Өнгөрсөн семэстэрт би МУИС болон СУИС гэх мэт сургуулиудад философийн болон психологийн лекцүүд эстетиктэй холбон уншлаа. Үүний цаад зорилго Монгол оронд шашин мухар сүсэг тархахын оронд урлаг тархвал ямар их хэрэгтэй билээ л гэж соён гэгээрэл түгээх зорилготой ажиллалаа. Энд зориуд философ, психолог, мөн эстетик гэсэн ухагдахуунуудыг орчуулахгүй бичиж буйгийн агуулга бол Монгол хэлийг хоёр ангилах шаардлагатай болжээ л гэж хэлэх гэж буй.

Зөвхөн их сургуулиудад биш бас 25 лекц нэртэй нийтэд зориулсан лекц 9 сараас эхлээд хагас сайн өдөр бүр уншиж явахад Монгол хэлийг өдөр дутмын үгс ба танин мэдэхүйн үгс гэж хоёр хуваах цаг болсон мэт харагдлаа. Үүгээр л соён гэгээрэл эхэлнэ. Ерөөсөө шашны гэгээрэл шашиндаа л хүчинтэй гэтэл соёлын гэгээрэл бол танин мэдэхүйн гэгээрэл. Соёлын гэгээрэлийг бас л хэл бичгийн олигтой дүрэмгүй тул хэзээ нэгэн цагт соёл гэдэг үг соён болж хувирчээ.

Их сургуулиудад болон олон нийтэд лекц уншиж байхад хамгийн их төвөг учруулсан зүйл юу вэ гэвэл хүн төрлөхтөний мэдээжийн ойлголт болсон танин мэдэхүйн ухагдахуунуудыг дэндүү дураараа буруу орчуулж нэгэнт дасал болсон явдал цаашид мэдлэг ярих ямар ч боломжгүй болгожээ. Ерөөсөө Монгол хэлний том асуудал үүсжээ. Хэдийгээр социализмын үед Монгол хэлнийхэн том өөрчлөлт хийж крил үсэг рүү дөхүүлж Монгол хэлийг сайжруулсан ч орчуулга дээр том алдаа хийжээ. Энэ бол үг ба ухагдахуун хоёрыг ялгах ёстойг Монгол хэлний эрдэмтэд мэдлэг дутагдсанаас хийж чадсангүй. Үүний баталгаа бол маш доогуур түвшинд бичигдсэн Монгол хэлний тайлбар толь бичиг.

Монгол хэлний эрдэмтэн гэж нэрлэдэг хүмүүс танин мэдэхүй гэдэг зүйлийн талаар ойлголтгүй байсан тул бүх л гадаад үгсийг Монгол хэл орчуулж чадна гэж эндүүрчээ. Гэтэл танин мэдэхүй бол цоо шинийг мэдэж авдаг тул цоо шинэ үг зохиохоос гадна бас ухагдахууныг бүтээдэг. Нэгэнт цоо шинэ ухагдахуун цааш онол хийдэг тул мэдлэг цааш хөгждөг. Энэ л хөгжих ёстой мэдлэгийг Монгол хэлээр заавал орчуулах гэж муйхардсан Монгол хэлнийхэн танин мэдэхүй Монгол оронд орж ирэхэд саад хийж түүгээр ч барахгүй мэргэжлийн үгнүүдийг хүртэл бүдүүлэгээр орчуулж дэлхийн их сургуулийн мэдлэгийг танигдахгүй болтол өөрчилж хаяжээ.

