СС, СА, СD (аюулгүйн алба), СС-ийн Хохимой толгой, СС-ийн Тусгай команд, Вермахт, Абвер, Гестапо, Люфтваффе, Германы хөдөлмөрийн фронт, Рейхсбаннер... Энэ юуны нэрс болохыг уншигчид бараг гадарлах байх. Нэрсийг дотор нь задлахад дахиад цаашаа маш олон таних­гүй гадаад нэрс хөврөх биз. Тэгэх нь энэ бичлэгийн зорилго биш. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны өмнөх Нацистын Германы цэрэгжсэн, цагдаажсан нийгмийн тоталитари дүр зураг нь. Хядлагын маш том машин ажиллуулж, нийгэм нь тэр чигээрээ төрийн нууц цагдаагийн хяналтад, ардчилал хүний эрх хүчнийхний улан дор, милитаристууд нь нийгэмд өндөр авсан бол аль ч тоталитари харгис дэглэмд байдаг ердийн төрх нь энэ.

  Түүх рүү ухарч, бичсэн сэдэвтээ оршил хайж байгаа хэрэг л дээ. Юун оршил билээ гэж уншигч Та гайхах нь мэдээж. Би өнөөгийн Монгол руугаа татаж авчран тайлбарлах санаатай л аль дивангарын Нацист Германыг XXI зууны Ардчилсан Монголтойгоо зүйрлэж байгаа хэрэг. Огт авцалдахгүй хоёр ондоо нийгмийг зэрэгцүүлэх гэсэн хэрэг биш, дээрхи герман нэрнүүдийн орчин цагийн монгол хувилбарыг шүүмжлэх донд хөтлөгдсөнөөр энэ нийтлэл босч буй хэрэг.

  Манайхны нүд нээгдэж, хорвоо ертөнцөөр хангалттай явж байгааг бид бахархан ярьдаг. Ардчилсан, ардчилагдаж буй гэх тодотголтой улсуудад мөн ч их явж байна. Ардчиллаасаа харилцан суралцана гэдэг нь ч хэмжээнээ хэтэрч, манай ардчилал, хос шилжилтийг магтан дуулах нь цаасан малгай өмсгөх тийшээгээ хандаж байх шиг. Надтай адил дэвэн дэлхийгээр тэнэчихсэн албаны нөхдөөс асуух зүйл дээрхи герман нэрстэй шууд холбоотой. Асуулт:

  - Хэрэв Та ардчилсан дэглэмтэй баруун, зүүний аль нэг улсаар явсансан бол тэнд Та цагдаа, замын цагдаа, цэрэг, гал командын, онцгой байдлын гээд аль нэг мөрдөстөн гудамжинд явж байхтай таарсан уу?

  - Вашингтон хотын цагдаагийн даргыг тэнд олон жил амьдарсан монгол хүн олж мэдсэн болов уу?

  - Японы замын цагдаагийн дарга гэж хэний хэн гэгч, ямар цолтой, ямар эхнэртэй, ямар машин унадаг, ямар хауст суудаг эрхэм байдаг вэ?

  - Германы хил хамгаалах албаны штабын дарга нь нь хэн гэгч генерал байдаг бол гэхчлэн.

  Иймэрхүү мангар асуултыг монголчууд хөлхсөн гадаадын аль ч улс дээр тавьж болно. Гэхдээ тэгэх нь гол биш, би эдгээр асуултад Танаас хариулт хүсээд, бас өөрөө хариулахыг хичээе. Гол хариулт нь: аливаа ардчилсан засаглалтай, нээлттэй, хүний эрхийг дээдэлдэг улсад “хүчний” гэсэн тодотголтой байгууллага, албад, албан хаагчид нь ямагт цөөн тоотой, байгаа нь ч хөшигний ард, цэр­гийн­хэн ба цэрэгжсэн албад нь нийгэмд гоцолдоггүй, өндөр авдаггүй, энгийнээр бол тийм нэр хүндтэй, лут хүмүүс байдаггүй жамтай юм гэнээ. Манайхны амаа чилтэл ярих дуртай, бүр бахархал болчихсон “Ардчилал” гэдэг нь цэрэгжсэн институцитай гал ус мэт харшлах хуультай юм байна. Тиймдээ ч АНУ, Япон, Европ, Солонгос, Сингапурын гудамжинд ганц ч цагдаа ил явдаггүй, хэв­лэл мэдээллээр нь тэднийг сурталчилдаггүй, орой болгон зурагтаар замын цагдаа ярьдаггүй, АНУ-д хилийн алба нь гаальтайгаа цуг, хил дээр паспортоо шалгаад хүсвэл гаалийн үзлэг хийдэг ёстой гэнэ.

