Бид яасан өөртөө хайргүй юм бэ

  Бид яагаад өөрсдөдөө ийм харгис ханддаг юм бэ. Үр хүүхэддээ хүртэл хайхрамжгүй, хүйтэн хандана. Хайртай, амь амьдралын минь утга учир гэчихээд өөрсдөө аяганд нь “хор” хийгээд байна. Сайн сайхан амьдрахын бөөн хүсэл мөртөө өдөр бүр өөрийгөө “хордуулж” ходоод гэдэс, бие махбодийнхоо хэр тэсвэртэйг шалгана. Үүний үр дүнд мөнгөөр худалдаж авсан тэр “хорнууд” хэргээ гаргаж, эмнэлэг, цаашлаад бүр өнөө “хэцүү нэртийг” зориход хүрдэг. Муу ёр гэж битгий бодоорой. Хүн гэдэг “амьтныг” эрүүл энх, урт удаан наслахад тэтгэж, тэжээж байдаг гол зүйл бол эрүүл, зөв хүнс, зохистой хооллолт.

Хүн хөгшрөөд үхдэггүй, харин өвчлөөд үхдэг гэж шинжлэх ухаан дуугардаг болж. Гэтэл хүн төрөлхтөний өвчлөлийн 80-аас дээш хувь нь хоол хүнснээс үүдэлтэй гэнэ. Монголчуудын дундаж наслалт ердөө 65. Эмэгтэйчүүд 68 хүрч хадан гэртээ харьдаг бол эрчүүд 62 насалдаг гэсэн баримт байна. Ингэж цөөн насалдгийн гол шалтгаан нь өвчин. Өвчин эмгэг үүсгэж байгаа нөлөөллийн 80 гаруй хувь нь зохисгүй хооллолт гэдгийг анагаах ухаан батлаад байгаа.

Манай оронд эрүүл хүнс хэрэглэх боломж нөхцөл байна уу?
                                                                 Хангалттай байна           15%
                                                                 Байхгүй                         10%
                                                                 Эргэлзээтэй                   75%

   Гэтэл бид ихэнхдээ үүнийг мэдсээр, сонссоор байж хоол, хүнсэндээ хэрэг болгон анхаардаггүй, идэх, уухаа сонгох, зөв хооллох тухай мэдлэгтэй болохыг “цаг үрсэн дэмий ажил” гэж үзэн хойш тавьж, “олдсоныг нь идэх” гэсэн зарчмыг барьсаар ирлээ.

  Гэтэл орчин цагийн соёлт хүн төрөлхтөн амьдрахын тулд, эрүүл энх, урт удаан наслахын тулд бие организмаа эрүүл, цэвэр хоол хүнсээр хангадаг, тэгэхдээ бүр энэ амьдралаас авч байгаа таашаалаа нэмэхийн тулд хоол хүнсийг урлагтай, соёлтой хэрэглэж хэвшээд удаж байгаа. Харин монголчууд бид хоол хүнсийг хэрхэн хэрэглэх талаар юу боддог, ямар мэдлэгтэй, хэрхэн ханддаг бэ. Бидний бие организмд ямар хоол хүнс чухал хэрэгтэй амин дэмийг өгч чаддаг, бас ямар нь хоол биш хор болж байдаг, ямар хоолны үеэр юу уух тохиромжтой талаар бид ер нь мэдэх билүү. Бидэнд хэн ч энэ тухай заалгүй өдий хүрсэн шүү дээ. Эцэг эх маань цагаан идээ, мах, гурилаас өөр хүнсгүй үед төрж өссөн, бид болохоор дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр бараагүй үед хүн болж төлөвшсөн, амьдралынхаа талыг дунд сургууль, их, дээд сургуульд номын дуу сонсч өнгөрөөдөг хэдий ч хэн ч бидэнд хэрэг болгон зөв хооллох тухай хэн ч зааж зөвлөж байсангүй. Ардчилал эхлээд 18 жил өнгөрсөн ч ширээ сандлын дайн хийсээр хүнээ мартсан төр засаг, боловсролын гажиг систем хүнийг амьдруулагч шим тэжээл-хоол хүнсийг хэрхэн зөв хэрэглэж хэвшүүлэх талаар “хуруугаа ч хөдөлгөсөнгүй”. Тиймээс монгол хүүхэд залуус химийн томъёонд гарамгай мөртлөө, амьдралын томъёонд улаан нойл, зөв, эрүүл, бас соёлтой хооллох тухай “А” ч үгүй амьдралд хөл тавьж, живсээр.