Олон газар лекц уншиж дэлхийн мэдлэгийн номнуудыг танилцуулж байхад танин мэдэхүйн болон философийн ямар их сайхан номнуудыг болон олон улсын ухагдахуунуудыг ойртуулж биш бүр тэс ондоо орчуулсаныг хараад харамсаж явлаа. Бүх юмны шалтгаан ерөөсөө бүх зүйл болохгүй байгаагийн өвчин энд л Монгол хэлэнд буй ажээ. Нэгэнт орчуулгууд мэдлэгийг ямар ч утгагүй болгочихсон тул ямар ч шинэ мэдлэг үнэртэхгүй хаа ч байхгүй хоосон зүйл яриад буй мэдрэгддэг. Сонсож буй хүмүүс байдаг л зүйл сонсоод буй мэт ажиглагддаг. Тийм учраас Монгол ухагдахуунууд амнаас гарах бүр л хүмүүс нөгөө л буруу ойлголт руугаа орчих гээд байсан тул шинэ гэсэн ойлголтыг суулгахын тулд олон улсын хэрэглэдэг Грек болон Латин хэлээр илэрхийлдэг ухагдахуунуудыг хэрэглэхээс өөр замгүй болж байлаа. Яг тайлбарлаад худлаануудаас салгаад олон улсын ухагдахуунуудыг орчуулахгүй хэрэглэхэд хүмүүсийн нүд сэргээд л явчихдаг.

Үнэндээ өнөөдөр Монгол орон Монгол хэлний асуудалд оржээ. Энэ асуудлаа хурдан шийдэхэд хэлийг нэгдүгээрт өдөр дутмын гэж олон нийт хэл болгон үлдээж харин арин танин мэдэхүйн үгнүүдийг болон ухагдахуунуудыг тусгайлан зохицуулж их дээд сургуулиудад хэрэглэх ёстой болжээ. Танин мэдэхүйн ухагдахуунуудын гарал үүсэл бол ихэнхдээ л Грек болон Латин гаралтай үгнүүд байх жишээтэй. Үүний ач холбогдол бол оюутан хүн өнөөдөр их дээд сургуулиудад маш их хэлмэгдэж хохирч байгаагаас хурдан салах боломж олдоно.

Монгол хэлийг хоёр ангилаагүй цагт худлаа дипломууд үйлдвэрлэгдсэн хэвээр ба мэдлэггүй залуу үе үргэлжилсэн хэвээр. Ийм худлаа хүмүүс тэгээд дээшээ төрийн чухал шийдвэрлэх албанд очоод юу ч мэдэхгүй болохоор зөвлөгч нэртэй бас л гадаадад буруу толь бичиг хэрэглэж буруутсан хүмүүсийг ажиллуулдаг. Ингээд гадаад дотоодын хоёр худлаа нийлээд алдаануудаа хамтран үргэлжлүүлдэг. Энэ чөтгөрийн тойрог сүүлийн 20 жил улс орноо доош татлаа. Хөгжиж чадахгүй бол ядаж доошилж болохгүй.

Монгол хэл гэж худлаа уриалсан хүмүүс бүгдийг л орчуулах гэж бүдүүлэг дайрдаг хүмүүс мэдлэг боловсрол болон танин мэдэхүй Монгол оронд орж ирэхэд улам л саад хийх боллоо. Өмнөх Монгол хэлнийхэн үг үсгээр хөөцөлдсөн бол өнөөдөр ухагдахуунаар хөөцөлдөх цаг болжээ. Монгол хэл судлалаас гадна орчуулгын судалгаа илүү их хэрэгтэй болжээ. Монгол хэл байдгаараа л байж байгаа харин орчуулсан орчуулгууд гэмт хэрэг хийгээд байна шүү дээ.

Яагаад хүмүүс танин мэдэхүйн болон философийн ном уншаад ойлгохгүй байна эсвэл хүнд байна гэдгийн шалтгаан бол нэгэнт л шинэ ухагдахуунуудыг нэгэн зэрэг адилхан Монгол үгнүүдээр хольж хутган орчуулсан тул яаж ч хүмүүст ойлгогдох билээ дээ. Ном унших дургүй байдаг аргагүй шүү дээ. Түүний оронд ёстой л хялбархан хөнгөхөн богинохон шүлэг яруу найраг эсвэл түүхийн ном л уншвал нэгэнт танин мэдэхүйн тухай биш тул ухаан ч шаардахгүй тул тийм л номууд зарагдана. Тиймээс Монгол хэл урагш хөгжүүлэх биш хойш татаж хуучин хоцрогдсонд түлхэсэн аюултай хэл болон хувирчээ.

