Хайран ч Байгаль нуур
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ц. Даланцагаан   
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг, 07:22
Бүлэг
Мэдээ

Байкалск дахь хаагдчихаад байсан целлюлоз цаасны комбинатыг ажилд оруулах шийдвэрийг Оросын ерөнхий сайд Владимир Путин гаргасан нь дэлхийн ундны усны хамгийн том эх үүсвэрийг аюулд орууллаа. Ингэх шалтаг нь стратегийн пуужинт хүчний зэвсэглэлд тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хэрэгтэй байснаас болсон ажээ. Улс орны аюулгүй байдал уу, байгаль орчноо хамгаалах уу гэсэн асуулт тулахаар шийдвэр тун амархан гардаг юм байна. Орос орон аюулгүй байдлаа бодлоо. Гэхдээ энэ үйлдвэрээ ажиллуулахгүйгээр тэр материалаа гаднаас импортлоод авчих боломжийг Оросууд ашигласангүй. Орон нутгийн удирдлага хуралдаад Байгаль далайн усыг савлаж худалдан, экотуризм хөгжүүлэх шийдвэр гаргахаар болж байжээ. Харин Оросын ерөнхий сайд Владимир Путиний гаргасан шийдвэр энэ бүхнийг будаа болгов.
 
Стратегийн пуужингийн үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эд гаргадаг нь тус үйлдвэрийг ажиллуулах ганц гэхдээ жинтэй шалтаг болж байна. «Тополь-М» болон «Булава» пуужингуудын хөдөлгүүрийн тусгаарлалтанд энд үйлдвэрлэсэн тусгай целлюлозыг ашигладаг байна. Оросын өөр ямар ч үйлдвэр үүнийг гаргадаггүй тул зэвсэгт хүчний шинэчлэл хэцүүдээд иржээ. Тус комбинатын хувьцааны 51% нь «Континенталь менежмент» компанийн мэдэлд байдаг, тус компани нь өөрөө Оросын олигархи Олег Дерипаскийн «Базэл» холдингт харьяалагддаг байна. 49% -ийг Росимущество (манайхаар бол төрийн өмчийн хороо) хянадаг. Уг нь нуурыг хамгаалах хууль гарч, тус комбинатыг хэрэглээний усаа бүрэн эргэлтэнд оруулж, нууранд хаягдал бохир ус оруулахгүй байх үүрэг ноогдуулсан байжээ. Үүний үрээр нуурын экологийн байдал дээрдсэн боловч энэ нь тус үйлдвэрт ашиггүйгээр тусч, хаягдал усаа нууранд хийхгүйгээр энэхүү целлюлозыг үйлдвэрлэж чаддаггүй гэнэ.
 
Ашиггүйгээс хаагдахад хүрээд байсан үйлдвэрт Оросын шадар сайд Игорь Шувалов ирж газар дээр нь танилцаад тус хувьцаат компанийн захирлуудын зөвлөлд худалдаа, аж үйлдвэрийн яамны орлогч сайд Андрей Дементьев болон Росимущества-гийн орлогч дарга Юрий Медведев нарыг томилов. Ингээд “аврах” ажиллагаа хүчээ авч, жуулчлалыг хөгжүүлэх, нуурын усыг савлаж худалдаалах, үйлдвэр ашиглалтанд оруулах гэх мэтийн ажил төлөвлөжээ. Харамсалтай нь нөгөө хаягдал ус шахагдсан нуурын усаа савлах юм байна. Оросын олон нийт маш хүчтэй эсэргүүцэж байгаа хэдий ч засгийн газрын шийдвэрийг өөрчлүүлж дийлэхгүй байгаа ажээ. Дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц бохирдох аюул бий болчихоод байхад дэлхийн олон нийт дуугүй суухгүй байлгүй дээ. Манайхан ч энд дуу хоолойгоо нийлүүлэх, тэмцэх цаг нь ирж байх шиг байна. Ямар ч байсан энэ хавиар явах манайхан тэнд савласан “цэвэр ус” авч ууж болохгүй л юм байна.
Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

Сүүлд шинэчлэгдсэн мэдээ
 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?