Зайлуул даа. Миний улс орон минь.
Эрх чөлөө гэсэн сайхан нэртэй бантан дотор 20 жил ардчилал гэх зүйлийг дагаж намирлаа.
20 жил бурхан, лам, суварга, сүм дугана… ариуслын төлөө гэж шашинжлаа.
20 жил уул усаа аргадаж, овоо уулаа тахиж сүсэглэлээ.
20 жил шуналт олигархиудад идэх хоолоо булаалган үгээгүй хоосорлоо.
20 жил итгэлээ, найдлаа, хүлээлээ, хулхидууллаа, хуурагдлаа.
Монголын өнөөдрийн дүр зураг гэвэл буцаад феодалын нийгэмдээ бид орчихжээ. Нэг талд бүхнийг мөнгөөр хэмжигч дээрэнгүй, гэхдээ толгой хоосон ёс зүйн ойлголтгүй, бизнес нэрийн дор хулгай хийж баяжсан, дансандаа хэдэн тэрбум төгрөгтэй “чухал феодал“ хүмүүс… Нөгөө талд хоногийн хоолоо залгуулах гэж байгаа гэр бүлээ өлөн зэлмэн тэжээсэн бусдаас дорд орчихгүй гэсэн бодолтой гэхдээ хэзээ ч мөнгөтэй, боломжтой болохгүй, нүдний харц нь доогуур болж амьдралдаа нухлагдан “хэрэггүй боол“ болсон энгийн ард түмэн…
 
20 жил буруу хүмүүсээр удирдуулж яаж амьдрахаа тэднээр заалгаж дагавал буцаад бурангуй, дэлхийн жишгээс хоцрогдсон… Хоолны шөлөөр яривал дээр нь хөвж буй нимгэн тосон давхарга бол Хулгайчид, үлдсэн усан шөл нь Энгийн ард түмэн гэсэн гаж нийгэм үүсдэг юм байна. Монгол хүн өнөөдөр идэх хоол, эрээн хувцас, гар утасхан гэх мэт өчүүхэн зүйлсд их анхаарч, ухаан нь булингартан, солонгос кино үзэн мангуурч, ядуу амьдралтайгаа эвлэрч, хүсэл нь бага, зориг нь мохсон, бүгд зөвийг олж харах нүд нь сохорсон,эргүү хүмүүсийн цуглуулга болжээ. Тэхээр бид одоо хэнд найдах вэ???
 
Монголын нууц товчоогоо, Төрийн дуулалтайгаа хоймортоо залчихвал тэгээд л та бүгд сайхан амьдарчихна гэж бидэнд зааж мунхруулж, өөрсдөө өмссөн дээл, унасан машин, сольсон эхнэрүүдээрээ өрсөлдөн, дөрвөн хөлтэй амьтныг уралдуулж бооцоо тавина. Монгол хөгжиж байнаа… мундаг болж байнаа… гэж хөөрцөглөн уухайлах Монголыг удирдаж байгаа Эсэргүүнүүдэд найдах уу? Толгойгоо хойд нас, хоосон найдлагаар тэжээж, сүм рүү очиж өглөг засал хийлгэж байгаа мухар сүсэгтэнд найдах уу? Жийп машин унасан дээрэлхүү, мөнгөтэй болохоор миний л зөв гэсэн тэнэг хоосон толгойт компаний захиралд найдах уу? Үзэл бодол ярьсан энд тэнд харж үзсэнээ өөрсдөө учрыг нь ч олоогүй, худал ярьж, Цөмийн хаягдал бол хоргүй, их ашигтай бизнес гэж толгойг минь угаах ард түмний дайсан-улс төрчдөд найдах уу? Сонгуульд элдэв муу арга хэрэглэн сонгогдож, хааны сэнтийд заларсан мэт авирлах, эрх мэдлээ баяжихдаа ашиглан хор найруулагч, 76 гишүүдэд найдах уу?
 
