Том бууз, тарган ууц хоёроор бялхсан Цагаан сар ашгүй нэг юм дуусч тураах төвүүдийн орлого нэмэгдэж эхэлж байх шиг байна. Битүүний өдрөөс долоо хоногийн өмнө буузаа чимхэж, түүнээсээ орой болгон “чимхэлсээр” шинийн нэгэн болоход айлын буузтай “золгоно”. Золгоод л, золгоод л, золгосоор байгаад эцэст нь Валентины баяраар зарим “хэт золгосон” хосууд нэг нэгнээ танихаа болих шахсан байх. Би ч энэ Цагаан сараар хөдөөний бондгор бор буузнуудтай ёстой золгож өгсөн дөө. Хичээл амарчихсан болохоор угаартаж унахаасаа өмнө хэд хоног хөдөө явж уушгиа баярлуулахаар Төв аймгийн нэгэн суманд, Хэрлэнгийн эрэгт байдаг өвөөгийндөө шинэлчихээд ирсэн. Буурай эмээ минь сумынхаа хамгийн өндөр настан, аймгийнхаа 90 гарсан цөөхөн хүмүүсийн нэг. Хүн болгон танина, хүндэлнэ, тэгэхээр бүгд ирж золгоно. Сайхан л даа. Гэхдээ аягачин, шанагачин, тогооч, цэвэрлэгч, угаагч надад амаргүй л байлаа. Тэглээ гээд гурван хөгшнийхөө дэргэд ёолоод суултай нь биш, гүрийхээс яахав. Өдөржин аяга угаах гэдэг үндсэн ажил хийсээр мэргэшиж эрдмийн зэрэг хамгаалахаас наагуур юм болов. Хурдан ч, цэвэрхэн ч хийдэг болов. Ямар сайндаа нэг найз маань залгаад “Байна уу, Fairy юу?” гэдэг байгаа! Би ч тийм байна аа л гэсэн.
Утас гэснээс хөдөө айл бүр дор хаяж нэг гар утастай юм. Эмээ минь намайг очиход нагац эгчид дээл оёж байв. Зүүгээ тавиад утсаар ярина. “Байна уу? Аан, хониныхоо бэлчээр дээр байгаа юм уу? Би дээлийнхээ хормойг нь хаваад дуусчихлаа. Чи оройхон ирээд шилбийг нь эмхэрдээд өгөх үү?”... Юм хөгжинө өө гэж. За тэгээд хамаатан ч юм уу, биш ч юм уу таних танихгүй өнгө өнгийн торгон дээлтэнгүүд цуварч өглөө.
- Амар байна уу, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
- Сайхаан, мал мэнд тарган тавтай хаваржиж байна уу?
- “Мяраалаг аа, мяраалаг” гэх мэт яриа хөвөрч, үг нь хаанаа тасарч, хаанаас эхэлж байгаа нь мэдэгдэхгүй, яг ижилхэн аятай сонсогдох буриад дуу дуулцгаана.
Зун очиход малын бууц, хир тоос, өлөн шороонд дарагдсан хувцас өмсчихсөн, үс нь ургачихсан, царай нь зуны наранд түлэгдээд пад хар болчихсон байдаг хөдөөний ах нарын царай нь шингэрчихсэн, сүрлэг сүрлэг үстэй дээл, дөрвөн талтай булган малгай өмсч, дурдан бүс бүсэлж, хөөргө даалин гаргаж суухыг нь хараад “Хөнгөн чанарын шоконд” ороод авав. Үнэхээр цог хийморь нь бадарч байгаа юм шиг л санагдаж байлаа.
Залуучууд нь бол зуу зуу, тавь тавин төгрөг барьж золгоно, буцаад гарахдаа хэд дахин өсгөөд авна. Тэднийгээ өвөртөлж аваад л амнаас нь уур савсах мориндоо мордоод тав зургуулаа нийлэн багшраад алга болно доо. Дараагийн айлуудаар золгох юм гэнэ. Харин би аягаа угаана! Ингэж шинийн 3-ныг дуусгаад хотдоо ирэв ээ. Ирсэн орой бохир агаарт толгой өвдөж, замын чимээнд чих ядрав. Үүдэндээ байх том толинд харсан чинь нэг л биш ээ! Яахаараа ингээд таргалчихдаг байна аа?
Аргагүй дээ. Нэг хэсэг хүмүүс ирэхэд нэг жигнүүр бууз, гарахад нь тавган дээр нэлээн хэдэн бууз. Өвөөтэйгөө хоёр талд нь сууж байгаад л “хусч өгнө”. Хоёулаа нийлээд барахгүй бол халтар нохойндоо өгнө. Бүр болохгүй бол хэрэг болгон жижиглэж байгаад хар алаг шаазгай андууддаа өгдөг гэж байгаа. Нэг удаа таваг сэлбэнэ, аманд чихэр орохгүй л бол гар хөдлөхгүй. Эмээгийн нүдийг хариулж байгаад өвөөдөө бас нэг чихэр. Уг нь судасны нарийсалтад муу гээд эмээ өвөөг чихрийн хорионд оруулчихсан байгаа юм. Fairy-тэй, мяраатай Цагаан сар дуусч ул боов, ууцны махтай өглөөний цай үргэлжилж байна. Удахгүй хичээл орлоо доо.