Монгол хэл анх эртний хүмүүсээс өгөгдсөн тодорхой тооны үгнүүдээс бүрдсэн. Тэр Монгол үгнүүдийн тоо маш хязгаардмал. Ерөөсөө дөнгөж саяхан л их дээд сургуулийн бараа харлаа шүү дээ. Тиймээс ном бичдэг хүмүүс зуун жилийн өмнө ч байсангүй. Ном бичсэн хүмүүс байлаа гэхэд Төвд хэлээр бичсэн болохоос Монгол хэлээр бичиж хэлээ хөгжүүлсэнгүй. Ихэнх Монгол хэлний үгнүүд Перс, Хятад, Төвд, гээд Азийн олон газрын үгнүүдээс гаралтай. Сүүлд социализмын үед Европоос олон үгс орж ирсэн тул Монгол хэлэнд мэр сэр Орос болон Европын орнуудын үгс бий.

Монгол хэл Азийн орнуудын хэлний холимог тул Алтай хэлний аймагт багтдаг гэдэг. Тиймээс цэвэр Монгол үгнүүдийн тухай ярихад тийм ч амар биш. Нэгэнт хүүхэд наснаасаа Монгол хэлээр ярисан болохоор өөрөөр хэлбэл дасчихсан болохоор бусад хэлнээс илүүгээр эх хэл дотно байх бол мэдээжийн. Африкчуудад Африкийн хэл л аялгуу сайхан шүү дээ.

Монгол хэл өнөөдөр хүртэл яагаад хөгжиж чадаагүй вэ мөн Монгол хэлнийхэн юуг олж мэдээгүй вэ гэхээр танин мэдэхүй шинэ үг зохиодог мөн шинэ ухагдахуунаар л танин мэдэхүй явагддаг гэдгийг мэдсэнгүй. Монгол хэлний эрдэмтэн гэж шүтдэг хүмүүс хойч үедээ олигтой хэлний бүтэц үлдээж чадсангүй. Мэдээж тэр хүмүүс тухайн үедээ олигтой боловсролтой ч байсан биш дээ. Ерөөсөө ямар ч хэл ухааны бүтээгдэхүүн. Ухааны чадвартай хүмүүс тэр хэмжээгээр шинэ мэдлэг зохиож шинэ ухагдахуун бүтээдэг. Ухааны чадвартай хүмүүс л танин мэдэхүйг бүтээнэ шүү дээ. Хүний ухаан дотор бодол, сэтгэл, төсөөлөл гээд бүгд явагдана. Ухаан ажиллахгүй бол бодолгүй, сэтгэлгүй бас төсөөлөлгүй.

Монгол хэлтэй л бол хангалттай гэж Монгол хэлнийхэн буруу ташаа ойлгож явсаар танин мэдэхүйг ухаарсангүй. Мэдлэггүй хүн Монгол хэлтэй байгаад яаж ярих мөн юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй шүү дээ. Тиймээс л даруухан дуугүй царайлаад сууж буй хүмүүсийг хэлэх гэхээр хэлгүй тул үггүй тул мөн ухагдахуунгүй тул дуугүй сууна л гэж ойлгох хэрэгтэй.

Грамматик, лингвистик, семантик гээд хэлний зөвхөн дүрэм биш утга болон өгүүлбэрийг чухалчилсан ойлголтууд орж ирсэнгүй. Монгол хэлнийхэн өнгөрсөнд ч өнөөдөр ч юу ч хийх чадваргүй гэдгээ харууллаа. Яагаад гэвэл тэдэнд мэдлэг дутагдана. Төрөхөөс сурсан Монгол хэл мэдлэг боловсролтой болоход даан ч хүрэлцэхгүй. Хэлнээс гадна бодож сурах чухал. Ганц үг юу ч хэлэхгүй. Өгүүлбэр бас чухал яагаад гэвэл эзэн биетэй холбогдож хэн юу хэлж юуг ойлгуулах гэж буй л чухал болохоос биш дөрвөн мөрт эсвэл шүлэг яруу найраг мэдлэг өгөхгүй.

