(Чөлөөт нэртэй хараат хэвлэл мэдээллийн тухайд)
 
    Сэтгүүлчдэд хандаж гашуун үг чулуудахаас өөр аргагүй нь
 
     Сүүлийн хэдэн жил сэтгэл горойлгох болсон "Монголд чөлөөт хэвлэл - мэдээлэл байна уу!" гэсэн гутранги сэжиг, таамаг, эргэлзээ аль эсвэл асуулт ч гэмээр юмуу эргэцүүлэл өнөөдөр сонгуулийн хийрхэлд автсан телевиз, сонинуудыг харахаар улам бүр лавширч өөрийн эрхгүй үзэг барихад хүрлээ.
 
     Би уг нь 1990-ээд оны ардчилсан үйл явцын хамгийн том ололтуудын нэг бол Орвэллийн "сэтгэхүйн цагдааг" устгаж, Главлитыг түүх болгосонд оршино гэж бодож байсан юм. Гэтэл "сэтгэхүйн цагдаа" ч амьд, главлит ч бодитой байгаа юм байна. Аль аль нь дүрээ хувиргажээ. Зүсээ хувиргасан "сэтгэхүйн цагдаа"- главлитчид хэн бэ гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлэгч эзэд, улс төрийн хүчнүүд, зарим тохиолдолд тухайн сонин, телевизийн эрхлэгч, эрхтэн дархтанууд болж байна.
 
     2004 оны сонгуулиар шиг санагдана, нэгэн дуучныг хэвлэл мэдээллээр "тархигүй хоолой" хэмээн хочилж байсныг санаж байна. АН ба Ху намын сурталчилгааны аль алинд явлаа гэж тэр. Тэгвэл энэ дуучнаас долоон дор өөрийн толгойгүй, хэн нэгний турхираасаар дуугарч байдаг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд даанч олширчээ. Тоог нь нарийн гаргаж мэдэхгүй юм, одоо Монголд багцаагаар өдөр тутмын 15 орчим сонин, мөн төдий тооны телевиз байдаг бололтой. Тэдгээрээс хараат бус сонин гэж алга, телевизүүдээс MN-25 дугаар суваг, Ийгл хоёр арай бие даасан, чөлөөт шинжтэй. Гэхдээ л харыг хар, цагааныг цагаан гээд хэлчихдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр цөөн байна.
 
     Нэг их муухай зусардсан, ямар ч увайгүйгээр хүн гүтгэсэн, онгирч сайрхсан, хүний мэдэхгүй дээр тулгуурлаж үндэслэсэн бичлэг - өгүүлэл байдаг шиг яг тийм өнге төрхтэй сонин, телевизүүд байх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хараад байхад яг л олон янзын ааш араншин, хүмүүжил, соёлтой хувь хүмүүс санаанд ордог. Зарим нь нэлээд ухаалаг, зоригтой, ёс суртахуунтай байхад заримынх нь өмнөөс санаа зовж, ичмээр. Долигонуур, зусарч, аймхай, дээрэлхүү, нэр төр, эд хөрөнгөний төлөө үхэн хатан хөөцөлддөг хүн шиг телевиз, сонин үнэхээр байх юм. Гэтэл зарим нь буурьтай хүн шиг царайлж ямар ч сонирхолгүй хуурай материал хэвлэж, сониныхоо ихэнх зай, эфирийн цагаа реклам сурталчилгаагаар дүүргэснээс уншигч, үзэгчдээ улам бүр алдсаар байна. Ядахад энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнх нь царай... Хэвлэлийн бага хурлуудыг хараарай. Олигтой асуулт тавьж буй ганц сэтгүүлч байхгүй, даанч яав даа гэмээр.
 
     Бид ер нь дэлхий нийтээс еер соёл, ёс суртахуунтай хүмүүс. Сонин, телевизийг үүсгэн байгуулагч "Шинэ монгол" маань дэлхийн бусад баячуудаас ялгаатай. Түүний хувьд ашиг гол зүйл биш. Зүгээр л өөрийн бодлыг тулгаж, өрсөлдөгчөө намнах хэрэгслийн хувьд сонин-телевизээ ашиглана. Хармаанд нь байгаа тэр сонин-телевиз бусдад дарамт үзүүлэх, хуурамч сурталчилгаа хийх, бор шувуу нисгэх, бохир улс төр, бизнесийг нь цайруулах хэрэгсэл болдог. Шахаасны ийм сонинууд элдэв байгууллагын шалаар нэг хөглөрч, жорлонгийн цаас болсноор тэр дугаарын хэрэглээ дуусна. Үнэн, бодитой гэсэн зарчмыг мартсан хэвлэл мэдээллээр улс төрчдийн болон нэр нөлөө бүхий хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг олон түмэнд барагтай л хүрдэггүй. Монголд бүх юм урвуу байдгийн үлгэрээр монгол сэтгүүлчид ч бас бусад орны сэтгүүлчдээс тэс өөр.
 
