Ундарч байгаа яруу үгсийг хэлбэршүүлэх хэрэггүй
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 04:37
Бүлэг
Хүмүүс

“Уран зохиол” булангийнхаа хойморт Залуу яруу найрагч Б.Чанцалдуламыг урьлаа. Тэрбээр тун саяхан “Хөх зэрэглээний амь” нэртэй шүлгийн номоо хэвлүүлж уншигчдынхаа гарт хүргээд байгаа билээ.
 
“Хөх зэрэглээний амь” нэртэй анхны номоо гаргасанд чинь баяр хүргэе. Яагаад ингэж нэрлэв?
 
Зэрэглээ амьтай байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хөх зэрэглээний амийг олж харвал сэтгэл санаа амарлингуй болдог гэсэн хууч яриа байдаг. Тийм болохор миний шүлгүүдийг уншаад зэрэглээний амийг харсан юм шиг сэтгэлийнхээ угаас амарлангуй болоосой гэж бодсон учраас ингэж нэрлэсэн юм. Би говийн охин. Дорноговьд төрж өссөн л дөө.
 
Шүлгээ ихэвчлэн ямар сэдвээр бичдэг вэ?
 
Хэт баян байгаль хэлбэрт захирагдах дургүй гэж Чойном хэлсэн байдаг. Хүний сэтгэлээс өөрөө ундарч байгаа зүйлийг хайрцаглаж хэлбэршүүлэх хэрэггүй юмаа. Тийм болхоор би шүлгэндээ нэр өгч түүний дагуу бичдэггүй л дээ. Тэгэхдээ номонд маань хайрын шүлгүүд их орсон.
 
Шүлэг бичихэд тань юу нөлөөлдөг вэ?
 
Ертөнцийн бүх зүйлс өөрийн гэсэн яруу сайхан шинжтэй. Миний бодлоор тэдгээр яруу сайхан шинжийг ямар үед ямар нүдээр харахаас л яруу найраг төрдөг байх. Багаасаа шүлэг бичдэг байсан. “Хүрэл тулга” наадмаас авсан шагнал маань надад их урам өгсөн дөө.
 
Сургуулиа дөнгөж төгссөн залуу хүн амьдралаа яаж төсөөлж байна вэ?
 
Хорвоогийн олон салаа замын үзүүрт хаашаа явахаа сайн мэдэхгүй бодол болж сууна гэх үү дээ. Өдий хүртэл ээж, аав маань намайг өсгөж, бүдэрч унахадминь хүртэл нутгийн чулууг зөөллөж өгдөг байлаа. Одоо би өөрөө саад, бартаа давах, ээж аав маань намайг хайрлаж байсан шиг бусдыг хайрлаж ивээх цаг ирлээ гэж боддог. Миний амьдралд юу ч тохиолдсон хүн хэвээрээ байх ёстой гэдгийг л би сайн мэдэрч байна.
 
Залуу насандаа ямар зүйл хийж бүтээнэ гэж боддог вэ?
 
Надад сурах, хийж бүтээх зүйл их байна. Одоо би аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Хэлний мэдлэгээ улам нэмэгдүүлж дэлхийн шилдэг зохиолуудыг төрөлх хэл рүүгээ орчуулахыг хүсэж байна. Гадаадынханыг ажиглахад чөлөөт цагаараа ном их унших юм. Гадаадын зах зээлд номын хэрэгцээ их байдаг болохоор Монголын гайхамшигт зохиолуудыг ч гэсэн гадаад хэлээр орчуулах хэрэгтэй гэж бодож байна. Залуу нас, хайрыг яруу найраггүйгээр төсөөлөх аргагүй.
 
Хайрын тухай бодлоосоо хуваалцана уу ?
 
Агуу их хайр байгаа болохоор хүмүүн бид хайрын дэмээр амьдарч хорвоогийн гайхамшгуудыг мэдэрч байгаа. Хайр гэдэг өөрөө маш том мод. Бие биеэ хайрлаж байгаа учраас тэр мод салаалж нахиалж байгаа. Хайр үгүй бол гандаад үхчихнэ.
 
Хүндэлж, шүтэж явдаг яруу найрагч?
 
Амьдралын үнэнийг юунаас ч айлгүй хэлсэн Чойномын номыг унших дуртай. Утга, уянга, гүн ухааныг хослуулдаг Бавуугийн Лхагвасүрэнгийн номуудыг бас унших дуртай. Гэхдээ хүн болгоны шүлгүүд өөрийн гэсэн өнгө аястай. Нэг сэдвийн дагуу олон яруу найрагч бичихдээ олон талаас нь өөрийн ертөнцөөр бичдэг. Хүмүүс түүнийг савныхаа хэмжээгээр хутгаж авч ойлгодог байх.
 
Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?