1990-ээд оны эхээр ЗХУ задран унаж түүний бүрэлдэхүүнд байсан “республик”-ууд бүгд тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж авсан. Хэдийгээр тусгаар тогтнолоо олж авсан ч улс төр эдийн засгийн хувьд цоо шинэ нөхцөл байдалтай тулгарсан. Ялангуяа эдийн засаг болоод улс төрийн тогтворгүй байдал нь энэ бүс нутгийн хөгжилд нилээд том саад тээг болж байгаа юм.

ОХУ нь Төв Азийн улс орнуудыг 90-ээд он эхлэсэнээс хойш анхаарлын гадна үлдээсэн. Харин БНХАУ 90-ээд оноос хойш энэ бүс нутагт явуулах улс төр, эдийн засгийн бодлогоо өргөжүүлэх болсон.

БНХАУ сүүлийн жилүүдэд төв Азид анхааралаа маш ихээр хандуулж ирсэн. Ялангуяа батлан хамгаалах чиглэлээр нилээд ажил амжуулсан. Төв ази нь өөрөө исламын идэвхитэй бүс нутгийн тоонд ордог. БНХАУ-ын исламын шашинт үндэстэн оршин суудаг Шинжааны бүс нутагтай өргөн зурвасаар хиллэдэг. Тийм ч учраас исламын хэт тулгуурт үзлийг дэвэргэхээс болгоомжилж байдаг.

БНХАУ улс өнөөдөр төв азийн чиглэлд нилээд болгоомжилсон бодлого явуулж байна. Төв азийн улс орнууд дарангуйлалын системтэй өөрөөр хэлбэл нэг хүний удирдлагад байгаа. Төв Азийн орнууд Хятадын хувьд эдийн засгийн хувьд ирээдүйтэй түшиц газар болоод байгаа. Хятад улс Төв Азийн орнуудыг байгалийн болон эрчим хүчнийхээ түшиц нөөц,бараа эргэлтийн асар том орон зай болон олон улсын тээврийн замд холбож өгөх шинэ хувилбар хэмээн тооцож байгаа. Энэ нь эртний уламжлалт “Торгоны зам” сүлжээ бүхий Евроазийг холбосон төмөр зам, автомашин, агаарын тээврийн нэгдсэн сүлжээ юм. Ийм ч учраас Дундадын орноос бүс нутагтаа баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлогыг дээрхи онцлог хандлагадаа зохицуулан улам эрчимжүүлж байгаа юм.

Энэ чиглэлээр Хятадын талаас хоёр хэлбэрээр Төв Азийн орнуудад хөрөнгө оруулалт хийж байна. Нэгдүгээрт: Хятад болон Төв Азийн орнуудын хооронд шууд байгуулагдаж байгаа гэрээнүүдээр баталгаажин хийгдэж байгаа бөгөөд энэ нь шууд хөрөнгө оруулалт,зээл,хөнгөлөлттэй зээл хэлбэрээр очиж байгаа аж. Хоёрдугаарт: олон улсын байгууллагын шугамаар дамжин орж байгаа хөрөнгө оруулалт болж байна. Тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн орнуудыг хамарсан байгууллагын санхүүгийн бүтцээр дамжуулан багагүй хөрөнгө оруулалтыг Хятадын талаас Төв Ази руу “цутгасаар” байгаа билээ. Ялангуяа Каспийн тэнгисийн эрэг хавийн байгалийн их баялагийн нөөцийг Оросуудаас өрсөн ашиглах гэсэн бодлого эрчимтэй явагдаж байна.

1990-ээд оны эцэс гэхэд Хятадын зүгээс Төв Азийн орнуудад оруулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум орчим ам.доллараас хэтрэхгүй байсан бөгөөд зөвхөн нефть-хийн салбарт оруулах төдийгөөр хязгаарлаж байсан аж. Тэгвэл энэ цаг үеэс хойш арван жил өнгөрөхөд Хятадын тус бүс нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ шууд л 30 дахин өссөн байдаг. Тур дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэс эхэлж тэр хүртэлхи хугацаанд Төв Азийн бүс нутагт санхүүжилтийн гол эх булаг нь болсоор ирсэн Орос, АНУ, Европын орнууд дотоодын төсөв санхүүгийн асуудлуудаасаа болж нөлөөллөө багасгасан нь Хятадад орон зайг нь эзлэх том боломжийг олгосон аж. Хятадын зүгээс Төв Азийн улс орнуудад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нилээд их юм.

