Хаа нэгтээ хэн нэгэн таны амьдрал, хувь заяаг аль хэдийнээ тодорхойлсон байдаг. Энэ нь үнэхээр Бурхан багшаас бидэнд тодорхойлж өгсөн амьдралын зам эсвэл аль нэг эрхтэн дархтаны бий болгосон “утга, учиргүй” дүрэм журмын алиныг бүү мэд! Ямар ч байсан Энэтхэг оронд төрсөн хүний хувь заяаг Кастын систем гээч тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөд л тухайн хүн ирээдүйд хэн болох, юу хийх эрхтэй, эрхгүйг нь аль хэдийн тодорхойлсон байдаг.
Кастын систем нь дотроо брахман, кшатрий, вайшья, шудра, ачхут гэсэн хэд хэдэн хэсгээс бүрдэх боловч энэ удаад энэхүү нарийн, төвөгтэй бүтэц бүхий системийн тухай биш харин уг системийн хамгийн доод шатны ачхутууд буюу тэрхүү “үл хүрэгсэд” гэж хочлогдогсдын хувь заяаны талаар бага ч болов өгүүлэх гэсэн билээ.   Ядуу зүдүү амьдрах хувь заяатай төрсөн эдгээр хүмүүс өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл хамгийн хүнд хүчир, бохир заваан ажлыг хийнэ. Бас бусдын өмнө бөхөлзөн, болохгүй бүхэнд буруутгагдаж амьдрах бөгөөд эдгээр хүмүүсийн юу бодож, юу сэтгэж явдаг нь хэнд ч хамаагүй мэт?! Хувь заяандаа гомдох мөч тэдэнд ер нь байдаг болов уу гэмээр. Эсвэл гомдоллох эрхгүй амьдрал гэдэг нь энэ юм болов уу хэмээн санагдах.
 
  “Үл хүрэгсдийг” хинди хэлээр ачхут нар гэх бөгөөд тэдгээрийн тоонд гудамж, талбайн хог хаягдал цэвэрлэгчид, загасчид, махны худал­даачид, биеэ үнэлэгчид, тэнэмэл жүжигчид, гудамжинд гар урлал эрхлэгчид гээд биеийн хөдөлмөр шаардсан, бохир заваанд тооцогдох бүх л төрлийн ажил эрхлэгчид хамаарна. Кастын системийн оршин тогтносон урт удаан хуга­цааны туршид эдгээр хүмүүст хамгийн их дарамт болсоор ирсэн нэг зүйл бол тэдний “цаанаасаа тодорхойлогдсон” тэрхүү ядуу зүдүү амьдрал биш харин нийгмийн тусгаарлал, доромжлол байсан юм. Үл хүрэгсдийн дунд төрсөн л бол энгийн хоолны газар ороод хооллох, гоё ганган хувцаслах, газар тариалан эрхлээд амьдралаа дээшлүүлэх, мэдлэг боловсрол эзэмших гээд бүх зүйл тэдэнд хориотой. Учир нь тэд “үл хүрэгсэд”. Мөн тэдний хийдэг бохир заваан ажлын “хир буртаг” нь бусдыг “бузарлаж” явдаг болохоор тэр.
 
  Мэдээж хэрэг, аливаа ёс уламжлал, зан заншилд ямар нэг тайлбар, шалтгаан байдагтай адил дээрх утгатай ч юмуу, утгагүй ч юмуу гэмээр зүйлд мөн адил өөрийн гэсэн тайлбар бий. Энэтхэг шиг эрүүл ахуйн асуудал чухлаар тавигддаг газар хамаг л бохир заваан гэгдэх ажлыг хийдэг “үл хүрэгсдийг” халдварт өвчин, аливаа нян вирусыг тээгчид гэж үздэгтэй холбоотойгоор тэднээс аль болох хол, ойртохгүй байхыг хичээдэг. Ялангуяа Энэтхэгийн өмнөд хэсгийн зарим мужуудад хөөрхий тэдгээр хүмүүсийн зүг рүү харах эсвэл сүүдэр нь тусахад л ямар нэгэн “аймшигтай” зүйл болох мэтээр үзэж хэт их туйлширдаг хүмүүс ч байдаг.
 
