Зураг #1 Чосон буюу Умард, Өмнөд Солонгос нь түүхэн үйл явцад гадны түрэмгийлэлд цөөнгүй удаа өртөж дарлалд нь орж, гарч байсан байдаг. Мэдээж аль ч улс үндэстэний нэгэн адил түүхэн баатарлаг хөвгүүдтэй. Солонгосчууд гадны түрэмгийлэл дарлалаас чөлөөлөгдөж байсан ч эвлэлдэн нэгдэхдээ тааруу үндэстэн байсан гэлтэй. Ази тивийн зүүн эрэг дэхь багахан газар нутагт амьдарсаар ирэхдээ нэг үндэстэн хэрнээ гурван улс болон оршин тогтнож өөр хоорондоо дайтаж байсан нь түүхэнд үлджээ. Хамгийн сүүлд 1904-1905 оны Орос-Японы дайны үеэр Японы эзэрхийлэлд өртөж албан ёсоор 1910-1945 он хүртэл дарлалд нь байсан гэж үздэг. Дэлхийн 2-р дайн дуусч НҮБ байгуулагдан дэлхийн газрын зураг шинээр бүрэлдэн бий болох үед Солонгосын асуудал мөн л шинээр тавигдсан гэхэд болно. АНУ болон ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 1945оны 8 сард өргөрөгөөс хойш нутагт, АНУ нь 1945 оны 9 сард 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Тус гэрээгээр хоёр тал хяналтын нутаг дээрхи олзлогдсон япон цэргүүдийг хүртэл тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байдаг. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгуулав. Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэлсэн байна. Америкууд Японы түрэмгийлэлийн үеийн засаг захиргаанаас ялгарах зүйлгүй солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, хөдөлгөөныг хориглож байв. Улмаар 1946 оны 9 сард эхэлсэн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөд нутгийн ихэнх хотод үймээн дэгдэв. Үймээн самууныг зогсоох зорилгоор Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага дайны байдал тогтоон, солонгосын иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ.
Зураг #2 /Ким Ир Сен/ Харин Умардад 2 жилийн дараа буюу 1947 оны зун ЗХУ-ын дэмжлэгтэй Ким Ир Сенээр толгойлуулсан коммунист засгийн газар байгуулагдсан байна. Ким Ир Сений толгойлсон умардууд дайны үед Япончуудын эсрэг хүчтэй тэмцэж явсан партизануудаас бүрдэж байв. Тэд дотроо дөрвөн бүлэгт хуваагддаг байжээ. Ким Ир Сен нэг үндэстэн хоёр өөр Засгийн газартай байх ёсгүй. Тиймээс эх орноо ямар ч үнээр хамаагүй нэгтгэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байв. Энэ коммунист засгийн газар нь ууланд партизанчлан, АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрын эсрэг дайнд бэлтгэж эхэлжээ. Шинээр байгуулагдсан хоёр засгийн газар аль аль нь нийт солонгосыг өөрийн удирдлагад нэгтгэх зорилготой байлаа. 1949 онд ЗХУ ба АНУ нь өөрсдийн мэдлийн бүсээс анги нэтгэлүүдээ бүрэн гаргасан ба Кимын удирдсан коммунист засгийн газар өмнөдийг цэргийн хүчээр нэгтгэхийг санаархаж эхэлсэн боловч Сталин энэ дайнд АНУ-ыг оролцож болзошгүй гэж болгоомжилж байв. 1950 оны 1 сард АНУ, Номхон далай дахь АНУ-ын хамгаалалтын бүсийг Алеутийн арал, Япон, Филиппин гээд, Солонгосын хойгийн хамгаалалтыг НҮБ хариуцах ёстой гэж мэдэгдлээ. Энэ үеэс хойд солонгосын арми Хятадын чөлөөлөх армид 1930-д оноос хойш байлдаж байсан солонгос цэргүүдээр хүчээ зузаатган, зөвлөлтийн зэвсгээр зэвсэглэж эхлэв. 1950 оны 3 ба 4 сард Ким Москвад Сталинтай уулзаж, дайн эхлүүлэх зөвшөөрөл авчээ. 1950 оны 3 сард Хойдууд Зөвлөлтүүдэд 9 тонн алт, 40 тонн мөнгө, 15,000 тонн фосфор, газрын ховор элементийн баяжмалыг худалдаж авсан зэр зэсгийн төлбөрт шилжүүлсэн байна.