Мөргөлдөөн

 

  Бидний өвөг дээдэс нүүдэлчин амьдралдаа зохицсон зөв хооллох соёлтой байж. Зунд нь сүү цагаан идээгээ хэрэглэж, өвлийн тэсгим хүйтэнд царцдаггүй, илчлэгтэйг нь бодож адууны махыг түлхүү идэж гэх мэтээр ухаалгаар хооллосоор иржээ. Харин одоо бид суурин амьдралд шилжээд байна. Хотын партай байшинд амьдарч, гэрээс гараад унаанд сууж, тохитой офисст ихэнхдээ суугаа байдлаар ажилладаг бид өвөг, дээдэс, хөдөөгийн ахан дүүсийнхээ адилаар мах, гурил голдуухан идээд байхаар адуу, малынхаа хойноос гүйж байгаа биш, өөхөлж таргалаад, зүрх судасны өвчинд өртөөд болохыг байлаа. Хүн амын өвчлөлийн 38,3 хувь нь зүрх судасны, 18,4 хувь нь янз бүрийн хорт хавдраар өвчилж, энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай эмч нар халаглаж байна.

  Суурин амьдрал гэдэг өөрийн гэсэн дэг жаягтай. Энэ дэг жаягийг сахиж, хамгийн наад зах нь идэж, ууж байгаадаа ухамсартайгаар хандахгүй бол эрүүл бие, саруул ухаантай амьдарч чадахгүйд хүрсээр.

  Яг одоо нийслэлд маань хот, хөдөөгийн соёл хоорондоо “түс” хийтэл мөргөлдөж байна. Ардчиллын ачаар хил хязгаарын хаалт тавигдаж, дэлхийн өнцөг булан бүрээр зорчиж, нүднийхээ хөшгийг авч чадсан нутаг нэгтнүүд маань дэлхийн хүн төрөлхтөний соёлыг эх орондоо авч ирж, болдогсон бол унтаад босоод ирэхийн зуур улс орноо тэр Герман шиг, Швейд, Швейцарь шиг, АНУ шиг, Япон, Солонгос шиг өөрчилчих юмсан гэж хүсч байна. Нөгөө талаас “хэт үндсэрхэг эх орончид” маань гүндүүгүй монгол зантайгаа үхэн хатан зууралдсаар.

  Яг үнэндээ идэж уух соёлоос иргэншил эхэлдэг гэдэг. Тэрнээс “Би малчин удамтай, махчин монгол” гээд хотын байрныхаа тагтан дээр хонь уяад, цайныхаа дээжийг өргөж байгаа нь энэ гээд ойр орчмынхоо айлын угаасан хувцас руу сүүтэй цай цацаад, архи л бол архи, ахиухан тусмаа сайн гээд хөнтөрч, “тасраад” байвал бид хэзээ соёлжих юм бэ. Өнөөдөр бид хөдөө, хотын соёлын “мөргөлдөөн”-ий гол дунд ёстой өнөө өөх ч биш, булчирхай ч биш байдалд юу идэж, уухаа ойлгож чадахгүй төөрөлдөж явна.

 

Юунаас болоод эрүүл хүнс хэрэглэж чадахгүй байна вэ?
Хүн хангалттай бишээс           17%
 Мөнгө багатайгаасаа               17%
Хүнс хэтэрхий үнэтэйгээс       48%
                                                                                      Эрүүл хооллох тухай мэдлэг муугаас      1%
                                                                                                    Эрүүл гэхээсээ дуртай зүйлээ идэх хүсэлтэйгээс  17%

Бидний юу идэж, ууж байгаа нь төр засагт хамаатай юу?

