DSC_0564

Ohzaza Interview булангийн дараагийн зочноор дижитал бүтээгдэхүүн /вэб сайтын тэмплэйт, зураг, дуу хөгжим, кино г.м / борлуулдаг 4 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том зах болох Envato MarketPlace дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулдаг ThemeTon багийн үүсгэн байгуулагч Н.Өлзийбаттай ярилцсан ярилцлагаа та бүхэндээ толилуулъя.

asuult Юуны өмнө та манай уншигчдад өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
- Намайг Н.Өлзийбат гэдэг. Вэб дизайнер мэргэжилтэй. ThemeTon багийн үүсгэн байгуулагч. Манай баг Envato MarketPlace дээр вэб дизайны бүтээгдэхүүн борлуулдаг. Энэ чиглэлээр олон жил ажиллаж байна. КТМС-т програмчлалын чиглэлээр сурч байлаа.

Гэхдээ програмчлал гэхээсээ илүү дизайны чиглэлд нэлээдгүй сонирхолтой байсан нь одоогийн энэ ажил руу хөтөлсөн байх. Оюутан байхдаа КТМС-ийн лабораторид интернетээс фотошопын хичээл хараад дуурайлган хийж суух дуртай, бараг л тэр үеийн миний хобби байсан. Програмчлал дизайн 2-ыг хослуулан хийх боломжтой зүйл нь вэб дизайн болж таарсан тэгээд л энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж эхэлсэн дээ.

asuult Та ThemeTon багаа хэзээ байгуулав? Яагаад энэ багийг байгуулах болсон бэ?
- Өмнө нь би дотоодын зах зээлд нэлээд хугацаанд ажилласан. Найзтайгаа нийлж захиалгын вэб сайт хийдэг байлаа. Түүнийгээ өргөжүүлэн компани байгуулаад Мэдээллийн технологийн үндэсний паркийн инкубаторт элсэн орсон. Үйл ажиллагаагаа өргөжүүлж хамт олонтой болж мөн үйлчилгээний тоогоо нэмж олон бүгтээгдэхүүн ч гаргасан. Ганц нэгийг дурдвал “Ховч” нэртэй хяналтын програм “inetwork.mn” гэж дижитал контент худалдааны вэб сайт хийж байсан. Эдгээр бүтээгдэхүүнээрээ ICT Expo-д хүртэл орсон.

Тухай үед туршлага муу, мөнгө санхүүгийн асуудлаас болоод бүтээгдэхүүнүүдээ зах зээлд сайн нэвтрүүлж чадаагүй юм. Мөн дотоодын зах зээл хэтэрхий жижиг бөгөөд мэдээллийн технологийн чиглэлийн үнэлэмж тааруу, жижиг компаниуд томроход бэрхшээлтэй байдал их нөлөөлсөн. Мэдээллийн технологийн үндэсний паркийн инкубаторт 2 жил байхдаа маш их зүйл сурч нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Ингээд гадаадын зах зээл руу орсон юм.

asuult Хамгийн анх ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?
- Envato Marketplace-ийг 2008 оноос мэддэг байсан. Ямар нэгэн бүтээгдэхүүн байршуулж борлуулах санаа байсан ч хүмүүс бүтэхгүй санаа гэж хэлдэг байлаа. 2010 онд нэрийн хуудасны загвар хийгээд 5$-оор зарж 7 хоногийн дотор 20 орчим доллар олоод маш их урам авч билээ. Ингээд захиалгат ажлаа аажмаар багасгаж MarketPlace дээр борлуулах бүтээгдэхүүн дээрээ илүү цаг зарцуулж эхэлсэн. Үүний үр дүнд нь 2010 оны 12 сард эхний бүтээгдэхүүнээ оруулж 12$-оор худалдаалж одоогийн гараагаа эхэлсэн.

Envato MarketPlace 4 сая гарам хэрэглэгчидтэй дижитал бүтээгдэхүүний хамгийн том зах зээл учраас шаардлага өндөр. Бидний бүтээгдэхүүнийг олон удаа буцаасан ч бид шантралгүйгээр бүтээгдэхүүнээ сайжруулан ажиллаж байсан. Анхны бүтээгдэхүүн гэхэд 7 хоногт 100 гаруй удаа зарагдаж 1000 орчим доллар олж, топ бүтээгдэхүүнүүдийн нэг болж байлаа. Энэ нь бидэнд маш их урам зориг өгч, улам сайн бүтээгдэхүүн гаргах тал дээр илүү ажиллаж эхэлсэн.

asuult ТhemeTon одоогоор хэдэн хүнтэй ажиллаж байна?
Одоогийн байдлаар үндсэн 3 монгол, гадаад 3 (Америк, Израиль, Швед) нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гадаад ажилчид голдуу борлуулалтын дараах үйлчилгээ буюу Support дээр ажилладаг.