  “Ардчилсан” гэдгийн нэг гол хэмжүүр нь ийм юм гэнээ. Хэрэв мөрдөстөнгүүд голлоод гоцлоод ирвэл тэр нь “Хагас ардчилсан”, “Дарангуйлагч” нийгмийн шинж гэнэ. Чухам 1930,1940-өөд оны Герман ийм лут хүмүүсээр нийгмээ удирдуулж, тэд нь ч жинхэнэ нийгмийн цөм байсан ба харин тэд улс үндэстнээ, Европ, дэлхийг яаж баллах шахлаа.

 XXI зууны Ардчилсан Монголын цэрэгжсэн, хагас цэрэгжсэн байгууллагыг жагсаахад: ардын арми, хилийн цэрэг, цагдаа, замын цагдаа, тагнуул, төрийн тусгай хам­­­­­гаалалт, онц­­­­­­­гой байд­­лынхан, гааль, татвар, нийг­мийн даатгал, шүүх, прокурор, шүү­хийн шийд­вэр гүйцэтгэл, аудит, мэргэжлийн хяналт, иргэний нисэх, төмөр зам, дээр нь хувийн хамгаалалтын өдий төдий компани албад гээд яг л нөгөө СС, СА, СD (аюулгүйн алба), СС-ийн Хохимой толгой, СС-ийн Тусгай команд, Вермахт, Абвер, Гестапо, Люфтваффе, Германы хөдөлмөрийн фронт, Рейхсбаннер-ыг санагдуулахаар өсч үржин, тоо хязгаараа алдсан ба одоо авлигатай тэмцэгчид гэж баахан генерал, хурандаа нар гарч ирэхээр дүрэм хувцасны дизайны уралдаан зарлачихаад шалгаруулах гэж байна. Зэвсэгт хүчний нэг салбар – Иргэний хамгаалалтын газрыг Гамшигтай тэмцэх болгож нэг өөрчлөөд “Онцгой байдлын” хэмээн Оросын МЧС-ийг хуулбарлаж хүч нэмээд 10 гаран генерал, олон арван хурандаа төрүүлжээ.

  Дүрэмт хувцас өмссөнөөрөө бол үндэсний аюулгүй байдал нь бүх салбарт цэцэглэж, хулгай, гэмт хэрэг нь багасаж, авлига нь алга болж, шоронгууд нь эзгүйрч, байгаль нь цэвэршиж, хүнс тэжээл нь чанаржиж, нийгмээрээ баян тансаг, тайван амгалан баймаарсан. Гэтэл өнөөгийн Монголд бүр эсрэгээр. Хоногт хүн алж, дээрэм тонуул тогтмол хийж, амралтын өдрүүдэд нь 20-30 хүн үхэж байдаг улс орон дэлхийд ховорхон. Хаваржингаа байгалийн түймэр, гэнэтийн гамшгууд, дэлхийн хам­гийн чанаргүй хүнс, эрүүл мэндийн доройтол, хахуулийн сүлжээ, тураалтай цэрэг, цианы хүчил, мөнгөн усны хордлого, яасан бэ нөгөө мөрдөстэй формтой дарга нарын ид шид хаачсан бэ?

  Эдүгээ Монголоор дүүрэн гэдэггүй юмаа гэхэд лав нийслэл нь тэр чигтээ дүрэмт хувцасны загварын шоуны ертөнц гэмээр, бөөн авангард загвар. Манайхны дүрэмт хувцас их “дэгжин” болж байгааг би егөөдөж байна. Хүн ам цөөнтэй, тэгсэн хэрнээ ядуу, буурай, тэгснээ ийм хээнцэр улс дэлхийд манайхаас өөр байхгvй л болов уу.