Үгийн утгыг тодорхойлж толь бичгүүд хийж чадаагүй тул Монгол хэлээр ярих нэгэнт утгагүй үгээр яриж буй тул утгагүй яриа болдог. Утгыг тодорхойлж чадалгүй өнөөдөр хүрсэн тул ном уншаад ч нэмэргүй яагаад гэвэл утгагүй үгтэй тул утгагүй л өгүүлбэр байдаг шүү дээ. Түүний оронд шууд Англи хэл дээр ном уншвал боловсрол олж цааш ахихад хэрэгтэй.

Монгол хэл ярихаас өөр зүйл хийдэггүй мэдлэг бол хэзээ ч ярихгүй хэлнийхэн гэдэг хүмүүсийн бичсэн ном шүлгүүд бүгд л Монгол хэлтэйгээ зууралдаж чөтгөрийн тогоон дотроо эргэлдэж хэн хэндээ мэдэмхийрч цааш ард түмэндээ буруу ойлголтыг зориуд гэмээр тараасан болохоор өнөөдөр Монгол хэл хар ярианд л тохирсон харин танин мэдэхүйд тохирохгүй хэл болтолоо доройтожээ. Монгол хэл хөгжлийн замд гарч чадалгүй хаагдмал боогдмол болж хүн бодоход садаа болсон үгнүүд хэвээрээ мөн цааш залуу үеийг танин мэдэхэд урагшаа ахиулдаггүй ийм л хэл болон үлджээ.

Логик, этик, эстетик, диалектик, фэноменолог, метафизик гээд ямар чухал ойлголтууд вэ. Бүгдийг махлаад орчуулаад хаячихсан. Мэдлэггүй Монгол хэлнийхэн ингэж л Монгол хэлээ баллаад зогсохгүй урагш хөгжиж олон хэлний үгүүдээр дүүрсэн баялаг хэл болоход саад болжээ.

Грек болон Латиний олон үгнүүдийг шууд авч хэрэглээгүй цагт танин мэдэхүй хөгжихгүй. Яагаад гэвэл танин мэдэхүйн үг ухагдахуунууд бол үндэстэний хэлнүүдийг давсан дээгүүр ойлголт шүү дээ. Монгол хэлнийхэн шүтээд байдаг өвөг дээдсийнхээ сүүдрээс гарч Монгол хэлийг хоосон шүтэн биширч худлаа мэдлэгтэй хоцорсоноо ухаарах цаг болжээ. Шинэ цаг үе ирчихээд байна шүү дээ. Шинэ үг шинэ ухагдахуун луу урагшлах цаг иржээ. Алдар цуутай цол хэргэмтэй өвгөд арай хойч үеэ битгий урагшаа хөгжөөрэй бидний хэмжээнд л хоцорч үлдээрэй гэж захиагүй биздээ.

Өнөөдөр ч гэсэн Монгол хэлэнд битгий өөрчлөлт хий гэж тушаасаан хүн байхгүй биздээ. Монгол хэлээ аварна гэх шиг иймэрхүү ойлголтууд бол зүгээр л улс орон хөгжихөд саад болсон хүмүүс бөгөөд яг л хөшөө босгож хэнийг ч ойртуулж хир халдаахгүй гэсэн муйхар үйлдэл. Хойч үеийгээ өнгөрсөн өвөгчүүдийг давахаас хамгаалдаг хүмүүсийн ядуухан үйлдэл Монгол хэлийг хөгжүүлсэнгүй. Тэд хамгаалаад хамгаалаад хоцрогджээ. Өвгөн профессор суут эрдэмтэн агуу соён гэгээрүүлэгч гээд л ямар ч их худлаа магтаалууд вэ дээ. Монгол орныг цааш хөгжүүлэхгүй өөрсдийнхөө нэрийг л мандуулах чухал болохоос биш хойч үеэ улам цааш хөгжөөд яваасай гэсэн биш мухардуулга байжээ л гэж ойлгохоос.

