Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн/Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/-ий туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ. 

Аз жаргалын хэмжүүр гэж юу болох талаар залуучуудад сургамжлан бичсэнийг толилуулъя. 

“Хүний төлөө сурч байгаа биш” гэдэг үгийг байнга сонсож ирлээ. “Номтой хүн хошуу дарга хийнэ” гэж дээр үед мөн ч их ярьдаг байж билээ. Их юм сурч мэдэх нь амьдралд хэрэгтэй гэдгийг биеэрээ үзсэн өвөө, аав нарын маань амнаас гарсан эдгээр үг амьд сургаал юм. 

Залуу нас бол амьдралдаа зөв бэлтгэх үе. 

Энэ үеийг хэрхэн өнгөрөөхөөс түүний амьдрал өөдтэй өнгөтэй эсвэл уруу дорой явах нь ихээхэн шалтгаална. Үнэхээр шамдан суралцаж, аль болох их юм мэдэж авахыг залуучуудад захимаар байна. “Мэдлэг бол хүч” гэдэг эртний энэ үгийг би үнэн үг гэж үздэг болохоороо ингэж захиж байгаа юм.

Дайны үед ухран дайжиж Дэгү хотод сонин зарж гэрийнхнийхээ амьдралыг залгуулж явах үед би жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг мэдэрч билээ. Тэр үед дүрвэн дайжигсад хэн ч ялгаагүй туйлын ядуу ер нь амьдрахаас үхэх нь дээр байсан үе. Аав Хойд Солонгос руу баригдаад явчихсан, ах цэрэгт татагдчихсан би ээж дүү нараа авч явах өрхийн тэргүүн болов. 
Би Панчений захад сонин зардаг байв. 100 ширхэг сонин авч худалдчихаад шөнө орой ирэхэд ээж дүү нар маань надтай хамт хоолоо идэх гээд хүлээж байдаг нь үнэхээр сайхан. Өдөржин зүдэрч ирээд хоолны ширээний ард өөд өөдөөсөө харж суусан үед хоол ямар сайхан амттай, сэтгэл хичнээн өөдрөг байдаг байсан гээч. 


Гэвч даржинхан тэр ширээнийхээ ард тэр бүр хамт сууцгааж чаддаггүй байв. Цас, бороо орж тэнгэр муудвал зах хаачихна, би ч сониноо зарж чадахгүй болж орхино. Тийм өдрийн орой гэртээ ирэхэд ээж, дүү нар маань унтчихсан байдаг байв. Ганц аяга хоолноос өөр юмгүй учир хоосон унтсан хэрэг. Тэр ганц аяга хоолоо ээж надад өгөөд “Бид нар идчихсэн, миний хүү ид” гэнэ. Дүү нарыг маань намайг ирэхээс өмнө унтуулчихсан ээжийнхээ сэтгэлийг ойлгож ядах юухан байх вэ. 


Ганц аяга хоолоо ахдаа өгөх гээд элгээ тэврээд албаар унтчихсан дүү нарыгаа хараад өөрийн эрхгүй нулимс гарна. Би нулимсаа нуугаад “Би замдаа юм идчихсэн. Өлсөөгүй, та нар ид” гэдэгсэн. Ээж бид хоёр хоёулаа худлаа хэлж байна гэдгээ сайн мэдэж байсан ч хоёулаа хэн хэндээ баярладаг байсан тэр мөч бол одоо бодоход миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан юм. 


Аз жаргал гэдэг бол өөр юм биш. Нэг их учиргүй том юм ч биш, солонго шиг барихын аргагүй зүйл ч биш. 

Бид тэр үед ядуу ч баячуул байв. Өгөх юмгүй байж бие биендээ өгөх л гэдэг байсан. Хичнээн юмтай ч хорголоо тоолоод өгч чаддагүй хүнийг ямар баян хүн гэх вэ дээ. Жинхэнэ утгаараа баян хүн бол их юмтай хүн биш. Өглөгч хүн л баян. 


Аз жаргал хэрхэн бий болдгийг би тийм ч сайн мэдэхгүй. Гэхдээ миний хувьд хөрөнгийн хэмжээ, нэр төр, эрх мэдэлтэй онцын холбоогүй гэдэг нэг л зүйлийг би тов тодорхой хэлж чадна. Аз жаргал хайрын сэтгэлд шингэнэ, хайраас аз жаргал төрнө. 
Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ бид яавал аз жаргалтай болохоо мэддэггүй. Би ч сайн мэдэхгүй. Өөрийнхөө төлөө биш бусдын төлөө амьдарч, бусдыг хайрлаж чадвал аз жаргал бий болж эхэлнэ гэдгийг л би мэднэ. 

Шамдан сурч, ажиллаж мэдсэнээ, олсоноо бусдадаа зориулцгаая. 

Маргааш бусдад өгч туслах чадвартай болохын тулд өнөөдөр бол та нарын сурч мэдэх, бэлтгэх үе.


Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 1-р хэсэг

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 2-р хэсэг

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 3-р хэсэг

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 4-р хэсэг

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 5-р хэсэг