Таны хүү, эсвэл охин энэ жил сурагч болох уу. Цэцэрлэгийн тоглоомын талбайгаас хичээлийн ширээнд шилжихэд бяцхан багачуудад маань ямар бэрхшээл тохиолдох бол.

Таны хүү, эсвэл охин энэ жил сурагч болох уу. Цэцэрлэгийн тоглоомын талбайгаас хичээлийн ширээнд шилжихэд бяцхан багачуудад маань ямар бэрхшээл тохиолдох бол. Тэр бүхнийг эцэг, эх, гэр бүлийнхэн бид хэрхэн даван туулах вэ. Энэ сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Тун удахгүй 6 настнууд маань сургуулийн босго алхаж сурагч хэмээх эрхэм алдрын эзэд болох гэж байна. Тиймээс тэдний эцэг эхэд хандан та ярилцлагаа эхлүүлэх үү?

-Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Одоо бол 6 настнууд маань тоглоод, амраад өөрийн тааваараа л байгаа сайхан үе. Гэтэл энэ сайхан үе нь дуусч хичээлийн жил эхлэхэд тэд маань сургуульд явмааргүй байна гэж уйлж эхлэхэд эцэг эхчүүдэд хамгийн хэцүү байдаг. “Юм бичмээргүй байна”, “Гар өвдөж байна”, “Хэцүү байна” гэх зэргээр маш олон байдлаар эцэг эхдээ гомдоллож эхэлдэг. Заримдаа сургуульд явах болохоор л хүүхэд нь өвдчихдөг. Ийм асуудал зөндөө шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд орно шүү гэдгийг нь ойлгуулж, сэтгэл зүйг нь бэлдээгүйгээс ийм шаналал үүсдэг. Хүүхэд дургүй зүйлээ бие махбодиороо дамжуулан илэрхийлж байдаг. Хэрэв манай эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд орох сэтгэл зүйг бэлдчихвэл тулгарах асуудлууд болон хүндрэл арай бага гарах болов уу. Хүүхдүүд сургуульд явахдаа шантрах нь ч бага байх болно.

-Тэгвэл хүүхдийнхээ сэтгэл зүйг яаж бэлтгэх вэ?

-Мэдээж, хамгийн эхэнд сургуулийн эргэн тойронд хүүхдээ дагуулж яваад сургуулийн орчинтой танилцуул. Сургууль гэдэг ойлголтыг анх зөв өгч, яагаад хүүхэд тань сургуульд сурах ёстой вэ гэдэг шалтгааныг нь өөрт нь маш энгийн хэр нь эвтэйхнээр ойлгуулж тайлбарлах хэрэгтэй. Үүний дараа хүүхдээ биеийг нь даалгаж сургасан байх ёстой. Бие даах боловсролыг ихэнх хүүхдүүд цэцэрлэгтээ авдаг. Гэвч цэцэрлэгийн хомсдолоос болж ихэнх хүүхэд гэрээр хүмүүжиж байна. Гэртээ байж байгаад гэнэт л сургуульд орох нь гэрээр хүмүүжсэн хүүхдэд хамгийн хэцүү байдаг. Харин цэцэрлэгт явдаг хүүхдүүд харьцангуй бие даачихсан, үе тэнгийнхэнтэйгээ нийгэмшчихсэн, багш гэдэг ойлголтыг тэндээс авчихсан байдаг юм шүү дээ. Ингээд нийгэмшчихсэн хүүхдүүдэд сургуульд ороход харьцангуй бага хүндрэл гарна.

-Хүүхдүүд дотроо янз янз. Зарим нь их дотогшоо байдаг шүү дээ. Тэдэнтэй хэрхэн харилцах вэ?

