Монгол Улсад хөрш орнуудын маань төрийн тэргүүнүүд хэдхэн хоногийн зайтай айлчилж байгаа нь ховор тохиолдол болж байна. Уналтад орсон эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд манай эрх баригчид ч гадаад бодлогодоо түлхүү анхаарч байгаа бол хамтрагчдын хувьд ч уламжлалт түнш болох хөрш хоёр улсаа онилоод байгаа билээ. Тэдний сонирхол зарим талаараа манайхтай давхцаж байгаа нь олзуурхууштай. Гэвч энэхүү хүндхэн тоглоомоос Монгол улсад чухам ямар алдагдал хийгээд ашиг авчирч болох талаар бяцхан тооцоолол гаргая.

 

Манайхан чихэр гордих хүүхэд адил алгаа тосон гүйлдэх нь үнэндээ Орос, Хятад хэмээх хоёр том гүрнээс шууд хамааралтай болохын “цондон” хэмээн олон улсын ажиглагчид дүгнэжээ.

 

Саяхан Си дарга хоёр өдрийн айлчлал хийхдээ 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл мөн Хятадын хөгжлийн банкнаас 8 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй 162 сая ам.долларын зээл олгох зөвшөөрөл олгоод буцсан. Тэгвэл энэ удаад В.Путин Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох дэд бүтцийн салбарт нэлээдгүй хөрөнгө хаяна гэж ажиглагчид үзэж байна.

 

Германы “Дойчи Велли” агентлагийн Ази-Номхон далайн орнууд дахь шинжээч, Монгол судлаач эрдэмтэн Нейл Ашдаун “ОХУ дээд түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Монгол улсад айлчилж байгаа нь Төв Азийн улс орнуудыг ихэд сонирхож байгааг илтгэх дохио” хэмээн ярьжээ.

 

Хөрш орнууд ямар боломжийг атгаж байна вэ?

 

Гуравхан сая хүн амтай Монгол Улс хэрэгцээгээ хангахын тулд хөрш орнуудаасаа боломжит бүхий л бүтээгдэхүүн, түүхий эдийг импортолж байгаа нь нууц биш юм. 2013 оны байдлаар ОХУ болон манай улсын гадаад худалдааны эргэлт 1.6 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн бензин, дизель түлш, цахилгаан эрчим хүчний 76 хувийг хойд хөршөөс хангадаг төдийгүй өнгөрсөн онд Монгол Улсын гурав дахь том импортлогч орноор тодорсон. Харин Оросын талаас манай улсын нүүрс, мөнгө, ураны уул уурхай, олборлолтын салбарт тоглолт хийхээр гол хүчээ нөөж буй гэгдэж байгаа билээ.

 

Тэгвэл Оросын өмнө хэн алхаж байна вэ. Монгол улсын хувьд нэлээдгүй хэмжээний импортын бүтээгдэхүүнийг ОХУ-аас авдаг хэдий ч манай улсын нийт импортын бүтээгдэхүүний дөнгөж 1.4 хувийг тус улс руу гаргаж байна. Харин Канад улсад 3.6 хувийн экспортын бүтээгдэхүүнээ гаргадаг байна. Харин үлдсэн 90 шахам хувийн бүтээгдэхүүнийг дангаараа Хятад улс руу экспортолж байгаа аж. Үүний хамгийн тод жишээ бол Хятад болон Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 6 тэрбум ам.долларт хүрсэн гэх мэдээлэл юм. Энэ ч утгаар Си Зиньпиний айлчлалын үеэр Улааны цайрын ордыг ашиглах, Гурванбулагийн ураны ордыг олборлох лицензийг авах зэрэг  цөм асуудлыг Хятадын тал хөндөж амжсан билээ.

 

Хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 70 хувиар буурчээ

 

2011 онд ДНБ-ий өсөлт 17.5 хувьд хүрч Монгол улс “мандан бадарч” байлаа. Харамсалтай нь экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ огцом унаснаар уул уурхайгаас хамааралтай эдийн засаг маань дахин  шалдаа унаж 2014 оны эхний хагасын байдлаар 5.3 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ нь сүүлийн дөрвөн жил дэх хамгийн муу үзүүлэлт болжээ. Үүнээс дутахааргүй муу мэдээ нь эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 70 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш 16 хувиар буурч, инфляцийн түвшин 14.9 хувьтай байгаа нь бүр ч ихээр сэтгэл зовоож байгаа билээ.

