1.Монго

Би саяхан ”Precious”(2009) гэсэн Америк кино үзлээ. ”Oscar”-аас бусад олон улсын нэртэй кино наадмуудын шагналуудыг “Cannes Film Festival”гээд түүчихсэн юм билээ.

Precious бол киноны гол дүр 16 настай бие томтой, илүүдэл жинтэй хэт тарган хар охины нэр.

NewYork хотын ядуусын хороололд амьдардаг бөгөөд төрсөн аавдаа хүчиндүүлж хоёр хүүхэдтэй болсон. Хүний боловсрол хүмүүжил, ёс суртахууны асуудал хөндсөн ухаарал болон гуниглал зэрэгцүүлсэн сэтгэл эмзэглэм кино л доо.

Precious өөрийн анхны хүүхдэдээ Mongo(Монго) гэж нэр өгдөг. Үүнийгээ тайлбарлахдаа хүүхэд нь Mongoloid өвчтэй учраас... Энэ бол сэтгэцийн өвчин. Бидний хэлж заншсанаар мэдрэл муутай хүүхэд төрүүлсэн юм.

2.Mongoloid өвчний тухай

1860 онд Dr.John Langdon Down хүний сэтгэц мэдрэлийн өвчлөлийн талаар нэгэн нээлт хийж “Mongol” гэж нэрлэсэн. Учир нь судалгаанд оролцсон хүмүүсээс Монгол хүнд энэ сэтгэц өвчлөлийн шинж тэмдэг илүү тод илэрч...

Хүний цус ойртолт, эцэг эхийн удам дамжсан ужиг хууч өвчин, биеийн эрүүл байх дархлаагаас хамаардаг ургийн өвчлөл.Төрөхдөө ихэвчлэн толгой том мөн сульдаатай байдаг. Өсөж том болсон хойноо гаргах үйлдэл нь аюултай учраас хүний асрамж шаардлагатай. Ер нь болхи эвгүй хөдөлгөөнтэй, өөрийн хийж байгаа үйлдлээ мэдрэх чадвар муутай, оюуны хомсдолтой байдаг.

Дэлхийн анагаах ухааны тольбичигт Mongoloid Down’s Syndrome буюу Дауны Монгол синдром гэж орсон. Анагаахын чиглэлийн бүх хүн энэ өвчний нэрийг мэднэ. Товчлоод-, монголойд эсвэл монгол, монг гэж ярилцдаг. Үүнээс гадна гэнэтийн ослоор сэтгэцийн согогтой болсон хүмүүс ч энэ нэртомъёонд хамрагдана.

Франц, Голланд хэлний үгийнсанд хамгийн доромж утгыг илэрхийлсэн үгээр байраа нэгэнт олжээ. Хэн нэгнээ шоолж тохуурхах бүр доош хийж доромжилъё гэвэл тэнэг, мангуу, эргүү гэхээс илүү “mong”, “mongol”, “mongoloid” гэхэд газарт орохоос илүү гутамшиг болгоно.

Mongoloid гэсэн нэртомъёог анагаахын шинжлэх ухаанд хэрэглэхгүй байхыг Япон, Хятадын зарим эрдэмтэд хүссэн байна. Энэ нь бүхэл нэг үндэстэнг цаашлаад ази хүмүүсийг доромжилсон үг гэж үзэж... Гэтэл манай засгийн газар маань ямар ч мэдэгдэл хийлгүй дүлий дүмбэ царайлжээ.

3.Монголойдоос салах иргэний хөдөлгөөн

The Guitar Mongoloid

img2

Америкийн New York хотод Шведийн найруулагч Ruben Ostlund “The Guitar Mongoloid” киноны нээлтээ сая (2015) хийлээ. Энэ драмын төрлийн киногоо бүр 2004 онд Шведэд анх гаргаж монголойд өвчтэй юм шиг хүн уран бүтээлийн содон санаа гаргаж чадна гэсэн санаагаараа нэлээд шуугиан кино шүүмжлэгчдийн дунд дэгдээсэн. Гэтэл ”Мэдрэл муутай гитарчин” магадгүй ”Солиорсон гитарчин” гэж утгачилж болох энэ киноны нэрийг өөрчлөх эсвэл киноны нэрийн талаар тайлбар хийж уучлалт хүсэхийг Монгол иргэд шаардав. Монголойд гэсэн үгийг доромж утгаар үгийн эргэлтэнд оруулахгүй байхыг хуссэн юм.