Зураг #3 /Ли Сын Ман/ АНУ-ын хүчирхийлэлээс шалтгаалан Өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж эхлэв. АНУ Солонгост бүх нийтийн сонгуулиар шинэ засгийн газар байгуулах санаачлага гаргасан байна. Өмнөдийн хүн ам хойд нутгийнхаас хоёр дахин илүү тул бүх нийтийн сонгуулиар коммунистууд олонхийн санал авч чадахгүйг мэдэж байлаа. Тухайн үед Өмнөдийн талын засаг захиргааг хоёр Солонгосын албан ёсны удирдлага гэж үздэг байв. НҮБ-ын дэмжлэгтэйгээр сонгууль болж Солонгосчууд Засгийн газраа байгуулсан боловч АНУ-ын дэмжлэгтэйгээр Америкд боловсрол эзэмшсэн коммунизмыг эсэргүүцэгч “Ардчилсан үзэлтэй” Ли Сын Манаар шинэ засгийн газрыг сольсон байдаг.
Зураг #4 Солонгосын дайн Умардууд өмнөд руу эхлэн довтолсоноор эхэлсэн гэж өрнөдийн сурвалжуудад бичдэг. Гэтэл бодит байдал нь 1950 оны зургаадугаар сарын байдлаар 38-р өргөрөг дээр хоёр Солонгосын талаас байнгын мөргөлдөөн гардаг байв. Улмаар зургаадугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын армийн цэргүүд эхлээд хил зөрчсөн хэмээн мэдэгдэл хийн Хойд Солонгосын тал сөрөг давшилтад орж өмнөдийн хилийг давжээ.
Зураг #5 Хойд Солонгосын арми нь их бууны галын дэмжлэгтэйгээр 38-р өргөргийг 6 дивиз, 150 Т-34 танкийн хүчээр давснаар дайн эхэлжээ. Хойд Солонгосын тал "урвагч Ли Сын Ман итгэл эвдэн хил давж, цөмрөн ирсний хариуд цохилт өгч байна" гэж мэдэгджээ. Хойд Солонгосын арми нь 415,000 хүний бие бүрэлдэхүүнтэй, 150 Т-34 танк, 40 орчим сөнөөгч, 70 бөмбөгдөгч, 10 тагнуулын онгоцтой байв. Өмнөдийн арми амьд хүчний хувьд 150,000 цэрэгтэй байсан нь хувцас хангамж, зэвсэг муутай (Японы Квантуны Армиас үлдсэн хөнгөн зэвсэг, дүрэмт хувцсаар нийт бие бүрэлдхүүний ердөө 1/3 нь хангагдсан), техникийн парк гэхэд мөн л Японы армиас үлдсэн, АНУ-ын тусламжаар орж ирсэн 40 гаруй танк, хуягт машин, сургалт дадлагын 14 нисэх онгоцтой байсан хийгээд дайн эхлэх үед өмнөдийн нутаг дээр гадаадын цэргийн томоохон нэгтгэл байгаагүй ажээ. Хамгийн ойрхон нь Японы ойролцоо байсан Америкийн цэргийн ангиуд байжээ.
Зураг #6 Хойд Солонгосчууд Өмнөд рүү дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм. АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бүрэлдэхүүнийг цөөлж, дайн дэгдсэн бүс нутагт хангалттай цэргийн хүчгүй болсон байв.