Монгол хэлийг өдөр дутмын ярианы болон танин мэдэхүйн гэж хоёр ангилсанаар цаг үеийн мэдлэгт ойртоно. Мэдлэг зан заншил уламжлалт ёс болон өвгөд дээдэстэй ямар ч хамаагүй. Яагаад гэвэл тэр бүгд хоцрогдсон. Харин танин мэдэхүй бол үргэлж л урагшаа хөгжинө. Маргааш чухал бас ирээдүй хэрэгтэй. Яагаад гэвэл үр хүүхдийн хувь заяа маргаашаас хамааралтай.

Социологоос авахуулаад философи цаашлаад экономоос авахуулаад политик хүртэл цоо шинэ ойлголт маш чухал ухагдахуунуудыг орчуулахгүй шууд хэрэглэхийг өнөөдөр 21-р зуун шаардаж байна. Шинэ цаг үед ирэхгүй хуучин хоцрогдсон цаг үедээ хорогдон үлдэж хойч үедээ өнөөгийн Монгол хэлнийхэн болон түүхчид саад хийхгүй биздээ.

Залуу үед мэдлэг болоод шинэ танин мэдэхүй урд өмнөөс илүү хэрэгтэй болжээ. 50 жилийн өмнөх байтугай 5 жилийн өмнөх мэдлэг хоцрогдож буй даяарчилсан өнөөгийн ертөнцөд Монгол хэл хуучиндаа хорогдох биш шинэ рүү нээлттэй болох цаг иржээ.

Монгол хэлийг хоёр ангилж өдөр дутмын хэлэнд хар яриа, уран зохиол, шүлэг яруу найраг гэх мэт танин мэдэхүйгээс хол үгнүүдийг хамруулсан толь бичиг хэрэгтэй болжээ. Харин танин мэдэхүйн хэлэнд мэдлэгийн болон мэргэжлийн үг ухагдахуунуудыг оруулж толь бичиг тусдаа хийх шаардлагатай боллоо. Энэ хоёрдугаар толь бичигт Монгол хэлний хүмүүс юу ч заах мэдэлгүй ба зөвхөн мэргэжлийн хүмүүсийн өгсөн үгнүүдийг л хэрэглэх ёстой.

Ерөөсөө хар яриаг мэргэжлийн үгнээс ялгаж ирээгүй тул Монгол хэлнийхэн мэргэжил даван орж ирж физикт бас философт цаашлаад медицин болон юустицийн үгнүүдийг хүртэл орчуулнаа гэж орчуулга тулган шаардаж мэргэжлийг мэргэжил биш хар ярианы үгээр дүүргэж шинийг шинэ биш мэдлэгийг мэдлэг биш болгожээ. Монгол хэлнийхэний үеийн үед хийж ирсэн энэ гэмт хэргүүдээс салж мэргэжлийн хүмүүс мэргэжлээ аварч мэдлэгийг мэдлэгээр шинийг шинээр үлдээж аврах цаг иржээ.

Танин мэдэхүй нэгэнт л мэдлэгийг бүтээдэг тул хүн төрлөхтөний бүтээл бөгөөд энд үндэстэн, ард түмэн эсвэл нутаг ус ямар ч хамаагүй. Монгол хэл ч чухал биш. Мэдлэг бол хэлэнд захирагдахгүй хэлийг шинээр зохион бүтээдэг. Ингэж шинээр зохиосон үг нэгэнт Монгол хэлэнд байхгүй өөрөөр хэлбэл шинийг бодоогүй тул хуучин Монгол үгээр орчуулах гэж хичээх хэрэггүй.

Шинэ ухагдахуун бол идеа гэж яригдаж ирсэн. Монгол хэл энэ идеагаас дэндүү хол. Энэ идеа бол хүний бодолын бүтээгдэхүүн. Тиймээс хүн хэлээр боддог бас буцаагаад гүн бодол шинэ хэл шинэ ухагдахуун зохиодог. Энэ шинэ зүйл шинэ ухагдахуун шинэ хэл Монгол оронд дутагдсаар…

 

Доктор С.Молор-Эрдэнэ