилтэй бас эрүүл чийрэг байх ёстой гэсэн бодлого үйлчилдэг гэдэг. Цэцэрлэг тэдний эрүүл мэндэд яаж анхаардаг юм бол?
-Эцэг, эхчүүд өглөө хүүхдээ хүргэж ирэхдээ өдөрт идэх хоолыг нь бэлтгэж авчирдаг. Зарим нь бүр долоо хоног идэх хүнстэй авчрах нь бий. Ингэснээр хоол, хүнснээс хордохоос сэргийлж, хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Харин багшийн үүрэг бол хэдэн цагт цай, хоолоо идсэн, ямар төрлийн хоол байсан зэргийг нарийн бичиж тэмдэглэдэг. Яслийн хүүхдүүдийн хувьд хэдэн удаа бие зассан зэргийг нь хүртэл нарийн бичнэ. Ингэснээр эцэг, эх нь орой хүүхдээ авахаар ирээд өдрийн турш ямар байсныг нь мэдэх боломжтой болж байгаа юм.

-Та гадаад, дотоодод олон жил ажилласан багш хүн. Ер нь монгол, америк хүүхэдтэй ажиллах онцлог, ялгаа нь юу байдаг вэ?
-Монгол хүүхдүүд байгалиасаа оюуны чадавхи өндөр заяасан байдаг. Аливаа зүйлийг сурахдаа маш хурдан. манай хүүхдүүдэд ерөнхийд нь ингэж хийдэг гээд заахад хялбархан хийчихдэг. Хэдийн сурчихдаг сайн талтай. Тухайлбал, эвлүүлдэг тоглоомыг өөрийнхөөрөө угсарчихдаг. Энэ мэдрэмж нь монгол ахуйтай холбоотой байдаг юм шиг санагддаг. Харин америкчууд ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг, хоёрдугаар алхам гэсэн дарааллаар хийж сурдаг. Өөрөөр хэлбэл, америк хүүхэд бол зааварчилгаа, дарааллаар нь хийдэг гэсэн үг.

-Таны багшилдаг ангид монгол, америк, африк зэрэг олон орны хүүхэд байгааг харлаа. Дүрсгүй хүүхэд олон биз. Орон орны хүүхэдтэй харилцахад хэцүү юу?
-Өргөстэй юм шиг, өрөмний өт шиг ... гэдэгтэй адил хүүхдүүд байдаг. Энд бол сахилгагүй хүүхдийг багш хүчээр зохицуулдаггүй. Ер нь хүүхдийг зодож хүмүүжүүлж огт болохгүй. Үүнийг Америкт хориглодог гэж болно. Америк, африк хүүхэдтэй харилцах хэцүү биш, нэг их тусгайлсан арга гэж байхгүй. Эхний удаа эцэг, эхэд нь хүүхэдтэйгээ гэртээ байхдаа тухтай ярилцаж, асуудлыг тайлбарлаж өгөхийг багшийн зүгээс зөвлөдөг. Энэ мэтээр хэд хэдэн удаа ажиллаад үзнэ. Хэрэв хэсэг хугацааны дараа үр дүн гарахгүй бол мэргэжлийн байгууллагад ханддаг. Мэргэжлийн байгууллага гэдэг нь сахилгагүй хүүхдүүдийг авдаг тусгай анги юм. Энэ ангид ажиллах багш нь хүртэл тусдаа бэлтгэгдэж, нарийн мэргэшсэн байдаг. Хэт дуугүй, ноомой хүүхдийг ч бас тусгай ангид өгөх тохиолдол бий.

-Сонирхолтой юм байна. Манайд бол бүгд нэг цэцэрлэгт, нэг ангид “чихээстэй”. Ноомой, дуугүй хүүхдийн авъяас, чадварыг тодруулна, нээнэ гэдэг нээрэн нарийн мэргэшил байх аа?
-Тийм л дээ. Ийм хүүхдүүдтэй ганцаарчилж ажиллах нь хамгийн чухал. Энд тэндгүй сахилгагүйтээд гүйгээд байдаг хүүхэд ангид минь байдаг гэж бодъё. Яагаад гүйгээд байгаа шалтгааныг нь олох хэрэгтэй. Бөмбөгтэй тоглоомтой хэсэгт очоод минут ч бололгүй машинтай хэсэг рүү гүйдэг. Ингэх болгондоо тоглоом нураах, юм шиддэг байж болно. Тэгвэл ангийнхаа нэг буланд тухайн хүүхдэд зориулаад тоглоомоо нураагаад, шидэж болохуйц жижиг талбай гаргаж өгч болно. Ингэхээр нэлээд хугацааны дараа хүүхэд тоглоом нураах, шидэхээс залхаж бас ядарч эхэлдэг. Энэ үед нь хүүхдэд зурагтай ном үзэх эсвэл эвлүүлдэг тоглоом тоглохыг санал болгодог. Энэ мэтээр хүүхдийг засч болдог.