Зураг #7 Японд байрлаж байсан Дуглас МакАртур генералаар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн том нь байлаа. Дайны эхэнд ерөнхийлөгч Трумен Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлав. Хэдийгээр Америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгүй бөгөөд харин Долдугаар флотод Тайваныг хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс үл оролцох бодлогыг эцэс болгов.
Зураг #8 Солонгосын дайн эхэлсэн өдөр НYБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон тогтоолыг хүлээн авчээ. Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэхүү тогтоол дээр байнгын гишүүн болох ЗХУ хориг тавьсан бол НYБ-ын цэрэг Өмнөд Солонгост цэрэг оруулж чадахгүй байх байсан гэдэг. Хойдууд гуравхан хоног давшаад Сөүлийг эзэлэхэд Өмнөдийн Ерөнхийлөгч Ли Сын Ман зугтаж амжсан байна.
Зураг #9 
Зураг #10 Улмаар хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Өмнөд Солонгосын газар нутгийн 90 хувийг Ким Ир Сений арми нэгэнт эзэлчихсэн байлаа. Тэд энэ дайныг “Эх орноо чөлөөлөх дайн” хэмээн нэрлэв. Харин Америчууд тэргүүтэй өрнөдийнхөн “Мартагдсан дайн” гэж нэрлэн дэлхийн түүхэн үйл явдалд огт оруулдаггүй.
Зураг #11 
Зураг #12 НYБ-ын тогтоолын дагуу АНУ-аас гадна Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи, Турк, Бельги, Колумби, Франц, Этиоп, Грек, Голланд, Филиппин, Тайланд, Люксембург, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг 15 улс холбоотон болж энэ дайнд оролцсон юм. Мөн Дани, Энэтхэг, Итали, Норвеги, Швед зэрэг 5 орон эмнэлэгийн тусламж үзүүлж байжээ. Гадаадын цэргийнхэн оролцсон анхны томоохон тулалдаан 7 сарын 5-нд Осаны орчим болсон байна. Үүнд АНУ-ын 24-р дивиз оролцов. Өмнөд ба АНУ-ын тал асар их хохирол амсан Тэжон хүртэл ухарсан ба дивизийн захирагч, хошууч генерал Виллиам Ф.Диин олзлогдов. Энэ ажиллагааны явцад Америкын тал 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашинаа алдав. Үүний дараа Нактонган голын орчим болсон тулалдаанд Америкийн явган цэргийн 25-р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь Хойд Солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь Өмнөд Солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж, Солонгосын баруун өмнөд болон, өмнөд бүс нутгийг бүхэлд нь эзлэн, Масан хотод ойртосноор Америкийн тэнгисийн явган цэргийн 1-р дивиз Бусан хот руу ухрахаас өөр аргагүй болов.
Зураг #13 8 сарын дунд үед Өмнөд Солонгос ба АНУ-ын 8-р арми Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэг болох Пусан хот орчимд бүслэгдэн, нийт хойгийн дөнгөж 10%-тай тэнцэх, 100-120 км гүнтэй, 120 км-ийн урттай Пусаны мөргөцгийг л хянаж байлаа.
Зураг #14 
Зураг #15 
Зураг #16 
Зураг #17 Энэ хооронд АНУ цэргийн хүчээ зузаатгасан ба 8 сарын сүүлээр гэхэд 500 танктай, цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор хойд солонгосынхоос 180,000 аар илүү болж, сөрөг давшилтанд орлоо.
