Н.Ууганбаатар (Ph.D)

МУИС, Математикийн Тэнхим

http://uuganbaatar-ninjbat.weebly.com/

 

2010 онд бичсэн “Тоглоом ба Дүрэм” нийтлэл маань ийм дүгнэлтээр төгссөн:

Тоглоомд зөвхөн тохиолдлоор буюу хааяа нэг амжилт гаргах биш амжиттай тоглохын тулд, дүрмийг нь өөрчилж чадахгүй нөхцөлд дүрмээр нь тоглохоос өөр сонголтгүй. Ингэхийн тулд мэдээж юун түрүүнд тоглож буй тоглоомынхоо дүрмийг нь ойлгох хэрэгтэй болно. Харин дүрмийг нь ойлгосон үед бол асуудал өөр: Тэгвэл А гэсэн үйлдэл нь дээр үү (?), эсвэл Б нь зөв үү (?) гэдгийг бодож олж болно.

 

”Дүрмийг нь ойлгох” гэдэг тоглоом бас өөрөө дүрэмтэй байж таарна: Турших-алдах гэсэн процесээр явах уу (?) эсвэл судлах-ойлгох гэсэн процес нь энэ тоглоомд илүү амжилтанд хүргэх үү (?) гээд л… Биднийг нөгөө хүсээд байгаа хөгжил дэвшил, эмх замбараа гэх мэт зүйлс рүү маань хүргэх зам энэ хавиас л эхэлж байгаа болов уу.

 

Энэ удаад тус нийтлэлийн үргэлжлэл болгож дүрмээр нь тоглохгүй байгаа буюу буруу ойлгож, буруу шийдвэр гаргаж байгаа заримтомоохон тоглоомуудыг (grand games) авч үзэхээр шийдэв.

 

Монголчууд ба аxуйн чанартай асуудлууд

 

100 жилийн өмнө Барон Унгерн монголд ирээд цэргүүдтэйгээ хамт өргөөний хогийг цэвэрлэж байсан тухай манай зарим түүхчид ярьдаг. Энэ хүн зүгээр нэг зугаагаа гаргах гэж хог цэвэрлээгүй нь лавтай. Тэр үед манай өргөөний аxуйн асуудлууд, тэр дундаа хогны асуудал “нэлээн хүнд” байсан тухай бусад баримтууд ч бас бий.Өнөөдөр ч гэсэн xог, замын түгжрэл, агаарын бохирдол, дуу шуугиан гээд л бидний амьдарч буй хотын ахуйн чанартай асуудлууд тэр үеийнхээс нэг их дутахгүй гэж хэлэхэд болно.

 

Ер нь улс орнуудын хөгжлийн түвшин болон тэдэнд тулгамдаж буй асуудлуудын зэрэглэл нь хоорондоо хамааралтай байдаг байх. Лев Толстой хэлсэн шүү дээ "Аз жаргалтай гэр бүлүүд бүгд адилхан, харин тэр аз жаргалыг нь олоогүй байгаа гэр бүлүүд өөр өөрийн зовлонтой байдаг" гэж. Жишээ нь иx ядуу орон бол хоол хүнс, уух ус, уншиж бичихэд суралцах гэх мэт асуудлуудтай байхад, манайх шиг дунд хэрийн улс аxуйн чанартай асуудлуудтай тулгардаг байж болох юм.

 

Уг нь манай ерөнхийлөгч утаатай тэмцэх тухай удаа дараа ярьж, ерөнхий сайд дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр анхаарна гэдгээ хэлсэн. Энэ талаар зарим арга хэмжээнүүд авч байгаад ч эргэлзэх юм алга. Гол нь "манайд яагаад ийм төрлийн асуудлууд нүүрлээд байгаа", "тэднээс гарсны дараа өөр аxуйн чанартай асуудлууд залгаад нүүрлэх эсэх" талаар бодож байгаа хүн, бичиж байгаа сэтгүүлч, судалж байгаа эрдэмтэн ховорхон. Учир нь тэд бас л өөрдсийн ахуйн асуудлуудтайгаа зууралдсаар, ажилдаа явна, замдаа түгжирнэ, цалингийн зээл авна ... гээд бүгд завгүй.