  Уг нь хамгийн их хамаатай баймаар. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал гэж яриад л байдаг. Гэтэл яг үнэндээ энэ төр засагт ард түмнийхээ юу идэж ууж байгааг анхаарах зав зай үнэндээ алга бололтой. Ширээ сандлын тэмцэл хийж байх хооронд нь ард түмний олонх нь үгүйрч, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас юун эрүүл цэвэр хүнс сонгох, аль хямдаас нь аваад хоногийн хоолоо болгож чадаж байвал их юм болчихоод байна. Хүнээ гэдэг төр засагтай газар бол хүнсний хэрэглээнд хяналт тавьдаг том алба эх орныхоо өнцөг булан бүрт нүд үл цавчин хяналт тавьж, хэн хаана таагүй хүнс хэрэглэчих бол гээд сэргийлж байдаг юм билээ. Гэтэл манайд бол эсрэгээрээ. Ганцхан жишээ хэлэхэд л урд газраас химийн элдэв бодисоор бордож ургуулсан төрөл бүрийн жимс, хүнсний ногоог Эрээнээс цаг минут тутамд оруулж ирсээр. Хил даван орж ирж байгаа хүнсний иймэрхүү бүтээгдэхүүнийг хэн ч хэрэг болгон шалгадаггүй. Хайрцаг хайрцгаар, чингэлэг чингэлгээр нь “чирсэн” жимс, ногоогоо ямар ч хяналт шалгалт, саад бэрхшээлгүйгээр хил давуулан эх орондоо авч ирсэн наймаачид галт тэрэгний буудлаас шууд л гэр рүүгээ, контейнарь руугаа аваад явчихна. Тэгээд л гар дээрээс, лангуугаар борлуулж эхэлнэ дээ. Өнгөрсөн онд л гэхэд нийт хүнсний ногооны 37,5 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэн 62,5 хувийг гадаад орнуудаас импортолсон гэх тоо байна. Гадаад орнуудаас гэдэг нь ихэнхдээ Хятад улсаас гэсэн үг болох нь ойлгомжтой. Дээрх тоонд хувиараа наймаа хийдэг хүмүүсийн хайрцаг хайрцгаар оруулж ирсэн жимс, ногооны дүн багтаагүй. Ийм байдлаар орж ирж байгаа хүнсний ногоо, жимсэнд хяналт тавьж, шинжлэх ямар ч нөхцөл бололцоо байхгүй тухай мэргэжлийн хүн хэлж байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд хорт хавдраар өвчлөгсөдийн тоо хэмжээ эрс нэмэгдэж, тэдний 80 гаруй хувь нь сонсохоос ч хиртхийм өвчин тусаад байгаагийн нэлээд хувь нь хүүхэд багачууд байна. Мөн сүүлийн үед жирэмсэн эхчүүд дутуу төрөх, зулбах явдал эрс нэмэгдсэнийг мөн л хятад жимс, ногоотой холбоотой гэж тайлбарлах боллоо.

   Үүнтэй холбоотойгоор нэгэн аймшигт мэдээ дуулгахад манай улс руу илгээх төмс ачихаар зоорь руугаа хүрз бариад орох хятад ажилчид өөрсдөө толгойдоо баг угладаг тухай яригдах боллоо. Элдэв төрлийн химийн хорт бодисоор бордсон төмснөөс өөрсдийгөө тэгж хамгаалдаг байхад бид түүнийг нь өдөр бүхэн хүнсэндээ хэрэглэж байна гээд бод доо.

Хооллоно гэдэг амьдралын таашаал

  Монголчууд бидний ихэнхийнх нь амьдрал дунд, дундаас доош төвшинд гэж тодорхойлогддог. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд хүмүүсийн амьдралын төвшин мэдэгдэхүйц дээшилсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Амьдрал дээшлэхийн хэрээр хэрэглээ нарийсч, сонголт нямбай болдог. Соёлжсон оронд бол юуг юутай, хэрхэн, яаж идэж, уух тухай бүр нарийвчилсан ойлголт аль хэдийнэ бий болсон. Харин манайхан бол мах л бол мах гээд аль таарсан хэсгээр нь юу дуртайгаа хийж, архи л бол архи, ахиухан тусмаа сайн гээд хөнтрөөд байдаг. Хоол хүнсийг зөв зохистой хэрэглэх нь суурин иргэншилтэй улс орны амьдралын хэв маяг, иргэншлийн асуудал юм. Үүнтэй холбоотой нэг яриа өнгөрсөн сард Монголын үндэсний олон нийтийн телевизээр болсон юм. Архины тухай тэр нэвтрүүлэгт Япон судлаач Д.Төмөрбаатар “Архиа болъё, бүр орхиё гэх биш, ууя, уухдаа тааруулж, таашааж ууя” гээд уух соёлтой холбогдуулан өөрт тохиолдсон нэг явдлыг жишээ болгон ярьлаа. “Би нэг япон найзтайгаа ресторанд ороод стейк захиаллаа. Үйлчлэгч “Шүүрхий, дунд зэрэг, гүйцэт болгосны алинаар нь авах вэ” гэж асуухад нь “Гүйцэт болгож” гэж хариулаад, дээр нь шар айраг захив. Япон найз маань намайг хүндэтгэж, яг минийхтэй адил хоол, шар айраг захилаа. Ингээд бид хооллож суутал гэнэт найз маань “Би ер нь буруу сонголт хийчихлээ. Бүтэн болгосон стейк идэж байгаа юм чинь цагаан дарс уух байж” гэж халаглав. Эндээс идэх, уух соёлыг мэдэрч болно” гэж ярихад нэвтрүүлэгт оролцож байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ёстой гүндүүгүй монгол зангаа илэрхийлж “Юу яриад байгаа юм бэ, архи л бол архи...” гэж ирээд бухимдсан.

