“Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэж тамхины хайрцаг дээр бичээстэй байдгийг та лав харсан байх. Нээрээ л тамхи гэдэг дэлхий даяараа хэрэглэдэг хор юм. Тамхи татах нь 40 гаруй өвчин үүсэх нөхцөл нь болж өгдөг гэнэ.
Янжуур татахад түүнд орсон тамхи, цаас нэмэлт бодисууд нь шатан задарч, уушиганд никотинаас гадна 4000 төрлийн эрүүл мэндэд хортой бодис ордог байна. Тамхичин хүн өөрийгөө хордуулаад зогсохгүй мөн ойр орчныхоо тамхи татдаггүй хүнийг ч хамт хордуулдаг. Тамхины орцонд байгаа никотин хүнийг донтуулдаг байна. Тамхийг нэг л удаа татах тэр мөчөөс эхлэн өөрийнхөө эрүүл мэндээ донгоор сольсноо анзаардаггүй байна. Никотин бол тамхины гол бодис. Нэг янжуурт 0.1-1.5мг хэмжээний никотин агуулагдана. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулан алах хэмжээ. Тамхи татахад никотин нь утаагаар дамжин уушиганд орж, цусанд тархана. Тархинд очсон никотин нь эхлээд сэтгэл санааг сэргээх мэт санагдуулдаг. Зарим хүнд тамхи татахаар тайвшрах шиг санагддаг байна.Энэ дон нь хүнийг дахин кайф авах дуртай болгодог байна. Тамхины никотин нь “тохирсон” хэмжээгээр хэрэглэхэд донтуулахаас өөр эрүүл мэндийн нөлөөгүй гэж үздэг ч, тамхины найрлагад орсон бусад бодисууд утаагаар дамжин биед орж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг байна. Азотын болон хүхрийн оксид, угаарын хий, дэгдэмхий органик бодисууд, фенол, формалдегид, шүвтрийн хий, үйлдвэрлэлийн явцад ордог никел, кадмиум металлууд орно. Эдгээр бодисыг хүн өдөр тутам бага хэмжээгээр биедээ шингээсээр, эрүүл мэндээ хордуулдаг байна. Хүний өөрийнх нь агаараас авах ёстой хүчилтөрөгчийн хий хүртэл багасдаг. Тамхинд орно гэдэг нь никотиноос хамааралтай болно гэсэн үг юм. Тамхины утаагаар орсон никотин эхлээд хүний тархинд тайвшрах эсвэл сэргээж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Удалгүй тамхичин хүн тамхи татаад ч сэтгэл тайвшрах тэр кайфаа авч чадахгүй болдог. Анх татахдаа авсан сэтгэгдлээ санан, тийм тайвшралыг бодон дахин татдаг. Энэ бол никотины гол үйлчилгээ. Өөрөөр хэлбэл хүн тамхи татах донтой болсон гэсэн үг. “Зөөлөн” тамхины никотины болон бусад бодисын хэмжээ бага байдаг. Гэтэл нэгэнт тодорхой никотины хэмжээг аваад сурчихсан тамхичид “зөөлөн” тамхи татахаар ханахгүй болсон тул харин ч “зөөлнөөсөө” олон тоогоор татаж, бүр илүү их утааг уушигладаг. Өдөрт хэрэглэх янжуурын тоо хэмжээ нэмэгдэж, зарлага ч их болдог байна. Мэдээж энэ нь тамхи үйлдвэрлэгчдэд ашигтай. Тамхи ба хорт хавдар Тамхичин хүн янз бүрийн хорт хавдраар өвчлөх нь элбэг. Өдөрт 1-9 тамхи татдаг хүн татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь 4 дахин их байдаг. Харин өдөрт 10-19 тамхи татдаг хүн хавдар тусах нь 7 дахин их магадлалтай гэнэ. Тамхинаас үүдэлтэй хорт хавдар нь биеийн бүх эрхтэнгүүдээр тардаг гэнэ. Хэдийгээр тамхичин хүн хорт хавдраар өвчлөх нь түүний өдөрт хэчнээн тамхи татдаг байсан болон хэдэн жил тамхи татаж байгаагаас шалтгаалах ч, харин тамхинаас гарсан тэр өдрөөс эхлэн хорт хавдраар өвчлөх магадлал буурдаг байна. Тамхинаас гарснаас хойш 10 жил болоход хорт хавдрын риск татдаггүй хүнийхтэй адилхан болно гэж эрдэмтэд үзжээ. Тамхины утаа ба амьсгалын замын өвчин: Тамхи татдаг хүний уушиг нь мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байдаг. Үүнийг эмч нар “тамхичны уушиг” гэж нэрлэдэг. Ийм уушигтай хүн бөгшүүлж цэрээр ханиах, ба уушигны судлууд нь нарийсах тул уушигт жижиг бөмбөлгүүд үүсдэг байна. Түүнээс болж уушигны хийн солилцоо алдагдаж, амьсгалсан агаараас хүчилтөрөгч