“Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч А.Амарсайхантай ярилцлаа. 

-Таныг зохиолч, зураач гэдгээр нь хүмүүс мэддэг. Эзэмшсэн үндсэн мэргэжил чинь яг юу юм бэ?
-Үндсэн мэргэжил гэхээр би Сэмбээ болоод явчихна шүү дээ. 10 дугаар ангид байхдаа  багш хийж үзэж байсан. Залуу зохион бүтээгчдийн дугуйлан гэж байсан даа. Говь-Алтай аймагт залуу техникчдийн ордны салбар станц гэж байхад нь нэг жил дугуйлангийн багш хийж байлаа. Аав, ээж хоёр хоёулаа багш болохоор тэр юм уу энэ мэргэжилд их элэгтэй байдаг юм. Тэгээд 10 төгсөөд уул уурхайн инженерээр сурсан хүн шүү дээ, би чинь. Геофизикийн инженер гэдэг мэргэжлээр сурч байгаад болиод дараа нь сэтгүүлзүйн мэргэжил эзэмшсэн. Тухайн үед Орост сурч байсан хүмүүст орос хэлний багшийн эрх өгдөг юм байна. Тэгээд сэтгүүлзүйн мэргэжил эзэмшихээсээ өмнө аймгийн төвд орос хэл заадаг байлаа. Гэх мэтээр янз бүрийн ажил хийсэн.  
-Инженерийн мэргэжлээрээ ажиллаж байгаагүй  юм уу?
-1990-ээд оны үед хүн бүр ганзагын наймаа хийдэг байлаа. Түүн шиг манайхан бүгд наймааны өвчин тусаад, хоёр улсын баатар хүн хүртэл гахай зөөгөөд явж байсан. Тэр үед би бас тарваганы арьс зарж, наймаа хийх гэж оролдсон. Нэлээд хэдэн жил гахай зөөсний эцэст наймаачин болохгүй юм байна гэдгээ мэдрээд хөдөө явсан юм. 1996 оны үед л дээ. Тэр үед суманд байгаа нь аймгийн төв рүү, аймгийн төвийнх нь хот руу шилжих гэж зүтгэдэг. Харин хотод байгаа нь Солонгос явах гэж, Солонгос явчихсан нь Америк гарах гэж зүтгэдэг байлаа. Гэтэл би эсрэгээрээ хотоос аймгийн төвд оччихоод бүр цаашаа суманд очиж орос хэлний багш хийх гээд явсан чинь манай найзууд намайг солиорсон байх гэлцэж байлаа. Наймаа хийж байхад аав загнахгүй юу. “Чи наймаа хийгээд өөдөлсөн юм алга. Чамтай хамт наймаа хийж эхэлсэн хүмүүс эхнээсээ чингэлэгтэй болж байна. Чингэлэгтэй байсан нь дэлгүүр барьчихлаа. Гэтэл чи энэ янзаараа бол зах дээр суугаад оо зардаг авгай нар шиг  болох нь. Ингэж явахаар орос хэл мэддэг хүн эцгийнхээ төрсөн нутагт очиж ажилла. Хөдөө суманд орос хэлний багш дутагдалтай байна гэсэн. Тэгээд орос хэлний багшаас амьдралын гараа эхэлсэн дээ.  Багш хийж байхдаа ханын сонин гаргаж, шог зураг зураад, өгүүллэг бичдэг байлаа. Шинэ жилийн үдэшлэг болж байхад хүмүүс баярлахаа мартчихсан миний хийсэн  ханын сонинг үзээд  инээлдээд байсан. Тэгэхээр нь сумын төвийнхнийг инээлгэж болж байгаа юм чинь яахаараа дараагийн алхмаа хийж болохгүй гэж бодоод сонинд өгч үзсэн. Тэгээд цаашаа практикын сэтгүүлч хийж, орон нутгийн сонинд ажиллаад  явсан даа. 
-Тэгвэл төрөлхийн зургийн авьяастай байж дээ?