 

Хөрөнгө оруулагчдын зүгээс хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр Засгийн газарт ихээхэн шүүмжлэл өгч байсан ч энэ нь гол шалтгаан болоогүй юм. Харин үндсэрхэг үзлээс үүдсэн маргаанаас болж сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар дахь гадаадын компаниудад зөвшөөрөл олгох асуудлыг чангатгасан нь дээрх асуудалд хүргэсэн байна. Үүнээс гадна Засгийн газар Оюутолгойн зэсийн уурхай болон Рио Тинтог тойрсон асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр толгой хөрөнгө оруулагчдыг татна гэдэг бараг боломжгүй хэмээн үзэж байгаа аж.

 

1.3 их наяд ам.долларын нөөцтэй газрын баялгийн ирээдүй

 

Хүйтэн дайны үед ЗХУ-аас бүрэн хамааралтай байсан манай улс 1990 он гарсаар ардчилсан дэглэмд шилжиж хоёр хөршөөс цаадахыг харах нүдтэй болсон билээ. Хэдийгээр Монгол Улс хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцааг бэхжүүлж Япон, Өмнөд Солонгос, Канад, АНУ зэрэг орнуудаас гуравдагч хөршөө сонгоно хэмээн тунхаглаж байгаа ч хөрш орнуудын нөлөөг бууруулна гэдэг нь тун магадлал багатай таамаглал юм.

 

Энэ талаар Монгол судлаач эрдэмтэн Нейл Ашдаун “Өнгөрсөн жилийн хувьд Монголын эрх баригчид ердөө л дипломат бодлогоо хадгалж үлдэхийн тулд алдагдалтай эдийн засгийг хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Энэ утгаараа улс орны хямралыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг авчирах гол гарцыг Монголчууд өөрсдөө хаасан гэсэн үг юм. Иймээс эцсийн дүндээ ОХУ болон Хятадыг түшихээс өөр аргагүйд хүрч байна“ гэжээ. Ийнхүү 1.3 их наяд ам.долларын газрын баялагтай гэсэн урьдчилсан тооцоо гараад Монгол Улс их гүрнүүдийн шуналыг асаахаас өөр яалтай билээ.

 

Гарц..

 

Уул уурхайн салбарын хөгжлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор манай улс дэд бүтцээ сайжруулах, шинээр төмөр зам барих асуудал тулгараад байгаа билээ. Төмөр зам барьснаар зөвхөн нүүрс зөөх төдий бус алт, зэс, төмөр гээд эрдэс баялагаа дэлхийн зах зээлд өндөр үнээр нийлүүлэх боломжтойгоос гадна эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, дотоодын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж нээгдэнэ. Гэхдээ чухам хаашаа зам тавих уу, ямар царигтай төмөр зам барих вэ гэдэг асуудлыг оновчтой шийдвэрлэсний дараа л Монголын газрын баялаг үр ашгаа өгч эхлэнэ гэдгийг шинжээчид анхааруулсан байна.

 

 Үүнээс гадна өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын төрийн өмчийн оролцоотой “Газпром”, Хятадын төрийн өмчит “CNPC” компаниудын хооронд 30 жилийн хугацаанд 4 их наяд шоо метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын хэлэлцээр хийгдсэн билээ. Хэрэв Монгол улс геополтикийн ашигтай байдлаа хадгалж өөрийн нутаг дэвсгэр дээгүүр байгалийн хий дамжуулах хоолойг барих асуудлыг дэвшүүлж чадвал манай улсад олон давуу талыг бий болгох нь дамжиггүй юм.

 

Түүчлэн Хятадын дэмжлэгтэйгээр АПЕК-д байр сууриа бэхжүүлж, урт хугацааны гуравдагч хөршийн бодлого баримтлах боломж олдохын зэрэгцээ 10 жилийн турш ажиглагчийн байр сууринд байсан Монгол улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон болохыг ч үгүйсгэх аргагүй билээ. Чухамхүү ухаан зарсан, ашигтай шийдлүүдийг л гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг энд сануулъя.

Б.Саруул

http://world.eagle.mn/