шимэгдэж чадахгүй болдог. Биеэс нүүрсхүчлийн исэл бүрэн ялгарч чадахгүй тул “агаарын “дутагдалд ордог байна. Тамхи ба арьс хөгшрөлт: Өдөрт 20 тамхи татдаг хүн 40 насандаа тамхинаас хол явсан өөрийн ижил настай, найзаасаа 10 насаар ах харагддаг гэнэ. Учир нь тамхи татахад судас нарийсдаг тул арьсаар цус гүйх нь багасна. Түүнээс болж хүчилтөрөгчөөр дутагддаг байна. Мөн тамхи татах үед чөлөөт радикалууд их үүсч эсийг гэмтээдэг. Бие махбодь витамины дутагдалд ордог ба арьсыг уян зөөлөн байлгадаг коллагений хэмжээ багасч үрчлээтэх нь амархан болдог. Тамхичны шүд тамхины бохиноос болж шаргал болдог бөгөөд амны хөндий муухай үнэртэй болдог байна. Тамхи ба бэлгийн харьцаа: Тамхинаас болж цусны хангамж багассантай холбогдон тамхичин эрэгтэйчүүд бэлгийн сулралтай болсон байдаг. Мөн судлаачдын үзүүлэлтээр тамхичин эрийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо багасдаг. Хэрэв эх хүн жирэмсэн үедээ тамхи татдаг байвал дутуу төрөлт болох магадлал өндөр. Тамхичин эхээс төрсөн хүүхэд жин багатай, сэтгэл санаа тайван бус байдаг байна. Тамхи ба хүүхдүүд: Гэрт нь тамхи татдаг аав ээжтэй хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь элбэг. Энэ өвчний тоонд астма, чихний өрөвсөл, бронхит, уушигны үрэвслүүд орно. Багадаа тамхины утаагаар амьсгалсан хүүхдүүд том болсон хойноо хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг гэж эрдэмтэд судалжээ. Тамхичны хажууд өссөн хүүхэд тамхинд амархан ордог. Тамхинаас гарах 10 алхам 1. Өөрийгөө танин мэдэх: Би хэзээ ямар нөхцөлд тамхи татаад байна вэ? гэдгээ та сайн анзаарах хэрэгтэй. Үүнд: Сэтгэл санаа тавгүйтэхэд үү, найз нөхөдтэйгөө баярлах үед үү, ганцаардаж уйдахаараа юу эсвэл стресстэхээрээ юу, айхаараа юу? Энэ нь таны тамхи дагасан амьдралын хэв маягаа өөрчлөхөд нөлөөлнө. 2. Шийдвэр гаргах: Та тамхинаас гарах шийдвэрээ өөрөө л хийх хэрэгтэй бөгөөд түүндээ хэр итгэлтэй байна төдий чинээ амжилтад хүрнэ. Та яагаад тамхинаас гарах зорилго тавьж байгаагаа бичих хэрэгтэй. Тэгвэл бодол чинь цаасан дээр бууж нүдний чинь өмнө харагдах болно. 3. Сэтгэл зүйн бэлтгэл хийх: Тамхи татахаа зогсоох тэр өдөр тань тодорхой байх ёстой. Энэ өдөр хүртэл та сэтгэл санааны бэлтгэл хийж өдөр болгон өөртөө анхааруулаарай. 4. Олонд зарлах: Тамхинаас гарах гэж зорилт тавьснаа аль болох олон хүнд зарла. Тэгснээрээ танд хэлсэн үгнээсээ буцах нэг л эвгүй санагдана. Бас түүгээрээ зорилго нэгтэй нөхдийг олж хамтдаа тэмцэх болно. 5. Тамхиа өдөр бүрээр багасгаж биеэ дасгах: Тамхи татахгүй болсон өдрөө тоолон бахархан ярих нь таны амжилт. 6. Өөр юмаар орлуулах: Та тамхи татахаараа таашаал авдаг байсан бол түүний оронд өөр зүйл олж орлуулаарай. Тэгвэл тамхи татахгүй болсноор царай зүс, эрүүл мэнд сайжирна гэдэг бодол тааламжтай байх болно. 7. Өөрийнхөө амжилтад баярлаж сурах: Нэг өдөр ч гэсэн тамхи татаагүй бол та түүндээ баярлах хэрэгтэй. 8. Зуршлаа өөрчлөх: Тамхи дагадаг зуршсан амьдралаа аль болох өөрчлөөд үз. Найз нартайгаа шар айраг ууж, тамхи баагиулан удаан суудаг байсан бол, чөлөөт цагаараа спортоор хичээллээд үз. 9. Тамхинд буцаж орвол өөрийгөө битгий их зэмлэ. Мэдээж тамхинд донтоно гэдэг тамхины никотины гол үйлчлэл. Гэхдээ энэ донгоос гарах боломж болон сэтгэлийн зориг танд дахиад бий гэдгээ санаарай. 10. Жингээ өөр аргаар хасч болно. Тамхи татаж жингээ багасгана гэсэн зорилготой хүмүүс байдаг. Энэ нь тамхи татах нэг шалтаг болдог. Биеийн тамир хийж, зохистой хооллох нь хамгийн зөв арга гэдгийг санаарай.
Newer news items:
Older news items:
|