АНУ-ын эдийн засагч Пол Ромер нь Нобелийн шагналд хэд хэдэн удаа яригдаад авсан хүн. Цагтаа "Time" сэтгүүл түүнийг АНУ-ын хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр шалгаруулж байв. Түүний шинэ төсөл нь харин одоо шуугиан тарих боллоо. Ромер хөгжингүй орнуудын ядуурлыг бууруулж, сая сая иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахыг хүсэж байна.
"Би амжилтанд хүрэх эсэхээ сайн мэдэхгүй байна, гэхдээ боломж бол маш их байгаа би өөр юунд ч ингэж ажиллахыг хүсэхгүй байна” гэж тэрээр мэдэгджээ. Алдарт Станфордын Их сургуульд сурч буй шавь нар нь нэг хэсэгтээ л түүнгүйгээр сурах болж дээ. Ромер "Charter Cities" гэсэн төлөвлөгөө гаргаж иржээ. Түүний концепц маш энгийн бас этгээд. Тэр гуравдахь ертөнцийн орнуудад сая сая ядуу иргэдийн оршин амьдрах шинэ хот байгуулалтанд нь туслахаар шийджээ. Үүнд ердөө л нэг хэсэг эзэнгүй сул газар, хуулийн сайн орчин хэрэгтэй ажээ Хөгжиж буй болон хөгжингүй орнууд хэрэгцээт сул газрыг гаргаж өгөх ба нэг буюу хэд хэдэн өндөр хөгжилтэй орон хот байгуулах гэрээ буюу Charta-д гарын үсэг зурна. Ядуу орнууд газраа гаргаж, баян орнууд хуулийг нь боловсруулна гэсэн үг. Хууль эрх, улс төр, эдийн засгийн орчин бүрдсэн байхад өсөлт дэвжилт аяндаа хүрээд ирнэ гэж Ромер үзэж байгаа ажээ. Хашаа тойруулж хатгаад, чөлөөт бүсийн удирдлагыг томилчихлоор эдийн засгийн чөлөөт бүс хөгжихдөггүй л юм байна л даа. Зах зээл бол зах дээр хийх наймаа гэсэн ойлголтоороо байгуулсан манай чөлөөт худалдааны бүсүүд хөгждөггүй нь дээрхи гурван болзлыг биелүүлээгүйтэй холбоотой юм шиг. "Хөрөнгө оруулалтын хамгийн том саад бол улс төрийн эрсдэл” гэж Ромер үзэж байна. Томоохон корпорацууд хөрөнгө оруулахаас бэргээд байдгаас хөгжиж буй орнуудад эрчим хүчний нэгдсэн сүлжээ байхгүй байна гэж тэр үзэж байгаа ба тэд урт хугацаагаар төлөвлөх ёстой байдаг, гэтэл хээл хахуульд идэгдсэн төрийн албан хаагчид болон эрх зүйн баталгаагүй байдлаас айн болгоомжлоод байдаг байна. Харин Charter City-д бол ийм аюул байхгүй юм гэж тэр ярьж байна. Өндөр хөгжилтэй орнуудын эрх зүй дээр хөгжиж буй орнуудын үнэ зардал нийлэхээр сонирхол татна гэж тэрээр үзжээ. Томоохон корпорацууд болон хөрөнгө оруулагчид их ашгийн төлөө ирэх бол ажил хайсан хүмүүс мөн хошуурах болно. Шинэ хотын эрх чөлөөт байдал, бүтээлч шинэлэг уур амьсгал бизнес эрхлэгчдийг татаж, нөгөө хоосон газарт маань хүмүүс, мөнгө, бараа бүтээгдэхүүн урсан орж ирнэ. Дэлхий нийттэй шууд худалдаа хийхийн тулд эхний Charter City нь далайн эргээр байршилтай байх нь зөв гэнэ. Сайншандын ойролцоо байгуулаад төмөр замын дэд бүтцээ сайн байгуулчихвал юуны тулд хоёр аварга зах зээлийн дунд байгаа билээ тэгээд ч Өмнөд Солонгос, Япон тийм ч