Issei Sagawa
(By: 2012)
Миний дурлалын түүх бол “Too Much Blood”
Миний дурлалын түүх, “нэл цус, нэл цус”
…I can feel it in the air
Feel it up above
Feel the tension everywhere
There is too much blood
Too much blood, well alright…хэмээн Япон каннибал, Техасын хөрөөт алуурчны тухай дуу хийж, тэднийг найзаа болгож чадах тийм хүмүүс бол мэдээж “Rolling Stones” (Роллинг Стоунз). Английн ритм, блюз, рок.н ролл урсгалаар тоглодог тус хамтлаг 1981 онд дэлхийг цочроож гайхшруулсан нэгэн хэргийн тухай өвөрмөц клип бүхий дуу бүтээжээ. Бидний амьдарч буй нийгэм тийм ч ариухан бус. Магадгүй хуулийн нэрийн өмнөөс албадан баривчилж, “үйлдсэн” хэмээх үгийн дор ял шийтгэл ноогдууллаа ч харьцангуй үнэн гэгчийг хэн мэдэх билээ. “Үнэн” чинь бидний л зохиосон, бас итгэсэн үг шүү дээ. Тэр бол зүгээр л бодлын тусгал.
Харин үнэний тухай асуудал уран зохиолд тэс өөрөөр буудаг. Бусад бүх зүйлд буй тодорхойлогдсон үнэн гэгчийг уран зохиолд “худлаар” сөргүүлэн тавьдаг. Хүн үнэнд дургүй, дургүй учраас ч “үнэн”-ийг хардаж, ямар нэгэн сэжиг хайж эхлэдэг. Энэ сэтгэхүй дээр тоглож, хэзээ ч тодорхойлогдошгүй үнэнд хөтлөж буй нь уран зохиол юм. Хэрвээ бусад зүйлийн нэгэн адил заавал тодорсон үнэн байдаг бол ядаж л “детектив” зохиолуудын цаана ямар нэг “ноо” (асуудал) гарах байсан биз. Тухайлбал: Японы зохиолч Таро Хирай (Эдогава Рэмпо)-г детектив зохиолч хэмээн тодорхойлдог. Гэвч түүний зохиолууд нь санаанд багтамгүй гэмт хэрэг, зөрчил, сэтгэмж дээрээс буцаагаад хачин жиг тайлалыг хийж дөнгөдөг. Тэгэхээр детектив биш болчихож байгаа юм. Ерөөсөө хүний үнэнийг үл хүсэх атлаа түүнийг эрэлхийлсэн сэтгэхүйг өдөөгөөд буцаан тайлна гэсэн үг. Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн гурван өгүүллэг нь яг ийм байдлаар бичигдсэн. “Хүн сандал”-ын Ёшико хатагтайд дурлагчийн дүр. Нийгэм ч хүлээж авхааргүй зэрэмдэг тэрээр хүн сандал болж хайртай хүндээ ойртоно. Эцэстээ тэр нь зөвхөн зохиол бичих санаа болж таардаг. Эс бол “Ихрүүд”-ийн ялгахын аргагүй ихэр ахыгаа алж түүний бүхэл зүйлийг өөрийн эрхшээлд оруулсан залуу, үгүй бол “Улаан тасалгаа”-ны нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдэж, 99 хүний амийг авсан гэмт этгээд эцэстээ сонирхолтой яриа төдийхөн болоод төгсөж байгаа дээрх “үнэн”-д дурлах хүслийг өдөөсөн хэрэг. Үнэн эсвэл худал, буруу үгүй бол зөв гэсэн тодорхойлолтыг хэн ч хийхгүй энэ бол “үнэн”. Улиглан байхын учир ийм хэрэг. Нэгэн хэрэг, нэгэн үнэн, бас нэгэн худал, нэгэн түүх, нэгэн нэгний тухай өгүүлрүүн.
1949 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Хёого аймгийн Кобэ тосгоны ус цэвэршүүлэх үйлдвэрийн эзний гэрт нэгэн хүү мэндэлжээ. Дутуу төрсөн, бие султай Сагава эхийнхээ асрамжинд байж, гадаад ертөнцтэй харилцаа нь муудаж, үг дуу цөөтэй дотогшоо араншинтай болж өсчээ. Багаасаа Лев Толстойн “Дайн ба энх”, Шекспирийн жүжгүүдийг сонирхон уншиж, Бетховены хөгжим, Ханделийн дуурийг сонсох болов. Эцэг нь Сагавагийн сурч боловсроход анхаарч Кобегийн Камакүра ахлах сургууль, Вако их сургуулийн “Утга зохиолын факультет”, Квансэй Гакуин их сургуулийн “Англи, Америк уран зохиол”-ын магистрт сургаад, Францын Сурбоны их сургуульд “Харьцуулсан уран зохиол”-ын магистрт суралцуулахаар явуулжээ.
Иссей Сагава 1981 оны долоон сард Сурбоны их сургуульд хамт суралцагч, өөрийн дурласан Голланд бүсгүй Рене Хартвелтыг “Эглонжэ” гудамжин дахь гэртээ урьжээ. Багын туниа муутай, царай зүс гундуу Сагаваа тэр үед 32 настай, 1.52 метр өндөртэй, 35 килограмм жинтэй байв. Бүсгүй түүний хүсэлтийг зургаан сар гуйлгасны эцэст зөвшөөрсөн гэдэг. Зоог барьж, Германаар шүлэг уншиж өгснийхөө дараа бүсгүйг араас нь гар буугаар буудан хороож, цогцостой нь бэлгийн ажил хийснийхээ дараа хэсэгчлэн эвдээд хөргөгчиндөө хийжээ. Гурав хоногийн дараа цогцсыг өөрөөсөө зайлуулахын тулд хоёр чемоданд хийгээд “Булон” ойд булах үедээ баригдсан ажээ.