     Бичсэн өгүүлэл, хийж буй нэвтрүүлгүүдийг нь хараад байхад мөн ч ядруухан боловсрол, сэтгэлгээтэй сэтгүүлчид Монголоор дүүрчээ. Ямар харанхуй хүмүүс энэ ажлыг хийдэг болоо вэ? Ядахад зөв бичгийн дүрмээ мэдэхгүй, эх хэлээрээ зөв ярьчихаж чадахгүй хүмүүс байх юм даа. Нэгэн найзын маань хэлснээр, 10 жилд байхдаа сэтгэлгээ шаарддаг хичээлүүдэд тааруу, голдуу хайрын тухай шүлэг, захиа бичиж байсан хүүхдүүд сэтгүүлчийн ангид ордог болсон юм биш байгаа даа.
 
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол сэтгэх эрх чөлөө
 
     Би хэвлэл, мэдээллийн салбарт ажилладаг хүн биш. Гэхдээ энэ салбар миний хувьд амин чухал ач холбогдолтой. Тиймээс "илүү дуугарч билүү долоож" байгаа юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар философи, социологи, психологи, улс төр судлал, мэдээжээр дээр нь сэтгүүл зүйн ухаанууд өөр өөрийн гэсэн тайлбартай байж таарна. Гэхдээ нэг их номчирхолгүй, өөрт төрсөн сэтгэгдлийг жирийн иргэний байр сууринаас илэрхийлбэл олон түмэнд илүү хүрэх болов уу.
 
     Ярьж буй сэдэв маань оюун санааны эрх чөлөө гэсэн ойлголттой шууд холбогддог. Гэхдээ тархин доторхи оюун санаа гадагшаа материаллаг зүйлээр илэрч байж л оршихуй нь батлагддаг. Энэ бол үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрөөр хэлбэл, хэвлэл - мэдээллийн эрх чөлөө гэсэн үг. Ингэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хүний имманент шинж болсон сэтгэлгээний эрх чөлөөтэй салшгүй холбоотой аж.
 
     Сонинд ажилладаг сэтгүүлчдийн хачирхалтай авир. Чадал чансаа нь хүрэх юм бол бүхнийг дарамталж байх санаатай хэвлэлүүд байдаг бололтой. Зарим сэтгүүлч "зохиогоод аль эсвэл гүтгээд л биччих хэрэгтэй, олон түмэн тийм юманд дуртай байдаг" гэсэн нээлт хийжээ. Нэгэнт биччихсэн болохоор "муу юм модон улаатайн" үлгэрээр асар түргэн тардаг бөгөөд харин тухайн нийтлэлийн няцаалт, залруулга төдий л сонирхолтой биш. Тэд ийм увайгүй үйлдлээрээ хүнийг барьцаалах гэж оролддог. Бүр зарим нь сэтгүүл зүйн ийм төрлөөр гаршаад түрийвчээ ихээхэн зузаалсан сурагтай. "Шар хэвлэл" гээд нэг заваан сонинууд байна. Сүнс, буг чөтгөр, шоронгийн амьдрал, аллага таллага, хүчин, завхай зайдан явдлаас өөр юм бичдэггүй. Гэхдээ уншигчтай учраас оршин тогтнодог байх л даа. Тэгэхээр тухайн сониноос хэрэглэгч бид өөрсдийн хүсэл эрмэлзэл, сонирхол, мэдлэгийн түвшинг олж харах хэрэгтэй болж байна.
 
Телевизийн тухайд. Нэг хэсэг Үндэсний телевизийг үзэхээс дургүй хүрдэг байлаа. Улс төрийн өнгө аястай нэвтрүүлэг гарах л юм бол хэлэх үгийг нь урьдаас мэдэж болдог байв. Энэ телевиз зүгээр л Ху намыг магтан дуулапч байлаа шүү дээ. Энэ нь тэнд ажиллаж байсан сэтгүүлчдийн нийгэм - улс төрийн боловсрол, иргэний эр зоригтой зохих хэмжээгээр холбоотой байсан байх л даа.
 
      Гэтэл телевизүүд өнөөдөр ч гэсэн хүсэн хүлээсэн хэмжээнд хүртэл ажиллахгүй байна. Шалтгаан нь тодорхой, тэд бүгдээрээ цаанаа эзэнтэй бөгөөд тэднийхээ ая занд тохируулах гэдгээс болж жирийн иргэдийн сэтгэл санаанд хүрсэн нэвтрүүлэг хийж чаддаггүй. Түүнээс гадна өөр нэг хүчин зүйл байгаа бөгөөд тэр нь телевизүүдэд ажиллаж буй сурвалжлагч, сэтгүүлчдийн ур чадвар, боловсрол, иргэний ухамсар дорой байгаа явдал юм.
 
