Энэ ертөнцөд солиотой, галзуу хүн алийг тэр гэхэв. Солиотой болж хорвоод мэндэлсэн нь тэдний буруу биш, төрүүлсэн эцэг эх, удам судар, адаглаад эх барьж авсан эмнэлэгт нь буруу өгөх нь зөв биз. Солиотой галзуу нь оношлогдчихоод тусгай газарт мөртөө байж байгаа сая сая хүний тухай энд ярих гэсэнгүй, харин галзуу нь илэрхий мөртлөө бидэнд “балаг” тарьж мэдэх нэгэн хөгтэй явдлыг сөхөе. Энэ түүх намайг Нью Делид дипломат алба хашиж ахуйд тохиолдсон ба манайхны ярихаар бол өмнө нь ч мөн үргэлжилж, надаас хойш ч мөн үргэлжилсэн юм байна. Хэр баргийн юманд цочрохгүйгээр, ердийн л галзуу хүний цуврал захидлууд гэж үзэх тэр нэгэн түүхийг сонирхуулах, бас сэрэмжлүүлэх үүднээс нийтлэл болгон буулгая. Нөгөө талаас шилжилтийн энэ их бужигнаан дунд иймэрхүү ааш аягтай хүмүүс манай нийгэмд ил гарч, нийгэмд дуу хоолойгоо сонсгох хэмжээнд зарим нь очиж буй тул дотооддоо давхар сэрэмжлүүлж байгаа хэрэг.

  Эхэндээ Хэнтийн Ганжуур тайжийн ганц хүү гэж явснаа сүүлдээ Чингисийн удмын сүүлчийн угсаа залгамжлагч болж тодроод Нидерланд даяар хөгөө чирч шуугиулсан Жаргалхаан, Халхын IX Богд хэмээн орж ирээд сүсэгтэн олныг ханаруулсан нэгэн төвд өвгөн, Лондон дахь ЭСЯ-ны хаалга сахин уйлан дуулах Чингисийн удмын сүүлчийн хаан гэх нэг англи өвгөн гээд жагсаавал чамгүй жагсаалт гарч мэдэхээр. Эд бүр яг галзуу биш гэхэд, тархиных нь санах байгууламж дотор буруу программ орж суусных болов уу. Нөгөө талаас тэгэхээс тэгэх гэж аз сорин аз жаргал хайж яваа улс байх.

  Харин салж өгөхгүй зууралдах, улайм цайм галзуу нэгэн эр Энэтхэгийн өмнөд Керала мужид эдүгээ байна. Түүний захидлууд ар араасаа цувран Нью Дели дэх Монгол, Герман болон хэд хэдэн гадаадын ЭСЯ-дыг байнга дарах ба нэг хэвэнд цутгасан юмуу гэмээр үг өгүүлбэрүүд хөврөх ажээ.

  “Германы IV Рейхийн фюрер, нацистын Германы Ерөнхийлөгч надад “Монголын хааны” статус Монголын Засгийн газар олговол таарна” гэж захидлаа эхлүүлээд, тийм цолгүй бол Германд амар тайван амьдрахгүй байна. Тэгснээ “Монголын хаан”, эсвэл “Монголчуудын хаан” цол олгохыг Монгол Улсын Засгийн газраас надад олгохыг олонтаа шаардсан, энэ бол эцсийн шаардлага шүү гэсэн сүрдүүлэг ч явж байх шиг. “Монголын хааны” цолгүй бол Герман явах цөмийн шумбагч хөлөг рүү намайг нэвтрүүлэхгүй байна, энэ тухайгаа Герман, Япон, Итали, Австри, АНУ, Орос, Египет, Саудын Арав, Канад, Хятадын Засгийн газарт хандаж бичлээ гээд тэдгээр олон улсын Засгийн газрууд өөрийнх нь гэрт цуглаж хуралдах хэрэгтэй гээд хаягаа дурайтал бичнэ. Тэгснээ учир утгагүй дайн зарлаж дайнд Английг ялна гэхчлэн хөл толгой нь олдохгүй солиорч эхэлнэ.

  “Өмнөд Энэтхэгт суугаа Германы элчин сайд Шредер бол Монголын элчин сайд мөн, тэр миний тухай бүгдийг мэдэж байгаа”, “Монголын Засгийн газар надад “Монголын хааны” цол олгоод тэр тухайгаа Монгол дахь Германы Элчин сайдад мэдэгдэх хэрэгтэй”, “Монголын хааны” статус нь Герман, Япон, Итали, Австри, АНУ, Орос, Египет, Саудын Арав, Канад, Норвег, Хятадын Засгийн газруудад бүгдэд нь тустай, ингээд “Монголын хаан” би шумбагч завиараa яваад Италид хүрэхэд IV Фюрер намайг баярлан угтах болно, би Австриар дамжин Герман орох болно гэхчлэн мөрүүд цааш хөрч өгч байна.

  Захидлын төгсгөлд Монголын Засгийн газрын хурлыг гэртээ хийлгэхээр хугацаа заасан байх буюу Монголын Засгийн газрын төлөөлөгчийг дуудуулсан захирангуй үгс байна. Англи хэлээр гараар гаргацтай бичсэнийг бодвол хөөрхий энэ солиот сургууль соёлоор эрхбиш дамжсан бололтой, цээж зураг, хаяг бүхий албан бичгийн бланктайг бодвол ядуу гуйлгачин арай ч биш болов уу. Бас тэгээд нэг захидлыг олон хувилж бичээд Нью Дели рүү сар бүр илгээгээд байхыг бодоход боломжийн айлын хүү байж болох. Захидлын мөр болгоны өмнө хас тэмдэг, таван хошууг зэрэгцүүлэн зурж, зарим өгүүлбэрийг тодруулж зурснаас үзвэл юмны учир начрыг ойлгоод байх шиг, таван хошуу нь “Монголын хаан”, хас тэмдэг нь “Нацистын Германы фюрерийг” нь илтгэж байгаа ухаантай юм болов уу. Тэрээр монголын мөнгөн тэмдэгтэд загвар болгох гэж энэтхэг рупийн дээр зураг ба нэрээ эрээчээд захидлыг дагалдуулна. Тэр нөхрийн зураг бүхий мөнгөн тэмдэгт бид хэрэглэх ёстой юм гэнэ.

  Энэ солиотой явдлыг цааш нурших, ямар нэг дүгнэлт өгөх хэрэггүй биз ээ. Ямартай ч тээр жил, Токио дахь манай ЭСЯ руу сэлэм агссан самурайн дүрээр нэгэн солиотой япон эр довтлон орж хэрэг мандуулсан шиг энэхүү К.Г.БХАВАНАМ гэгч Делид очиж манай ЭСЯ-ыг түйвээвэл яах вэ? Тохиолдлоор нутагт нь таарсан монголчуудыг энэ нөхөр яах бол? Бид бэлтгэлтэй бил үү? Тиймэрхүү төрхтэй хүн 1 тэрбум давсан тэр улсад лав хэдэн арван саяараа бий байх шүү...