Энэ нэвтрүүлгийг үзсэн бид япон судлаач Д.Төмөрбаатарыг редакцидаа урьж, иргэншсэн тэр том үндэстний идэх, уух соёлынх нь тухай иргэнших гэж ядаж яваа монголчууддаа зориулан ярьж өгөөч гэж хүссэн юм. Тэр:
  “- Япончууд сакэг гэхэд л хүйтнээр нь, мөстэй, жаахан халааж гэх мэтээр уудаг. Өдөр, орой, ямар хоолон дээр мөстэйг нь, ямар хоолон дээр жаахан халааж уух вэ гэдгээ ялгаж салгаж ууна. Ингэж тохируулж ууснаар идсэн хоолтойгоо нийлээд ходоодонд орж их гоё маягийн халаалт үүсгэдэг. Нэг ёсондоо том соёл юм. Манайхан бол цагаан архиа юутай ч хамаагүй, том томоор хөнтрөөд, нөгөөх нь ходоодонд орж алаад, түлээд л болоо. Соёлтой хүмүүс бол хэнтэй ямар яриан дээр ямар архи уух вэ гэдгээ боддог. Хүний амьдралын жаргал цэнгэл, таашаал энд л байдаг. Хүн энэ ертөнц дээр амьдрах гэж ирсэн. Амьдарна гэдэг том таашаал дотор уух нэг таашаал байна, идэх нэг таашаал байна, уулзах нэг таашаал байна. Сайхан соёлтой ууж идсэний дараа өнөө хүнтэй уулзсаны зорилго биелж, улам сайхан таашаалтайгаар ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй болно гэсэн үг. Харин манайхан согтоод, унаад, маргааш нь шартаад амьдрал шиг муухай юмгүй болоод босоод ирдэг. Манай япон найз МҮОНТ-д ажиллаад, явах болж үдэлтийн баяр хийж л дээ. Тэгэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэсэн монголчуудыг зарчмаар тэднийг хүндэтгээд тасартлаа ууж үзсэн гэж ярьж байсан. Маргааш нь юу ч санахгүй, дотор гэж авах юмгүй байсан ч яахав, найз нөхдийнхөө ёсын дагуу тасарч, бие биеэ үүрээд явсан маань сайхан байсан гэж тэр ярьсан шүү.

Та болон таны гэр бүл өдөр бүр хангалттай эрүүл хүнс хэрэглэж чадаж байна уу?
Тийм            6%
Үгүй          11%
Алдаг оног   83%

  Япончуудын хоолны төрөл, уух юмны төрөл, ногооны төрөл тамтаггүй их. Тэгэхээрээ авах таашаалын төрөл олон болоод байна гэсэн үг. Тэд гадаадаас маш олон хоол оруулж ирж байна. Сүүлдээ монгол хоол хийж байна шүү дээ. Тал нутгийн хүмүүсийн жаргаж иддэг тэр таашаалыг бид бас авъя гээд л. Үндэстэн болгоны таашаалыг өөртөө авдаг айхавтар үндэстэн байхгүй юу.

  Үндэстэн болгон өөрийн гэсэн сайхантай байдаг. Нэг ёсондоо сүнстэй. Монголчууд бидний тэр сайхан нь байхгүй болчихлоо. Хүн эвдэрнэ гэдэг шиг манай ард түмний амьдралын таашаалыг нь элдэв зүйлээр эвдээд хаячихсан. Бид өнөөдөр уламжлалт сайхан зүйлээ сайхан гэдгийг нь мэдэхээ больчихоод байна. Ард түмэнд үлгэр болох хүн алга. Үлгэр дуурайл болох ёстой төр засгийнхан, улс төрчид нь тэгж чадахгүй байна. Япончуудын хувьд самуурай нар гэж үлгэр дуурайл болсон давхарга байна шүү дээ. Япон хүмүүс нэг төрлийн иссэн буурцаг байнга хэрэглэдэг. Үнэртээд үзэхээр өмхий, яаж ийм юм иддэг байнаа гэмээр. Гэтэл тэр буурцаг хоолын шингэц, цусны эргэлтийг сайжруулдаг, арьсыг гоё толигор болгодог гэнэ. Япон хүүхнүүдийн байнгын хэрэглээ. Багаасаа идээд сурчихсан болохоор өмхий биш, харин ч гоё амттай байдаг гэсэн. Тэд энэ мэтээр өөрийн бие организмд юу хэрэгтэй, түүнийг олоод амьдралынхаа хэвшил болгочихдог улс. Гэтэл бид элсэн чихэр биед муу нөлөөтэйг нь мэдсээр хэрнээ үр хүүхдэдээ багаас нь л чихэртэй цай өгөхөөс эхлээд муу юманд сургачихдаг.

  100 насалсан япон эмгэнийг бие барсан хойно нь задлан хийгээд үзтэл ходоод нь жаахан охиных шиг тийм цэвэр, жижигхэн, эрүүл байсан гэсэн. Тэд ингэж л өөрийгөө хайрлаж чаддаг улс” гэлээ.

