Өвлийн хувцсаа баглаж баглаж далд хийгээд эргээд харангуут шахам цас орчихсон байх юм даа. Өглөө сэрээд харсан чинь гудамж цав цагаан. "Ээ би чинь улирал андуураад сэрчихлээ шүү дээ. Буцаад унтъя" л гэмээр болж байдаг шүү. Урамгүй гэдэг нь, дулаарч байна гээд хичнээн их баяртай байлаа даа...
 
      Нойтон цасанд байдаг хоёр "39-39"-өө норгоод сургууль оронгуутаа зуршил ёсоор зарлалын самбар руу харлаа. Нэгэн юу нь үл мэдэгдэх, бичиг бүхий цаас нэмээд наачихаж. Уншвал цаг ашиглалтын талаар, оюутан залуус цагийг үр бүтээлгүй, дэмий өнгөрөөж байна, цагийн үнэ цэнийг ойлгохгүй байна гээд л янз янзын юм бичжээ. Зар юм бол утас, хаяг баймаар, уриа юм бол томхон бичиж зарлапын самбараас тусад нь наамаар. Юутай ч хэн нэгэн хүн бидний төлөө оюунаа чилээж, гараа ядрааж, цаас бэх үрснийг нь үнэлэх хэрэгтэй байх. Гэхдээ энэ сэдвээр бол үнэндээ л чих бөглөртөл ярьдаг шүү дээ. Толгой дээр нь цагираг асах шахсан нөхдүүд яриад л, шүүмжлээд л, яриад л... Ялангуяа нөгөө Дондог өвөө бол хапзан толгойгоо илж, хуруугаа имэрч байгаад л уянгалуулж өгнө шүү дээ. Уг нь ч зөв л дөө. Харин би нэг талаар Дондогмаатай огт санал нийлэхгүй байгаа юм. Үнэн хэрэгтээ цагийг хамгийн сайн ашиглаж чаддаг, орон зайн хамгийн өндөр мэдрэмжтэй нөхдүүд бол оюутнууд. Өвлийн амралт, хагас бүтэн сайн өдөр, хичээлгүй өдөр, цонхтой цаг, завсарлагааны 10 минут, багшийн самбар руу эргэх, дэвтэр рүү шагайх, худалч хүнд нүдээ цавчих, найтаах хугацааг хүртэл ашиглаж, ямар нэг зүйлийг амжуулчихдаг л хүмүүс.
 
      Саяны өвлийн амралтаар л гэхэд манай 4-р курсийн нэг охин маамуулаад, 3-ын нэг банди аав болж, гурван найз маань хосоо олж, нэг нь салаад одоо дараагийнхаа найз залуутай болзоод явж байна. Амжуулж л байгаа биз дээ? Энэ дундаас хамгийн сонирхолтой цаг бол шүлсээ дуустал чалчиж, гэдсээ дүүртэл хооллох "цонхтой цаг" байна.
 
      ШУТИС-ийн найзын ярьж байгаагаар тэднийд "цонхтой цаг" заримдаа "лонхтой цаг" болдог гэсэн. "Лонхтой цаг" нь сунжирвал "поготой цаг" болоод шүглийн дуугаар өндөрлөх нь ч бий гэнэ лээ. Харин манайд энгийн үед "пирошкитой цаг", шалгалтын үед "маапаантай цаг". Лекц нөхөх, даалгавар хуулах, хэн нэгний бие даалтыг нөгөөхтэй нь хольж хутгаж хувилаад, шинээр гарчиг бичиж, өөрийн нэртэй нүүр нэмж хавтаслах гэх мэтийн ажлууд тун шуурхай хийгдэх ба цаг гучин минутыг бүрэн дүүрэн ашиглавал еөрийнхөө бие даалтыг найзынхтайгаа, нэмээд нэг халтуурынхыг бэлдэж амжина.
 
      Тэгээд л халтуурны хэдэн төгрөгөөр хичээлийн дараа хоёр хөөрхөн ходоодоо подхийтэл нь баярлуулчихдаг гэсэн. Зөвхөн хичээл ч биш, өөр олон зүйл цонхтой цагаар амжина. Өглөө эхний цаг дээр бүлцийсэн дов нүдтэй, арзайсан үстэй, хацар дээрх шүлс нь хатаж амжаагүй явсан охид ганцхан "цонхны" дараа талын цэцэг шиг болчихсон тормолзож, эхний цаг хичээл орсон багштайгаа мэндэлнэ. Даанч багш нь танихгүй. Нүүрний будаг ертөнцийг аварна аа гэж...
 
      Хажуу ангийнхаа охиныг хэдэн cap харж харж, арай гэж нэг юм уулзах болохдоо цонхтой цагаар л амжуулна. Хэн хэндээ таалагдвал цонхтой цаг орой хүртэл үргэлжилж, маргааш нь улаа бутарсаар хичээлдээ ирцгээнэ. Ингээд бодохоор оюутнууд цагийг үр бүтээлгүй, зүгээр өнгөрөөдөггүй юм аа. Харин ямар цагийг, юунд, хэзээ нь зарахаа л зохицуулж мэддэггүй юм. Тэд хичээлийн цагийг хичээлдээ, гэртээ зарцуулахаа гэртээ, өөртөө зориулах цагаа яг өөртөө зориулж сураагүй байдаг юм. Бүгдийг нь хооронд нь холиод, наана цаана нь оруулчихаар эхний ажил нь дараагийнхтайгаа холилдчихдог. Харин үүнийг хэрхэн зохицуулахыг хэн ч сургадаггүй хэрнээ дор бүрнээ "Та нар цаг ашиглахгүй байна ..." гэж үглэдэг.