Escort-Service буюу сексийн тансаг үйлчилгээ
 
Нэгэн тансаг зочид буудлын өрөөнд эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирж байна. Эрэгтэй нь хөргөгчнөөс оргилуун дарс гарган хоёр хундаганд аягалж, эмэгтэйнхээ гоо үзэсгэлэнг магтан, хоёул сайхан танилцсаны төлөө тулган ууцгаав. Тэд бие биедээ их л найрсаг хандах авч хоорондоо огт ойртсонгүй. Харин эрэгтэй нь цүнхээ уудалснаа дотроос нь нарийхан олс гарган эмэгтэй рүүгээ очиж, хоёр гарыг нь болгоомжтойхон мушгин ард нь гаргаад зөрүүлэн хүлэв. Дараачийн агшинд бүсгүйг хүлэг­тэй нь чирэн орон дээр аваачиж хувцсыг нь нэг нэгээр нь тайчиж эхэллээ. Эмэгтэй байдгаараа эсэргүүцэвч хэн нэгнээс тусламж эрэн хашгирахгүй нь гайхалтай. Хэсэг хугацааны дараа эрэгтэй мөн өөрийнхөө хувцсыг тайлж нөгөөдхөө “хүчиндэж” гарах нь тэр.
 
  Өөр нэгэн удаад банкны дунд зиндааны ажилтан шинэ танилцсан бүсгүйгээ дагуулан зочид буудалд очсоныхоо дараа халааснаасаа баахан тоо бич­сэн бяцхан цаас гаргаж ирээд тэдгээрийг угаалгын өрөөнд авч орон даруй цээжлэхийг түүнээс “хүсэв”. Бүсгүй худал мэдээ гарган “дансны аргаар” мөнгө зувчуулж байгаад өөрт нь баригдсан доод тушаалын ажилтных нь дүрд тоглох ёстой аж. Ингээд эмэгтэй хамаг буруугаа хүлээн түүнээс өршөөл гуйж, бүх биеэ нүцгэлэн “намайг яавал яа, дураараа бол” хэмээнэ. Залуу ч удалгүй тайвширч, хоёул орондоо орон хэсэг “пижигнүүлсний” дараа өгөөмөр сэтгэл гарган бүсгүйг “өршөөлөө”.
 
  Энэ бол өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгч нартаа үзүүлдэг эскорт-сервис (Escort-Service) хэмээх үйлчил­гээний нэгээхэн хэсэг юм. Хэн нэгэн рүү зэрлэгээр довтлон хөл гарыг нь хүлж, хүчээр гартаа оруулахгүй бол эрхтэн нь босдог­гүй, эсвэл таашаал авдаггүй эрчүүд үйлчлүүлэгчдийнх нь дунд цөөнгүй байдаг гэнэ. Өрнөдийн орнуудад эскорт-сервис эрхэлдэг тусгай агентлагууд бий болоод байна.
 
  “Хүлүүлэх анхандаа их эвгүй. Надтай таарсан тэр хүн чемоданаа уудалснаа 50 янзын олс гаргаад ирсэн. Би ч ингээд өнгөрдөг байж дээ гэж бодсоноо түүнд, за яахав би хүлүүлье, харин намайг дуртай үедээ гараа суллаж болохоор байлгана шүү гэж л хэллээ. Гэтэл түүнд секс нь ч биш, миний түүнд дийлэгдэн арчаагүй байдалтай байх л чухал байсан юм билээ. Дараа нь мань эр өөрийнхөө эрхтнийг төмсөгнийхөө ууттай бас баглуулж аваад ганц удаа секс хийсэн. Тэгээд л болсон доо” гэж ийм нэгэн агентлагт ажилладаг оюутан охин ярьжээ. Харин үүнийхээ төлөө үйлчлүүлэгч дор хаяад 1000 доллар төлөх ёстой болно.
 