      Философичдын дунд "Асуулт тавих нь хариулахаасаа хэцүү" гэсэн нэг хэллэг байдаг. Энд яригдаж буй утга телевизийн сэтгүүлчдэд шууд хамаарна. Асуулт тавихын тулд ярилцаж буй тухайн сэдвээр мэдлэгтэй, хүний ярьж буй зүйлийг ойлгож зөв бурууг нь ялган салгах чадвартай байх ёстой. Мөн "Ухаалаг асуулт хариултынхаа 50%-ийг агуулж байдаг" гэсэн үг ч бий. Гэтэл энэ хэдэн телевизийн сэтгүүлчидтэй ярилцлага хийх тун хэцүү. Хэл нэвтрэлцэхгүй хүмүүсийн хооронд болсон ярилцлага, нэвтрүүлэг ямар олигтой юм болохов дээ. Сэтгүүлчид маань шинжлэх ухаан, танин мэдэхүй, ялангуяа байгаль шинжлэлийн холбогдолтой юман дээр ёстой паг. "Дэлхий хавтгай", "Cap хиртэнэ гэдэг бол Раах залгиж байгаа хэрэг" гээд аятайхан тайлбарлавал үнэмших сэтгүүлч үнэхээр олон байх шүү. Тэдний хувьд хамгийн гүнзгий философитой ном нь "Монголын нууц товчоо", хамгийн яруу бичлэгтэй ном бол хайрын тухай шүлгийн түүврүүд.
 
      Улс төрчидтэй хийж буй ярилцлагыг харахад даанч ядруу. Ийм асуулт тавиасай, нөгөө фактынх нь тухай яагаад асуухгүй байгаа юм бол, ингэж хариулж байгаа бол тийм асуулт заавал гарах ёстой шүү дээ гэж гайхаж, тээнэгэлзмээр үе их байдаг.  Хулгаж хулгаж нэг асуулт тавьсан болдог. Нөгөөдөх нь ямар ч логикгүй хариулт өгчихдөг, тэгээд л боллоо! Ийм байхад яаж "hard talk" үүсэх юм бэ? Зусардаж, тал зассан ярилцлагуудыг нь уншиж сонсохоос ч залхмаар. Би энд бүдүүлэг зан гарга гэж байгаа юм биш шүү дээ. Мэдээжээр нэвтрүүлгээр орж, сонинд ярилцлага өгч байгаа хүмүүсээ дайрч довтлоод, даапаалж дарамтлаад байх нь муухай. Гэхдээ зүгээр л асуух ёстой зүйлийг ил шулуун асуучихдаг, хариултынх нь логик үр дагавар болсон агуулгыг барьж авч чаддаг, улмаар ярилцлагатай холбоотой сэдвээрээ яриа өрнүүлдэг байхад боллоо шүү дээ!
 
      Мэдээ сонсож байхад ихээхэн өрөвдөлтэй хэллэг байнга сонсогдоно: Англи, Исланд, Шри-Ланк гэх мэт газар зүйн ижил нөхцөлд байгаа орнуудын хувьд хэрэглэдэггүй мөртлөө Японы тухай ярих болгондоо "Арлын Япон" гэсэн хачин тодотголтойгоор ярьж бичнэ. Арай нөгөө 39 оны дайны үед гарсан "Арлын бяцхан чөтгөр, Азийн эзэн болох гээд..." гэсэн шүлгээс гаралтай хэллэг биш байгаа гэж бодмоор. "Эрх чөлөөний арлын оронд" гэж ирээд тайлбараа уншина. Кубыг хэлж байгаа нь тэр юм байх. Гэтэл тэр нь дэлхий дээрх хамгийн эрх чөлөөгүй орны нэг гэдгийг ер нь боддог болов уу! Улсын нийслэлийг хольж хутгах, дэлхийн сонгодог зохиолч, уран бүтээлчид болон тэдний алдарт бүтээлийг мэдэхгүй байх гээд хөгийн юм олонтаа гардаг.
 
