Өчигдөр Apple компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг WWDC чуулганаа эхлүүллээ. Хэрвээ та өнгөрсөн шөнө компанийн танилцуулсан зүйлсийг үзэж амжаагүй бол дэлгэрэнгүй мэдээллийг доор сийрүүлэв.

OS X 10.11: El Capitan

Компани программ хангамжийн тэргүүн дэд ерөнхийлөгч Крейг Федеригийн хэлснээр өнөөдөр Mac хэрэглэж байгаа хүмүүсийн 55 хувь нь Yosemite үйлдлийн системийг ашиглаж байна гэжээ. Харин энэ удаад компани OS X-ийн шинэ хувилбар болох El Capitan-ыг танилцууллаа.

Шинэ хувилбарт хэд хэдэн сонирхолтой горим нэмэгдсэний нэг нь та хулганаа сэгсрээд л дэлгэц дээрх заагчийн хэмжээг томруулна. Веб хөтөч дээр нь чанга яригчийн дүрс нэмэгдсэн бөгөөд та тэр дүрс дээр дарснаар шинээр нээсэн хуудсан дээр автоматаар явах дууг сонордуулахгүй.

Мөн нэг сонирхолтой зүйл нь та одоо хавтас хайхын тулд заавал нэрийг нь биш харин оронд нь “Өнгөрсөн зургадугаар сард миний ашиглаж байсан хавтас, файл” гэж хайлт хийж болно.

Харин эцэст нь хэлэхэд компани суурин Mac дээр тоглоом тоглож, аппликейшн ажиллуулахад илүү хялбар болгох үүднээс Metal 3D SDK буюу график картыг чинээнд нь тултал ажиллуулах боломжийг олгожээ.

Ингэснээр аппликейшн унших хугацааг 1,4 дахин аппликейшн хооронд шилжихэд хоёр дахин хурдан болох бөгөөд El Capitan өнөөдрөөс эхлэн хөгжүүлэгч нарт, долдугаар сард нийтэд зориулсан бета хувилбар, намар гэхэд бүрэн ажиллагаатай хувилбар нь гарах аж.

OS X El Capitan үйлдлийн системийн шинэчлэлтүүдийг доорх бичлэгээс үзээрэй



iOS 9

iOS 9-ийн хувьд энэ удаад компани үйлдлийн системдээ “ухаан” суулгахыг хүсэж байв. Федеригийн хэлснээр нэгдүгээрт Siri-г сайжруулжээ. Жишээ нь та одоо утсандаа “Сири надад дараа нь үүнийг сануулаарай” гэж хэлж болох аж.

Хамгийн сонирхолтой нь та тухайн үед интернетээр хэсэж байсан гэдгийг программ мэдэж байгаа учир тухайн сайтыг сануулах ёстой гэсэн мэдээллийг боловсруулна. Түүнчлэн таны утсанд дуудлага ирэх үед та хэн гэдгийг нь мэдэхгүй байлаа гэж бодъё.

Энэ тохиолдолд та “Сири хэн залгаж байгааг мэдэх боломж байна уу” гэж асуухад утас таны цахим шуудан дундаас тухайн дугаар таарах эсэхийг хормын дотор шалгаж өгнө.

Мөн таны өдөр тутмын зуршилд тулгуурлан утас төрөл бүрийн аппликейшн санал болгох, хүмүүсийг уулзалтад урих зэрэг ажлыг автоматаар хийж чаддаг болжээ.

iOS 9 дээр шинээр гарсан нэг аппликейшн нь “News” бөгөөд та зөвхөн өөрийн уншдаг сайтуудыг сонгох, тэдгээрийн дундаас өөрийн сонирхдог сэдвийн дагуу сонголт хийж аппликейшнийг нээх бүрт шинэ мэдээллийг танд харуулах юм.

Ерөнхийдөө Flipboard-тай адил аппликейшн бий болжээ. Харамсалтай эхний ээлжид зөвхөн АНУ, Их Британи, Австрали улсуудад хэрэглээнд нэвтрэх юм байна.



iPad-д зориулсан хэд хэдэн шинэчлэлт мөн гарчээ. Жишээ нь та кейбоард харагдаж байгаа хэсэг дээр хоёр хуруугаараа дарахад touchpad адил ашиглаж болно.

Мөн OS X El Capitan-тай адил iPad дээр та олон цонхтой зэрэг ажиллах аж. Тодруулбал та бичлэг үзэж байхдаа Твиттерээ гялс шалгаж болох юм.

Харин хамгийн сүүлд сонирхуулахад iOS 8 руу шинэчлэлт хийхэд 4,48GB багтаамж эзэлж байсан бол iOS 9 ердөө 1,3GB багтаамж эзлэх аж. iOS 9 үйлдлийн систем El Capitan-тай адил өнөөдрөөс эхлэн хөгжүүлэгч нарт, долдугаар сард нийтэд зориулсан бета хувилбар, намар гэхэд бүрэн ажиллагаатай хувилбар нь гарах аж.

Apple Music

Албан ёсоор компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк таван өдөр үргэлжлэх чуулганы гол санаануудыг нэгтгэсэн илтгэлийг өндөрлүүлсэн юм. Түүнчлэн энэ үеэр “ДАХИАД НЭГ ЗҮЙЛ” гэх алдарт үгийг хэлж Apple компани iTunes-т суурилсан “Apple Music” үйлчилгээг нэвтрүүлэх гэж буйг мэдэгдлээ.

Хэрэглэгчид одоо “Миний хөгжим” хэсгээс өөрийн хүссэн контентуудыг хайж, “Танд зориулав” цонхонд харагдах компанийн санал болгосон дуунуудыг сонсох юм.

“Танд зориулав” цэсийг илүү сайжруулахын тулд та өөрийн сонсох дуртай дуу, дуучны тухай мэдээллийг оруулах хэрэгтэй. Түүнчлэн “Хүмүүсийн хамгийн их сонсож буй дуунууд”, “Шинэхэн дуунууд”, “Шилдэг дуунууд” зэрэг цэснүүд байх бөгөөд сурталчилгаагүй клипүүд хүртэл байх аж.

Хамгийн сонирхолтой нь Siri-гийн тусламжтай, Apple Music-ийн ачаар та “Надад 1982 оны шилдэг дуунуудаас санал болго”, “Селма киноны дууг тавь” гэх зэргээр дуртай хөгжмөө, дуртай цагтаа сонсох юм.

Компанийн баримталж буй гол бодлого нь “Яг таны хүссэн дууг, яг таны хүссэн цагт сонсуулах” аж. Энэхүү үйлчилгээ энэ сарын 30-ны өдрөөс эхлэн сарын 9,99 ам. долларын үнэтэйгээр нэвтрэх бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд зориулсан, зургаа хүртэлх гишүүнчлэлтэй байж болох үйлчилгээ нь сарын 14,99 ам. доллар аж.

Харин Андроидод дэмждэг үйлчилгээ нь энэ намраас хэрэглээнд нэвтрэх юм байна.


эх сурвалж: gogo.mn