  Яагаад энэ хүмүүс хэдэн зуун жилийн туршид энэхүү утгагүй, шударга бус дүрэм, журмын дагуу амьдарч, бараг л хүний тооноос хасагдаж, хувь заяандаа хүлцэнгүйгээр захирагдан амьдар­саар ирсэн юм бол гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирдэг юм. Хариултын гол нь энэтхэгчүүдийн сүсэг бишрэлтэй яах аргагүй холбоотой. Нийт хүн амын 80-аас илүү хувь нь индуистууд байдаг бөгөөд энэхүү шашны гол үндэс нь дхармагийн үзэл санаа юм. Энэ нь нилээд өргөн утга санааг өөртөө агуулдаг бөгөөд ёс зүй, үүрэг хариуцлага, хүний эрх, эрх чөлөө гээд нийгмийн олон чухал хэм хэмжээнүүдийг өөртөө багтаасан байдаг. Хүн өөрт ноогдсон тэрхүү ажил үүргийг сайн хийж гүйцэтгэвэл хойд насандаа аз жаргалтай амьдарна гэж үздэг. Гэгээрэхийн тулд заавал сүм хийдэд шавилан сууж, олон цагийн мөргөл хийх шаардлагагүй. Зөвхөн өөрийн дхарма буюу хувь тавиланг дагаж, эцэг эх, өвөг дээдсийн замаар л үнэнч шударгаар замнан явах хэрэгтэй. Дхармаг эсэргүүцсэн хүний дараагийн амьдрал нь зовлон, зүдгүүрээр дүүрэн байдаг хэмээнэ. Ийм учраас шашин шүтлэгтээ үнэнч эдгээр хүмүүсийн хувьд өөрсдөдөө ноогдсон хувь тавиланг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Мөн урд насандаа их нүгэл үйлдсэн хүн л “үл хүрэгсэд” болдог гэж итгүүлдэг ажээ.
 
  Мэдээж хэрэг цаг хугацаа өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад кастын системд ч зохих өөрчлөлтүүд оров. XIX зууны сүүл үеэс кастын системийг эсэргүүцэгчид олноор бий боллоо. Хамгийн анхны бодит өөрчлөлтүүдийг хийж чадсан нэгэн бол Бхимрао Рамджи Амбедкар байлаа. 1893 онд төрсөн тэрээр өөрийн уйгагүй оролдлогын ачаар боловсрол эзэмшжээ. “Үл хүрэгсдэд” зориулсан тусгай сур­гууль гэж байгаагүй тэр үед бараг ид шидийн гэмээр зүйл түүнтэй тохиолдож тэрээр өөрийн эцгийн тусламжтайгаар нэгэн бага сур­гуулийн хичээлд сууж байх эрхийг олж авсан байна. Хүүд багш нар болоод сурагчидтай харилцахыг хориглож, тэднээс хол суулгадаг байсан ч энэ нь түүнд өөрт хэрэгтэй мэдлэгийг олж авч, хожим Бомбейн их сургуульд элсэн ороход нь саад болж чадаагүй юм. Их сургуульд амжилттай суралцаж байсан түүнийг гадаадад суралцуулахаар явуулсан бөгөөд Англи, Герман, Америк зэрэг орнуудын их дээд сургуульд сурч мэргэжил эзэмшин, докторын зэрэг хамгаалсан тэрээр эх орондоо эргэж ирэхдээ Хууль зүйн яамны сайдын албан тушаалд томилогдсон байна. 1936 онд Махатма Гандигийн тусламжтайгаар Энэтхэгийн эрх барих дээд шатны байгууллага болох Хууль батлах их хуралд үл хүрэгсэд тодорхой хэмжээний суудал эзлэх эрхийг олж авсан бөгөөд “үл хүрэгсэд” хэмээх үгийг халж, оронд нь “хариджане” буюу бурхны хүмүүс хэмээх нэрийг хэрэглэхээр болгожээ.
 