 

Гэхдээ дор бүрнээ завгүй мөртлөө бүх нийтээрээ юм бүтээхгүй байх нь эмгэнэл юм. Хамгийн хэцүү нь бид энэ чигээрээ явбал үр хойчдоо эдгээр ахуйн асуудлуудаа яг хэвээр нь өвлүүлэх төлөвтэй. Миний бодлоор бидний ахуйн асуудлууд цөөн хэдэн шалтгаантай. Зарим нь биднээс, тэр дундаа бидний хэв маяг, дадал зуршлаас шууд хамаарна. Үүний тод жишээ бол хогны асуудал. Уг нь дор бүрнээ ядаж хогоо ялгадаг, тэгээд саванд хаядаг болчихвол энэ асуудал цэгцрээд явчихна. Дээрээс нь манай эрчүүд гудманд бие засахаа больчихвол ч...

 

Харин зарим асуудлууд бидний буруу ойлголт, буруу менежменттэй холбоотой. Үүний жишээ гэвэл утаа болон замын түгжрэл. “Хэрэв нэг ижил үйлдлийг олон хүн ахин дахин хийдэг бол, тэрнийг хүн бүр дор бүрнээ хийдэг байснаас нийтээрээ нэг хэвээр хийдэг байх нь илүү ашигтай” гэсэн дүрэм бий. Үүнийг эдийн засгийн ухаанд "өргөжилтийн үр өгөөж (economies of scale, economies of scope)" гэнэ. Чухамдаа өргөжилтийн үр өгөөж нь урт хугацаанд эдийн засаг өсөхөд, хот суурин хөл дээрээ босч оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй хүчин зүйл гэдгийг эдийн засгийн онолын болон түүхийн судалгаанууд нотолдог. Өөрөөр хэлбэл хэрэв өргөжилтийн үр өгөөж байгаагүй бол хот суурингууд ингэтлээ их тэлж, хотжилт хүний нийгэмд дэлгэрэхгүй байсан гэсэн үг. Угтаа бол өргөжилтийн үр өгөөжөөс хүн бүр хүртэж байж нийтийн хуримтлал үүсдэг ба тэгээд түүнийгээ хойч үедээ өвлүүлдэг жамтай. Хот сууриний төлөвшилт ийм зарчмаар л явж ирсэн.

 

Жишээ нь манайх шиг нийтийн тээврээ хувьчилсан улс орон байдаг тухай би лав дуулаагүй. Нэр нь хүртэл "нийтийн тээвэр (public transportation)" шүү дээ. Нөгөө талаас нийтийн тээврийг сайжруулчихвал замын түгжрэл, цаашлаад агаарын бохирдол, шатхууны хэрэглээ гээд олон асуудлыг шийднэ гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэхдээ нийтийн тээврийг сайжруулах ажлыг хувийн сектор хийдэггүй. Учир нь хэрэв хувийн секторт үлдээвэл, (1) эсвэл манай одоогийнх шиг байгаа жоохон зам, маршрутаа булаацалдана,  үүнийг дагаад эрсдэл ихсэж үйлчилгээ муудна; (2) эсвэл үйлчилгээний үнэ нэмэгдэж нийтийн тээврий дээр хэлсэн дам нөлөө эрс багасна; (3) эсвэл өрсөлдөөнөөс нэг нь шалгарч үлдээд монополь (natural monopoly) болж тогтоно. Ингээд аль ч тохиолдолд "нийтийн тээвэр”-ийг хувьчлах нь нийгэмд ашиггүй шийдэл болно.

 

Ингэхээрхотжилтын тоглоомыг тоглож сурахын тулд өргөжилтийн үр өгөөжийг ойлгох, түүнийг ашиглах зайлшгүй шаардлагтай. Миний бодлоор бид яг үүн дээр том алдаж байгаа бөгөөд энэ алдаагаа засахгүй бол аxуйн асуудлуудын тойргоос гарах гэж их удахаар харагдаж байна.