Төв Азийн улс орнуудаас Казакстан улсад БНХАУ хамгийн том хөрөнгө оруулагч улс нь юм. 2009 онд Хятад нь Казахтсан улсад 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг олгосон байдаг аж. Хариуд нь Дундад улс Казахстаны үндэсний хэмжээний томоохон компани болох “РД Каз Мунай Газ” –ийн 11 хувийг эзэмших болсон байна. Мөн Казахстанаас Хятад руу нийлүүлж байгаа нефтийн хэмжээг жилдээ 20 сая тонн болгон нэмэгдүүлж чаджээ.Тэгвэл 2010 онд Хятад нь Казахстанд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж улмаар тус улсын нефть олборлолтын 22.5 хувийг хятадын компаниуд гартаа авч чадсан байна. Хятадын компаниудын олборлолт явуулж, оролцоогоо нэмэгдүүлчихээд байгаа Казахстаны томоохон ордуудад Актюбинскийн болон Карагандын муж дахь ирээдүйтэй, ихээхэн нөөцтэй хэд хэдэн томоохон ордууд багтаж байгаа гэнэ. Мөн үүний зэрэгцээ тун удахгүй Каспийн тэнгис орчмын нефть-хийн томоохон ордын хайгуул болон ашиглалтыг эхлүүлэхээр хятадын компаниуд бэлдээд эхэлсэн байна.

Ойрийн 5 жилд хий болон химийн хүчтэй үйлдвэр, эрдэс бордооны үйлдвэр, мөн Балхашийн дулааны цахилгаан станц, Майнакскийн усан цахилгаан станц, Экибастузкийн Улсын дүүргийн цахилгаан станц-2 шиг хэд хэдэн том цахилгаан станцыг ашиглалтад оруулна.

2013 оны 9 сард БНХАУ-Казакстан улсууд хөрөнгө оруулалтын зургаан баримт бичигт гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулалтын дүр зургаар харах юм бол БНХАУ-ын зүгээс Казакстанд 22 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон байна. Хөрөнгө оруулалтын ихэнх нь дэд бүтцийн салбарт чиглэж байгаа бөгөөд хоёр улсыг хамарсан шинэ зам барихаар болсон байна.

Казахстан руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2007 онд 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2010 оны байдлаар 10 тэрбум ам.долларт хүрчээ. 2000 оноос тус улсад ГХО-ын уур амьсгал өөрчлөгдөж эхэлсэн гэж үздэг. Энэ үед гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан үйлчилгээний тухай мэдээллийг нээлттэй болгох,  Казахстаны нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулагчдын эрхийг баталгаатай хамгаалах тухай Үндсэн хуулийн болон бусад хэм хэмжээний актуудыг баталсан билээ. Казахстан хөрөнгө оруулалтыг дэмжих болон хамгаалах тухай хэлэлцээрт АНУ, Франц, ОХУ зэрэг 37 оронтой  гарын үсэг зурсан юм.

Казахстаны Засгийн газраас ГХО-ын дэмжих хандлага нээлттэй болсон ч дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль журам чангарсан гэдэг. 1999 онд хуульд оруулсан өөрчлөлтөөр уул уурхайн компаниуд эх орны хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байх заалтыг оруулжээ. 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэ хувилбар нь гадаадын хөрөнгө оруулагчдад “гэнэтийн бэлэг барьсан” юм.  Хуулийн өөрчлөлтөд гэрээний зүйлүүд тогтмол байх тухай заажээ. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдийн 31 хувь нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа хойшлуулахад хүрсэн.

Казахстан нь уул уурхайн салбар болон боловсруулах үйлдвэрүүддээ гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг илүү тодорхой заах үүднээс “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулиндаа 2004 онд хамгийн олон удаа өөрчлөлт оруулсан байдаг. ГХО-ыг хязгаарласан салбарууд: 

 - Банк санхүү /гадаадын хөрөнгө оруулалтын дээд хязгаар 25 хувь/

- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл /гадаадын хөрөнгө оруулалт 20 хувиас хэтрэхгүй байх/

- Харилцаа холбоо /гадаадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээ 49 хувиас хэтрэхгүй байх/

Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газар  гол үүрэг гүйцэтгэнэ. Тендерийн хороонуудад Засгийн газрын албан хаагчдаас заавал орсон байх шаардлагатайгаас гадна олон улсын чанартай томоохон төслүүд Ерөнхийлөгчийн өөрийн шийдвэрлэх асуудалд багтдаг байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын машин үйлдвэрлэл болон түүхий эд боловсруулалтын үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулдаг. Уул уурхайн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр Казахстаны Засгийн газар гадаадын уул уурхайн компаниудтай Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хувьцааны илүү хувийг эзээмших гэх зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлага ширүүсч, зарим тохиолдолд зөвхөн хамтран эзэмших санал гаргах болсонд хөрөнгө оруулагч орнууд таагүй хандаж байна. Казахстан нь “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульдаа энэ оны хоёрдугаар сард дахин өөрчлөлт оруулжээ.