  Үүнд манайхны гоёж гоодох дон, шуналын дэв бас их нөлөөлсөн. Би үүнийг жинхэнэ савлагаа туйлшрал гэж нэрлэж байна. Ардчилсан Үндсэн хууль­тай, ард түмэн нь чөлөөт сонголтоо хийдэг гэхээсээ илүүтэй энэ улс чинь цэргийн хунттай юм биш биз, хэт цагдаажсан улс юм уу гэх сэтгэгдэл гадаа­дын­ханд төрөхөөр болсон байна. Аливаа нэг зvйл хэрээсээ хэтрэхээр утгаа алддаг шиг мөрдөстөнгүүд нь гоцлоод ир­вэл энэ нийгэм ертөнцийн элэг доог болохын босгон дээр байна.

  “Ардчилсан” гэх тодотгол нь багадаад “иргэний” хэмээн хүчтэй тодотгон байж “Иргэний ардчил­сан нийгэм” байгуулна гэж зорьж яваа нийгмээ тодорхойлсоор атал мөр­дөс, дүрэмт хувцсаар ингэж далайлгах хэрэг юусан билээ? Цэрэгжсэн байгууллагын тоо олон байх тусам нийгэм нь хөг­жиж, эдийн засаг нь цэцэг­лэдэг гэж хэн нотолсон юм бэ? Ингэж их цэрэгжин формжих байсан юм бол ардчилсан, иргэний гэдэг тодотголоо гээвэл яасан юм бэ? Нарийн ажиллагаатай элементvvд олноороо орсон мундир форм өмссөн энэ олон эрхмүүд ингэхэд хэний мөнгөөр туйлж байгаа хэрэг вэ? Манайхны гоёж гоодох дон, шуналын дэв, сүржин форм өмсөж мөрдөс зүүж сэтгэлийн таашаал авах дон энэ бүгд нийлээд татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байгаатай агаар нэг байна биш гэж үү?

  “Иргэний ардчилсан нийгэм”-д цэрэгт тавих иргэний хяналт, цэрэг-иргэний харилцаа, тэр ч бүү хэл тагнуулын байгууллагад тавих иргэний хяналт гэж лут механизм төлөвшдөг юм байна. Баруун, зүүний ардчилсан нийгмүүдэд яг ингэж чадсан гэнэ. Махчилбал БХЯ, Дотоод яам, Цагдаагийн газар нь захиргааны удирдлагаар салбараа хангах, иргэний хяналт тавих үүрэгтэй. “Хүчний” гэх тодот­гол (“Силовикы”) өнөөгийн Орост яг бодитой хэрэгжсэн, түүнийг нь манайхан сохроор хуулбарлан дууриаж байх шиг. Гэхдээ хагас ардчилалтай Орост нөхцөл байдал шал өмнөө, ерөөсөө Оросын бүх түүх тэр чигээрээ цэргийнхний бүтээсэн түүх юм.

  “Иргэний ардчилсан нийгэм”-д цэрэгжсэн, хагас цэрэгжсэн байгууллагын тоо доод хэмжээнд байдаг ба жишээ нь цагдаа нь цэрэгжсэн иргэний байгууллага, бие цагдаа нь гав бороохой гэхээсээ эмнэлгийн үйлчилгээ, түргэн тусламж, хөгшдийн асрамж гээд давхар олон үүрэгтэй. Татвар, нийгмийн даатгал, аудит, мэргэжлийн хяналт нь юун форм, мөрдөс, ялгах тэмдэг. Энэ чинь угаасаа бидний солиорол юм биш үү? Төсөвт хүнд ачаа үүрүүлж, энэ их форм ялгах тэмдэг, мөрдөс үйлдвэрлэхийн оронд зөвхөн цэрэг, цагдаагаа үлдээгээд бусдыг нь бүр зогсоож нөгөө ядуурал ажилгүйдэл рүүгээ хэмнэсэн мөн­гөө чиглүүлбэл ямар вэ?