 

Боловсролын талаар хэдэн үг

 

Өнгөрсөн амьдралаа бодож үзвэл “боловсрол миний амьдралд чухал байр суурь эзэлжээ” гэсэн дүгнэлтэнд хүрдэг юм. Учир нь би 7 настай сургуульд орсноосоо хойш сургуулиас огт салаагүй бөгөөд энэ хооронд хөдөөний, хотын, Монголын, гадаадын, бага, дунд, ахлах, их гээд л олон төрлийн боловсролын байгууллагад сурч, ажилласан байгаа юм. Дээрээс нь багшийн гэр бүлд төрж өссөн гэдгээ тооцвол энэ салбартай холбоо минь улам лавширна.

 

Орчин үеийн аль ч нийгэмд боловрсолын салбараас хүлээх хүлээлт их байдаг. Заримдаа нийгмийн бүх асуудлыг боловсролоор дамжуулан шийдэж болох мэт хандлага ч илэрдэг. Уг нь нийгэм дэхь боловсролын үүргийг эдийн засаг дахь мөнгөнийхтэй, эсвэл хүний бие дэхь цусныхтай адилтгаж болно. Учир нь эдгээр тохиолдлуудад тухайн дэд систем эх системийнхээ өнцөг булан бүрт хүрч ажилладаг ба түүний үндсэн динамикийг өөр дээрээ авч байдаг онцлогтой. Иймд урт хугацаанд их олон асуудлыг боловсролоор дамжуулж шийдэх боломжтой байжмэднэ.

 

Боловсролын тогтолцоо нь шатлалтай (hierarchic), орц-гарц бүтэцтэй (input-output), эргэх холбоотой (feedback) систем юм. Үүнийг энгийн сxемээрдүрсэлвэл [Цэцэрлэг ⇒ Бага Сургууль ⇒ Дунд Сургууль ⇒ Ахлах Сургууль ⇒ ИхСургууль ⇒ Цэцэрлэг] гэж харагдана. Шатлалтай гэдэг нь ажил үүргийн хувиарлалттай гэсэн үг: эхний шатанд хүмүүжинэ, нийгэмшинэ, багшийг сонсож, бусадтайгаа хамт байж сурна. Тэгээд сургуульд ороод энэпроцес давтагдана, гэхдээ арай өөр түвшинд. Үүний зэрэгцээ уншиx, бичиx, тоолохгэх мэт тодорхой чадваруудад суралцана. Ингээд бүх юм зүй ёсоороо явбал, ихсургуульд орохдоо зарим үндсэн чадвар, суурь мэдлэгээс гадна, биеэ авч явах, хувийн зохион байгуулалттай байх, бусадтай хамтарч ажиллах гээд хэд хэдэн чухал хүмүүжил, боловсролыг эзэмшсэн байна. Харин их сургуульд бол оюутан хувь хүнийхээ хувьдилүү чөлөөтэй байх ба ахисан түвшний мэдлэг, тодорхой мэргэжил эзэмшинэ.

 

Орц-гарц бүтэцтэй гэхээр шатлалын өмнөх хэсгээс гарсан гарц нь дараагийн хэсэгтээорц болдог гэсэн үг. Харин системд байгаа эргэх холбоо нь системээс боловсорч гарсанхүмүүс системдээ буцаад нөлөөлдөг гэдгийг илэрхийлнэ. Энэ нь боловсорсон хүн бүр эцэг эх, ах эгчийн, эсвэл багш ажилтны, эсвэл дарга, хянагч, шийдвэр гаргачийн хувиар эргээдболовсролын системийн хэсэг болдгоос үүдэлтэй. Гол нь дээрх системийн хувьд альнэг газар нь муудахад хэсэг хугацааны дараа систем бүхэлдээ муудна. Жишээ нь сурах арга барил эзэмшээгүй, хувийн зохион байгуулалт муутай их сургуулийн оюутантай ажиллахад туйлийн бэрхшээлтэй байдаг. Тийм оюутан ямар нэгэн байдлаар их сургууль төгслөөч гэсэн зохих мэдлэг, мэргэжилийг бүрэн дүүрэн сурч чадахгүй. Гэтэл эргэххолбоогоор энэ хүн буцаад системд нөлөөлнө.

