МУИС-ийн дугуй заал аа гэж. Яагаад ч юм дотор нь орохоор эрдэм мэдлэг нэвчсэн агаар “хавирга нэвт” сүлбэх шиг санагддаг юм. Энэ агаарт толгой нь хоосонгүй хүний ухаан сэргэж, сурах хүсэл нь улам ундарна. Харин тоншоод тоншоод толгойдоо юу ч үгүй хүнд бүрэн норкоз болж үйлчлэх бөгөөд тэр дороо нүд бүрэлзэх, ус гүйх, өсгөгч нь чангарч сулраад байгаа юм шиг сонсогдох гэсэн шинж тэмдгүүд илэрч, ширээ мөргөж унана.
 
  Сүүлийн нэг сарын дотор саруулхан энэ заалаар нэлээн хэд орсон юм байна. “Ичмээр дамшиг даа” гэж… Тэгтлээ их эвшээж нус нулимс ч асгарсангүй, нойр сэргэж, нүд тормолзож, айхтар их хүсэл төрсөн ч үгүй. Бодвол алтан дундаж дээр зогсч байгаа бололтой.
 
  Гэхдээ л хүршгүй мэт санагдах заалны голын хүрэн индэр намайг оройгүй эрдэмд дуудах шиг санагддаг юм. Үе үеийн шилдэг эрдэмтдийн ухааны сор, билгийн мэлмийд ариуссан танхим болохоор тэгдэг биз ээ. Анх ийшээ л нэг орж үзэх юмсан, илтгэл тавьж лекц сонсохгүй байсан ч болно, ядаж дотор нь зогсож байгаад эрдэмтэй багшид нэг загнуулчих юмсан гэж боддог байж билээ.
 
  Сүүлийн үед чих, амныхаа бөглөөсийг гаргах гэж англи хэлээр тавьж байгаа лекц их сонсч байгаа. Саяхан нэг англи хэл дээр сонирхолтой лекцтэй гэхээр нь гүйгээд орчихлоо. За тэгээд дугуй заалан дотроо англи үгнүүдтэй муур хулгана болж тоглохыг үзүүлээд өглөө дөө. Мэддэг үгс ч яахав, автоматаар урсаад ороод ирнэ. Харин мэддэггүй, бүдэг хэлсэн үгнүүдийг нь барьж авах гэж нэлээн зүдрэв. Хоёр “дэлбээгээ” лекторынхоо аман дээр наахаас наагуур юм болж байж сонслоо. Ядаж байхад лекц уншсан америк залуугийн царайлгийг хэлэх үү, сонсч байгаа хүмүүсийн ихэнх нь охид байсныг ч хэлэх үү, ярьсныг нь ойлгоно гэдэг амаргүй л байлаа.
 
  “Америк Азийн соёлын харилцан нөлөөлөл” сэдэвтэй лекцэн дээр аmericanizm гэдэг үг үе үе давтагдах нь их л сонирхолтой байлаа. Яг үнэндээ анх удаа сонссон юм. Яаж ч бодсон америкжуулалт, америкчлах, америк шинж оруулах л гэж ойлгогдоод байгаа юм. Азийн зарим ард түмэн цэнхэр жинс өмсч, макдональдс, старбаксын кофе ууж, америк хүмүүстэй адил хэрэглэж, соёлоороо ижилсэж байгааг нь америкжиж байна гэж үзээд байгаа бололтой. Харин Азийн соёл, ялангуяа хоолны төрөл зүйл Америкт ихэд дэлгэрч, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа нь азижилт. Ийм соёлын харилцаа асар хурдацтай хөгжиж байгаа гэнэ. Цааш нь судалж үзмээр сонирхолтой сэдэв байгаа биз? Магадгүй хэзээ нэг цагт Америк дахь монголжилт гэчихсэн шонтгор хамартай, шар толгойтой хүү дээл өмсч, шилбүүр бариад Техасын талд зогсч байхыг хэн байг гэхэв.
 
  “Майкл Бэннис хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хvрч ирэх бөгөөд цагаан даавуу “бандагаар” толгойгоо ороосон агаад ширэлдсэн “шар” гэзгийн сэрвийсэн хэдэн vс шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар “жинсэн” ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан “улаан” тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хөлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, “хауст” оров.” гэдэг ч юм уу…хэхэ.