asuult ThemeTon анх байгуулагдсанаасаа хойш хэдэн бүтээгдэхүүн хийж ямар амжилт гаргав?
Одоогоор 15 бүтээгдэхүүнтэй. 250,000 гаруй долларын борлуулалт хийсэн. Envato MarketPlace-ийн Elite Author, Мөн онцлох Author болсон. MarketPlace-ийн 3400 багаас 134-рт бичигддэг. Нийтдээ 20 гаруй бүтээгдэхүүнтэй. Гэхдээ технологи шинэчлэгдээд хуучны зарим бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоосон байгаа.

asuult Танай бүтээгдэхүүнийг ашиглаж хийсэн гадаадын ямар сайтууд байна?
Монголд байгаа бизнес эрхлэгчид танай бүтээгдэхүүнийг хэр их худалдаж авч байна вэ?
За их олон сайтууд байдаг. Ганцыг дурдахад Монголд тоглолтоо хийсэн Солонгосын T-Ara хамтлагийн вэб сайт манай бүтээгдэхүүнийг ашиглаж хийсэн байна лээ. Монголоос хүмүүс худалдаж авч вэб сайт хийхдээ ашиглах тохиолдлууд бас зөндөө бий. Нэг үе ээ бодвол хүмүүс их ухамсартай болж байгаа.

asuult Таны хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж хийсэн ямар бүтээгдэхүүн байна? Мөн хамгийн их амжилт олсон?
Хамгийн их цаг зарцуулж хийсэн бүтээгдэхүүн нь жилийн өмнө 3, 4 сарын турш хийсэн Mana байна . Одоогоор 724 гаруй зарагдсан байгаа. Хамгийн их амжилт олсон бүтээгдэхүүн нь одоогийн байдлаар 1221 удаа зарагдсан SquareGrid байна.

asuult Төлбөрийн асуудлаа яаж шийддэг вэ?
Монголд гаднаас мөнгө авахад жаахан хүндрэлтэй байдаг. Манай банкнууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүйтэй холбоотой. Монголоос мөнгө гарахдаа ямар ч саадгүй гарна. Харин гаднаас валют оруулж ирэхэд нэлээд хүндрэлтэй л дээ. Одоо бол би SWIFT гүйлгээг ашиглаж байгаа.

asuult Монгол залуус дэлхийд өрсөлдөх боломж хэр байна гэж та бодож байна?
Ер нь бол ялгаа байхгүй. Монгол залуус гадныхнаас дутаад байх юм бол огт байхгүй. Ганц ялгаа нь тэд нар том зах зээлийн дунд байгаа. Харин бид жижиг зах зээлд. Тэр том зах зээлд гарахад манай залууст хэлний мэдлэг их том саад болдог. Бусад тал дээр бол асуудалгүй гэж бодож байна. Ялангуяа мэдээллийн технологийн салбарт хязгаар гэж үгүй хүн бүрт боломж бий.

asuult Envato MarketPlace дээр танайхаас өөр ямар Монгол залуус ажиллаж байна?
Монголоос хэд хэдэн залуус бий. Жишээ нь AudioJungleVideoHiveGraphicRiverCodeCanyonThemeforest зэрэг MarketPlace-үүд дээр Audio, Video Effect, Graphic Design, Programming чиглэлээр бүтээгдэхүүн борлуулдаг.

- Монголчууд багаараа бүтээгдэхүүн хийгээд, энэ зах зээлд өрсөлдөөд явахад хангалттай мөнгө олж чадах уу?
Боломжтой. MarketPlace бол маш том зах зээл. Нэг жишээ гэвэл ThemeForest-ийн хамгийн их мөнгө олдог хүн нь долоо хоногт 40,000 долларын орлоготой байдаг. Монгол мөнгө рүү хөрвүүлэх юм бол 7 хоногт 73 сая төгрөг олдог гэсэн үг. Жилийн дотор л сая долларын борлуулалт хийж чадсан олон хүн бий. Хамгийн гайхалтай нь энэ боломж хүн бүрт нээлттэй. Үүнийг ашиглахын тулд маш сайн хөдөлмөрлөж хичээж чармайх хэрэгтэй л дээ.

asuult Хүмүүс Joomla, WordPress гэх мэт нээлттэй эх дээр хийсэн сайтуудыг хамгаалалт муу, амархан хакердуулдаг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Та үүнд юу гэж хариулах вэ?
Зүгээр нэг компанийн танилцуулга сайт хийхийн тулд өөрсдөө бүгдийг шинээр програмчлаад кодоо бичээд, дизайнаа гаргаад хийвэл өндөр зардал гарна шүү дээ. Програмистын цалин, дизайнерийн цалин гээд зардал нь талийж өгнө. Өнөөдрийн вэб сайт хийх ханшийг харвал төсвөөс зардал нь хэтэрнэ. Харин үүний оронд нээлттэй эх (WordPressJoomlaDrupal) ашиглах нь хамгийн зөв сонголт. Нээлттэй эх дээр нэмэлт хөгжүүлэлт хийснээр цаг хугацаа мөнгө санхүү гээд олон зүйлд дээр хэмнэлт хийж чадна. Хамгаалалтын тал дээр бол олон зүйлээс шалтгаалдаг серверээр дамжих эсвэл хялбар нууц үг өгсөн байх гэх мэт олон шалтгаан байж болдог.

