Хаврын дулаахан өдрүүдийн нарлаг нь сайхан ч назгай дагуулах гээд байдаг гэмтэй. Сүүлийн өдрүүдэд нэг л манарсан нөхдүүд цонхлоод байгаа юм уу, лонхлоод байгаа юм уу, хайрс даган наранд ээх нь үүний баталгаа. Гэнэт дулаарснаас цочролд орчихоогүй байлтай.
 
  Харин энэ “назгай нарнаас” зугтаж номын сан, лекцийн заал, семинарын танхимдаа зүгээр суугаагүй хэсэг нь хачин сэргэлэн харагдана. Би ч сүүлийн үед энэ хэсгийн нэг болох гээд “үзэж тарж, үсэрч наалдаж” явна.
 
  Үнэнч царай гаргаж, мэддэг юм шиг худлаа ярьж, алийн болгон “нүүрээрээ” дүн авах вэ дээ. Дүн ч яахав, харин мөрөн дээрх бөндгөр маань хоосон хоцроод, эргээд дотогшоо өнгийхөд янз бүрээр буруу солгой цуурайтаад, нөгөө сайхан “дүнгийн даллагатай” царайг минь түлж мэдэхээр болоод байна.
 
  Ингээд хөмөрсөн тогоонд гэрэл тусна гэдэг шиг гэнэт ухаарч, есөн долоо хоногийн “онц оюутан-онц охин” аян зарлав. Аяны хүрээнд хичээлийн хажуугаар хийж байсан ажлаасаа гарч, “салгамааддаг” байсан Золбоо гэх мэт хөвгүүдээс ангижрах гэх мэт яаралтай арга хэмжээг шат дараатай авав. Үр дүн нь ч илт мэдрэгдэж эхэллээ. Ямар сайндаа дөрвөн цагт гэртээ ирчихсэн сууж байсан чинь аав орж ирээд “Хөөх, чи юу хийж байгаа юм бэ?” гэдэг байгаа.
 
  Хичээлгүй бүх цагаараа ажил хийж, үлдсэн цагт нь оюутны байгууллага гээд алга болчихдог, “Би чөлөөт цагаараа хичээлд явдаг” гэвэл таарахаар хуваарьтай болчихсон байж дээ.
 
  За тэгээд нөхөр Анужин хичээлээ хийгээд сүйд. Чухал царай гаргаж, хөмсгөө зангидаж байгаад уншаад л, бичээд л, судлаад л... Хамгийн сүүлд хэзээ ч ингэж хичээл хийж байсан юм, бүү мэд. Гэнэт “10 жилд байхад өдөр болгон ингэж хичээлээ хийдэг байж билээ” гэсэн бодол зурсхийдэг байгаа.
 
  Бодоод байсан чинь өнөөдрийн хамт сурч байгаа оюутнуудын ихэнхийнх нь амнаас иймэрхүү үг унаж байсан юм байна шүү. Үнэн ч бай, худлаа ч бай “Би 10 жилдээ арай ч ийм хүүхэд байгаагүй юм даа”, “Их суруульд орсноос хойш л би хичээл хийхээ больчихлоо” гэцгээх оюутан цөөнгүй бий. Үгүй энэ чинь юу гэсэн үг вэ! Хамгийн их хичээх, сурах, заалгаснаа мэдээд өнгөрөх биш, цаашид ашиглахаар өөрийн болгож эзэмших ёстой цаг чинь энэ оюутан нас баймаар. Юун тэр арван жил! Харьцуулшгүй ихээр мэрийх ёстой цаг юм биш үү? Гэхдээ тэр яах вэ, сэтгэл зовж байгаа ч миний санаа тавих асуудал биш юм хойно доо.
 
  Харин өдөр тутмын шинэ хуваарь минь таалагдаж байгаа. Гэр-сургууль-номын сан-гэр, яг оюутан шиг. Орой гэрээ цэвэрлэж, хоолоо хийчихээд даалгавраа хийнэ. Ном, толь бичиг, дэвтэр дэлгээд суусан чинь яг үнэндээ эхлээд сонин байдаг шүү! Ёстой нөгөө “ичмээр дамшиг даа”. Бас 26 номерын автобусны байнгын үйлчлүүлэгч болсон. Оюутан хүн чинь хэрэндээ тааруулж хэрэглэх ёстой юм байна. Ажил хийж мөнгө олоод, байнга таксигаар заларч явдаг “алтан үе” дууссан гэж байгаа.
 
  Ингэж явж байгаад нөгөө хүн болгоны яриад байгаа синдромыг нь тусчихгүй юм сан. Назгай дагуулсан налгар өдрүүдэд туссан синдром бүр их хортой байдаг юм гэсэн. - Анужин нэг залуутай хөтлөлцөөд арын сааданд сууж байна лээ. Хосууд аа гэж...” Хэдэн өдрийн дараа. - Анужин юу хийгээд яваад байна аа, тааралдав уу? - Нөгөө саадандаа сууж л байна лээ... - Сайхан юм аа.... Нэг иймэрхүү л ярианы гол баатар болно. (түй түй түй)