Шоу нэрийн дор наргиж цэнгэж, утгагүй амьдралаа түр мартах гэж оролдож байгаа мансуурсан архичдад найдах уу? Бүхнийг хардаг, болгоно, чаддаг гэх увидастай, энгийн ардын халаас хоослогч мэрэгч төлөгчдөд найдах уу? Болж өгвөл гадаад руу гарч барууны амьдралыг мэдрэх гэж мөрөөдөж зүүдлэн байгаа хувиа хичээгчдэд найдах уу? Шинэ улс төр хийж байна, одоо л ойлголоо…. алдаагаа засна гэж дахиад гарч ирэхийг оролддог эрх мэдлийн өвчин туссан мунхруулагчдад найдах уу? Хэнд?!
 
Энд зөвхөн ганцхан зөв хариулт бий. Монгол түмэн мэдлэгтэй хүнд л найдна. Өөр зам байхгүй. Хүн төрөлхтний түүх бол хөгжлийн түүх. Хөгжлийн түүх бол мэдлэгийн түүх. Мэдлэг байхгүй тохиолдолд, дан ганц мөнгө, хүн байхад хөгжил байхгүй гэдгийг Монголын өнгөрсөн 20 жилийн түүх харуулж, энэ нь бидэнд гай болж байна. Мэдлэгтэй хүнээ бэлдээгүй, мэдлэгтэй хүнээ эрээгүй, мэдлэгтэй хүнээ гаргаагүй. Мэдлэгтэй хүнийг зөвхөн дарсан. Үнэнг олж хэлэхээс нь айсан.
 
Англи Ирландын зохиолч, философич, улс төрч Эдмунд Бурке: “Бузар муу бүхнийг цэцэглүүлэхийн тулд Сайнууд юм хийхгүй байхад л хангалттай” гэсэн үг өнөөдрийн Монгол орны байдлыг яг онож хэлж байна. Сайн хүмүүсээр ажил хийлгээгүй болохоор бид мөхлийн замдаа орсон. Өнөөдрийн өндөр хөгжсөн технологитой дэлхийн манлайлагч улсууд шашинаар сансарт хөлөг хөөргөөгүй, онгоц нисгээгүй ээ. Мэдлэггүйгээр 1 давхар байшинг барьж болно, харин 10 давхар байшинг барихад инженерийн их мэдлэг хэрэг болно. Олон хүний амь амьдралыг авч явна гэдэг бол том мэдлэг.
 
Зөвхөн хими, физик, инженер биологийн зэрэг, салбарын мэдлэг биш бүгдийг нь хамарсан, шингээсэн, тайлбарласан ганц мэдлэг байдаг, тэр нь философи юм. Мэдлэгтэй хүн бидэнд байна уу гэвэл өнөөдөр асуудалтай байна.
 
Манай боловсрол олгож байгаа схем бол Цээжлэх…Дүн авах…Диплом авах… Мартах. Энэ бол мэдлэгт хүрэх зам биш ээ. Цаашлаад Лёрн “Learn” гэдэг үгийг буруу орчуулсан, хүчирхийлэлд хэрэглэдэг шинжтэй, амьтныг сургахтай адил сур ташуур гэсэн үгийг хүн дээр хэрэглэсэн. Лёрн гэдэг үг бол Сэргэх гэсэн үг юм. Бид мэдлэгт хүрэхийн рийдинг “reading“ гэдэг үгийг, шашны нэр томъёо, дуу гаргах уншлага хийх гэдгийн уншихаар авсан. Рийдинг гэдэг нь “constuction of meaning” буюу өөрийнхөө амьдралын утгыг цогцлон барих гэсэн үг юм. Тэгэхээр мэдлэгээр сэргэнэ, амьдарна, мэдлэгээр бүх зүйлс утгатай болно.
 
Мэдлэг бол өөрөө баталгаатай. Үнэн зөвийг хийж чадах Итгэл юм. Мэдлэгийг Итгэл гэж ойлгоогүйгээс Монголчууд бид хэзээ ч итгэлтэй болж чадаагүй юм байна. Бидний хувь заяаг аврах Авралын хүч бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэн зөв мэдлэгийг олж авсан эх орноо гэсэн чин зүрх сэтгэлтэй, энэ улс төрч-Aрдын дайснуудтай холбоогүй цоо шинэ залуусдаа найдах юм. Монгол Үндэстэн устаж алга болохгүй баталгаа нь зөвхөн Мэдлэг. Энэ л Та бидний ганц зөв сонголт !