Зураг #18 
Зураг #19 Солонгосын дайн нь цэрэг дайны тэр дундаа нисэх хүчний түүхэнд анх удаа тийрэлтэт онгоцуудын хооронд тулалдаан болсноороо онцлог юм. Анхлан өмнөд эвслийн зүгээс P-51, F4U, A-1 зэрэг поршент хөдөлгүүрт онгоц ашиглаж байлаа. Үүний эсрэг Хойд Солонгос, Хятадын тал нь Як-9, Ла-9 загварын сөнөөгч, Ил-2, Ил-10, ТУ-2, Пе-2 маягийн дайрагч, бөмбөгдөгч онгоцтой байв. Гэвч удалгүй Өмнөдийн эвсэл нь агаарт ноёрхохын тулд F-80,F9F, F2H зэрэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцуудыг татан ирүүлэв. Дайны эхэнд Өмнөдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгос, Хятадын поршент хөдөлгүүртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зөвлөлтийн тал хамгийн сүүлийн үеийн МиГ-15 сөнөөгч онгоцыг Хойд Солонгос, Хятадын талд өгснөөр байдал дээрдэв.
Зураг #20 Yvний хариуд америкчууд «МиГ-15»-ийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн F-84, F-86 угтан сөнөөгч онгоцыг Солонгос руу илгээсний дараа зөвлөлтийн сөнөөгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна. Агаарын тулалдаанд туршлага илүү өмнөд эвслийн нисэгч нар ялах нь их байлаа. Агаарт ноёлж чадахгүй байгаагийн улмаас газрын байлдааны ажиллагаанд муугаар нөлөөлөх болсон нь Хойд Солонгос, Хятадын таних тэмдэгтэй нисэх онгоц, мөн тэдний дүрэмт хувцас, бичиг баримттай зөвлөлтийн туршлагатай нисгэгчдийг тулалдаанд оруулахад хүрэв. Америкийн тал нь 78–н F-86 сөнөөгчөө алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. {Энэ нь нэг талаар туршлага муутай Солонгос, Хятадын нисэгч нарын жолоодсон онгоцыг оруулан тооцсонтой холбоотой бололтой} Зөвлөлтийн талаас 335 МиГ сөнөөгчөө алдаж 1300 онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг. Дайны энэ гурван жилд хожим Америкчуудын үүсгэж 13 жил үргэлжилсэн Вьетнамын дайны үед хаяснаас илүү их шатаагч бөмбөгийг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг. Ийм ч учраас хойд нутагт барилга байгууламж гэх зүйлгүй үнс нурам болжээ. Америкчууд агаарын бөмбөгдөлтөө “Нийгмийн болон сэтгэлзүйн дайн” хэмээн нэрлэж атомын, химийн, биологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөн сүрдүүлж улмаар энгийн иргэд, тэдний орон гэрийг зориуд бөмбөгдөн, ард иргэдийг нь өлсгөлөнгөөр буулгаж авахыг хичээж байв.
Зураг #21 БНХАУ нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд дайнд орно гэж мэдэгдэж байсан ч АНУ үүнийг нь "НYБ-ыг сүрдүүлэх гэсэн оролдлого" гэж үзэж байв. Гэвч 1950 оны 10 сарын 8-нд Америкийн цэргийн нэгтгэлүүд Хойд Солонгосын хилийг давахад Мао Зэдун Хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао Сталинд "Хэрэв АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлвэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлж байв. Тэрээр Зөвлөлтүүдээс дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулаад, хариу хүлээн дайнд орох өдрийг 10 сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.
Зураг #22 Гэвч ЗХУ нь агаарын болон тэнгисийн цэргийн дэмжлэгээр туслахаас татгалзсан төдийгүй өөрийн сөнөөгч МиГ-15-ыг фронтын шугаманд 100 км-ээс илүү ойртохыг нь хориглож зөвхөн Хойд Солонгос, Хятадын нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, ар талын агаарын хамгаалалтыг хариуцах, зэр зэвсэг, галт хэрэгсэл нийлүүлэхээс хэтэрсэнгүй . Энэ нь Сталины хувьд "Уулан дээрээс 2 барсын хоорондхи зодооныг тайван ажиглаж, аятай тохиол хүлээх сармагчины хаан" Мао-ЗеДуны бодлогоос болгоомжилсноос үүдэлтэй байлаа. Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал Зөвлөлтийн хариуг хүлээлгүй 1950 оны 10 сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270,000 хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ.