  Эскорт-сервис бол чинээлэг элит хэсгийнхэнд зориулсан сек­сийн үйлчилгээ юм. Өмнөх үеүдээ бодвол хөрөнгө бэлтэй хүн олон болсон өнөөгийн шинэ маягийн либералчилагдсан нийгэмд энэ бизнес ид цэцэглэж байгаад гайхах юм алга. Тухайн агент­лагийнхаа чансаанаас хамааран нэг бүсгүйтэй нэг шөнийг өнгөрүүлэхэд 800-1500 еврогийн үнэтэй. Зүгээр нэг биологийнхоо хэрэгцээг түргэхэн хангачихаад арилаад өгөх сонирхолтой хүмүүст ийм агентлагууд үйлчилдэггүй. Тэд өөрсдөө өндөр түвшний үйлчилгээ үзүүлдгийнхээ хэрээр үйлчлүүлэгчиддээ мөн өндөр шаардлага тавина. Нэг оройг цугтаа өнгөрөөнө гэдэг зөвхөн оронд орохын нэр биш …
 
  Одоо эскорт - сервисийн зарим нэг охид бүсгүйчүүдийн ярьсныг сонирхъё.
 
Амелие, 21 настай, оюутан:
 
  - Нэг баян орос эр намайг авахаар захиалгаа өгч билээ. Би түүний буусан буудлын гурван тасалгаатай өрөөнд ороход хамгийн эхлээд “Гүччи” брэндийн гар цүнх бэлэглэв. Бид хоёр тэгэхэд нэгэн гоёмсог клубт очиж үнэнхүү тансаг зоог барьсан бөгөөд тэндхийн хамгаалагчдын хоёр нь бүр бие засах газар хүртэл дөхүүлж өгч байсан гээд бод доо. Тэр оройг мөн ч сайхан өнгөрүүлсэн шүү. Хэдэн долоо хоногийн дараа найз охиддоо энэ тухай ярьж өгөхдөө тэр хүнтэй би өөрөө танилцсан болгож ярьсан. Тэгтэл нөгөөдүүлийн маань нэг, “Би ч бас ийм юм үзсэн” гэж билээ. Бусад нь сайн анзаарахгүй байхаар нь тэр эрэгтэйтэй үнэн чанартаа яаж танилцсанаа түүнд эвтэйхэн ойлгуулав. Тэгсэн найз бүсгүй маань өөрөө бас нэг тийм агентлагт ажилладаг юм байна. Тэгэхдээ бүр манай өрсөлдөгч агентлагт гээч.
  

Целине, 28 настай, нисэхийн сургуулийн сонсогч:
 
  - Ийм бизнес эрхэлдэг хүүхнүүд эрэгтэй хүнтэй хамт амьд­рах тийм ч амаргүй. Хэн хэнийх нь хувьд. Би сүүлд найзалж байсан залуугаасаа үүнээс болж л харилцаагаа тасал­сан. Юу хийж явдгаа үнэнээр нь хэлж зүрхлээгүй ч сүүлдээ байнга худлаа хэлж бас чадаагүй юм. Харин шинэ танилцсан хүндээ даруйхан л хамаг үнэнээ ярьлаа. Тэр залуу миний үүнийг насаараа хийх ажил биш гэдгийг мэддэг учраас тэгсгээд учраа олцгоосон. Би болзоонд явж ирчихээд гэртээ оруут найз залуутайгаа нэг оронд орж яасан ч чаддаггүй. Ер нь машин л биш юм бол тэгж болохгүй юм билээ л дээ. Тийм учраас манай найз бид хоёр нэг хэсэгтээ холхон зайнаас харьцаж байсан нь дээр байж ч магадгүй.
 