-Багаасаа л зургийн авьяастай байсан. Янз бүрийн зургийн уралдаан болдог байсан даа. Тэр уралдаануудад оролцоно. “Хүүхдийн ертөнц” гэдэг уралдаанд  гуравдугаар байрт шалгарч байлаа. ҮЭ-ээс зарласан нэг зургийн уралдаанд мөнгөн медаль авч байсан. Энэ мэтээр нэлээд их шагнал бий. Тэр үед зургийн дугуйланд хичээллэж байсан чинь нисэх загварын дугуйлан гэж хүчээ авчихлаа. Хүүхдүүдийг уруу татаад, оруулаад л. “Чи ирээдүйд нисэхийн алдартай зохион бүтээгч болно” гэж цаасан малгай өмсгөөд л. Дөнгөж хоёрхон сая хүнтэй Монголд нисэхийн зохион бүтээгчээр ч яах юм билээ. Би нисэхийн зохион бүтээгч болчихоод, миний зохион бүтээсэн онгоцийг хийх гээд хоёр сая монгол бүгдээрээ ажиллах юм уу, хаашаа юм. Тийм утгагүй юм руу зүтгээд, нисэх загвар гэж гүйж байгаад зургаа хаячихсан. Нисэхийн зохион бүтээгч инженер болно гэсэн мөрөөдөлтэй явж байсан чинь тэр жил гай болоод нисэхийн инженерийн анги ирээгүй юм. Тэгэхээр нь ямар ч хамаагүй инженер болъё гэж бодоод сургууль авчихсан. Сонирхолгүй мэргэжлээрээ хүн сайн сурахгүй юм билээ. 
-Зургийн авьяасаа яагаад заавал хошин тал руу нь хөгжүүлсэн юм бэ. Уран зураг зураад, үзэсгэлэн гаргасан шиг давхиж явсан бол болох л байсан байх?
-Намайг бага байх үед “Тоншуул” сэтгүүл хүчээ авч байсан. Тэнд ажилладаг  Ц.Байды, Доржготов гээд зураачдыг бүтээлээр нь мэддэг, тэдэн шиг зурах юмсан гэж боддог байсан. Тэгж явж байгаад шог зураг оролддог болсон байх.
-Та чинь нэг хэсэг “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байсан байх аа?
-Ид гарч байх үед нь хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл нь ажиллаж байлаа. Хариуцлагатай нарийн бичгийн даргын албан тушаалд Ц.Дамдинсүрэн, Д.Пүрэвдорж, Ч.Гайтав гээд мундгууд ажиллаж байлаа. Тийм том местэн дээр шууд давхиад очиж байлаа шүү дээ. 
-Таны шог зургуудыг хараад байхад нийгмийн шинжтэй байдаг. Хүмүүс улс төрийн өгүүлэмжтэй шог зургуудыг илүү сонирхоод байх шиг. Тэр чиглэлээр яагаад зурахгүй байна?
-Улс төрийн чиглэлээр хааяа нэг зурдаг. Миний сүүлийн үед зурж байгаа зургууд нийгэм тал руу хазайгаад байгаа нь “Mongolian economy” гэдэг сэтгүүлтэй хамтарч ажиллаж байгаатай холбоотой. Тэднийх надаар дан эдийн засгийн сэдэвтэй зураг зуруулж байгаа юм. Маш хэцүү даалгавар шүү дээ. Жишээ нь, инфляцийг зураад өг гэдэг. Яаж зурах гэдэг нь толгой гашилгах л асуудал. Гэхдээ л хамтарч ажиллаж байгаа учраас яаж ийж байгаад л зурна даа. 
-Хошин зураг зурдаг хүмүүс хаанаас санаа, мэдрэмжээ олж авдаг юм бол. Бас нэг онгод маягийн юм байдаг уу?
-Амьдралаас бүх санаагаа олдог. Зүгээр л IT-гийн инженер хүний блогийг уншиж байгаад шог өгүүллэгийн санаа олж байгаа юм. Монголчууд бид цаанаасаа    IT-гийн инженерийг бэлтгэж байдаг юм байна. Жишээ нь, хөдөөний хүүхэд өглөө босч ирээд IT-гийн инженерийн бодлого боддог гэж байгаа. Чөдөртэй морио хайж байгаа хүүхэд гэхэд,  өнгөрсөн шөнө чийгтэй хонож. Хүрэн морь дагуулаад явбал урагшаа, хээр морь бол хойшоо явах ёстой гэх зэргээр маш олон янзын магадлал дэвшүүлж, IT-гийн бодлого боддог. Маш олон өгөгдөхүүнтэй программ зохиох гэж байгаа юм шиг бодлого боддог гэсэн үг. Энэ мэтээр алхам тутамдаа байнга олон өгөгдөлтэй бодлого бодож байдаг юм байна. Тиймээс манайхан бүгдээрээ IT-гийн инженер болчихдог гэсэн шог санаа дэвшүүлэх жишээтэй. Тэгээд л “Microsoft” монгол инженерийн төлөө зодолдож байна цаана чинь гэж хошигноно. Энэ маягаар зураг зурж, шог өгүүлэл бичиж болж байгаа юм. Бүх л санаа амьдралаас ургаж байдаг юм. Түүнээс бурхан онгод хайрлаад байдаггүй. Засгийн газар нэг удаа 100 мянган ажлын байр бий болгоно гэж ярьж байгаа юм. Түүнийг сонирхоод цахим хуудас руу нь орж, тэр их ажлын байрт хэн ажиллах гэж байгааг сонирхсон чинь ажил хайж байгаа хүмүүсийн тоо нь 30 мянга байж байх жишээтэй. Тэгэхээр үлдсэн 70 мянгыг нь яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Эндээс л шог санаа ургана даа.  
