Харуки Муракамигийн улаан ногоон фен болоход тун дөхөөд байгаа. "Норвегийн ой"-г анх уншиж байсан. Саявтархан энэ багашаархан роман орчуулагдаад гарчихлаа. "1Q84" хэмээх лут бүтээл бас удахгүй хэвлэгдэж гарах юм гэсэн. Муракамигийн номнууд ийн ээлж дараалан гарч байгаа нь сайшаалтай. Орост "муракамания" гэж бөлөг байна. Түүний бичсэн бүрийг ховдоглож уншдаг хэсэг бөлөг нөхөд л дөө. Монголд яваандаа ийм бөлөгтэй болох ч юм бил үү. Түүний тухай "дурамжхан" хандлагыг миний хамгийн их хүндэлдэг монгол зохиолч болох Г.Аюурзана гаргасан хэдий ч өөрөө түүний зарим өгүүллэгүүдийг орчуулахаар хөөцөлдөж байсныг тооцвол яах аргагүй орчин цагийн шилдэг япон зохиолчийн нэг мөн болай. За ингээд Алтанхундага найзын гэнэтийн бэлэглэсэн ном, мөнхүү надад Муракамиг дахин бэлэглэсэн "Далайн хөвөөн дэх Кафка"-гийн тухай ярьж өгье. Энэ ном орчуулагдталаа бас чиг хэдэн сар, магадгүй жил болох биз ээ.
Роман хоёр гол дүртэй, үйл явдал хоёр гол шугамаар өрнөнө. Наката гэж зөнөг өвгөн байх. Ухаан саруул бус энэхүү өвгөн 16 настайдаа ангийнхантайгаа ууланд явж байтал ямар нэгэн учир битүүлэг учир шалтгаанаар бүгд ухаан алдаж унацгаасан юм. Бусад хүүхдүүд бүгд удалгүй ухаан орж, эрүүл саруул болсон ч Наката ганцаараа хэвийн бус, гажигтай болж үлдсэн байна. Түүнд ой санамж гэж байхгүй, аливаа зүйлийн учир ухааныг ухаж ойлгохдоо маруухан. Гэвч тэр нэгэн онцгой чадвартай нь муурны хэл мэддэгт юм. Тэр энэхүү онцгой чадвараараа гэрээсээ дайжсан, төөрсөн муурнуудыг хэдэн зоосны шан харамжтайгаар эзэнд нь олж өгдөг "бизнес" хийнэ.
Тэр ийн "бизнес" хийж байгаад нэгэн муур олох захиалга авна. Хуучин муу агуулахын дэргэд олон өдөр сахин муурыг харуулдан суудаг. Энэ зууртаа тэрээр хажуугаар өнгөрөх муурнуудтай ярилцаж, хайж байгаа муураа сураглаж байдаг. Гэтэл нэг өдөр нэгэн нохой хүрч ирэн түүнийг араасаа дага гэж хэлдэг. Наката уг нь нохойны хэл мэдэхгүй л дээ. Гэхдээ л нохой түүнийг араасаа дага гэж ямар ч юм хэлээр хэлдэг. Дагасаар нэгэн байшинд ирвэл нэгэн аймшигтай залуу угтан авдаг. Тэрээр муурыг ямар ч хайр энэрэлгүй алдаг бөгөөд Накатагийн хайгаад байсан муурыг ч торонд хийсэн байдаг. Тэр хэрцгий залуу муурны зүрхийг амьдаар нь сугалж завжаараа цус савируулан иддэг. Тэр ингэж муурнуудын сүнсийг цуглуулдаг ба түүгээрээ ер бусын нэгэн хөгжим хийх гэж байгаагаа хэлдэг. Хөргөгчөөрөө дүүрэн муурны толгой хадгалж байдаг. Тэрээр Накатаг өөрийг нь алахыг гуйдаг ба айж цочирдсондоо Наката залууг алж орхидог.
Хүн алсандаа цочирдсон Наката тэр хотоос бүрмөсөн зугтана. Тэр баруун зүгтээ /зүг чигийг нь яс мартжээ/ юу руу ч юм зорьж явдаг. Явах замдаа бусдад дээрэлхүүлж байгаа нэгэн залуугийн төлөө хэдэн дээрэнгүй этгээдүүдтэй үздэг ба уурандаа загасаар бороо оруулдаг. Улмаар нальхан хорхойгоор бороо оруулах нь ч бий. Энэ ер бусын зүйлийн талаар хэвлэл мэдээллээ мэдээлж байдаг.