Мона Лиза, 24 настай, оюутан
 
  - Энэ ажилд орохоос өмнө надад нэг их сексийн туршлага байгаагүй. Нас маань яагаа ч үгүй байна шүү дээ. Тийм учраас эрчүүдийн талаар юм мэддэг болж авах их сонирхолтой байсан. Хэдхэн цагийн дотор боломжийн бүхий л байрлалаар хийж үзэх гэдэг гайхалтай чадавхитай эрчүүд байдаг юм байна лээ. Нэг ёсондоо хэмнэлт спорт-гимнастик л юм даа. Гэтэл бараг чи тайван байлгаад өгөөч гэх нь холгүй үйлчлэгч нар бас байна. Намайг нэг удаа арван хоёр цагаар хөлсөлж авсан хүн ганцхан удаа тавиулж өгөөч гэсэн, тэр нь ч гялс гээд л өнгөрсөн. Тэгэхэд би, энэ хүн өөрөө өөрийгөө тавиулчихсан ч болох байж дээ гэж бодож байлаа.


Моник, 41 настай, эскорт-сервис агентлагийн захирал:
 
  - Нэг удаа явалдаад дурлачих­даг үйлчлүүлэгч нар байсгээд л тааралддаг. Мэдээж энэ бол сайхан л даа. Эмэгтэй хүнийх нь хувьд их хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм. Гэвч бидний ажил бол хоосон өнгөн дээр тулгуурладаг зүйл. Гэтэл чамд дурласан үйлчлүүлэгч өөрт чинь үнэнч байх гээд байдаг. Заримдаа бүр тунг нь хэтрүүлж орхиод хүнд байдалд оруулах нь бий. Эхлээд түүнээ үгүйсгэдэг боловч сүүл рүүгээ бэлэг сэлт болоод л, утасдаад л … Надад нэг хүн өдөр болгон 30 мессеж явуулдаг байж билээ. Иймэрхүү савнаасаа хальсан юм гараад ирвэл тухайн хүнд ямар ч юм хэмжээ хязгаартай байдгийг сануулах хэрэгтэй болно. Бизнес бол бизнес, зарчим бол зарчим шүү дээ. Бидэнд ч бас хувийн амьдрал гэж байдаг. Үүнийг минь хүндэтгэдэг байгаасай гэж хүсэх байна.
 
 
Алекса, 27 настай, сувилагч:
 
  - Баргийн юманд гар татдаггүй их гарын өгөөмөр үйлчлүүлэгч нар алийг тэр гэхэв. Заримдаа би боддог юм, хүн ердийн амьд­­ралдаа яагаад ийм байж болдоггүй юм бол оо гэж. Захиалга авчихаад зочид буудалд яваад ороход чиний дуртай цэцгүүдийг авчраад тавьчихсан, угаалгын өрөөнд дуртай үнэртэй усыг чинь бэлдчихсэн байх жишээтэй. Тэгээд бэлэг сэлт өгнө, элдвийн гоё үгээр магтаж дээш нь толгой дээрээ өргөнө. Түүнийхээ төлөө харин гэртээ авдаггүй таашаалыг надаас авах юм даа. Тэд чинь эмэгтэй хүнтэй ойрхон байх, халуун дулаан үгээр ярилцах, янаглан энхрийлүүлэх дуртай, ийм юм үзэлгүй удчихсан хүмүүс байдаг. Тэгээд л амьдралдаа яг үзье гэснээ үзэж, хүсч мөрөөдөж явснаа биелүүлж буй нь тэр. Хүүхнүүд эр нөхрөө аятайхан үгээр хааяа хааяа жаахан хөөргөөд өгдөг бол олон гэр бүлийн харьцаа сайжрах сан даа гэж надад санагддаг юм. Эрчүүдийн ихэнх нь миний бодож байсан шиг тийм төвөгтэй хэцүү улс биш юм билээ шүү.
 
