“Монсудар” хэвлэлийн газраас Монгол дохионы хэлний өврийн толийг эрхлэн гаргаад байгаа юм байна. Энэхүү шинэхэн номын талаар “Монсудар” хэвлэлийн газрын редактор Б.Батцэцэгээс тодрууллаа.


Сайн байна уу? Юуны өмнө шинэ бүтээл гаргасанд тань баяр хүргэе.

-          Баярлалаа.

Бид бүхэн хэл гэж ярих хэрнээ гар хуруу, нүүр царайны хувирал болон биеэр дүрслэн үзүүлж харилцан ойлголцдог дохионы хэлийг орхигдуулдаг талтай. Тэгэхээр дохионы хэл гэж юу болох талаар яриагаа эхэлвэл зүгээр болов уу?

-          Товчхондоо бол сонсголгүй, хэлгүй хүмүүс хоорондоо болон бусадтай ойлголцох гол хэрэгсэл юм. Монгол дохионы хэл нь 35 үсэгтэй, тодорхой дүрэмтэй.

Дохионы хэлний толь гэж өмнө нь сонсож байгаагүй юм байна. Толийн онцлогоос дурдахгүй юу?

-          Дохионы хэлний толь, сурах бичиг гарын таван хуруунд багтахаар цөөхөн боловч тэдгээр дээр түшиглэн хийсэн юм. Онцлог гэвэл их бий.

Бид уг толио хүн бүхэнд зориулсан учраас зургийг тодорхой байрлуулж, сумны чиглэлийг ойлгогдохуйцаар тэмдэглэн өврийн тольдоо өдөр тутамд хэрэглэдэг 700 гаруй түгээмэл үгсийг сонгосон. Мөн шинэ, хуучин дохиог ялган нийтлэг хэрэглэгддэг дохиог түлхүү оруулж өгсөн. Бүх үгээ зүйлчлэн ангилахаас гадна үгсийн жагсаалтыг хавсаргасан тул хэрэглэхэд хялбар болсон байгаа. 

Дохионы хэлийг бид төдийлөн анхаарч үздэггүй шүү дээ. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүст л зориулсан хэл гэж ойлгодог. Ер нь бусад хүмүүст хэр хамааралтай вэ?

-          Яг хэлье гэснийг минь та асуулаа. Миний хувьд хэт туйлширсан энэ ойлголтыг өөрчлөх юм сан гэж бодож явдаг л даа.  Ихэнх хүмүүс би сонсголгүй, хэлгүй биш юм чинь надад хамаагүй гэх хандлагатай байдаг. Гэвч тийм биш юм гэдгийг хэлмээр байна. Монголын хүн амын тодорхой хувийг эзэлдэг сонсголгүй, хэлгүй эдгээр хүмүүстэй харилцдаг, харилцах шаардлагатай болон мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн, ямар нэг үйлчилгээний байгууллагад ажилладаг, олон нийттэй харилцдаг хүн бүр дохионы хэлийг зайлшгүй сурах шаардлагатай. Тийм хэрэгцээ энэ нийгэмд бий. Наад захын жишээ гэхэд, та сонсголгүй, хэлгүй хүмүүст үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах эсвэл ямар нэгэн байдлаар харилцахаар болбол хэрхэн ойлголцох вэ? Цаас бал барин нэг бүрчлэн тайлбарлаж чадахгүй. Мянга хашгичаад нэмэргүй. Хэрвээ энэ тохиолдолд та дохионы хэл сурчихсан байвал амархан ойлголцох бөгөөд таны бас нэгэн давуу тал болж байгаа хэрэг юм.

Нээрэн тийм юм байна. Гэхдээ дохионы хэл сурахад хэр хэцүү бол?

-          35 үсгээ сурчихсан байхад ерөнхийдөө суурийг нь тавьчихлаа гэсэн үг. Цаашлаад үгийн дохионуудыг хэд хэд давтаад хийхэд хэн хүнгүй сурах боломжтой байдаг. Учир нь өвөө эмээ гэхэд үрчлээг дүрслэх, сагсан бөмбөг гэхэд хоёр гараараа бөмбөгөө бариад шидэж байгаа дүр үзүүлэх гэх мэт тухайн үгийн утгыг бүрэн илтгэхүйц дохио зангаанууд байдаг. Сурахад маш хөгжилтэй, сонирхол төрүүлэхүйц л дээ.

Толийг хийх явцад бэрхшээлтэй ч юм уу, түвэгтэй зүйл юу байсан бэ?

-          Хэцүү гэхээр зүйл нэг их байгаагүй ч шийдвэрлэмээр зүйл их байсан. Ядаж л өөрчлөх шаардлагатай дохиогоо өөрчлөөд шинэ, хуучин дохиогоо ялгаж салгаад нэгдсэн нэг дохиогоор явах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор зарим нь хуучин дохиогоороо, зарим нь шинэ дохиогоороо яваад ойлголцоход бэрхшээл үүсээд байгаа юм.

Бидэнд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсээд сүүлийн хэдэн хормыг танд үлдээе?

-          Баярлалаа. Монголчууд бид юмыг хэт туйлшруулан нэг тийш аваачих гэж оролддог дутагдалтай. Тиймээс дохионы хэл над падгүй гэлгүйгээр бусад талаас нь хараад үзээрэй. Хэрэггүй зүйл гэж нэгээхэн ч үгүй, ялангуяа мэдлэг боловсрол хэзээ ч илүүдэхгүй  шүү гэж хэлмээр байна.