-Ойрын үед шог зургийн ном гаргах төлөвлөгөө юу байна?
-“Өөхөнд хулдсан егөө” гээд шог өгүүллэг, зургийн ном гаргаж байлаа. Одоо бол худалдаанд байхгүй. Сүүлийн үед хийсэн уран бүтээлээ нэгтгээд нэг ном гаргах гээд байж байна. Уг нь өнгөрсөн жил  гаргах гэж байсан юм. Энэ жил бас л гаргах гээд байж байна даа. Ерөөсөө бүх зүйл нь бэлэн болчихсон юм. Гэтэл киноны уран бүтээл дээр суугаад, бусад зүйлээ хаячихаад байна шүү дээ. Сүүлийн нэг жилд цөөхөн шог зураг зурж, өгүүллэг бичсэн байх шив дээ. Киноны ажилд орсноос хойш л тийм болсон юм.
-Та “Тусгай салаа” киноны зохиолыг бичсэн. Тэгэхдээ цэргийн амьдралыг дэндүү хялбараар харуулсан юм шиг санагдсан. Цаанаасаа тэгж бич гэсэн юм уу, таны санаа юу?
-Хүмүүс ингэж яриад байгаа юм. Чи дэндүү гоёчилж бичсэн байна, нэг ч болов шанаа өгүүлэх байсан юм ч гэж. Хэрвээ  Дэндэвт, Сүлдэд, Түвшинд шанаа өгүүлэх юм бол би Монгол Улсаа шанаадчих гээд байсан учраас тэгж бичээгүй юм. Манай дайснуудын төлөө ажилласэн хэрэг болох гээд байсан. Яагаад гэхээр эцэг, эхчүүд тэр киног үзээд хүүхдүүдээ цэрэгт явуулахгүй шүү дээ. Арми гэдэг чинь аймаар юм байна, хүүг маань зодож байгаад явуулна гээд Монголын армийн нэр хүндийг юу ч үгүй уландаа гишгэх байсан. Ерөөсөө цэрэг, эх орны сэдэв гэдэг их эмзэг. Тэгж бодож хийсэн. Түүнээс биш байгаагаар нь гаргах гэж байна гээд гөвөөд байж болохгүй шүү дээ. Юм болгоныг байгаагаар нь гаргах юм бол уран бүтээл гэж хийгээд яах юм бэ?
-Цэргийнхэнтэй уулзаж, ярилцсаны үндсэн дээр тийм шийдвэрт хүрсэн үү?
-013 анги дээр 14 хоног яс байрлаж, байлдагч нарын хоолыг идэж байсан. Хүн байж болдог юм байна уу, үгүй юу гэдгийг мэдэх гэж өөр дээрээ туршсан санаатай. Тэнд зүгээр сайхан монгол хоол өгдөг юм билээ. Мөн өглөө жагсахдаа жагсаад, бүх зүйлийг судалсан. Тиймээс нэг нэг их том зөрчил харуулахыг зориогүй юм. Өөрийнхөө санаагаар,  зүгээр хүмүүсийн хоорон дахь жижиг зөрчил дээр тулгуурлаад бичсэн. Тэр ч утгаараа дүр болгон нь гэгээлэг болсон. Хүмүүс гэрэлтэй гэгээтэй юмыг их хүлээж байсан юм билээ. Өнөөдөр Дэндэвийг таньдаггүй хүн Монголд алга  байна шүү дээ. Ингээд бодохоор монголчууд гэрэлтэй гэгээтэй зүйлийг хүлээж байсныг энэ кино баталсан. 
