Охид, эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг ээмэг, зүүлтгүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Тэдний гоёлд алмаас эрдэнэ, алт, мөнгөнөөс эхлээд энгийн шил, хуванцар, зэс, гууль, төмөр ч орно. Асар үнэтэй ховор эрдэнэсээс эхлээд энгийн эгэл эдийг гоёл чимэг болгож байгаа зүйл нь эзэндээ тохирсон хэв загвар, донж маяг юм.
Орчин үеийн охид, хүүхнүүд гоёл сонгохдоо үнэтэйг нь биш өөрт нь зохисон, хувцасанд нь зохицсон, өнгө хэлбэр нь шинэлэг, сонирхолтойг нь хардаг болжээ. Тэдний сонирхолыг сүүлийн үед татаж байгаа нэг төрлийн гоёл нь сувс, шүр, чулуугаар хэлхсэн ээмэг, хүзүүний болон гарын зүүлт, бөгж юм. Д.Отгонсүрэн ийм гоёл урлаж сураад эхлээд өөрийгөө, дараа нь найз нөхд өө гоёод зогссонгүй олон захиалагчтай болсон байна. Тэрээр сувс хэлхэн эд зүйл, гоёл урлах аргыг хэн нэгнээр заалгаагүй өөрөө оролдож, бодож сэтгэж байгаад суржээ. Түүнээс хойш найман жилийн хугацаанд хэдэн зуун кг шүр, сувс хэлхсэн байх. Сэтгээд хэлхээд, хэлхэнгээ сэтгэсээр бүр амтанд нь орж үүр цайтал ч оролдож суух энүүхэнд. Дуртай ажил нь болохоор түүнд цаг зав хэзээ ч гаргаж чаддаг байна. Жижиг ширхэгтэй сувсыг хэлхэх, чангалах, хэлхээсийг зангидах зэрэг нь хараа, гарын ур ихээхэн шаардана. Эхлээд өөртөө, найздаа бэлэглэх гэж зүүлт, ээмэг, бугуйвч хийдэг байсан бол өнөөдөр ийм төрлийн гоёлын захиалгаараа хэр тааруу газрын цалингаас илүү орлого олдог болсон байна. Зарим захиалагч зураг, дизайнаа гаргаад өгчихдөг бол зарим захиалгыг өөрөө бодож зохиогоод хийчихэд сэтгэлд нь нийцэж л орхино. Заримдаа хийсэн зүйлээ хараад би үүнийг хийчихлээ гэж үү гэж гайхдаг. Зөвхөн сувс, шүрнээс гадна шармал болон никель өнгөтэй том жижиг гинж, цагариг зэргийг, сувс юмуу үнэт чулуутай хослуулсан урт, давхар хүзүүний зүүлтнүүдийг нь бүсгүйчүүд ихэд сонирхдог болжээ. Цамц болгоныхоо өнгө загварт тохирсон зүүлттэй болохыг хүсдэг хүн ч олон байдаг гэнэ. Түүний бүтээлүүд өнгө, загвараараа давтагддаггүй. Гол нь өнгөний зохицол, сувсны том, жижгийг тааруулж чадвал жимс, цэцэг, навч, од, сар, цасан ширхэг гээд юуг ч дүрсэлж болно. Энэ бол цэвэр уран сэтгэмж, өнгө, дүрсийн мэдрэмж, авьяас юм. Сувс шүрээр уран зураг ч “зурж” болдог. Ийм бүтээлийг шинэ гэрийн найр, хуримын бэлэг болгох гэж захиалах нь олон. Өнгө, сүүдэр нь ялгарсан ийм “уран зургийг” зохисон жаазанд нь хийчихвэл улам сүртэй, гэрэл ойлгосон өвөрмөц ханын чимэг болдог байна. Нарийн хошуутай бахь, таслагч, шөвөг, хайч гээд металл хэсгүүдийг хэлхэх, тааруулж таслах, цагаригны амыг нийлүүлэх зэрэг тус тусдаа тохирсон багажтай. Таслах, залгах, жигд цагираглах, гогцоо гаргах зэрэг ажиллагаа машинаар үйлдвэрлэсэн мэт жигд байхгүй бол болхи харагдана. Шүр, сувсыг зах, дэлгүүрээс авдаг. Заримдаа сэтгэлд таарах зүйл ховор бол Эрээн явж даахынхаа хэрээр авчирдаг болжээ. Тэнд арай сонголт сайтай, үнэ нь ч хямд. Материал авахын тулд зээл тавихдаа ер сэтгэл зовдоггүй. Учир нь түүний хийсэн зүйл хэзээд эзэнтэй, үнийн хувьд 40-50 хувийн ашигтай учраас тэр гэнэ. Д.Отгонсүрэн технологич инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ хоббигоо ч улам хөгжүүлж, түүгээрээ жижиг үйлдвэрийн хэмжээнд хүрч ажиллахыг зорьж байна. Тэр өдөрт тогтмол 3-4 захиалгатай байдаг. Түүний бүтээгдэхүүн 500 төгрөгнөөс эхлээд дээд тал нь 38 мянган төгрөгний үнэтэй. Охид хувцасандаа тохирсон өдөр тутмын ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч захиалдаг бол конторын ажилтан эмэгтэйчүүд ноосон цамц, сорочкон дээр зүүх нэлээд овортой, олон давхар, урт, металл хэсэг, чулуу оролцуулсан зүүлт, ээмэгний хослол захиалах нь олонтой. Харин шинэ жил дөхөөд ирэхээр охид, бусгүйчүүд даашинзандаа зохицох өнгө, загварын жижиг цүнх, хэтэвч захиалах нь олширдог байна.
Newer news items:
Older news items:
|