  Энэ яриаг сонсоод “Бид ингэхэд яасан өөртөө хайргүй улс вэ” гэж дахин дахин халаглан бодлоо. Халагласны учир нь бидний хоол хүнсэндээ хайнга ханддагийн бас нэгэн гашуун жишээ санаанд орсных. “Хамаатны ах маань архинд жигтэйхэн дуртай байлаа. Хөдөө нутгийн тэр хүн архи уухын төлөө хүн хүнийг аргадаж царайчлаад л явдагсан. Уулаа гээд олон долоон үггүй, хүнд гэм хоргүй, сайхан загнаж хүн хүн барьж авч үнсээд л явдаг тэр хүнийг эрүүл байлгах гэж эхнэр нь гэртээ цоожлох үе ч байлаа. Тэгсэн ч гэсэн яаж ийгээд л согтуу. Яагаад ингэж согтуу байгаад байна вэ гэж гайхсанд мань хүн авдарныхаа ард жаахан цоолоод, гуурс унжуулж, цоожтой авдрандаа байгаа шимийн архийг хүртчихээд л улаан зээрд яваад байсан гэж байгаа. Шимийн архиар голдуу “тэжээгддэг” байсан тэр ах тун удалгүй, цэл залуугаараа шахуу элэгний хорт хавдраар хорвоогоос явсан даа”.

Цаг хугацааны аясаар...

  Цаг хугацааны аясаар бидний үзэх харах, сонсох, мэдэх нэмэгдэж, социализмын хананы дунд тун цөөхөн нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг уйдахаа ч мэдэхгүй идэж явсан тэр үе ард хоцорч, сонголт хийх боломж бас ч гэж нээлттэй болоод байгаа. Гэсэн ч хэтэвчиндээ захирагдаж, ходоодондоо хор хийдэг хэсэг байхад, хэт “тансаглаж” зүсэн зүйлийг идсээр өвчилдөг нөгөө нь байна. Үр хүүхдээ эрүүл саруул, урт удаан наслуулах сонирхолгүй “төр засаг-ээж, аав”-ын хүүхдүүд бид өнчин өрөөсөн, тэнэмэл хүүхдүүд шиг юу таарснаа, юу олдсоныг нь идэж амьдарсаар байх уу. Гэхдээ бид тэгмээргүй байна. Өөрсдийгөө ч, үр хүүхдээ ч бодмоор байна. Тиймээс эрүүл, зөв, зохистой хоол хүнс гэж юу болохыг эрж хайж эхэлье. Бас иднэ гэдгээр зүгээр л ходоодоо дүүргэх биш, таашааж, тамшаалж хооллох соёлд бага багаар ч болов суралцъя.

  Энэ утгаар уншигч танд заавал мэдэж авах доорх зөвлөмжүүдийг хүргэе.

Хорт хавдраас сэргийлэхийн тулд

Өдөр бүр хэрэглэх таван нэрийн бүтээгдэхүүн

  • Үр тариа, гурилан бүтээгдэхүүн
  • Хүнсний ногоо
  • Жимс жимсгэнэ, сүү цагаан идээ
  • Тахиа, загас
  • Мах, махан бүтээгдэхүүн

Илүүдэл жинтэй хүмсүүс хорт хавдар тусах магадлал ихтэй байдаг гэнэ. Хүн төрөлхтөнийг хирдхийлгэдэг энэ аймшигт өвчнийг тусахгүйн тулд илүүдэл жингээс татгалзах хэрэгтэй. Жингээ барихын тулд хүнсний чихэрлэг бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, хиамнаас татгалзах ёстой гэж Хорт хавдрыг судлах дэлхийн сангийн мэргэжилтнүүд сүүлийн таван жилийн туршид хийсэн судалгааныхаа үндсэн дээр зөвлөлөө. Өнөөдөр дэлхийд хорт хавдар тусч байгаа хүмүүсийн гуравны хоёр нь амьдралын буруу хэвшил, чанаргүй хоол хүнсний бүтээгдэхүүнээс болж байна. Энэ өвчнөөс хол байхын тулд та чанамал болон утсан хиамыг амьдралаасаа авч хаяад, махны хэрэглээгээ ч эрс багасгасан нь дээр гэж зөвлөж байна. Хүн долоо хоногт 500 граммаас ихгүй мах хэрэглэхэд л хангалттай гэнэ. Мөн түргэн хоолноос аль болох хол бай. Харин хорт хавдар туссан бол согтууруулах төрлийн ундааг бүр хорь. Эс тэгвээс спирт хүний биед ороод хавдрыг маш хурдан томруулах нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ. Нярай хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь эх, хүүхэд хоёрыг хорт хавдар тусахаас найдвартай сэргийлдэг.