-Дотогшоо хүүхэдтэй харьцах хамгийн хэцүү. Тэд сургуульд ороод ирэхээр яг яах гээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй, түүнийгээ ч илэрхийлдэггүй. “Би өлсөөд байна”, “Бие засмаар байна” гэдгээ ч хэлэхгүй байх магадлалтай. Ийм хүүхдүүдийг сургуульд орохоос нь өмнө сэтгэл зүйг нь бэлдэж, ярих чадварыг нь хөгжүүлсэн байх ёстой. Бас өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэх учиртай. Гэвч манай эцэг эхчүүд тэгдэггүй. Хүүхдээ автоматаар сургуульд өгчихдөг, хүүхэд хар аяндаа болно гэж тэд боддог. Хамгийн чухал зүйл гэвэл хүүхдийн цаашид сурах хүсэл, эрмэлзэл, мэдлэг боловсрол өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэх тэр мэдрэмж 1-2 дугаар ангид нь тавигддаг. Харин хүүхэд анхнаасаа сурах үйл явц ядаргаатай зовлонтой гээд бодчихвол эцэг эх хэчнээн гуйж, үглэж, зодоод ч нэмэргүй. Ийм хүүхэд сурах хүсэлгүй л болж хүмүүждэг. Нэгэнт сурах дургүй болсон хүүхдийг дахин аливаа зүйлсэд сониуч болгож, суралцах сэдлийг нь төрүүлнэ гэдэг хэцүү асуудал болж хувирдаг.

-Тэгэхээр хүүхдээ сургуульд анх оруулахдаа “Миний хүү сургуульд орвол тийм хүн болно”, “Тэр хүн шиг мундаг болно” гэх зэргээр урамшуулж, сэтгэл зүйг нь бэлтгэх ёстой байх нь ээ.

-Тийм. Сэтгэл зүйг нь бэлтгэхээсээ гадна тухайн хүүхдийнхээ суралцах онцлогийг мэдэж байх ёстой. “Манай хүүхдэд юмыг яаж заавал илүү хурдан сурдаг вэ” гэдгийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй бол зөвхөн өөрийнхөө арга барилд хүүхдээ оруулж сургах гээд албаддаг. Гэтэл хүүхэд маань сурах хүсэлгүй, тэр нь үнэхээр шаналал болоод байгаа бол юм сурахыг мэдээж хүсэхгүй. Улмаар суралцмаар байх тэр хүсэл эрмэлзэл нь үгүй болдог. Үнэнийг хэлэхэд, манай Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд ирж байгаа хүүхдүүдийн дунд сурах үнэхээр хүсэлгүй болчихсон хүүхдүүд ч байна.

-Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ албаддаг арга барил хамгийн буруу юм байна шүү дээ?

-Тийм шүү. Эцэг эхчүүдийн албадлагын арга барил нь хүүхдүүдийн ихэнх хүсэл зоригийг мохоож байдаг. Хүүхэд өөрөө суръя, өөрөө хийе гэсэн сэдлүүдийг нь томчууд бид өөрсдөө багаас нь дараад байдаг. Эсвэл зөнд нь хаячихдаг. Гэтэл зөнд нь хаясан хүүхдүүд заримдаа илүү ихийг сурсан байх магадлал байдаг. Яагаад гэвэл тэд өөрөө сонирхсон зүйлээ хүссэн хүсээгүй сураад эхэлдэг. Анзаараад байхад, дунд сургуулиасаа эхлээд хүүхдүүд багш нараа голоод эхлэхдэг, аливаа хичээлийг зүгээр л багш нь таалагдаагүйн улмаас шамдан суралцахаа больдог. Яг ийм зөрчилдөөнүүд үүсэхээс өмнө хүүхдээ сурах үйлд зөв төлөвшүүлж бэлдэх хэрэгтэй юм шүү дээ. Аливаа хичээлийг багш нь солигдож сурсан ч тухайн мэдлэг хүүхдэд ямар үр өгөөжтэйг тайлбарлах, заавал багшийн хандлага муу байлаа гээд сурахаа зогсоож болохгүй гэх зэргээр ойлгуулах хэрэгтэй.

-Ажиглаад байхад, манайхан хүүхэдтэйгээ ярилцана гэхээр эрхлүүлнэ гэж ойлгоод байх шиг санагддаг. Хүүхдээ хувь хүн гэж хүлээж аваад тэр хэмжээнд нь хүндэлж харьцах ёстой юм болов уу. Миний ойлгож байгаа зөв үү?