-Монголд хүүхдийг хэтэрхий эрх дураар нь байлгахыг таашаадаггүй. Гэтэл Америкт эсрэгээрээ байх юм. Ер нь аль аль нь байх хэрэгтэй юм шиг байна, тийм үү?
-Зөв эрхлүүлж, зөв дураар нь тавихад асуудал гарахгүй. Хийж байгаа үйлдэл бүхнийг нь хорьж цагдаад байвал хүүхэд хаагдмал, сэтгэлгээний хувьд баригдмал болдог. Гэхдээ хүссэн бүхнийг нь хүлээн зөвшөөр гэсэн үг биш юм. Америк хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээлч байдгийн гол шалтгаан нь тэд хийх гэсэн зүйлээ чөлөөтэй хийж чаддагтай холбоотой. Мэдээж монгол хүүхдийн онцлогийг мартаж болохгүй. Тухайлбал, хүүхэд өөрийн дураар юм хийж байж болно. Гэтэл хэрээс хэтрэх гээд байвал тэдэнд хэлэх хэрэгтэй. Монгол хүүхдэд жаахан чангахан дуугаар хэлэхэд үгэнд ордог. Харин америк хүүхэд бол улам зөрүүдэлж, уурладаг. Заавал уучлаарай, тэгэх үү, ингэх үү гэсэн өнгө аястай хэлэх шаардлагатай болдог. Энэ нь тухайн орны зан заншилтай холбоотой байж болох юм.

-Сул чөлөөтэй, өөрийнхөөр нь байлгана гэдэг, магадгүй барууны боловсрол руу хэт туйлширч байгаа хэрэг биш үү?
-Би өмнө нь Монголдоо таван жил цэцэрлэгт багшилсан. Энд ирээд Америкийн сурган хүмүүжүүлэх ухаан ямар байдаг талаар зах зухаас нь суралцаж явна. Хооронд нь харьцуулж байна. Аль нэгийг нь тахин шүтэх нь хэт өрөөсгөл юм. 50, 50 хувьтай байх нь зүйтэй юм болов уу. Монгол ёс заншлаасаа өвлөж, авч үлдэх зүйл гэж бидэнд бий. Ардын зүйр цэцэн үг, аман зохиол, үлгэр домог гээд бүгд монгол хүүхдийн хүмүүжлийн салшгүй нэг хэсэг болсоор ирсэн. Энэ нь нэг ёсны сурган хүмүүжүүлэх арга. Гэхдээ барууны аргуудаас ч авах гээхийн ухаанаар хандаж чадвал манай сургуулийн өмнөх насны боловсролын систем илүү хөгжингүй, боловсронгуй болж чадна.

-Ер нь Америкийн хүүхдүүд цэцэрлэгээр хүмүүжих үедээ оюун ухаан, бие бялдрынх нь аль нь илүү хөгждөг юм бол?
-Хөдөлгөөн тархитай холбоотой байдаг. Тархины хөгжлийн хэмжээгээр хөдөлгөөнтэй болдог гэж болно. Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаасаа эхлэн төрөн төртлөө уураг тархи нь хөгжиж байдаг. 25 нас хүрч байж хүний тархи бүрэн хөгждөг гэдэг. Зарим хүүхдийг ухаан муутай, тэнэг юм шиг гүйж харайж, сахилгагүйтээд... гэж шүүмжилдэг. Энэ нь хүүхдийн тархи бүрэн хөгжөөгүйтэй холбоотой юм.

-Хүүхдүүд “Яагаад” гэсэн асуултыг их олонтаа тавьдаг. Эцэг, эхчүүд заримдаа үүнээс нь залхах ч үе байдаг. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?
-Мэдээж тэвчээр алдах үе гардаг. Гэхдээ яагаад гэдэг асуултад уйгагүй хариулах хэрэгтэй. Заримдаа бүр хариулсан хариултаас эргээд яагаад гэж асуудаг. Энэ бүхэнд хүүхэддээ худал хэлж огт болохгүй. Хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн бүхнийг үнэн гэж итгэдэг. Тиймээс худлаа тайлбарыг үнэн гэж итгээд хэн нэгэнд хэлдэг. Үүнээс болж хүүхэд эцэг эхдээ итгэхээ больж эхэлдэг. Харин хүүхдийнхээ асуусан бүхэнд хариулахгүй бухимдаад байвал хүүхэд аяндаа асуухаа больдог. Тиймээс хүүхэддээ уйгагүй үнэн зөв хариултыг өгөхийг хичээгээрэй. Ер нь хүүхэд зургаан нас хүрээд яагаад гэж асуухаа больдог.

-Багш нарын тухайд сонирхмоор байна. Америкийн цэцэрлэгийн багш нарт ямар шаардлага тавигддаг вэ? 
-Америк улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Тэр утгаараа эцэг эх, хүүхэд, хамтрагчдаа хүндэлж харилцах нь эн тэргүүнд тавигддаг. Мөн эцэг эхтэй нь ярилцаж байхдаа хүүхдийнх нь талаар муу мэдээлэл өгч болохгүй гэдэг. Хүмүүс хоорондоо хов зөөхийг хатуу хорьдог. Багш нарын хурал дээрээ хүртэл эрхлэгч нь хэн нэгэн багшийг зэмлэх асуудал байдаггүй. Харин шүүмжлэх тохиолдолд тусад нь ганцаарчилан уулздаг. Энд хүний эрх, хүүхдийн эрхийг жижиг зүйлээс л эхэлдэг.

-Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ харьцуулах гээд байдаг талтай. Тэгэхээр энэ нь хүүхдийн хүмүүжилд муу гэсэн үг үү?
-Тийм. Хоёр хүүхэд усанд сэлж байхад эцэг, эх нь тэр сайн сэлж байхад миний хүү сайн сэлэх хэрэгтэй гэж шаарддаг. Ингэснээр хүүхдээ хурцалж, цаашид тухайн зүйлийг улам сайн хийхэд түлхэж байна гэж үздэг. Энэ нь нэг талаараа зөв. Нөгөө талаасаа энэ нь хүүхдийг өөрөө өөртөөитгэх итгэлийг алдагдуулж байгаа юм. Хүүхэд бүхэн давтагдашгүй. Тэгэхээр тэднийг хооронд нь харьцуулах нь тийм ч оновчтой зүйл биш юм.

-Америкт нэг багшид хэдэн хүүхэд ногддог вэ?
-Нярай ангийн хувьд нэг багшид 4-5, 2-3 насных болохоор зургаан хүүхэд ногддог. Харин 3-4 настай ангид нэг багшид 8-9, 4-5 насны ангид 10-12 хүүхэд оногддог. Гэхдээ энэ хүүхдийн тоо нь мужаасаа хамаараад өөр байх тохиолдол бий. Цэцэрлэгүүд ихэвчлэн 00.07-18.00 цаг хүртэл ажилладаг.

-Америкт Монголтой адил “улсын” цэцэрлэг нь ховор юм. Хувийн цэцэрлэгүүдийн зохион байгуулалт, төлбөр нь ямархуу байдаг юм бол?
-Хувийн цэцэрлэг нь ерөнхийдөө муж, хорооныхоо хуулийг дагаж, мөрддөг. Сургалт, техник технологийн төлбөрийн хувьд хагас болон бүтэн өдрийн гэдгээсээ хамаарч үнэ нь өөр. Ойролцоогоор 800-2000 ам.долларын хооронд байдаг. Зарим нь 2000 ам.доллараас илүү байх ч тохиолдол бий.

-Та цэцэрлэгт багшлахын зэрэгцээ сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Би Вашингтоны Northern Virginia Community College –д сургуулийн өмнөх нас буюу бага боловсролын хөгжил гэсэн чиглэлээр суралцаж төгссөн. 0-8 насны хүүхэдтэй ажиллахад талаар нарийн мэргэшсэн гэж болно. Цэцэрлэгээс эхлээд гуравдугаар ангийн хүүхдүүдэд багшлах эрхтэй байдаг.

-Монголд ажиллах, энд Америкт ажиллах хоёрын хооронд өөр бас олон ялгаа байгаа байх. Харьцуулж үзэж байв уу?
-Монголд багшилж байхдаа гаргадаг байсан алдаа маань “Хүүхдүүдээ томоотой суу, чимээгүй бай” гээд бүгдийг нэгэн зэрэг хөдөлгөөн хийлгэх гэдэг байсан байна лээ. Хэрэв чимээгүй байлгах хэрэгтэй гэвэл хүүхдүүдэд сонирхолтой байдлаар илэрхийлэх хэрэгтэй. Тухайлбал, хэн загас шиг чимээгүй болох вэ. Хүүхдүүдээ галт тэрэг шиг нэг эгнээнд зогсоорой гэх мэт. Ер нь хүүхдийг тодорхой хэмжээнд нь чөлөөтэй байлгах хэрэгтэй. Багш өөрөө сонирхолтой байж чадвал хүүхдийг өөртөө татаж чадна.

-Таныг гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд зориулсан ном гаргасан гэж сонссон. Монгол багш нарын заах арга зүйд чиглэгдсэн сургалт эсвэл харилцан туршлага солилцох талаар төлөвлөж байгаа ажил байна уу?
-Сургуулийн өмнөх болон бага насны хүүхдэд зориулж “Од чи тэнгэрт яаж очсон юм бэ” шүлгийн ном зохиосон. Удахгүй хоёр дахь бүтээл болох “Хэрэмний сүүл” үлгэрийн номоо монгол, англи хэл дээр хэвлүүлнэ. Энэ номондоо ам дамжиж ирсэн эртний үлгэрүүдийг багтаасан. Өнгөрсөн сарын 17-ны өдөр Улаанбаатарт очиж “Даш” сургалтын төвтэй хамтран нийслэлийн цэцэрлэгийн захирлуудад лекц уншлаа. Цаашид монгол багш нартайгаа туршлага солилцох талаар төлөвлөж байгаа.

Д.Гэрэлцэцэг