 

Ер нь хэцүү цагт нь хүнд туслаж чадахгүй системээр бид яах юм? Өөрөөр хэлбэл систем чаддаг юмыг нь давтах биш, чадахгүй байгаа гэхдээ өөрт болон бусдад хэрэгтэй, улс эх оронд шаардлагатай мэдлэг, чадваруудыг олгох ёстой. Иймд боловсролын нэг чухалүүрэг бол нийгмийнхээ гүйцээлт маягаар ажиллах явдал юм. Жишээ нь манайд хөгжмийн болон уран зургийн боловсрол дээр чухал анхаармаар санагддаг. Ингэхдээ хүүхдүүдэд дуулж хуурдахыг заахдаа гол нь биш, харин гоо зүйн мэдрэмж олгох, хамтарч ажиллахад сургах, харахад амархан мөртлөө хийхэд хэцүү юмууд байдаг гэдгийг мэдрүүлэх, цаашлаад энэ талаарх үнэлэмжийг нь дээшлүүлэхэд эдгээрсалбарууд чухал ач холбогдолтой гэдгийг ойлгох нь илүү чухал.

 

Жишээлбэл Австри улсад хүүхэд бүр цанаар гулгадаг ба сурагч бүр вальс бүжиглэдэг. Үүний цаана амьдралд сургах сургууль явж буй юм: ямар нэг хөгжмийн аяанд тохируулан, хэн нэгэн хүнтэй хамт бүжиглэхийг “хүний амьдралын жижиг загвар” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл амьдрал чгэсэн нэг төрлийн хосоороо бүжиглэдэг бүжиг гэж үзвэл бүжиглэж сургана гэдэг нь зөвхөн урлагт сургах биш амьдралд бас сургаж буй хэрэг юм. Харин манайханд энэ төрлийнчадвар дутмаг байдаг нь илт анзаарагддаг. Бид бага зэрэг бардам, онгироо, тэгсэн мөртлөө ур чадварыг үнэлэх, багаар ажиллах, жижиг юмны үнэ цэнийг ойлгохдоо тааруухан улсууд.

 

Ингэхээр бид боловсролыг нэг бүтэн систем болгож хармаар, аливаа бодлого боловсруулахдаа энэ системийн онцлогуудыг нь нэн тэргүүнд харгалзаж үзмээр байна. Ернь боловсролын үүргийг сайн ойлгомоор, шаардлагатай бол дахин тодруулмаар, эсвэл тодорхойлмоор байна. Дээрээс нь Монголчуудын дутууг нөхөх, чаддаггүй юмнуудыг нь чаддаг болгоход түлхүү анхаармаар байна. Боловсролын тоглоомын үндсэн дүрэм энэ хавид л нуугдаж байгаа.

Хөгжлийн логик: дедукци ба индукци, гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөл

 

Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн талаар бүгд сонссон байх. Тэрээр “Энэтхэгийн тусгаар тогтнол” гэсэн их том үйл хэргийг их зөв зарчмаар буюу энх тайванч байдлаар, ухаалгаар шийдсэнээрээ алдартай. Хүн төрөлхтөний түүхэнд тусгаар тогтнолоо хүч хэрэглэлгүйгээр олж авна гэдэг тийм ч элбэг тохиолдол биш бөгөөд энэ утгаараа Гандигийн үйл хэрэг бол сайн жишиг мөн. Тэрээр “шууд тусгаар тогтноё,” “тусгаар тогтнол гэж энийг хэлнэ” гэсэн дедуктув байдлаар биш, тусгаар тогтнолд индуктив алхамаар хүрснээрээ онцогтой. Түүний энэ түүх“аливаа том хэргийг алхам алхамаар, гэхдээ тууштай байдлаар бүтээж болох ба энэ нь зарим үед хамгийн сайн арга байдаг” гэдгийг харуулдаг.