Зураг #23 Гэнэтийн дайралтын хүчээр Хятадын арми Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтыг устгасан ч өөрсдөө уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад Хятадын тал 10,000 хүнээ алдсан бол Өмнөд Солонгос 6,000, АНУ 2,000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв.
Зураг #24 1950 оны 11 сарын сүүлээр Хятадын тал хоёр дахь давшилтаа эхлэв. Америкийн цэргийг Ханган ба Пхеньяны хоорондахь сайтар бэхлэгдсэн хамгаалалтаас нь холдуулахын тулд Пэн Дэхуй өөрийн нэгтгэлүүддээ эмх замбараагүй ухарч байгаа байдал үзүүлэхийг тушаав. Генерал МакАртур үүнд хууртан 11 сарын 24-ний өдөр өөрийн дивизүүдээ Хятадын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргав. Yр дүнд нь 420,000 хүнтэй Хятадын арми НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрч бүслээд Америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хүчтэй цохилт өгөв.
Зураг #25 Зүүн чиглэлд 11 сарын 26 - 12 сарын 13-ны хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3,000 хүнтэй корпус бут ниргүүллээ. Харин америкийн тэнгисийн явган цэргийнхэн өмнө зүгт ухарсан ч гэлээ Хятадын давшилтыг амжилттай эсэргүүцэн, тэдний зургаан дивизийг устгажээ. Энэ ухралт Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хол ухралт гэж тооцогддог байна. Түүнчлэн Америк цэргүүд олзны хүмүүсийг тамлах, цаазлах, шархтай цэргүүдийг буудан алах зэргээр хүний эрхийг ноцтой зөрчдөг байлаа. Тэдэнд фронтод дөхөж ирсэн иргэдийг энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал өгсний уршгаар Хойд Солонгосын ямар ч гэмгүй олон хүн алагдсан нь баримттай зүйл юм.
Зураг #26 Умардын газар нутагт цөмрөн орсон үедээ хүн ардыг нь өмнөд рүү хүчээр зөөж 1950 оны 12-р сард л гэхэд 100 мянга орчим цэргийнхэн, мөн төдий тооны Хойд Солонгосын энгийн иргэнийг Өмнөд Солонгос руу тээвэрлэн хүргэж арван мянган хүнийг коммунист үзэлтэй гэж буруутган мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авчээ.
Зураг #27 1951 оны 6 сард дайны эрч дээд цэгтээ хүрэв. Хоёр тал ихээхэн хохирол амссан ч тус бүрд нь байлдах чадвар сайтай сая гаруй хүнтэй арми байв. 1951 оны 10 сард АНУ-ын армийнхан цөмийн бөмбөг хэрэглэн цохилт өгөх боломжийг судалж эхлэв. Цөмийн бөмбөг бүхий бөмбөгдөгч B-29 онгоцыг Японы Окинава арлаас хөөргөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч "цөмийн бөмбөгөөр цохилт өгөхүйц ихээхэн хэмжээний дайсны цэргийн бөөгнөрөл байхгүй" байсан тул уг ажиллагааг зогсоов.
Зураг #28 Энэ үеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагүй бөгөөд талууд хэлэлцээр хийж эхлэв. Хэдий хэлэлцээр явагдаж байсан ч байлдааны ажиллагаа зогссонгүй. Тухайлбал, 1951 оны 8 сарын 31-ээс 12 сарын 12-ны хооронд Өмнөдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж Америкийн тал 22,000, Өмнөд Солонгосын тал 38,000 хүнээ, 11 сарын сүүлээр Умардын эвсэл сөрөг дайралтанд орж 100,000 гаруй хүнээ алдаж байв.