Нэгжлэгийн үеэр Францын цагдаа нар хохирогчийн баримт бичиг, цусны толбо, гар буу, фотозургийн хальс, дуу хураагуур, жижиг гялгар уут, хөргөгчинд нь долоо орчим килограмм хүний эд эрхтэн байсныг илрүүлжээ.
Урдчилсан хорих төвд байхдаа гурван төрлийн шинжилгээ хийлгэж, сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарч (үүнийг гэдэсний өвчин гэснийг буруу орчуулснаас үүдсэн ч гэж ярьдаг), удаан хугацаанд хоригдож шинжилгээ өгсний эцэст 1984 онд Францад ахин нэвтрэх эрхээ хасуулж, Япон руу буцжээ. Буцаж ирснийх нь дараа эцэг эх нь ажлаасаа халагдаж, нийгмийн зүгээс түүнд хүчтэй эсэргүүцэл тулгарч эхэлсэн ч, японд “франц оюутан”, хилийн чанадад “японы каннибал” нэрээр алдаршиж. Үйлдсэн хэргийнхээ тухай ном бичиж, японы утга зохиолын дээд шагнал хүртээд зогсохгүй дэлгэцийн баатар болж хувирсан аж.
1980-аад онд дэлхий дахины хараанд байсан урдаасаа халзарсан шингэн үс, онигор нүд, зай гарсан шүд, давжаа биетэй япон эр өдгөө тийм ч хангалуун биш амьдардаг. Сагаваг бага байхад өвөө нь хүний мах иддэг хар шидтэнгүүдийн тухай домог олныг ярьж өгдөг байжээ. Ганцаардмал, зожиг байдал урт удаан хугацаагаар илэрч сэтгэлзүйн эмчид үзүүлсэн ч тэд төдийлөн анхаарч хандаагүй байдаг. Бид буруу үйлдийн шалтгааныг өөрсдөө л буй болгодог. Харин бүх зүйл өнгөрсөн хойно түүнийг хуулийн хэллэгээр “хэрэгтэн” л үүрдэг. Нийгэм ч буруугүй, нийгэм бол бидний бүтээсэн ертөнц, тэнд хүмүүс л байдаг шүү дээ. Түүний хэлснээр:
“Хүн хуурамч мэдрэмжиндээ түшиглэн мэдэрч, бодож, үйлдэл хийж байдаг. Энэ хуурамч мэдрэмж нь, зөвхөн хүн л бий болгож чаддаг агуу том хий хоосонг төрүүлдэг. Би харин ч хайрын үнэн төрхийг нийтлэг чанартайгаар, бүр илүү хурцаар ч харуулан амьдарч байж ч магадгүй. Та нар ойлгохгүй. Энэ бол “миний дурлал” гэжээ. Гэвч үнэн гэдэг тодорхойлогдохгүй.
Дэлхий дээрх хүний махан идэштнүүдийн тухай мэдээлэл ихэвчлэн домог хэлбэрээр оршиж байсан ч өдгөө нийгмийн үзэгдэл болсон. Хүй нэгдлийн ёс заншил, дэг жаягаа хадгалсан Шинэ Гвинейн “Папуа” нараас эхлээд, дайн байлдааны хөлд нэрвэгдсэн Умард Солонгосын иргэд өлсгөлөнгийн улмаас хүний мах идэж, эсвэл бүр нийгмийн хөгжил, техникийн хурдацыг дагаад хүний амьдрал хаос шинжид орж, тэдний зан үйл, ааль араншин араатанлаг шинжиндээ орсноор хүнээр хооллогч донтонгууд гарч ирсэн. Энэ бүгдийг хамруулаад “каннибализм” гэдэг нэрлэлт буй болжээ. Дээрх хэрэг үйл явдлын тухай аль талаас нь харах цонхийг та бүхэнд нээлттэй үлдээхийг хүслээ.
Хамгийн аюултай нь хүн. Хүний сэтгэн бодох, бүтээх чадамж хөгжихийн хирээр буцаад язгуурын буюу амьтанлаг шинж рүү дөхөж байна. Техникийн хөгжил биднийг яг юу руу хөтлөөд, сэтгэл санаа, хайр дурлал, үнэн худал цөм байсанд өнгөрөх гэж байх шиг. Хүн төрөлхтний түүхэнд хүн хүндээ л дайсан байсан. Хамгийн сүүлийн дайсан нь ч хүн л байх болно. Тэд өөрсдийгөө өөрснөө үгүй хийнэ. Харин бичиглэн буй зүйл минь ямар нэгэн шийдэд хүрэхийг бодоогүй хэрэг. Аймшигт алуурчин, ойлгохын эцэсгүй дурлал, эс бол сэтгэцийн өвчин юу л гэж ойлгох нь таны ажил. Хууль бол үнэн худал ч шийддэг харин хүний бодол оюун шийддэггүй “үнэлэмж” илэрхийлдэг. Нээрээ “Rolling Stones” хамтлаг “Too Much Blood” хэмээх дуугаа Иссей Сагавагийн түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд тэр дуу яг,
Pretty ladies, don’t despair There’s still so much love Pretty ladies, don’t despair Too much, too much, yeah Too much blood, too much blood Too much too much blood, too much blood Too much blood, too much blood…\the end\ ингэж төгсдөг.