 
Изабелле, 34 настай, эскорт-сервис агентлагийн захирал:
 
  - Манай агентлагт элсэх гэж өдөр болгон шахуу л охид бүсгүйчүүд надад бүртгүүлдэг. Тэднийг манайд таарах хүн үү, үгүй юү гэдгийг голдуу өөрсдийнх нь юм уу, бичгийнх нь хэвний гэрэл зургийг хараад л мэднэ. Тэгээд болно гэж үзвэл тэдэнтэй уулзаж үзээд манай ажилд зайлшгүй шаардлагатай чадварууд байгаа эсэхийг нь тогтооно доо. Тэдэнд би нэг л зүйлийг, энд бүх юм сайн дурынх шүү гэдгийг л үргэлж хэлдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн асуултанд хариулахгүй, танил­цуулгын зарим нэг өгөгдлийг бөглөхгүй байж болно гэсэн үг. Энэ зарчим бас манай үйлчлүүлэгчдэд ч хамаатай. Секс гэдэг заавал замбараагүй байх албагүй, жин­хэнэ чанартай үйлчилгээ байж бас болно шүү дээ.
 
  Агентлагийн захирал бүсгүйн ярьсан тэр “өгөгдөл” гэж юу байдгийг өөрийнх нь танилцах хуудас буюу Setcard-наас сонирх­лоо. Үүнд:
 

 
  Эдгээр нь гадаад талаасаа хамгийн гол үзүүлэлтүүд юм байна. Тусгай үзүүлэлт гэдэгт нөгөө жүжиглэх чадвар, үнсэлдэх чадвар гэх мэтийн зүйлс орно. Зарим нь “франц эротик”, “bi-эротик” гэхчилэн бичсэн харагдана. Гэвч энэ бүхэн зөвхөн тухайн бүсгүйг сонгож авахад зориулагдсан гадаад үзүүлэлт. Харин уулзсаныхаа дараа ямар шаардлага тавигддаг вэ?
 
  Юуны өмнө биеийн соёлоос гадна оюуны өндөр соёлтой байх ёстой. “Хялбар аргаар түргэхэн шиг их мөнгөнд хүрчих бодолтой хүн манай ажилд огт тэнцэхгүй” гэж дээрх агентлагийн захирал Карола Порат ярьж байна.
 
  Эскорт-сервисээр үйлчлүүлэгч­дийн ихэнх нь 30-50 насны бизнес эрхлэгчид байдаг аж. Тэд бол ажилдаа гялалзсан амжилт олж амьдралаа төвхнүүлчихсэн, мөн­гөөр дутагдаж гачигдахаа хэдийн больсон хүмүүс. Гэвч дутагдах юм тэдэнд бий. Хамгийн гол нь ганцаардал гэдэг юманд хамгийн их нэрвэгддэг байна. Өөрөөр хэлбэл яг өөрийнх нь сэтгэлд яв цав нийцсэн, хүссэнээр нь байж чаддаг хүнээр дутагдаж байдаг гэсэн үг. Хүн эхнэртэйгээ бүх юмаараа илэн далангүй байж чаддаггүй. Өөрийнхөө нөхөртэй “орал секс” хийж, үрийн шингэнийг нь залгих ч юм уу, эсвэл дээр өгүүлсэн шиг нөхөртөө гараа хүлүүлчихээд дотоожоо тайлуулан “үзэлцэж” байдаг эхнэр олон гэж үү? Эрчүүдийн дотор эскортын хүүхнүүдэд цагдаагийн даргын хувцас өмсгөчихөөд, хэн ч халдаж үл зүрхлэх тэр эрхэм хатагтайг “дураар эдлэх” сонирхолтой нэгэн ч байдаг гэнэ. Эхнэрээ ингэх гэвэл “галзуурчихаж” гээд ум хумгүй зугтах биз.
 
  Гэхдээ үйлчлүүлэгч эр болгон ийм этгээд араншингүй. Чухамдаа өндөр боловсролтой, өндөр соёлтой эмэгтэйг үгүйлж явдаг нь тэднээсээ хавьгүй олон байдаг аж. Тэд сайхан хүүхнүүдтэй хамт театр, кинонд орж, сонгодог урлагийн ч юмуу өөр сэдвээр өндөр түвшинд ярилцан, тэднийхээ царай зүсэнд төдийгүй, мэдлэг боловсролд бишрэх хүсэлтэй. Тэгэхээр өнөө бүсгүйчүүд маань өөрсдөө их юм мэддэг, хүнтэй зөв харьцаж чаддаг, товчхондоо сайтар боловсорсон байх шаардлагатай болно. Ингэхийн тулд наад зах нь гадаадын хоёр хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байх ёстой. Тийм учраас эскорт-сервисийн бүсгүйчүүдийг хэн ч “янхан” гэж нэрлэдэггүй. Ямар сайндаа заримынх нь нөхөр эхнэрийнхээ ийм ажлаар бахархаж байхав дээ.
 