      Мөн телевизүүд мөнгөнөөс нь болдог юмуу илт худал зүйлийг хоосон магтсан нэвтрүүлэг их хийдэг. Гэтэл нэвтрүүлгийн гол баатар болоод байгаа тэр хүн, тухайн байгууллагын жинхэнэ нүүр царайг хүмүүс хэдийнэ мэдчихээд инээгээд сууж байдаг. Сонгууль болохоор "мөнгө цагаан, нүд улаан" зарчимд хөтлөгдсөн ийм сонин, телевизүүдийн нар нь ёстой нэг гардаг юм шиг байгаа юм. Цаг цагт нэг цадаж, цагаан сараар нэг цадах гэж байгаа хэрэг. Иймэрхүү телевиз, сонин, сэтгүүлчидтэй байхад хамгийн сонин бодгалиуд хэвлэл мэдээллийн баатраар тодордог юм билээ. Элдэв мэргэч төлөгч, далдыг харагч, түүх, ёс заншлаар дагнан мэргэшсэн гүн ухаантан (эдгээр нь жирийн логик шаардаж, жаахан сэтгэн бодох асуудал тулгарсан үед хамгийн гүехэн ухаантан болох нь харагдана), Монголыг байтугай дэлхийг аврах телевлөгеө боловсруулагч, элдэв доктор, профессор, академич, улс төрч, яруу найрагч, 15-20 хэл мэддэг суутан, Чингисийн хамаатан садан, дэлхийд хосгүй нээлт хийгчид гээд. Эд бол яах аргагүй манай сэтгүүлчдийн уран бүтээл мөн.
 
Төгсгөлийн оронд
 
      Уг нь "хоточ нохой" гэсэн нэр томъёо хэвлэл мэдээллийнхний өөрсдөдөө өгсөн нэр. Үнэхээр эрх чөлөө гэдэг хамгаас үнэтэй юмыг маань манадаг хоточ нохойтой бол сайн байлгүй яахав. Иргэний эрх чөлөөг хамгаалсан утгаараа гоё ч үг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй хэн нэгэнд үйлчлээд эхлэхээр юуны хоточ нохой байхав, бууны нохой болоод явчихаж байгаа юм. Тэгээд эзнийхээ турхираасаар хэн нэгэн рүү ноцсоноороо бууны нохой болсноо бүр нотолдог.
 
      Хүний эрхэнд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрөвдөлтэй бегөөд жигшүүртэй. Эзнийхээ санааг тааварлах, түүнд таалагдах гэж үйлээ үзнэ (энэ утгаараа өрөвдмөөр), хэн нэгэн  рүү туу гээд тавихад очоод ноцож байдаг (энэ утгаараа жигшмээр). Энэ бүхнийг хараад заримдаа хэвлэл мэдээллийн салбарт ажилладаггүй, сэтгүүлч болоогүйдээ баярлахаар. Нам дагаж намирсан хүн хийгээд хэвлэл мэдээллийнхнээс хэзээ ч үнэн үг гарахгүй гэдгийг одоо олон түмэн мэдэж эхэллээ, хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ эзнийхээ амаар дуугарахаас өөр аргагүй. Боол хүн хувь заяагаа эсэргүүцвэл өөртөө гай тарихаас өөр ашиг гарахгүй.
 
      Сэтгүүлчдийн дунд "хаяагаа хадрахгүй" гэсэн бичигдээгүй хууль байдаг юм гэсэн. Тиймээс ч нэгнийхээ ийм дорой байдлыг шүүмжилж чаддаггүй байх (Харин бусдыг болохоор амьдралыг нь там болтол худлаа бичиж, нэвтрүүлж болно). Одоо та нарын "хаяагаа хадрах" цаг нэгэнт болжээ. Алийн бүр ёс суртахуунгүй хүний ёс суртахуунгүй үйлдлийг хамгаалат болж явах юм бэ? Насаараа худал хуурмаг, хоёр нүүр гаргагчдын хэв шинжит дүр төрх болж амьдрах гэж үү!
 
      Шалтаг тоочих юм бол чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болоход саад болдог олон хүчин зүйл байгаа байх л даа. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол эр зориг, иргэнлэг сэтгэл, хэвийн ёс суртахуунтай хүн болж хүмүүжээгүй хэрэг шүү дээ, нэг хүн, нам хүчинд хэт долигоноод байхгүй, мөнгөний төлөе улайран гүйхгүй, хэн нэг хүнийг хоосон үзэн ядахгүй байх зэрэг нь тийм хэцүү биш баймаар. Энд бичигдсэн шүүмжлэл одоо ажиллаж байгаа сэтгүүлчдийн 50%-д нь лав хамаарна. Энэ тоо 50 биш 30% байсан ч хэвлэл мэдээллийн тухай сөрөг сэтгэгдэл төрөхөд хангалттай. Мэдээжээр ухаалаг, боловсролтой, хувь хүний байр сууринаас асуудалд ханддаг, зоригтой сэтгүүлчид байдаг л даа. Тэдний шударга, иргэнлэг байр суурь үнэхээр сэтгэлд дулаан санагддаг. Эцэст нь хэлэхэд, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ойртож буй энэ өдрүүдэд амь амьдрал, нэр төрөө золиослон байж төрийн хүнд суртал, улс төрчдийн заваан явдал, шүүх цагдаагийн харгислалтай үзгээрээ тэмцэж ирсэн сэтгүүлчдэд мэхийн ёсолъё! Та бүхнийг өөрсдийгөө гутааж байгаа 50%-иа үгүй хийж чадна гэдэгт итгэж байна.