Дараагийн том хөрөнгө оруулж буй улс нь Киргиз юм. Хятад улс одоо­гоор Киргизийн талд өгч байгаа зээлийн туслалцаагаа их биш хэмжээнд барьж байгаа ажээ. Энэ зээлийн хөрөнгийн ихэнх нь Киргизийн засгийн газрын захиалгын дагуу хийгдэж буй техникийн туслалцаа хэлбэрээр орж байгаа бөгөөд уулын баяжуулах үйлдвэрийн зарим нэг жижиг төслүүдэд мөн зориулагдаж байгаа аж. Үүний зэрэгцээ Киргизийн тээврийн болон барилгын салбарт ч мөн Хятадын талаас зээлийн туслалцаа үзүүлсээр байгаа юм байна. Киргизээр дамжуулан төмөр зам бари

Гэхдээ одоогоор Хятад улс Киргизэд томоохон хөрөнгө оруулалт хийхдээ хойрго, азнаж хүлээсэн байдалтай байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Хамгийн гол шалтгаан нь Киргизийн дотоод улстөрийн байдал тогтвортой бус байгаатай холбоотой бөгөөд нөгөө талаар энэ улс нь Орос болон АНУ-ын нөлөөнд амархан автах нөхцөл байдалтай байгаа нь ч мөн Хятадын сонирхлыг бууруулахад хүргэж байгаа гэнэ. (ОХУ болон АНУ-ын аль алиных нь цэргийн бааз Киргизэд байгаа.)

Худалдааны салбарт, 2012 онд Киргизийн тоо бүртгэлд харуулснаар, нийт хэмжээ нь 1 тэрбум 270 сая ам долларт хүрчээ. Хятад улс нь өнөөдөр Киргизийн хоёрдахь том худалдааны түнш бөгөөд экспортын барааны хоёрдахь зах зээл юм. Хятад улс нь мөн Киргизстаны хөрөнгө оруулалтын чухал түнш болно.

Өнөөдрийн байдлаар Хятад улсын Киргизстанд хийсэн төрөл бүрийн хөрөнгө оруулалт 1 тэрбум 700 сая ам долларт хүрч, Киргизийн зам харилцаа дэд бүтцийн байгуулалт зэрэг эдийн засгийн хөгжлийн гол салбаруудыг хамарсан.2012 онд, хоёр орны харилцан зорчигчид давхардсан тоогоор 100 мянгад хүрэв. Хятадад ирж суралцаж байгаа Киргизийн оюутны тоо жил бүр 400 орчмоор нэмэгдэж, өнөөгийн байдлаар, Киргизийн 2000 гаруй оюутан Хятадад суралцаж байгаа юм. Үүний зэрэгцээ өнөө Хятад соёлыг ойлгож мэдэх болон хятад хэл сурах өрнөл Киргизид ид явагдаж байгаа юм. Хятад мөрөөдөл Киргиз улсад биелэлээ олж байгаа юм.

Тажикстан улсын хувьд Хятадын зүгээс тус улс руу чиглэсэн харилцаандаа илүү геополитикийн шинжтэй сонирхлоор хандаж байгаа ажээ. Хятад улс багагүй зээлийн туслалцааг тус улсад үзүүлснээр Тажикстаныг өөрийн түүхий эдийн суурь нөөц, бараа хангалтын зах зээл болгон хувиргаж байгаа тухай гадаадын ажиглагчид дурдсаар байна. Хятадын зүгээс энэ улсад өөрийн сонирхол, нөлөөллийг бэхжүүлэхэд нь Тажикстаны эдийн засаг нийгмийн хямралт нөхцөл байдал болон эрчим хүч, хүнсний хангалтын хомсдол “ивээс” болж байгаа тухай яригдсаар байна.

Өнөөгийн байдлаар Хятад улс Тажикстаны гол донор орон болчихоод байгаа бөгөөд хэдийнээ нэг тэрбум гаран ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус улсад өгчихөөд байгаа юм байна. Эдгээр хөрөнгө нь Тажикстанд зам гүүр барих зэрэг дэд бүтцийн салбарт түлхүү зарцуулагдаж байгаа аж. Энэ эрчимтэй санхүүгийн тусламжийн нөлөөгөөр Хятад улс Тажикстаны нийт гадаад өрийн 40 хувийг дангаараа барьж байгаа юм.

Энэ бүх санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд Дундад улс Тажикстанд алт болон уран, мөн газрын ховор металлыг олборлох эрхийг өвөртөлчихөөд байгаа юм байна. Мөн тус хоёр орны хооронд маргаан тариад байсан 1 мянган ам.километр газар нутгийг Хятадын талд найр тавин өгөхөд хүргэсэн байна.

Төв Азийн улс орнууд БНХАУ-тай эдийн засгийн хувьд хэдийгээр нягт харилцаатай байгаа, эдийн засгийн өсөлт нь сайн харагдаж байгаа ч цаашдаа аюулгүй байдал тусгаар тогтнолд нь аюул учирч болзошгүй . Эдийн засаг улс төрийн хувьд хэт нэг гүрний хараат байх мөн дээрээс нь төлж дийлэхгүй их өрийн дарамтанд орох нь эргээд геополитикийн хувьд томоохон асуудал юм. Бээжингийн тойгойлж буй “ШХАБ” бол тэр чигээрээ Хятадын эсрэг хямрал гаргаж болзошгүй улс орнуудыг номхотгох гэсэн үзэл юм. Төв Азийн исламын тэрс үзэлтэнүүдийг Хятад улс дангаараа дарж чадахгүй бөгөөд зөвхөн төв Азийн улс орнуудын дарангуйлалын төгс системээр тогоох барих юм. Энэ нь эдийн засаг улс төртэй нягт холбоотойн илрэл болно.

 

Т.Сүхбаатар

http://sukheeax.wordpress.com