хол биш л байна даа. Одоогоор АНУ террористуудыг хорьж буй Кубын Гуантанамо арлыг Ромер санал болгосон байна. Арван сая хүн ажиллаж, амьдрах энэ тусгай бүсийн удирдлагыг АНУ Канадад ч юмуу өөр улсуудын холбоонд шилжүүлэн өгөх ба тэд нь цагдаа, шүүх, хилийн хяналтыг зохион байгуулна. "Хэрвээ би хөгжиж буй орны иргэн байсан бол Германыг л түншээрээ сонгох гэж үзэх байсан даа” гэж Ромер хэлжээ. Нэгдсэн валют Еврог нэвтрүүлэхэд олон улсын байгууллагыг сайн дурын үндсэн дээр хэрхэн байгуулахыг үлгэрлэсэн энэ орны өнгөрсөн түүх нь бусдыгаа бодвол колонийн хэрэгт бага орооцолдсон. Хонг Конг бол ийм хотуудад сайн үлгэр жишээ болно. 1997 он хүртэл Их Британийн колони байсан энэ хот дэлхийн худалдааны том төв болж чадсан. Англичууд түүний тусгай статусыг батлуулсан бол Хятадууд энэ хот болон түүний эргэн тойронд зах зээлийн ямар том боломж буйг харж чадсан. Үүнтэй зэрэгцүүлээд Хятадууд Шэньжэний эдийн засгийн тусгай бүсээ байгуулж, нэг улс хоёр систем гэсэн зарчмаа хэрэгжүүлж байгаа. “Хонг Конг бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай болсон хөгжлийн хөтөлбөр бизээ” гэж Ромер дүгнэж байна. Шинээр бий болох Charter City ч мөн л үүний адилаар тухайн орондоо хөгжил дэвшлийг авчрах ёстой. Тусламжийн мөнгө гэж гаргахгүй харин ч өөрсдийн болзлыг тулгах тул энэ бол тун шинэлэг санаа. Чухам үүнээсээ болоод шүүмжлэлд өртөж байгаа. Шинэ колоничлолын нэг хэлбэр гэснийг Ромер эрс няцааж, нэг талаар тухайн улс газар нутгаа сайн дурын үндсэн дээр гаргаж өгнө, нөгөө талаар хот руу нүүхийг албадахгүй юм чинь гэж тайлбарлаж байгаа. Ийм ч учраас газар хөдөлсний дараах Гайтид ийм төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцэж, одоогоор Гайтид гадаадын хяналттай хот байгуулах нь энхийн зориулалтаар ирсэн цэргийнхнийг эзлэн түрэмгийлэгчид болгон хувиргах аюултай, ийм явдал хэрхэвч гаргуулж болохгүй гэж үзжээ. Энэхүү концепцид нэээлттэй асуулт ч олон бий. Өндөр хөгжсөн орнууд хотын удирдлагыг шууд томилчих тул ардчилсан сонгууль гэж тэнд байхгүй. Нэг бол тийшээ зүглэхгүй байх эс бөгөөс буцаж нүүх гэсэн хоёрхон сонголт л нутгийн иргэдэд үлдэнэ. "Би Канадад хэдэн жил амьдарсан. Хэдийгээр би өөрөө сонгуулд оролцож чадахгүй ч гэсэн ардчилсан тогтолцоонд нь би сэтгэл хангалуун байдаг байсан” гэж өөрийн туршлагаа ярьжээ. Ардчиллын эсрэг төлөвлөгөө ч гэж шүүмжилж байдаг гэнэ. Үүнд төсөөлөхийн аргагүй их хөрөнгө оруулалт шаардагдана, бүхнийг шийддэг нэгдсэн жор гэж байхгүй, зүгээр л шинжлэх ухааны уран зөгнөл ч гэж бичиж байгаа.. Төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд Ромер улс төрчид, судлаачидтай санал солилцох ажлаа үргэлжлүүлж, 10 ажилтантай баг бүрдүүлэн ажиллаад эхэлжээ.
|