Зураг #29 Америкийн шинээр сонгогдсон ерєнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээр дорвитой урагшласангүй. 1953 онд Сталиныг нас барсны дараа байдал эрс өөрчлөгдлөө. Зөвлөлтийн шинэ удирдлага Солонгосын дайныг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. Зөвлөлтөөс дэмжлэггүй болсон Хятадын тал олзны хүмүүсийг суллан явуулахыг зөвшөөрч, 1953 оны 4 сарын 20-ноос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн байна.
Зураг #30 
Зураг #31 Гэрээний хамгийн чухал агуулга нь хоёр Солонгос бие даан хөгжсөн тохиолдолд АНУ Солонгосын хойгоос цэргээ гаргана гэсэн хэсэг байдаг аж. Харин өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын хөгжил өндөр хэрнээ АНУ-н цэргийн баазууд байсаар байгаа нь гэрээ хэрхэн хэрэгжиж байгааг харж болно. Энд нэмж хэлэхэд АНУ цэргийн баазаа байрлуулдаг улсдаа их хэмжээний мөнгө төлдөг. Үл хөдлөх объектуудаас гадна агаарын замыг ашиглах хөөрөх, буух тоолонд асар их хэмжээний мөнгийг цацаж байдаг нь цэргийн зардал хэр өндөр гарч байгааг мэдэх боломжтой.
Зураг #32 Дайнд Хятад Улс Хойд Солонгосчуудтай мөр зэрэгцэн дайтсан юм. Учир нь Мао Зедун хэрэв өмнөдийнхөн америкчуудын дэмжлэгтэйгээр ялвал гарцаагүй Хятдад дайн зарлана гэдэг эргэлзэхгүй байсанд оршино. Энэ дунд хамгийн ашигтай хувилбарыг өөртөө гаргаж ирсэн улсын нэг нь Хятадаас салсан Тайвань байлаа. Манж Чин гүрэн задарсанаар нэгдсэн удирдлагагүй явж ирсэн Хятадыг цэргийн олон генералууд хуваан захирч эмх замбараагүй байдал дээд цэгтээ тулсан тэр үед хоёр хүчтэй өрсөлдөгчид гарч ирсэн нь Мао Зедун болон Чан Кайши нар байв. Японы дарлалаас өмнө тэд бишгүй нэг тулалдаж байсан бөгөөд Япончуудыг эх нутгаасаа хөөхөд хүссэн хүсээгүй хамтарч түрэмгийлэгчдийн эсрэг дайтжээ. Харин дайн дууссанаар Чан Кайши Тайвань арал руу зугтан гарахад хүрчээ. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед Герман-Япон-Италийн эсрэг холбоотон гүрнүүдийг үндэслэхэд оролцсон байдаг. Энэ нь Тайвань арлыг АНУ-ын тусламжтайгаар хадгалаж үлдэхэд нь тусалсан байна.
Зураг #33 
Зураг #34 
Зураг #35 
Зураг #36 Энэхүү дайнаар ашиг орлого олсон улс Япон байлаа. Америкийн цэргийн хангалтын гол баазууд Японд байрлаж байсан нь тэдний төлбөр мөнгө нь эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой байв. Солонгосын дайны явцад АНУ нь 3.5 тэрбум долларын өртөг бүхий Японы бараа, бүтээгдэхүүн худалдан авсан байна. Японы үйлдвэрлэлийн өсөлт 50%-д хүрсэн ба 1952 онд Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх түвшиндээ хүрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн гэдгээс тодорхой харагдаж байгаа юм.
