Spa гэхээр таны санаанд гоо сайхны салоны тухай байна даа гэж бууж байна уу? Үнэхээр ч үнэртэн, гоо сайхан, spa гэдэг ойлголт хоорондоо салшгүй холбоотой хэдий ч чухам spa ямар зорилготой хаана үүссэн тухай энэ удаагийнхаа дугаараар уншигч танд толилуулахаар зорилоо.

  Spa гэх ойлголт яг хаана, хэзээ анх үүссэн тухай хэн ч тодорхой хэлж мэддэггүй ч Ромын эзэнт улсын үед үүссэн байх гэж түүхчид үздэг аж. Эртний Ромын цэргүүд аян дайны алжаалаа тайлж, дайнаас олсон шарх гэмтлээ эдгээхийн тулд рашаан ус бараадаж амардаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Үүнээс л spa гэдэг ойлголт үүссэн байх гэж үздэг гэнэ. Харин spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ. Эрт дээр үеэс рашаан усаар биеэ чийрэгжүүлж, анагаах эрдэмд суралцсан уламжлалтай манай Монгол эх оронд маань Spa анх үүссэн байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Баянхонгор аймагт байдаг байгаль эхийн өвөрмөц тогтоц бүхий Шаргалжуут, Төв аймагт байдаг Бөөрөлжүүтийн, Өвөрхангайн алдарт Хужирт гээд хэдийнээс алдартай рашаанууд олон бий. Spa гэдгийг Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болохоор аж.

  Орчин үед дэлхийн улс орон болгон өөр өөрийн уламжлал, тухай орон нутгийн онцлогт тохируулан spa үйл ажиллагаа явуулдаг хэдий ч нийтлэг зорилго нь эм, химийн бус аргаар эмчилгээ, гоо сайхан, массаж, фитнесс, йог, аюурведийн үйлчилгээ үзүүлдэг цогц болтлоо өргөжжээ.

Spa-гийн төрөл:

 Нэг өдрийн. Энэ нь төлбөр төлсөн тухайн өдөртөө хэдэн цагаар ч хамаагүй үйлчлүүлж болдог фитнесс, саун бассейн бүхий. Жишээ нь “Говь” саун шиг ойлгож болно.

 Зорьж очдог. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий рашаан сувиллын газарт зорьж очих. Жишээ нь Шаргалжуутын рашаан гэх мэтчилэн

 Эмчилгээний. Эмчийн заав­рын дагуу рашаан сувилалд эмчлүүлэх  Усан онгоцон дээрх. Сүүлийн үед Холливудын оддын дунд моод болоод байгаа усан онгоцон дээрх spa.

 Зочид буудлын. Зочид буудалд байрлангаа тухайн буудлынхаа spa салоноор үйлчлүүлэх.

  Хэдийгээр spa нь эмчилгээ сувилгааны цогц үйлчилгээ хэдий ч манай орны хувьд ерөнхийдөө гоо сайхны салон гэсэн ойлголт байдаг аж. Байгалийн өвөрмөц рашаан усаа дэлхийд таниулж түүндээ түшиглэсэн жуулчны бааз, сувилал, гоо сайхны чиглэл бүхий цогц үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудын туршлага багагүй байдаг байна.

Эртний алдарт Английн Bath spa

 Английн нутагт дэвсгэрт байдаг цорын ганц халуун рашаан Bath-ыг spa-гийн түүхээс салгаж хэрхэвч болохгүй гэж түүхчид үздэг гэнэ. Орчин үеийн spa хөгжил чухам эндээс л эхтэй гэж үздэгээс тэр гэнэ. Усанд ордог ванн мэт байгалийн өвөрмөц тогтоцтой зөвхөн эл халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлах гэж жилд сая гаруй жуулчид Англи орныг зорьдог байна. Хачирхалтай нь “гайтай” жуулчдын хөл тасардаггүйгээс байнгын ашиг орлого ихтэй байдаг энэ хотын хувийн хэвшил эрхэлдэг оршин суугчид байнга өндөр татвар төлөх болдог гэж bath spa-д бухимддаг гэнэ.

Тайландын алдарт Ко самуй spa

 Тайландын хамгийн алдартай Ко Самуй spa-г зоригсдын тоо нэг, хоёрхон саяар тоологддоггүй гэнэ лээ. Шулуун бүдүүн гэдэс цэвэрлэх, цагаан хоолны дэглэм, мацаг барих арга, аюурведийн эмчилгээгээр алдартай энэ spa наргил моддоор битүү бүрхсэн байгалийн үзэсгэлэнт арал дээр оршдог аж.

Сөнөсөн тэнгис

 Дэлхийн хамгийн нам доор газар оршдогоороо алдартай Сөнөсөн тэнгис минерал, эрдэс бодисын уурхай гэгддэг. Бүх төрлийн арьс, харшлын гаралтай өвчнийг анагаах увидастай гэх Сөнөсөн тэнгисийг байгаль эхийн бүтээсэн хамгийн алдартай spa гэж үздэг аж. Изриаль, Иордон улсын хилийг дамнан орших Сөнөсөн тэнгист түшиглэсэн эмчилгээний гоо сайхны салонууд хэдэн зуугаар л тоологддог бөгөөд ийш зүглэх жуулчдын тоо ч сая саяар л яригддаг гэнэ лээ

Оргил рашаан сувилал

 Монгол эх орон маань халуун, хүйтэн дэлхийд хосгүй олон олон рашаан усны өлгий билээ. Хэдийнээс алдартай Богд хан уулныхаа бэлд орших Оргил рашаанд түшиглэн монгол түмэн үеийн үед сувилал, эмчилгээний чиглэлээр ашигласаар ирсэн байгаль эхийн эгэлгүй ундаргат Монгол spa яах аргагүй мөн билээ.