Тэр замын машинд дайгдан явсаар Хошино хэмээх ганц бие хүнд даацын машин барьдаг залуутай танилцан, түүнтэй хамт зорьсон газар руугаа явна. Тэд яв явсаар зорьсон газраа хүрнэ. Наката ямар нэгэн хаалган чулуу хайгаад байдаг. Хичнээн хайгаад ч олдоггүй. Зөнөг өвгөн ер нь юу хайгаад байгаагаа ч сайн мэдэхгүй байдаг. Гэвч өвгөн аав шиг нь санагдсан Накатад Хошино татагдан өвгөнд үйлчлэх нь түүнд нэр төрийн хэрэг шиг санагдана. Тэгээд ч тэр ганц бие тул хаашаа ч яарах билээ. Хошино биеэ үнэлэгч авах гэж яваад KFC сүлжээг үндэслэгч Хурандаа Сандерстай таардаг. Үнэндээ өөрийгөө ийн нэрлэсэн өвгөн байсан л даа. Тэр өвгөн философийн ангийн оюутан охин зуучилдаг ба үүний дараа түүнд хайгаад байгаа хүнд, цагаан чулууг нь олж өгдөг. Энэ аяллаар Хошиногийн амьдрал Накатагийн сонсдог хөгжмөөр дамжин өөрчлөгдөнө. Наката сонгодог хөгжмийн фанат /үнэндээ Мураками өөрөө сонгодог хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч юм/ бөгөөд өөрийн таашаан сонсдог хөгжмүүдийн тухай тэр дундаа Бетховений "Archduke trio" хэмээх гайхамшигт нэгэн хөгжмийн тухай олонтаа ярина. Энэ хөгжим амьдралыг нь учир битүүлгээр тайлах шиг болно /энэ хөгжмийг миний бие youtube -ээр сонссон. Эхэндээ бол байдаг л нэг хөгжим шиг. Тэгээд дор нь бичсэн сэтгэгдлүүдийг нь хартал ихэнх нь Муракамигийн энэхүү романыг уншиж байгаад орж ирж сонсож байгаа хүмүүс байсан нь тун сонин, гайхалтай байсан. Ингээд дахин дахин сонссоор, одоо өглөө ажилдаа явах бүртээ сонсдог болчихоод байгаа хэхэ. Та нар сонсоод үзээрэй, ер бусын сайхан хөгжим/ Ингэж явсаар тэд нэгэн байшинд очих ба бурхан тэдэнд энэ бүхнийг бэлдсэн юм уу гэлтэй. Тэндээ Наката өөд болдог. Хошино чулууг тэнд нь үлдээгээд буцдаг /уншсанаас хойш 2 сарын дараа бичиж байгаа болохоор нарийн үйл явдлыг нь мартжээ хэхэ, өршөөгөөрэй/
Зохиолын өөр нэг гол дүр нь 15 настай Кафка Тамура гэж хүү юм. Дунд сургуулийн жирийн нэг сурагч хүү нэг л өдөр гэрээсээ дайжин зугтдаг. Тэр аавтайгаа амьдардаг байсан юм. Нэртэй архитектурч аав нь түүний хувьд эцэг нь биш юм. Хэдийгээр мах цуснаас нь төрсөн үр нь мөн боловч Тамурагийн хувьд ийм аавтай байснаас аавгүй байсан нь дээр... Түүнд ээж, эгч байсан гэдэг нь зөвхөн зурган дээр үлджээ. Яг бодит байдал дээр байдаг ч юм бил үү. Тэр аавынхаа утас, хэдэн цаасыг нь хамж аваад автобусанд суун алсын замд гардаг. Замдаа өөрөөс хэд эгч нэгэн хүүхэнтэй танилцах ба тэрээр ямар нэгэн юм болбол яриарай гээд утасны дугаараа өгдөг. Энэ үед сонин дээр аав нь бусдад алуулсан тухай мэдээлэл гардаг. Тамура нэгэн буудалд гурав хоноод мөнгөө хэмнэх үүднээс аргагүйн эрхэнд тэндээс гардаг. Тэгж яваад ухаан балартан унадаг ба сэрээд хартал хамаг цамц нь цус болчихсон, хаа нэгтээ бутан дунд хэвтэж байдаг. Тэрээр айн цочирдохдоо автобусанд танилцсан хүүхэн рүү утасддаг. Ингээд гэрт нь очоод болсон явдлыг бүгдийг нь хэлдэг ч учрыг нь олдоггүй. Сакура хэмээх тэр эгчмэд хүүхэнд Тамура дэмий л