 

Харин манай өнөөгийн байдлыг авч үзвэл бид энэ арга замыг төдийлөн хэрэглэхгүй байгаа нь анзаарагддаг. Учир нь ардчилал, ардчилсан нийгэм гэсэн хийсвэр шинжтэй ерөнхий том ойлголтоос манай өнөөгийн нийгмийн шинэчлэл, шилжилт эхэлсэн. Харин сүүлийн үед ерөнхий хийсвэр ойлголтын оронд тодорхой загвар (модел)-ийг олж нутагшуулахыг оролдох болсон. Тийм моделийн тэргүүн эгнээнд Америк болон Швейцари гэх мэт орнуудын институцийн тогтолцоо яригдаж байх шиг байна. Гэхдээ сонирхолтой нь Монгол бол Америк, Швейцари биш бөгөөд энэ хоёр дангаараа битгий хэл эдний ямар нэг сентез (комбинаци) нь бидэнд тохирох эсэх нь ч тодорхойгүйюм.

 

Ардчилсан нийгэм байгуулах асуудалд дедуктив маягаар хандах нь доод шатандаа маш олон үл ойлголцол үүсгэх эрсдэлтэй. Учир нь нийгмийн бүх асуудлуудыг хэдэн ерөнхий зарчимд багтаах ямар ч боломжгүйболохоор xаа нэг газар зааг, хоосон орон зай, түүнийг дагасан зөрчилдөөн үүсэх нь зайлшгүй юм. Үүн дээр нэмээд бусад орны ямар нэг зарвар авчирч нутагшуулна гэхэд нөгөө улиг болсон “манай нөхцөл таарах эсэх” асуудалтай байнга тулгарна. Ингэхээр манай цаг үеийн онцлог гэмээр эдгээр асуудлуудньардчилсан нийгмийг байгуулахдедуктив хандлагатай шууд холбоотойгоор үүссэн гэж үзэж болно.

 

Иймд бидний хувьд шинэ орчинд хөлөө олж, шинэ нийгмийг сайн сайханбөгөөдүр хойчдоо өгөөжтэй байдлаар зохион байгуулахад индуктив арга барил зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ багаас нь эхэлж томруулна гэхээр бага сургуулийн хүүхдэд, эсвэл хөдөө сумын залуучуудад нөгөө ерөнхий хэдэн зарчмаа зааж сургахаас эхэлнэ гэсэн үг биш шүү. Иймэрхүү ажил асуудлыг улс төржүүлэхээс өөр үр дүнд бараг хүргэхгүй. Харин түүний оронд аливаа шинэ санаанд нээлттэй, зөв агуулга бүхий оролдлого, санаачлагыг дэмждэг, ой санамжтай, шаардлагатай үед эрсдэл авч чаддаг, гэхдээ алдаан дээрээ хурдан суралцдаг тогтолцоог бүрдүүлэх нь гол юм. Угтаа бол энэ нь жижиг алхамаар гэхдээ тогтмол урагшилдаг, суралцдаг систем гэсэн үг. Ийм тогтолцоог “суралцагч нийгэм (learning society)” гэж нэрлэж болох бөгөөд хэрэвээ үүнийг бүрэлдүүлж чадвал бид нийгэмд зөв жишиг тогтоож, ихийг энх тунх замаар шийдэж чадна. Иймд дедуктив-идэвхигүй (passive) тогтолцооноос индуктив-идэвхитэй (active) тогтолцоонд шилжмээр байна.

 