Зураг #37 
Зураг #38 
Зураг #39 
Зураг #40 Манай Монгол услын хувьд хэдийгээр энэ дайнд оролцоогүй боловч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусалж байсны нэгэн адил БНАСАУ-д туслах хөдөлгөөн өрнөж, багагүй хэмжээний эд материалын тусламж, цэргийн агт морь бэлэглэж, дайнд өнчирсөн Хойд Солонгосын 200 хүүхдүүдийг тусгай асаргаанд хүлээн авч, эмчилж асарч, сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлж, 10 оюутан МУИС-д сургажээ. 1950 онд БНАСАУ-д БНМАУ-ын ЭСЯ нээгдэж, 1950-1952 онд элчин сайдаар Ж.Самбуу, 1952-1955 онд генерал С.Равдан нар томилогдож, дайны үед монголчууд тэнд ажиллаж байсан юм. Манай дипломатууд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд нэг бус удаа өртөж, элчин сайд С.Равдан дэлбэрэлтийн улмаас бэртэж, өрөөсөн чих нь сонсголгүй болжээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна.
Зураг #41 
Зураг #42 
Зураг #43 
Зураг #44 
Зураг #45 
Зураг #46 
Зураг #47 
Зураг #48 
Зураг #49 Ийнхүү дайн гурван жил үргэлжлэн 1953 оны 7-р сарын 27-нд талууд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурж гал түр зогсоход хоёр Солонгосын нийт 2 сая 500 гаруй мянган иргэн амь үрэгдсэн байна. Гал зогсоох гэрээнд Америкчууд Өмнөд Солонгосыг гарын үсэг зуруулаагүй бөгөөд НҮБ-ийн нэрийн өмнөөс АНУ-ын генерал Кларк зурсан. Өөрөөр хэлбэл, БНСУ гал зогсоох гэрээнд өнөө хүртэл ороогүй байгаа төдийгүй 2013 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын талаас цуцалсан гэж үздэг.
Зураг #50 /Пак Жөн Хи/ Дайн дуусч өмнөдийг АНУ-ын дэмжлэгтэйгээр Америкд боловсрол эзэмшсэн “Ардчилсан үзэлтэй” коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман тэргүүлсэн хэвээр байлаа. Түүний засаглалыг өрсөлдөгчид нь авлигад идэгдэн ялзарч байна гэж үздэг байв. Мөн түүний оронд ар араасаа гарч ирсэн ерөнхийлөгч Юн Бо Сон, ерөнхий сайд Чан Мон нар ч байдлыг дээрдүүлсэнгүй хэмээн улс төрчдийн тэмцэл ил гарч эхэлжээ. Үнс нурам дундаас өндийж ядсан 8 жилийн хугацаанд улс орноо ядуу хэвээр байгааг эсэргүүцэн 1961 онд цэргийн эргэлт хийж өмнөдийн удирдагчаар Пак Жөн Хи гарч ирсэн байна. Пак Жөн Хи нь АНУ болон Япон Улстай хамтарч ажиллаж чадсанаар улс орныхоо хөгжлийг хурдасгаж чадсан юм. Харин улс төрийн өрсөлдөгч, түүний эсрэг үзэлтэнг АНУ ивээлдээ авч өөрийн улсдаа олон жил амьдрах эрх олгосон ба тэр хүн нь хожим Өмнөдийн ерөнхийлөгч болсон Ким Дэ Жүн билээ. Пак Жөн Хи нь 1979 онд тагнуулийн төв газрынхаа дарга Ким Жэ Гю-д буудуулан амь насаа алдсан байдаг. Тэрээр АНУ-ын талыг хэтэрхий их баримтлаж байгааг нь эсэргүүцэн буудсан байдаг. Энэ нь Египетийн ерөнхийлөгч Анвар Садатын үхэлтэй төстэй буюу.