Сармис   
Сармис бол байгалийн антибиотик. Найрлаганд нь хүхэр агуулсан аллицин байдаг нь томууны эсрэг вирус болон сүрьеэ үүсгэгчийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийн процессыг барих, багасгах үйлчилгээтэй бодис байдгийг нь эрдэмтэд батлаад байгаа. Фосфор, кали, кальци, төмөр зэрэг элементүүд сармисанд агуулагддаг тул байнга хэрэглэж байхад ашигтай.

Гурван цагаан хор
  Өөх тос, элсэн чихэр, давс. Хүний бие махбодь энэ гурван цагаанаар дутагдана гэж бараг үгүй гэнэ. Харин ч өөх тос задарч чихэр болон биед хуримтлагддаг байна. Давс илүүдвэл бодисын солилцоонд өөрчлөлт орно. Бидний хэрэглэж байгаа иоджуулсан давс мөн л химийн аргаар бий болдог тул аль болох татгалзахыг сүүлийн үед эмч нар зөвлөх боллоо.

Хоносон хоол- хор
  Монголчууд бидэнд хоол тавьж хоноод маргааш нь иддэг маш муухай зуршил бий. Энэ бол ердөө л өөртөө болон гэр бүлдээ зориулж хор бэлдэж байгаа хэрэг. Хоолыг хонуулж удаах тутам элдэв бактери үржиж, нүдээр харахад л хоол хэвээр боловч бүхэлдээ хор болон хувирсан байдаг. Энэ хор хүний биед ороод өвчин үүсгэх гол нөхцөл болно.

Талх
  Талх цагаан байх тусмаа таны эрүүл мэндийн дайсан. Гурилын ширхэг нарийсах тусам ходоод, гэдэсний хананд наалдаж давхраа үүсгэж, шимэгдэж гадагшлалгүй тэндээ “тухлах” болдог. Энэ маягаар дээр дээрээсээ давхарласаар таны биеийг өвчлүүлж болно. Харин хар талх бол өөр өө. Хичнээн хар, бүдүүн ширхэгтэй байх тусмаа ходоод, гэдсийг цэвэрлэж, элдэв бохирыг яндан хөөлж байгаа мэт л цэвэрлээд гадагшилна.

Ундаа
  Элдэв төрлийн хийжүүлсэн, хийжүү­лээгүй ундаа, жүүс танд хэрэгтэй шим тэжээлийг ерөөсөө ч өгөхгүй. Хичнээн жимсний найрлагатай, амин дэм агуулсан гэж сурталчлавч химийн элдэв найрлага заавал байдаг гэнэ. Ундаа уухыг хүсээд байгаа бол цэвэр жимс аваад гэртээ найруулж уусан нь л таны эрүүл мэндэд тустай.  

Ургамлын тос
  Та бид мэдлэггүйгээсээ болон өөрийгөө болон үр хүүхдээ хордуулсаар ирсэн байж болох нэг мэдээ бол ургамлын тосыг хэрэглэхдээ маш анхааралтай хандах ёстой юм байна. Хуушуур, боов хайрахдаа Наранцэцэгийн тос буюу SUNFLOWER OIL гэсэн шошго бүхий тос хэрэглэх юм бол ханаагүй энэ тос халуун тэсвэртэй, задарснаасаа болж хүний биед хортой пермент үүсгэж, хорт хавдар болон бусад өвчний эх үүсвэр болдог гэнэ.

Оливийн тос
  Ургамлын тосон дотроо хамгийн үнэтэй сортод ордог оливийн тос хүний биед тэжээл өгч, амархан шингэдгээрээ давуу талтай. Кальци, фосфор, натри, аминдэм Е, К-аар баялаг энэ тосыг чидүн жимсний доторх зөөлөн хэсгийг шүүн авдаг тул тослогийн хэмжээ бага. Тиймээс ходоодны шархтай хүмүүс хоол идэхээс өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илүү үр дүнтэй. Өдөр бүр хүндэрдэггүй хүмүүс өглөөд өлөн элгэн дээрээ 1 халбагыг хэрэглэвэл үр дүнг нь тэр даруй мэдэх болно. Хоолны шингэлтийг сайжруулах , ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, элэг, цөсний чулуужилт зэрэгт сайнаар нөлөөлдөг. Кальци эрдэсээр баялаг тул яс сийрэгжих, судас хатуурах, мартамхай болох зэрэгт тустайгаас гадна чихрийн шижин өвчинд тустай. Судас хатуурах үйл ажиллагааг удаашруулдгаараа даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүст нэн тохиромжтой. Хүний дархлалын системийн үйл ажиллагааг дэмждэг. Хөхний болон хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгаж чаддаг байна. Илүүдэл жин хасч, хоолны дэглэм барьж буй хүмүүс хоол хүнсээ амталж идэхэд багагүй тустай ажээ. Оливийн тос нь нь ердийн температурт чанараа сайн хадгалдаг. Ямар ч хоол хүнсэнд хэрэглэх боломжтой. Гэхдээ халааж хэрэглэвэл өөрт агуулсан эрдэсээ гээдэг байна.