Харин суралцагч нийгмийг буй болгоход шаардлагатай нэг зүйл нь хүрэлцээтэй нөхцөлд биш гарцаагүй нөхцөлд тулгуурлаж сэтгэх явдал юм. Угтаа бол “ингэвэл тухайн асуудал шийдэгдэнэ” гэсэн байдлаар биш “ингэхгүй л бол шийдэгдэхгүй юм байна”гэх буюу“энэ асуудлыг шийдэхийн тулд бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйл нь тэр юм” гэсэн маягаар ханддаг хэв маягийг дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Учир нь зайлшгүй нөхцөлд санал нэгдэх нь хүрэлцээтэй нөхцөлд нэгдэхээс илүү хялбар бөгөөд ингэж байж л бид ухаалгаар маргалдаж, дуусдаггүй яриануудыг дуусдаг, үр дүнтэй яриа болгож чадна.Жишээ нь “ингэвэл хөгжинө, тэгвэл хөгжинө” гэх мэтээр том онол, эсвэл олон арванпрактик яриад байвал энэ яриа дуусахгүй,дууссан ч үр дүнд хүрэхгүй, яагаад гэвэл тэр хүрэлцээтэй нөхцөлийг нь биелүүлэх боломж бидэнд хомс. Өөрөөр хэлбэл xүрэлцээтэй нөхцөлүүд ихэнх тохиолдолд бидэнд томдоно, ахадна гэсэн үг.Харин “ингэж байж л бид хөгжих юм байна” гэсэн маягаар хандвал энэ яриа ямар нэг тодорхой үр дүнд хүргэнэ.

 

Суралцагч нийгмийн логик бүтэц нэг иймэрхүү. Улмаар манай улсын хөгжлийн логик ч гэсэн энэ хавид л нуугдаж байхаас зайлахгүй.

 

Бүтцийн өөрчлөлт үү? Сэтгэлгээний (Paradigm) өөрчлөлт үү?

 

Ямар ч зохион байгуулалттай байсан хүний нийгэмд институцийн тогтолцоо хамгийн чухал элемемент нь байдаг. Жишээ нь гүйцэтгэх засаглал, хууль сахиулах засаглал гэдэг нь тус бүрдээ интитуцууд. Эд заавал байх ёстой юу? Хэрэв тийм бол эдний ажил үүрэг, эрх мэдэл, хариуцлагын хувиарлалт нь ямар байх ёстой вэ? гэх мэт асуудлууд нь нийгмийн ухааны (социологи, улс төрийн ухаан, эдийн засаг, төрийн захиргааны удирдлага гэх мэт) судалгааны асуудлууд.

 

Шинэ нөхцөлд тохирсон институцийн тогтолцоотой болох ньманай энэ цаг үеийн хамгийн чухал асуудлуудын нэг. Тийм ч учрааснам эвсэл бүхэн сонгуульд өрсөлдөхдөө “шинэчлэл хийх” эсвэл “төгөлдөржүүлэх” тухай яридаг. Үүнтэй холбоотойгоор нэг иймэрхүү хандлага манайд газар авсан шиг байна: гадны ямар нэг онол, загвар, систем эсвэл бүтцийг оруулж ирдэг. Ингэхдээ нарийн судалгаа хийх нь тун ховорхон.Тэгээд тэрнэвтрүүлсэн зүйл нь ажиллахгүй бол онолын, системийн эсвэл загварын буруу биш, харин хүмүүсийн буруу байдаг; тэд л шуналтай, залхуу гэх мэт. Харин ийм жишиг их газар авбал нийгэмд хагарал үүсгэж хямралд хүргэх эрсдэлтэй. Нийгмийн хямрал нь эдийн засгийн хямралаас дутхааргүй хохирол авчирдаг гэдгийг 20-р зууны дунд үеийн Франц болон Америкийн түүх гэрчилнэ.

 

Уг нь манайд хамгийн хэрэгтэй зүйл нь элдэв бүтцийн өөрчлөлтөөс өмнө сэтгэлгээний зарим өөрчлөлтүүд байгаа юм. Тэднийг хийгээгүй цагтүндсэн зөрчилдөөн нь шийдэгдэхгүйболохоор хичнээн сайн бүтэц байгаад ч ажиллахгүй. Харин заримнэг сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадвал орчин үежих асуудал ул суурьтайгаар шийдэгдэх ба элдэв бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй зөрчилдөөн, үл ойлголцол, хохиролыг хамгийн хялбараар даван туулж чадна.