-Олон ангит кино гэдэг өөрөө хүн хөдөлмөр. Тэр утгаараа багагүй зовдог байх. Яаж өрнүүлэх үү, зөрчилдөөн нь хаана байх вэ гээд л?
-Судлаад, үнэмшилтэй үйл явдлын дарааллыг гаргахын тулд хөдөлмөрлөх шаардлагатай. Маш хэцүү. Тэгэхгүй гэнэт цус харваад, тэгснээ эдгээд, түүнийхээ дараа гэнэт гэмт хэрэгтэн болоод, түүнийхээ дараа оюутан болоод гээд нэг хүнд баймгүй олон янзын үйл явдал гаргавал худлаа болно. Анхнаасаа зохиолын шугам гаргах гэж зовно. Дүрүүдээ яаж гаргаж өгөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд бичлэгийн явцад асар их ой шаардана. Тавин хэддүгээр анги дээр хэн нэгнийх нь хэлсэн үг нь хэрэг болно. Урагшаа хайгаад явахаа аль ангид бичсэн нь олдохгүй. Нэг жижигхэн зүйл өөрчлөхөд зохиол тэр чигээрээ өөрчлөгдөх ажил болно. Алдаа гарна. Жишээ нь, “Хэцүү анги” дээр нэг том алдаа гарсан. Зураг авах үед дандаа ахлах ангийн хүүхдүүд ирээд байна. Тэгэхээр ахлах сургууль болгоё гэсэн. “Залгамж” цогцолбор сургууль гээд зохиол дээр бичигдсэн байсныг “Оч” ахлах сургууль болгочихгүй юу. Тэр үедээ надад болмоор санагдсан. Гэтэл кино гараад эхэлсэн чинь нэг хүн надад “Ахлах сургууль гэж гараад байх юм. Гэтэл ахлах сургуульд яагаад бага ангийн багш байгаа юм” гэж байсан. Тийм том алдаа гарсан. Тэгэхээр эхлээд биччихсэн юмыг өөрчилнө гэж хэцүү. Нэг анги  дээр жийп машин онхолдсон тухай гарна гэж бодоод үз дээ. Гэтэл түүнийг гэнэт өөрчлөөд жижиг тэрэг болгочихъё. Гэтэл сүүлийн ангиуд дээр маш олон удаа жийп машин осолдсон тухай яриа бичигдчихсэн байдаг байхгүй юу. Тэр болгоныг хөөж засна гэж бодохоор маш их зовлонтой ажил. 60 ангит кино гэхэд 600 хуудас болдог юм. Түүнийг 2-3 жил бичихгүй. Хоёр сард багтааж бичнэ. Өдөр шөнөгүй суугаад, хоногтоо 4-5 цаг л унтдаг байсан. Сахлаа авахгүй суугаад байсан сүүлдээ Авар шиг болж байсан юм даг. 
-Ийм хэцүү хөдөлмөр хийж байгаа хүн. Таныг хэр үнэлж байна вэ?
-Хэрвээ би “Сэтгүүлч” коллежид хичээлийн эрхлэгч хийгээд, сардаа 300 мянган төгрөг гар дээрээ аваад сууж байсан бол өдийд байртай болоогүй  байгаа шүү дээ. Гэтэл 2-3 кино хийгээд байртай болчихлоо. Унах машинтай болсон. Яах вэ, болж л байна. Гэхдээ манайд үнэлгээ бага шүү дээ. Нэг хит болсон киног хүн ам олонтой, Орост юм уу Японд хийсэн байлаа гэхэд насаараа идэх хөрөнгөө цуглуулчихсан. Хауст амьдраад, дээшээ харж хэвтээд, баян хүний амьдралаар амьдарч байгаа. Гэтэл би одоо дараагийн киногоо яаж хийх вэ, хоёр хүүхдийн сургуулийн мөнгө олох энэ тэр гээд, амьдралын аар саар асуудлыг шийдэх гээд гүйж байна. Гэхдээ яах вэ, болоод л байна. Одоо цацагдаж буй 60 ангит түүхэн сэдэвтэй  кино зохиол бичээд 25 сая төгрөг авсан. Маш их судалгаа орсон, цаг зав зарцуулсан бүтээл дээ. Өчнөөн хөдөлмөр, судалгаа зарцуулж байж тийм хэмжээний мөнгө авч байгаа шүү дээ. Нэг сайхан нь өөр ажил хийхгүй, ийш тийшээ үсрээд байхгүй юм даа. Кино зохиол бичихээр өөр ажил хийх ямар ч боломж байдаггүй юм. Зохиол бичиж байгаа хүн хажуугаар нь оюутнуудад “телевизийн сэтгүүл зүй гэдэг чинь...” гээд л хичээл заавал утгагүй юм болно биз дээ. Сүүлдээ зохиолоо бичихдээ нөгөө телевизийн сэтгүүл зүйтэйгээ холиод, бантан болгож таарна. Тиймээс олон ангит кино бичих ажлыг дангаар нь эрхлэхээс өөр арга байхгүй. 