  Гэвч Амбедкара, Ганди нарын цаашдын зам нийлээгүй. Нэг нь кастын системийг үр үндсээр нь алга болгохыг хүсэж байсан бол нөгөөх нь зөвхөн кастын системтэй холбоотой хэт их туйлширлыг арилгахыг эрмэлзэж байв. 1940-өөд оны сүүлээр Амбедкара Энэт­хэгийн шинэ Үндсэн хуулийг зохиоход оролцож байсан бөгөөд түүний хүчин чармайлтын үр дүнд доод шатны кастуудын эрх ашгийг хамгаалсан зүйл, заалтууд тус хуульд багтжээ. Үндсэн хуулийн ачаар нийт хүн амын 16%-ийг эзэлдэг хариджанууд сүм хийд, дэлгүүр хоршоо, бусад үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, боловсрол эзэмших, төрийн эрх барих дээд шатны байгууллагуудад өөрсдийн дуу хоолойг өргөн, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй болсон байна. 1997-2002 онд Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр “үл хүрэгсдийн” дунд төрсөн Кочерил Раман Нараянан сонгогдсон нь энэхүү өөрчлөлтийн хамгийн тод жишээ болов.
 
  Гэвч шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл олон мянган жилийн туршид үйлчилж ирсэн кастын системийн тогтолцоог эвдэж, энэхүү системийн хууль, дүрмүүдийг чухалчлан үздэг энгийн хүмүүсийн ухамсарт өөрчлөлт оруулж чадаагүй билээ. Тиймээ, үл хүрэгсэд кафе юмуу зоогийн газар орох эрхтэй, гэвч тэдэнд зориулагдсан тусгай аяга, таваг гэж бий. Тэд дэлгүүрээс юу ч худалдан авч болно, гэхдээ бусадтай адил биш. Мөнгөө дэлгүүрийн босгон дээр тавиад, авах зүйлээ мөн адил босгон дээрээс нь аваад харина. Тэдний үр хүүхэд сургуульд сурах эрхтэй, гэвч өөрөө ус аягалаад уух боломжгүй. Түүнийг “бузартуулахгүйн” тулд өөр кастын хэн нэгэн түүнд туслахаас нааш ус хийж авах эрхгүй.
 
  Хангалттай боловсролтой биш хүмүүс одоог хүртэл “үл хүрэгсдээс” бузартахаас айн, тэднийг тойрч явдаг. Үүнийг шашны гэхээсээ илүү өдөр тутмын амьдралын хэмнэлтэй холбон тайлбарлаж болох юм. Хэрвээ доод кастынхан хяналтаас гарвал тэдний өмнөөс муу муухай, бохир заваан ажлыг хэн хийх вэ гэсэн асуудал тулгардаг. Ямар ч байсан дээд кастынхан дундаас сайн дураараа нүх ухаад эсвэл хог цэвэрлээд зогсох хүн гарахгүй нь мэдээж. Ер нь хариджануудтай холбоотой асуудал Энэтхэгийн ний­гэмд хурцаар тавигдаж буй зүйлсийн нэг яах аргагүй мөн. Гэх­дээ энэ эмгэнэлт гэмээр хувь заяаг шашин шүтлэгээ өөрчлөөд ч болтугай өөрчлөхийг оролдож байгаа олон арван залуучууд бий. Тэдгээрийн олонх нь буддизм, лал болон христийн шашинтуут. Тэгвэл лалын шашинтан хаанаас ч ус аваад хэрэглэх боломжтой. Харин “үл хүрэгсэд” үүнийг зөвхөн цаасан дээрээс л хардаг. Тэгээд хэзээ нэгэн цагт шударга бус бүхэн өөрчлөгдөх байх хэмээн найдаж сууна.