Америк, Шотланд, Шведэд сурч амьдарч байгаа монгол гурван бүсгүй М.Болорцэцэг, Ууганаа Рамсай, Ц.Азжаргал нар мэдэгдэх бичиг тус нээлт хийх кино театр руу нь илгээж бас internet social media-гээр монголчуудынхаа 150 гаруй гарын үсэг цуглуулж хавсаргажээ.

Mongoloid гэсэн сэтгэц гажгийн өвчний нэр нь Монголчууд биднийг үндэс угсаагаар нь доромжилсон үг. Анагаахын шинжлэх ухааны хэллэгээс хальж, дэлхийн улс орнуудын үгийнсанд доромж үгийн утгаар соёолж байгаад зовнисон эмзэглэл.

img3

Ууганаа Рамсайгийн тухай хэлэхэд монголойд үгтэй учирсан өөрийн амьдралын туршлага шаналалаасаа үүдэн “Монгол” гэсэн ном англи хэлээр бичсэн. Энэ нэртомъёог хэрэглэхгүй байхыг уриалж Английн BBC radio-тай хамтран ярилцлага хийж, сурталчилгаа гаргаж байгаа бөгөөд Монголынхоо засгийн газраас дэмжлэгэ хүсэж, монголчуудаа хамтран нэгдэж ажиллахыг уриалж байгаа.

Жич, Хар арьстай хүмүүс арьс өнгөөр ялгаварлахыг зогсоох тэмцэлдээ ялалт байгуулахдаа өөрсдийг нь хамгийн муухайгаар доромжилдог “nigger”товчоор ”niga” гэсэн үгийг хуулиар хориглуулсан. Хэрвээ өөр арьстан хүн энэ үгийг хар хүнд хэлбэл арьс өнгөөр ялгаварлаж доромжилсон хэргээр сэтгэлсанааны хохирлын мөнгийг шүүхээс тогтоолгоно.

Манай тв болон радиогоор бас багш нар ч гэсэн “Нигер улс, нигер хүн” гэж орос үсгийнхээ дүрмээр дуудаж бусдад үлгэрлэж байгаа нь харамсалтай. Энэ бол “nigger” гэсэн үгийн дуудлагатай адилхан шүү дээ. Зүй нь “Найжер улс, хар хүн” гэх нь зохистой.” Нигер” гэж бичиж хэрэглэхийг ч цээрлэх хэрэгтэй.

Эс тэгвээс хэзээ нэг цагт Niger улсын (Найжир улс) засгийн газар энэ тухай мэдэж хүн ам үндэстэнгээр нь манай улсыг доромжилж байна гээд олон улсын шүүхэд гомдол гаргавал манай засгийн газар чамгүй их мөнгөн тоо сонсож, бас л дахин өрөө зузаатгаж магадгүй шүү.

Хувь хүний жишээ хэлэхэд, Лондонд суралцахаар ирсэн монгол залуу ангийнхаа гоолиг хар бүсгүйг “ Чи үзэсгэлэнтэй нигер” гээд магтаж дуу алдсан биш,цаадах нь гомдож орь дуу тавин цурхирч, арьс өнгөөр доромжилсон хэргээр шүүх цагдаадаа тулан алдаж, арайхийн аргадаж тайтгаруулсан байна. Энэ тухайгаа “ Еэ бүү үзэгд, хичээл зааж байсан багш, ангийн оюутнууд бүгд намайг үзэн ядсан харцаар харж байсан. Тэнэг юм шиг би Монголд хар хүнийг нигер гэж ярьдаг юм, тийм доромж утга байхгүй гэсэн биш бүр арчаагүй байдалд орсон.”гэж билээ.

Монголойдоосоо бид салах юмсан. Гадныханд “Их Монгол” гэж цээж түрж омогших гэсэн нэгэн маань “Их Тэнэг” гэж ойлгуулаад унаж тустал нь инээлгэж ханиалгаад унавал яана...

Mongoloid гэсэн нэртомъёог анагаахын хэлнээс хасуулъя. Хэрэглэхийг хориглосон хуулийг гартал эсэргүүцэн зогсоё.

Өвөг дээдсийнхээ “Нэр хугарахаар, яс хугар”гэсэн сургаалтай, тэнгэр заяатай Монголын үр сад юмсан...

Бичиглэгч Габо