тачаадах ба яагаад ч юм өөрийнхөө эгч юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээд тэндээс гарч явж нэгэн тохилог, цэвэрхэн номын санд очих ба тэнд хэдэн өдөр ном уншингаа номын санч Ошима гэдэг залуутай танилцдаг. Ошима үнэндээ эмэгтэй хүн байдаг /хүйсээ солиулсан эсэхийг чөтгөр бүү мэд/ Тэрээр гэрээсээ дайжин яваа хүүд тусалж өөрийн ойд байдаг гэртээ аваачиж орхидог. Ой доторх тэрхүү жижиг байшин номоор дүүрэн бөгөөд Тамура өдөржин ном уншиж цагийг тун зугаатай өнгөрүүлж байдаг. Хэдэн өдөр болгоод Ошима түүнийг номын санд эгэн авчирдаг. Номын сангийн эрхлэгч Хатагтай Сакэйтэй зөвлөсний эцэст түүнд нэгэн жижигхэн өрөө гаргаж өгдөг. Нэгэн шөнө тэрээр шөнө дунд гэнэт сэрэх ба нүдээ нээгээд хартал нэгэн сүнс хажууд нь сууж байдаг. Зүрх нь амаараа гарах шахтал айсан Кафка Тамура толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрсөн хэдий ч сүнс алга болсонгүй. Зориг орон арай хийн хартал тэрхүү сүнс нь өөрийнх нь үе тэнгийн нэгэн охин байх ба сайн хартал залуухан хатагтай Сакэй байдаг. Нэгэн шөнө сүнс хүрч ирэх ба хэдхэн хормын дотор жинхэнэ хатагтай Сакэй болон хувирч Тамуратай үүлэн борооны ажил хийдэг. Энэ байдал хэдэн шөнө хэдэнтээ давтагдана. Тэрээр өөрийгөө аавыгаа алж, ээжтэйгээ хурьцал үйлдэж байгаа Эдит гэж бодно. Цусанд хутгалдсаныхаа дараа Сакура руу аавынхаа утсаар залгасан гэж дээр хэлсэн. Энэхүү дугаарын байршлаар цагдаа нар тус хотод хүрч ирдэг. Иймд Ошима нар түүнийг буцаагаад ой руу явуулахаас өөр аргагүй болдог. Ойн захын байшиндаа байж байгаад нэг өдөр "Ой руу хэрхэвч орж болохгүй, төөрнө" гэсэн Ошимагийн үгэнд оролгүй юу ч болбол болог хэмээн түнэр ой руу явж ордог. Ийн явж байтал Дэлхийн II дайны үеийн хоёр герман цэрэг таардаг. Тэр хоёр ямар нэгэн юм манаж байгаа мэт байсан ба Тамураг ирэхийг хүлээж байсан мэт. Тэд түүнийг газарчилж явсаар нэгэн жижигхэн тосгонд аваачдаг. Эл хуль тосгон. Замын хоёр талаар цэвэрхэн модон байшингууд ярайх хэдий ч амьд хүн байгаа шинж тэмдэг үгүй. Тэрээр нэг байшинд эзэн суудаг. Орой нь нэгэн хөөрхөн охин түүнд туслахаар гэрт нь ирснийг харвал залуухан хатагтай Сакэй байдаг. Тэрээр түүнд тусалж байгаад гэр рүүгээ яараад яваад өгдөг. Харин маргааш өглөө нь түүнд туслахаар эргэн ирдэг. Охиныг харж тачаадахдаа Тамура өөртэйгээ хамт байхыг гуйх ба охин "Хаалга хаагдахаас өмнө явахыг" зөвлөдөг. Тэр хаалга хаагдахаас өмнө хоёр цэргээр газарчлуулан буцаад бодит ертөнц руу буцан ирдэг...
Зөнөг өвгөн Наката бол 15 настай Кафка гэдгийг та мэдэх болно. Муурны алуурчныг алах яг тэр мөчид Тамура ухаан алдан унасан ба цусанд будагдан сэрсэн нь тэрээр аавыгаа алсан хэрэг юм. Учир нь түүнийг дайжсаны дараа аав нь хэн нэгэнд хэрцгийгээр алуулсан гэдгийг дээр дурдсан. Хатагтай Сакэй болон Сакура нар түүний ээж, эгч байж ч мэдэх...
/уншсаныхаа дараа шууд тэмдэглэл хөтөлмөөр юм байна, зарим үйл явдлыг нь мартаж санасан байна шүү/
http://amartuvshind.blogspot.com