-Нэг ангит киноны зохиол бичүүлэх санал ирж байна уу?
-Ирдэг. Гэхдээ дандаа олон ангит киноны зохиол дээр суучихсан үеэр санал ирдэг. Тэгээд нэг их барьж авдаггүй юм. Яагаад ч юм цаанаасаа намайг битгий бич гэдэг юм байлгүй. Нэг ангит кино гэвэл “Тусгай салаа-2” дэлгэцэнд гарах шив дээ. Түүнээс өмнө 2, 3 зохиол бичсэн. Тэр нь кино болоогүй. Кино болтлоо зовно шүү дээ бас. Мөнгө төгрөг олдохгүйгээс авахуулаад.
-Багш, сэтгүүлч, шог зураач хүн яаж яваад кино зохиолтой холбогдчихсон юм бол?
-“Тоншуул” сэтгүүл, С1 телевиз хамтраад сар бүр шог зохиолоор уралддаг “Вакцин” наадмыг зохион байгуулдаг байсан юм. Сар болгоных нь наадамд оролцож, түрүүлж, үзүүрлээд яваад байсан. Тухайн үедээ ямар ч байсан шагналт байранд шалгарна гэж бодож байлаа. Гэтэл яг сүүлийн шатны шалгаруулалт болсон чинь шүүгч нар будилуулаад, намайг дөрөвдүгээр байр руу түлхчихсэн. Тухайн үедээ том ялагдлаа даа гэж бодоод явж байсан чинь олон хүмүүс надад хандсан. Кино зохиол бичүүлэх гэсэн санал шүү дээ. Миний өгүүллэг сайн байсныг кино найруулагч, жүжигчид анзаарсан хэрэг. Тэр саналуудын нэг нь “Хэцүү анги” байсан юм. Б.Навчаа надад санал тавьж ирэхдээ үндсэн санаагаа хэлсэн. Хүүхдийн кино хийе гэсэн.  Би өөрөө дунд сургуульд ч, дээд сургуульд ч багшилж байсан болохоор ургаад явчихсан. Тэгээд нэлээд цаг хугацаа, бэрхшээлийг давсны эцэст кино болсон. 
-Кино зохиолын гол шугамуудаа хэрхэн гаргадаг вэ? 
-Би “Хэцүү анги”-ийн зохиолыг бичихдээ “Сэтгүүлч” коллежид ажиллаж байсан юм. Тэгээд судалгаагүйгээр  явахгүй гэдгийг сайн мэдэрсэн. Тиймээс шууд олон ангит кино яаж хийгддэг юм, ямар алдаа гардаг вэ гэдгийг судалсан. Солонгос киног үзээд, алдаа нь яаж гарч байна, ололт нь хаанаа байна гэдгийг судалсан. Америкийн нэг их олон дүртэй, гэрийн эзэгтэй нарын тухай киног ч үзсэн. Тэгээд яагаад ийм олон дүртэй байдаг юм бэ гэдгийг судлаад үзсэн чинь гацаанд оруулахгүйн тулд тэгсэн байгаа байхгүй юу. Энэ мэт дэвшилттэй зүйлээс нь санаа аваад, маш олон ном уншсан. Кино зохиолын онол хүртэл судалсан. Ерөөсөө маш их судалгаан дээр тулгуурлаж байж бичсэн дээ. Түүнээс биш зүгээр нэг ярьж сууж байгаад кино зохиол бичнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Хамгийн гол нь би киногоо энгийн байлгах гэж зүтгэсэн. 
-Киночид мөнгө олох зорилгоор арилжааны уран бүтээл хийж байна. Харин олон ангит кино хийхэд тийм юм байхгүй шүү дээ. Гэтэл уран бүтээлчид энэ чиглэлд илүү анхаараад байх шиг. Учир нь юунд  байна?