Алим
  Дэлгүүр, хүнсний зах, жимсний лангуугаар 1000-1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа алимнууд шүлс гоожуулам дүрийнхээ цаана эрдэс бодис биш хор агуулж байгаа гэвэл та итгэх үү. Ялангуяа урд хөршид “төрж, өссөн” ийм алим бүрэлдэн бий болсон цагаасаа эхлээд зүсэн зүйлийн химийн бодисоор бордуулдаг байна. Тэд ургах явцдаа нь өт хорхойнд идүүлэхгүй гэсэндээ, ургасан хойноо удаан хадгалагдахын тулд гэх мэтээр азотын давсаар цацуулсаар арай гэж манай улсад ирдэг байна. Харин хил гарч чадсан л бол монгол хүний ходоодонд орж, цаашаа элдэв төрлийн өвчин үүсгэх “сайхан ирээдүй” тэдэнд бий.
  Харин супермаркетаар голдуухан зарагддаг өндөр үнэтэй /3000-4000 гаруй төгрөгний/ алимнууд бол гадуур зарагддаг хямд алимнаас өөр. Үнэ дагаж чанар гэдгээр ийм алим химийн бодисын элэв туслалцаагүй “төрж, өссөн” болохоороо “Био алим” гэдэг хүндэт нэртэй гэнэ.

Банштай цай
  Монголчуудын хамгийн дуртай хоол-банштай цайг хараад “ухаан алдаад уначихдаг” гадныхан байдаг. Тэднийхээр бол сүү, мах хоёрын хольж чанана гэдэг насандаа ч төсөөлж яваагүй “аймшигтай хүнс”. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед банштай цай “хатуу банга” хүртэх дөхөөд байгаа. Монголчуудын будлиу мартамхай болдог, өвдөгний нүхээр хатгадаг өвчин энэ хоолноос болоод байгаа гэх нь бий. Гэвч яг анагаах ухаанд энэ тухай нарийн судлаад баталчихсан зүйл үгүй. Монголчууд бид “Дом болсон долоон банштай цай” гэж ядарч сульдсан нэгэндээ өгсөөр ирсэн. Гэхдээ яг одооных шиг өдөр бүр том том банш сүүнд буцалгаж идээд байсан нь бас үгүй юм гэдэг. Үнэндээ мах, сүү хоёрыг холихоос зайлсхийж, өөхтэй тарган махаа бор цайнд унаган иддэг байсан уламжлал бий. Тэгээд бодохоор магадгүй, гадныхны цочирддогт үнэн зүйл байж болох л юм...

Хиам
  Хиам гэдэг бүтээгдэхүүн яг үнэндээ хоол болохоосоо хор болох нь илүү. Гэлээ гэхдээ орчин цагийн хүмүүс амтны таашаалаа нэмэхийн тулд энэ хүнсийг зохион бүтээж, түүнийг нь идэх хүсэлтэн олон байдаг болохоор худалдан авахдаа тун няхуур хандахаас өөрийг зөвлөж чадахгүй нь. Хиамыг худалдан авахдаа болж өгвөл нэрийн барааны дэлгүүрээс нь, үйлдвэрлэсэн он сар өдрийг нь харж, шахалт нь дүүрэн, жигд, чилгэр эсэхийг анзаарч үзэх ёстой. Мөн хадгалалтын горим хэвийн эсэхийг сайн анхаараарай. Чадвал амталгаа хийсний дараа худалдан авахыг хичээгээрэй. Та манай сэтгүүлийн №09 дугаарын “Хэрэглэгч” булангаас хиамны тухай мэдээллийг дэлгэрүүлэн үзэж болно.

Сүү
  Хүнсний дэлгүүрүүдээр худалдаалж байгаа хайрцагтай сүүнүүд бүгд усанд найруулсан хуурай сүү буюу сэргээсэн сүү гэнэ. Сэргээсэн сүү гэдэг нь үнээний сүүг өндөр температурт хатаан хуурай болгож авч ирээд устай найруулж шингэн сүү гаргаж авахыг хэлдэг юм байна. Хүн өөрийн биед хэрэгтэй 600 гаруй амин дэмийн ихэнхийг сүүнээс нөхөж авах бололцоотой гэдэг. Гэхдээ жинхэнэ цэвэр үнээний сүүнээс. Монгол хүн өдөрт 0,5 литр, жилд 138 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байх ёстой юм байна. Гэтэл бид тэгж чаддаггүйгээс ясны сийрэгжилт, цус багадалт, сульдаа, шүдний эмгэг зэрэг өвчинд үр хүүхдүүдийнхээ хамтаар өртсөөр байна.

