Дэлхийн худалдааны  байгууллагын 160 гишүүн өнгөрсөн долоо хоногийн эцсээр “Худалдааг хөнгөвчлөх гэрээн дэх” дэлхийн худалдааны татварын журмуудыг цэгцэлж,эцэслэх байсан ч дахин бүтэлгүйтлээ. Үүнд олон талын шахалт нөлөөлсөн бөгөөд тэр дундаа Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийнх нь хувьд эрх зүйн хамгаалалтыг баталгаажуулахаас нааш санал нэгдэхгүй гэж хүчтэй эсэргүүцсэнээс үүджээ. 
 
Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Австрали, Канад,АНУ, Норвеги болон Европын холбооны улсуудаас орж ирдэг байсан үхэр, гахай, загас, тахианы мах, бяслаг, хүнсний ногоо, жимс жимсгэнийн төрлийн бүх бүтээгдэхүүнд хориг тавих  тогтоолд гарын үсэг зурлаа. Уг шийдвэр энэ сарын 7-ноос эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Оросын хувьд ингэснээр хүнсний бүтээгдэхүүний нийлүүлтийн найман хувийг өөр улсуудаас нөхөх шаардлагатай болж байна.
 
Хятадын гадаа худалдаа өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6,9 хувиар өсч, 378.5 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн долдугаар сард экспорт 14.5 хувиар өмнөх жилийхээсээ өссөн бол импорт 1.6 хувиар өссөн байна. Ингэснээр худалдааны ашиг 31 тэрбумаас 47.3 тэрбум ам.доллар болж өсчээ. 
 
Европын холбооны улсуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зогсоох Оросын хориг нь тус тивд 16 тэрбум ам.доллар алдахад хүргэх бөгөөд ингэснээр хямрал руу ч түлхэж мэднэ гэж зарим мэргэжилтнүүд анхааруулж байна. Харин энэхүү хориг нь Латин Америк, тэр дундаа Эквадор, Бразиль, Чили, Аргентинд сайнаар нөлөөлж, Орост нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний экспортыг нь нэмэгдүүлэх нь тодорхой боллоо. 
 
Европын Төвбанк бодлогын хүүгээ өөрчлөлгүй үлдээж түүхэнд байгаагүй доод хэмжээ буюу 0.15 хувьд тогтоож байна. Тус банкны хувьд бодлоын хүүгээ 0 хувь болгоход тун бага хувь үлдсэн учир энэ удаагийн шийдвэр ч урьдаас таамаглаж болохоор ойлгомжтой шийдвэр байв. Энэ зургаадугаар сард томоохон эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээ зарласан учир Марио Драгиг ахин томоохон хөтөлбөр зарлахгүй байх гэж эдийн засагчид таамаглаж байна.
 
АНУ-ын хоёр дахь зээлийн банк “Bank of America” 2007 оны санхүүгийн хямралын үеэр учруулсан хохирлынхоо төлөө түүхэнд бичигдэх өндөр торгууль буюу 17 тэрбум ам.долларыг улсдаа төлөх тохиролцоонд хүрэхэд ойртжээ. Хэрвээ энэ тохироо эцэслэгдвэл, 2013 онд “JP Morgan Chase” санхүүгийн фирмийн төлөхөөр зөвшөөрсөн 13 тэрбумаас ч өндөр нөхөн төлөлт болох юм. 
 
“Malaysia Airline” компанийн нийт хувьцааны 69.37 хувийг эзэмшигч Төрийн өмчит “Khazanah Nasional” компани агаарын тээврийн компанийнхаа хувьцааг Малайзын хөрөнгийн бирж дээр арилжаанд оролцуулахгүй байх хүсэлтийг энэ даваа гаригт гаргаж, жагсаалтаас хасуулсан. Мөн Төрийн өмчит “Khazanah Nasional” тус компани үлдсэн хувьцааг эзэмшигчдэд нэгж хувьцаа бүрийг 27 малайз сэнээр худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна.
 
Мексикийн Конгресс улсынхаа эрчим хүчний салбарын хуулинд өөрчлөлт оруулж, 1938 оноос хойш анх удаа газрын тосны салбарт хувийн компаниуд орж ажиллах боломжтой боллоо. Үүний дүнд, тус улсын газрын тосны зах зээл гаднын компаниудад нээлттэй болж, Төрийн өмчит “Pemex” монополь эрхээ алдах нь тодорхой болоод байна. 
 
Германы үйлдвэрлэлийн гарц Украйны хямралаас үүдэн саарч, тавдугаар сарын 1.8 хувиасаа илт саарч зургадугаар сард ердөө 0.3 хувиар өслөө. Эдийн засгийн яамны энэхүү үзүүлэлт нь олон эдийн засагчийн таамаглаж байснаас бага тоо юм. Гэвч жилийн эхний улирлын үйлдвэрлэлийн өндөр өсөлтийн дараах энэхүү сул үзүүлэлтийг бид  таамаглаж байсан гэж яамнаас мэдээлжээ. 
 
Англо-Австралийн уул уурхайн Рио Тинто группын ашиг энэ оны эхний хагас жилийн байдлаар 21 хувиар өсч 5.1 тэрбум ам.доллар болсон гэдгээ мэдээллээ. Тус компанийн хувьд өмнөх захирлынхаа захиргаанд өрийн хэмжээгээ багасгаж эхэлсэн бөгөөд түүний орыг 18 сарын өмнө залгасан Сэм Волш зээл зургаан тэрбум ам.доллараар багассан гэж хэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн зургаан сарын хугацаанд тус компани ажиллах хүчээ 2200 хүнээр цөөлөөд байна 
 
Таваарын ханшийн хувьд Зэс Лондонгийн металлын бирж дээр Пүрэв гагигийн байдлаар нэг тонн нь 6972 ам.доллар байгаа бөгөөд өмнөх өдөр нь нэг хувиар унаж өнгөрсөн таван долоо хонгийн хугацаан дахь доод хэмжээндээ хүрээд байсан билээ. Харин Алтны хувьд Украйнд өдүүлсэн Оросын асуудлаас үүдэн хөрөнгө оруулалтын голлох хэрэгсэл болж байгаа бөгөөд 1300 ам.доллар гэсэн өндөр үнийн түвшингээ хадгалсаар байна. Энэ нь ч улам чангарахаар байна. Төмрийн хүдрийн хувьд таваарын бирж дээр энэ долоо хоногт нэг тонн нь 95.50 ам.долларт хаалтаа хийлээ. Рио Тинто, Би Эйч Би Биллитон зэрэг томоохон төмрийн хүдэр олборлогчид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлснээр дээрх үнэ цаашид унах магадлал өндөртэй байна. Голдман Сакс ирэх жил төмрийн хүдэн 80 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. 
 Б.Энхцэцэг
http://www.mongolianeconomy.mn/