-Мөнгө олохдоо гол нь биш, уран бүтээл хийхдээ шүү дээ. Уран бүтээлийн төсөв, өөрсдийнхөө шагнал гээд бүх төсвөө тусгаж байгаад компаниудад ханддаг. Бид энэ уран бүтээлийг хийгээд, ийм төгрөгний шагнал авах ёстой юм гээд мөнгө босгодог. Яах вэ, сайн кино хийгээд арилжааны телевизээр цацвал рекламнаас мөнгө олох боломжтой. Гэхдээ Монголд реклам өндөр үнэтэй биш. Хятадын ССТВ-гээр реклам цацахад секунд нь хэдэн мянган ам.доллар байдаг. Гэтэл манайд ямар билээ. Зардлаа нөхвөл их юм. Ашиг олох талаар бодоод хэрэггүй. Гэхдээ бид уран бүтээл хийж үлдээхийн төлөө л зүтгэсэн. Нөгөө талаар энэ удаад түүхэн сэдэвт бодитой хандах зорилгоор кино хийсэн. Манайхан бүх юманд туйлширдаг. Түүнийг болиод, бодит байдал ямар байсан бэ гэдгийг харуулахыг хүссэн. 
-Хүмүүс нас ахиад ирэхээр амар жимэр амьдрахыг хүсдэг шүү дээ. Та хөгшрөөд ирэхээрээ яаж амьдарна гэж боддог вэ. Орос хэлний багш хийгээд, хүүхдүүдтэй шуугилдаад байж байх болов уу?
-Би түрүүнд хэлсэн. Тухайн орондоо олон нийтэд хүрчихсэн хоёр кино хийсэн хүн хэрвээ гадаадад байсан бол юу хийх вэ, хаашаа жуулчлах вэ гээд явж байгаа. Одоо гэтэл би цаашлаад дахиад олон зүйлийг бүтээмээр байна. Мөн олон ангит киноноос гадна романууд дээр ажиллах санаатай байгаа. Олон ангит киноноос болоод роман бичих ажлаа хойш тавиад байна. Түүнээс гадна шог өгүүллэгүүд дээрээ ажилламаар байна. Шог өгүүллэг бичдэг зохиолчид хүртэл ховордоод байна. Би хөгширсөн хойноо ч гэсэн бууж өгөхгүй. Хэзээ ч хөгшрөхгүй л гэж боддог. 40 гарсан насандаа би 18 настай хүүхдийн сэтгэлгээгээр кино хийсэн. 70 хүрсэн хойноо 40 настай хүний сэтгэлгээгээр яагаад зохиол бичиж чадахгүй гэж? Үзгээ хэзээ ч орхихгүй гэж боддог. Ямар 10 лирт ус өргөөд 10 давхарт гарах гэж байгаа биш дээ. Үзэг бариад, зохиол бичээд суух юм чинь, ухаан бодол улам цэгцрэх байх гэж бодож байна.
-Нэг ажлыг нөгөөгөөр солихоор амралт болдог гэдэг. Тархиа амраахын тулд юу хийдэг вэ?
-Би шог зураг зурахаар амралт болчихдог байхгүй юу. Кино зохиол бичиж байхдаа шог зурах дуртай байдаг. Шал өөр юм бодоод, зураг зураад нэг өдөр суухаар амарчихсан юм шиг болдог. Маргааш нь кино зохиолдоо орохоор өөр шүү дээ. Уран бүтээлийг өөрөөр солиод амарч л байна. Гэхдээ яг ээлжийн амралт авах маягаар амардаг үе байлгүй яах вэ. Саяхан би халдварт бус өвчний сэдэвтэй кино зохиол бичсэн. Одоо зураг авалт эхлэх гэж байгаа. Тэр зохиолыг бичиж байхдаа эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй юм байна гээд өөрөө эрүүл амьдраад, “кинондоо ороод” эхэлсэн гэж байгаа. Хагас сайн өдөр болгон Богд уул руу алхаад гарчихдаг. Идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй шүү дээ. Тиймэрхүү маягаар ажил, амралтаа зохицуулна. Гэхдээ олон ангит кино зохиол эхэлчихсэн байхад босч биеийн чилээ гаргах ч зав гардаггүй юм.
-Та тэгвэл зохиол дотроо амьдардаг хүн юм байна даа?
-Нэг олон ангит кино эхэлчихлээ гэхэд тэр дүрээрээ амьраад байгаа юм чинь. Тэгж амьдрахаас ч өөр арга алга байна шүү дээ.

http://www.shudarga.mn/