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ

Ж.Октябрь, ХҮДС-ийн Аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын тогооч нарын холбооны тэргүүн.

  Хүн төрөлхтөн ХХI зуунд шилжээд байна. Ахуй амьдрал, байгаль орчинд их өөрчлөлт гарч байна. Эрхэлдэг хөдөлмөр өөрчлөгдөж, хөдөлгөөн багасах шинжтэй боллоо. Ийм нөхцөлд шинэ зуун зөв хооллолтын орчин үеийн зарчмыг шаардах болж байна. Хуучин цагт хоол хүнсэнд зөвхөн хүнийг цатгах талаас нь, хүнс хэрэглэснээр өөрийнхөө бие бялдрыг хөгжүүлж байна гэсэн ойлголтоор хандаж байсан. Харин одоо бол хоол бидэнд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг ойлгож эхэлж байна. Хоолны илчлэг, шим тэжээл бидний зарцуулсан энергийг нөхнө гэсэн ойлголт байсан бол одоо хоолны найрлагад илүү анхаарах болсон. Хүнсний найрлага организмд шаардагдаж байгаа шим тэжээлийг хэр хангах вэ гэдгийг илүү анзаарах боллоо.
  Хоёрдугаарт тухайн бүс нутаг, үндэстний хоолны онцлогийг харах болсон. Мөн хооллолтын дэглэмд анхаарч байна. Дэглэм гэдэг бол тодорхой хугацаанд дараалалтай хооллож занших явдал. Нутаг орон, эрхэлж байгаа ажил мэргэжлийн онцлогоос болж, би ямар дэглэмээр хооллох вэ гэдгээ тогтоох шаардлага гарч ирлээ. Хүн өтөлснөөс болж биш, харин өвчилсөнөөс болж үхдэг гэж Японы эрдэмтэд хэлж байна.
  Хүн өөрөө хоол хүнсний талаарх шинжлэх ухааны үндэстэй гаргасан зөвлөмжүүдийг судлаж, өөртөө хүнсээ тохируулах ёстой. Компьютерийн ард өдөржин суудаг байж уурхайн ажилчин шиг хооллох юм бол, уурхайчин хүн ширээний ард суудаг хүн хоол идэх юм бол хүрзээ ч даахгүй.
  Хоол хүнсний зүйлд хоорондоо тохирдог, тохирдоггүй гэж байдаг. Мах, өндөг, бяслаг гурав бол уурагжсан бүтээгдэхүүнүүд. Эрдэмтэд судлаад уургийн хэмжээг зөвхөн махаар хангах уу, гурвуулангаар нь хангавал алийг нь хамт идэж болох юм, алийг нь түрүүлж идэх юм, алийг нь хоёр хоногийн дараа юм уу, өнжиж идэх юм гэдгийг нарийн гаргажээ.
  Мах өндөг хоёрыг хамт идэж болохгүй. Зайлшгүй нэгийг нь эхэлж идэх хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэнд орсон хүнс перментийн нөлөөгөөр жижиглэгдээд, цаашаа судасны ханаар нэвчээд шим тэжээл болж байна. Тэгэхэд уураг юмуу, өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн тэнд харилцан адилгүйгээр шимэгддэг. Бид хоолны дараа дисерт иддэг байсан бол шинэ онолоор энэ нь буруу болж байна.
  1970-аад АНУ, Япон зэрэг улс орон өөрсдөдөө тохирох хоол хүнсийг судалсны үндсэн дээр зохицуулах үйлчилгээтэй хүнс бий болгосон.
  Хятад, Солонгос хүмүүсийн наслалт 80 гарч байгаа нь тэнгис далайн гаралтай, фосфор ихтэй наймаалж, хавч, загас гэх мэтийн хүнсийг хэрэглэж байгаатай холбоотой. Ийм хүнс идсэнээр ходоодны ачаалал бага, хэрэгтэй эрдэсээ авч чаддаг. Далай тэнгисийн гаралтай бүтээгдэхүүнд Омего 3, Омего 6 нэртэй хүчил байдаг нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг.
  Мөн дэлхийн соёлт хүн төрөлхтөн сүүлийн үед исгэ цагаан идээ буюу исгэсэн тараг, аарц, баяжуулсан бүтээгдэхүүн йогурт зэргийг өргөн хэрэглэх боллоо.
  Манайд эрүүл, зөв хооллолтын тухай эмч нар, хоол судлалынхан, нийтийн хоолныхон их ярьж байна. Гэхдээ энэ асуудлыг бүх нийтээрээ бичиг үсэгт сурсан тэр үе шиг шиг бүх нийтийн үйлс болгож, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллга байнга ярьж, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад системтэй сургалт өгөх цаг болжээ.

Ё.Мөнхтуяа А.Цэрэнчулуун