Зураг #51 /Чон Ду Хван/ Түүний дараагаар Ким Жон Хил гарч ирсэн ч удалгүй дахин цэргийн эргэлт 1980 онд болж Чон Ду Хван гарч ирсэн юм. Чон Ду Хван нь одоогийн байдлаар өмнөдийн хамгийн нэр хүндгүй улс төрч болж түүхэнд үлджээ. Тэрээр 1980-1988 оны хооронд эрх барьж байсан. Түүний засаглалын үед Өмнөд солонгосын эдийн засаг асар их хурдтай өссөн хэвээр байсан, гэхдээ энэ тухай тус улсад санадаг хүн ховорхон байдаг бололтой. Чон Ду Хван-д Кванчжугийн ардын бослогыг нухчин дарсан, улс төрийн хэлмэгдэл их гаргасан, хээл хахуулийг цэцэглүүлсэн хэмээх зэмлэлийг оноодог.
Зураг #52 /Ро Дэ У/ Чон Ду Хваны огцорсоны дараа Ро Дэ У 1988-1993 онд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Өмнөд Солонгос хөл дээрээ бүрэн зогссон Азийн бар улс болчихсон байлаа. Гэвч 1996 оноос эхлэн Чон Ду Хван болон Ро Дэ У нарын хэрэг гэгч дэгдэн 1979 онд Пак Жөн Хи ерөнхийлөгчийн амь насанд халдсан 1980 онд цус урсгах замаар цэргийн эргэлт хийсэн нь тогтоогдлоо хэмээн цаазаар авах ял оноон улмаар насаар нь хорих ялаар сольсон байдаг. Гэвч нэг жилийн дараа буюу 1997 онд сулласан. Энэ үед АНУ-д дүрвэн суухдаа Харвардын Их сургуульд олон улсын харилцааны мэдлэгээ дээшлүүлсэн Ким Дэ Жүн ээлжит сонгуулиар ерөнхийлөгч болсон юм.
Зураг #53 /Ким Дэ Жүн/ Ким Дэ Жүн нь Пак Жөн Хийгийн дэглэмийн үед гэрийн хорионд байсан бөгөөд Чон Ду Хван төрийн эргэлтээр гарч ирсэнээр алах ял заагдаж байв. Гэсэн ч Америкийн тал Ким Дэ Жүнийг хүчтэй дэмжиж байснаар тэрээр тус улсад дүрвэн гарсан. Пак Жөн Хи, Чон Ду Хван, Ро Дэ У нарын улс төрийн өрсөлдөгч байсан юм. Тэрээр 2000 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. Сонирхуулахад хамгийн сүүлчийн энх тайвны шагналыг АНУ-ын ерөнхийлөгч Обама авсан бол 1994 онд Израйльтай энхийн гэрээ байгуулсанаар Ясир Арафат хүртэж байсан нь сонирхолтой л сэдвийн нэг.
Зураг #54 
Зураг #55 
Зураг #56 Өдгөө хоёр Солонгосын харилцаа таатай биш байгаа. Аль ч тал нь өөрийн улс, ард түмнээ хамгаалах нь зүйн хэрэг. Бусдын нүдээр харахад нэг үндэстэн хэрнээ нэгдэж чадахгүй байгаа нь хачирхалтай санагдаж болох ч эдгээр улс дэлхийн улс төрийн тавцан дээр өрөг нүүж байна. Аливаа үйлс бүхэн хожим сайн нь дийлдэг хорвоогийн жамаар сайхан болох л байх. Гагцхүү “Төрийн хүн гэдэг хиймэлээр бий болдоггүй. Ёс зүй, хүнлэг чанар нь өөрт нь шингэсэн нэгэн байдаг” гэдгийг түүх харуулдаг. Гэвч хэн ч түүхээс сургамж авахыг хүсдэггүй хэвээр...
Зураг #57 
Зураг #58 /Ким Жэ Гю/ Өмнөд Солонгосын тагнуулын дарга асан тэрээр ерөнхийлөгч асан Пак Жөн Хиг нь 1979 онд хүлээн авалтанд оролцож байхдаа буудсан байдаг. Түүнийг АНУ-ын талыг хэтэрхий их баримтлаж байгааг нь эсэргүүцсэнээ ийнхүү илэрхийлжээ ... Оруулсан Хайтан.
http://fun.everyday.mn/