  Тэдгээр бүсгүйчүүд ерөн­хийдөө 20-40 насныхан. Тэдний дунд оюутнуудаас гадна банк­ны ажилтан, өмгөөлөгч, эмч гээд нэр хүндтэй ажил эрхэл­дэг хүүхнүүд ч бий. Өдөр нь тэд албаны байдалтайгаар хувцас­лаж, хүмүүстэй энгийн даруу төлөв харьцан ажил үүргээ гүйцэтгэчихээд долоо хоногт нэг юмуу хоёр удаа үнэтэй дессо, татуургагүй оймс өмсөн огт өөр дүрд хувилж, хэрэгцээ ихтэй, хэтэвч зузаантай эрчүүдийн эрэлд мордоно.
 
  “Энэ үйлчилгээ цаашдаа улам л газар авна. Яагаад гэвэл, манай өнөөгийн нийгэмд хүн хүнээ гэх чанар улам гээгдэж, хүмүүс улам л ганцаардан, бусадтай харилцах харилцаандаа сэтгэл дундуур болж байгаа” гэж хатагтай Порат ярьсан байдаг. Эл байдал нь нийгэмд ийм нэгэн шинэ маягийн эрэлт үүсгэжээ. Аливаа бизнес тодорхой эрэлт хэрэгцээнд тулгуурладгийн жамаар эскорт-сервис ч чухам үүн дээр дөрөөлөн цэцэглэж байна.
 
  Порат дөрвөн жилийн өмнө Noblesse Escort сервисээ байгуул­жээ. Өөрөө тэндээ “Изабелле” гэсэн нэрээр бүртгэлтэй. Эднийх жил ирэх бүр өргөжин тэлсээр өдгөө 120 “эрвээхэй”-тэй болж амтат балыг арвин ихээр цуглуулж явна.
 
  Энэ бүхэнтэй танилцаад үзэхэд уг бизнес-үйлчилгээ чухам юун дээр тулгуурлаж, хэнд чиглэж, яаж явагддаг нь ойлгогдоод ирж байна. Ганцаардсан хүнийг ганцаардлаас нь гаргадаг гэх. Гэвч энэ “арга хэмжээ” бизнесийн хатуу дүрмээр, хатуу тогтоосон үнээр, хатуу тогтоо­сон цаг хугацаанд явагдана. Цаашдаа тэр хүн ганцаардахаа больчихдог гэж үү? Эхнэрийнх нь, эсвэл хайртай бүсгүйнх нь үзүүлж чаддаггүй үйлчилгээг тэд үзүүлж, дундыг нь дүүргэж, дутууг нь гүйцээдэг гэх. Гэтэл бас тэдний үзүүлж чаддаггүй юм хүний эхнэрт байдгийг яах вэ? Харин үүнийг цэвэр бизнес гэдэг утгаар нь харвал их өөрөөр ойлгогдоно. Мөнөөх л жинхэнэ бизнесийн хатуу хууль - өндөр ёс суртахуун, өндөр соёл, өндөр мэргэшил. Аливаа салбарт өөрийгөө боловсруулж, суралцахгүйгээр дээд зэрэглэлд, өөрөөр хэлбэл чанарын өндөр түвшинд хүрнэ гэж үгүй.
 
  Харин манай “дэрвээхэйнүүд” толгойгоо олигтойхон цэнэглэх сэн гэж боддог юм болов уу, тос, будаг хоёроо л олигтойхон нялгадаад байвал болоо гэж үздэг юм болов уу.