asuult Та дизайныхаа санааг хаанаас олж авдаг вэ?
Ерөнхийдөө гадны дизайны сайтуудаас голдуу авдаг. Үүнд awwwards.comcssmania.comwebcreme.combehance.netdribbble.com зэрэг багтана. Themeforest өөрөө маш их өрсөлдөөнтэй талбар. Юу шинээр гарч байна, юу нээгдэж байна тэр бүгдийг бүтээгдэхүүндээ шингээж өгөхгүй л бол хэн ч авахгүй. Сүүлийн үеийн вэб дизайны чиг хандлагуудыг их судлана, ер нь хаана шинэ юм гарч байна тэр бүгдийг судалж мэдэхгүй бол болохгүй.

asuult Та 7 хоногт хэдэн цаг ажилладаг вэ?
Яг тийм тогтсон цаг байхгүй. Өдөрт 5, 6 цаг ажилладаг. Хагас бүтэн сайнд амардаг. Заримдаа их ачаалалтай ажиллана, заримдаа бага ачаалалтай ажиллана, заримдаа блог хэсч, сошиал медиагаар тэнэсээр байгаад таардаг гэх мэт.

asuult Та байнга орох дуртай 3 сайтаа нэрлээч…
1. Google - Хайсан бүх зүйлээ олдог, мэдэхгүй бүх зүйлээ мэдэж авдаг, ойлгохгүй байгаа зүйлээ орчуулчихдаг. Үүнээс гадна Google-ээс гаргасан маш олон үйлчилгээг ашигладаг.

2. ThemeForest - Энд ихэвчлэн ажлаа хийдэг.

3. Facebook - Мэдээлэл авна, найзуудтайгаа харилцана, группүүдэд элсэж сонирхол нэгтэй хүмүүстэй танилцана, санал бодлоо хуваалцана.

asuult Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Чөлөөт цагаараа дугуй унадаг. Суудлын ажлын хөдөлгөөний дутагдлаас гарах хамгийн шилдэг арга. Манай ажлынхан бүгд ажилдаа дугуйгаар ирж очдог. Амралтын өдрүүдээр ихэвчлэн эхнэр хүүхэдтэйгээ салхинд гардаг. Зав гарвал гадуур гарч зураг дарах дуртай.

asuult Танд монголын ч юм уу, дэлхийн зах зээлд өөр төрлийн бүтээгдэхүүн гаргаад, хэрэглэгчидтэй болоод өрсөлдье гэсэн бодол байгаа юу?
Байгаа. Гэхдээ зөвхөн Монголд бүтээгдэхүүн гаргая гэж боддоггүй. Жишээ нь нэг утасны аппликейшн хийлээ гэж бодоход Монголд ч бай дэлхийд ч бай ялгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал нь адил гарна. Маркетингийн зардал нэвтрүүлэлтийн зардал арай өөр гарах байх. Тиймээс олон улсын зах зээлд өөр төрлийн бүтээгдэхүүн хийж үзэх санаа маш их байдаг. Одоогоор арай оролдож эхлээгүй л байна.

asuult 10 жилийн дараа вэб сайтын хөгжил ямар түвшинд явж байх бол?
10 жилийн дараа вэб сайтын хөгжил төсөөлшгүй байдлаар өөрчлөгдөх байх гэж бодож байна. Хэдхэн жилийн өмнө Desktop Application, Web Application, Mobile Application гээд тус тусдаа хөгжиж байлаа. Одоо бол ихэнх нь Web Based болж байна. Бүгд Cloud технологи руу хөрвөж байна. Зөвхөн вэб дизайны чиг хандлага л гэхэд 2 жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Тиймээс 10 жилийн дараах вэб технологийн хөгжлийг төсөөлөхгүй байна. Өнөөдөр технологийн хөгжил хамгийн хурдацтай байна шүү дээ.

asuult Таны цаашдын зорилго юу вэ?
АНУ-ын Санфранцискод байрлах Silicon Valley-д очиж ажиллах. Яагаад гэвэл Мэдээллийн технологийнхны амьдрал тэнд буцалж байдаг. Тэндээс тэрбумтнууд төрж байдаг. Мөн гайхамшигтай санаанууд тэнд боловсорч бидний өдөр тутмын амьдралд нэвтэрдэг. Амжилтад хүрсэн хүрээгүй хамаагүй, ямар ч байсан тэнд л мөрөөдлөө биелүүлж чадна гэж боддог.

asuult Та өөр шигээ темплэйт хөгжүүлэх сонирхолтой залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?
Залууст хандаж хэлэхэд шантрахгүй хийгээд байх л хэрэгтэй. Маргааш хийе, нөгөөдөр хийе гээд хойшлуулаад байлгүй шууд яг одооноос хийж эхэл гэж хэлмээр байна.

Themeton-ий Facebook хаяг: https://www.facebook.com/themeton

Түүний Facebook хаяг: https://www.facebook.com/olziinaa

Ярилцсан: Kenzo

Эх сурвалж: http://ohzaza.mn/