Бидэнд нэн хэрэгтэй байгаа тэр сэтгэлгээний өөрчлөлтүүд нь тэгээд юу вэ? Нэн тэргүүнд зөвхөн тархиндаа багтсан юмыг л амандаа багтаадаг болмоор байна. Учир нь бид мэдэхгүй юмаа их ярихбөгөөдбараг юм бүхэн бидэнд амархан санагддаг. Энэ бол хэвийн бус үзэгдэл! Тэгээдзөвхөн зүрхээрээ бишбас тархиараа,зөвхөнмэдрэмжээрээ биш бас мэдлэгээрээ алив асуудалд ханддаг болмоор байна. Аливаа асуудлыг аналитик, сентетик, ампирик талуудаас нь бодож, зохистой үед нь хийсвэрээр сэтгэж, дүгнэлт хийхэд суралцмаар байна. Голлон хармэдрэмж дээр тулгуурлаж сэтгэвэл (1) асуудлийг өөрийнх нь хүрээнээс хэтрүүлж чаддаггүй; (2) хэцүү асуудалтай тулгарахдаа муухан; (3) өөрийгөө зөвтгөдөг буюу эргэлзэх боломж олгодоггүй учраас алдаагаа хардаггүй, улмаар энэ ньөөртөө хэтэрхий итгэдэг зуршилд хүргэдэгмуу талтай.Энэ байдлаасаа салахгүй юм болтун удахгүй Монгол хүн “толгойнь жижиг, амнь том”гэсэн тодотголтой үлдэх нь.

 

Түүнээс гадна дандаа хүн төвтэй сэтгэх биш, бас юм төвтэй, ойлголт төвтэй сэтгэж сурмаар байна. Зөвхөн хэн нэг хүний арга эвийг олохдээр анхаардаг бус аливаа юмны учрыг олдог, аливаа ойлголтуудын хүрээндчөлөөтэй сэтгэж чаддаг болмоор байна. Чухам ингэж байж л орчин үеийн ертөнцөд бид өөрсдийн орон зайгаа олж авна. Орчин цагийн нийгмийг зохицлоон бүрдүүлж хүн төрлөхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, ингэхдээ өөрийн гэсэн орон зайг буй болгож ул мөрөө үлдээх “томоохон тоглоомын (grand game)” үндсэн дүрэм энэ байна.

 

Дүгнэлт

 

Хэрэв манайд гурав дахь хөрш гэж байх хэрэгтэй бол тэр нь эрдэм мэдлэг байх ёстой юм. Учир нь бид түүгээр дамжуулж дэлхийн аль ч улстай харьцаж болно.

 

“Сайн сайхан нийгмийг зохицлоох” том тоглоомд ялахын тулд бид бүх нийтээрээ “суралцагч нийгэм (learning society)” байгуулах хэрэгтэй байгаа бөгөөд ингэхийн тулднэг талаас жижгээс нь томруу ньшат шатаартууштай ахиулсан индуктив арга барилыг дэлгэрүүлэх, нөгөө талаасаливаа асуудлын гарцаагүй нөхцөлд нь илүү анхаардаг болох зайлшгүй хэрэгтэйюм. Түүнчлэн өөрсдийн зарим нэгмуу зуршлаас салах хэрэгтэйг ухаармаар байна. Их зохиолч Д.Нацагдорж “хуучин хүүг шинэ хүү болох” цагийг бараг 90 жилийн өмнө дуудсан шүү дээ.Одоо тэр цаг нь нэгэнт болжээ.

 

Улаанбаатар хот, 2014.07.02

 

Холбогдох материалууд

“Тоглоом ба Дүрэм”эхний нийтлэлийг эндээс уншиж болно:

http://uuganbaatar-ninjbat.weebly.com/popular-writings.html

 

Хотжилтын эдийн засгийн үндэсний талаар дараах номноос үзэж болно:

Fujita, M.&J-F. Thisse (2013) Economics of Agglomeration - Cities, industrial Location, and Regional Growth.Cambridge University Press.

 

Логикийн тухай, тэр дундаа индукци, дедукици, импликацийн талаар уншиж мэдэхэд дараах ном их тустай:

Priest, G. (2001) Logic: Very Short Introduction, Oxford University Press.

 

1960-аад оны үеийн нийгмийн хөдөлгөөний талаар эдгээр баримтат киноноос үзэж болно:

https://www.youtube.com/watch?v=mUc2eLe-ruI

https://www.youtube.com/watch?v=6UP3RLGmciM