-Хүүхэд одоогоор хувь хүн байгаа. Тэр хүүхэд миний өмч биш. Бас таны ч өмч биш, бүр эцэг эх, багшийнх нь ч өмч биш. Гэтэл миний өмч биш байхад яагаад бид өөрсдөө түүнийг өөрчлөх гэж оролдоно вэ. Манай эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдаа энд байдаг. “Миний хүүхэд юм чинь миний л хүслээр явах ёстой” гэж боддог. Энэ бол буруу. Тэр хүүхэд хувь хүн. Түүнд өөрийн гэсэн мэдрэмжүүд, өөрийн гэсэн оюун ухааны чадамж бий. Тэр чадамжиндаа хүрэх арга барилууд нь хүртэл өөр өөр. Тухайн хүүхдэд тохирсон аргаар харьцаж, хүндэлж, тэдний онцлогийг илрүүлэх нь хамгийн чухал. Гэвч эцэг эхчүүд тэгдэггүй. Мэдээж, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хэн хүнээс асар их тэвчээр шаардана. Хүүхэд гэдэг маань юу ч мэдэхгүй цагаан цаас шүү дээ. Энэ бүхнийг нь бид үлгэрлэж дууриал болж заах ёстой. Тиймээс хүүхэдтэйгээ тэвчээртэйгээр харилцаарай.

-Танай төв 6 настнуудыг сургуульд бэлтгэхэд нь зориулж сэтгэл зүйн сургалт хийдэг үү. Эцэг эхчүүдэд хандаж үйл ажиллагаа явуулж байна уу?

-Эцэг эхчүүд маань үнэндээ энэ арга барилыг хэрхэн эзэмшиж, хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байж болох юм. Тэгвэл манай төвд ирээрэй гэж хэлье. Манай төвд сургалт явагддаг. Мөн 6 настай хүүхдүүдийн сургуульд орох сэтгэл зүйг бэлтгэж, аав ээжүүдэд нь хүүхдийнх нь суралцах онцлогийг ойлгуулж, тэр аргаар хүмүүжүүлээрэй гэдгийг хэлж өгдөг. Манай энэ сургалт дараа долоо хоногоос эхэлнэ. Яагаад гэвэл манай эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн бэлтгэл биш хувцас хунар, хичээлийн хэрэгсэлд анхаарлаа хандуулаад байдаг шүү дээ.

-Үнэхээр хэрэгтэй зүйл хийх гэж байгаа юм байна. Тэгвэл танай сургалтад хамрагдъя гэсэн ээж аавууд юу бэлдэж ирэх ёстой вэ?

-Хүүхэдтэйгээ байнга хамт байдаг, хичээлийг нь давтуулдаг хүн нь хүүхэдтэйгээ хамт ирэх ёстой. Бид сэтгэл зүйг нь бэлдэж өгөх гэж байгаагаас биш тэр хүүхдийг онц сургана гэж амлахгүй. Бид хамгийн түрүүнд хүүхдийг сургуулиас айх айдастай, аливаа асуудалтай нүүр тулгарах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, томчуудтай хэрхэн айдасгүйгээр харьцаж сурах зэрэг өнцгөөс олон зүйлийг зааж сургана. Бас багш гэж хэн бэ, яагаад заавал ангидаа удаан суух ёстой юм бэ гэдгийг мэргэжлийн үүднээс хүүхдүүддээ тайлбарлаж өгдөг. Ингээд сургалтын хамгийн сүүлийн өдөр эцэг эхэд нь бүтэн сургалт ордог. Тухайн насны хүүхдүүд ямар онцлогтой байдаг, ямар ямар асуудал үүсэх вэ, тэдгээрээс сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ зэрэг оношлогоогоо үзүүлж, тайлбарладаг. Ингэхдээ эцэг эх бүртээ тулж ажилладаг.

-Эцэг эхчүүд бас хүүхдээ хүнд жинтэй ном дэвтэр багтаасан үүргэвч үүрээд явна, их ядарна даа гэж санаа нь зовох байх даа?

-Тийм байх нь аргагүй. Гадаад улсуудад бол хүүхэд бүр сургууль дээрээ өөрийн гэсэн шүүгээтэй байдаг. Тэр хичээлийн олон ном, цаасыг байнга хүүхдэд үүрүүлэхгүйн тулд тэр шүүгээ байгаа юм шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Тэр ч байтугай бүр смен ангиар ээлжилж ордог. Тийм болохоор бид хүүхдүүддээ тэр цүнхийг нь үүрүүлэхээс өөр аргагүй болж байна. Үнэхээр хүүхдэдээ санаа чинь зовоод байвал хүүхдэдээ дэвтрийг нь цүнхэлж үүрүүлээд, өөрөө та ном, бичиг цаасыг нь тусдаа бариад явж болно. Нөгөөтээгүүр та хүүхдийнхээ өмнөөс өөрөө үүргэвчийг нь барьж болохгүй. Энэ бол тухайн хүүхдэд хариуцлагын шинэ тогтолцоог сургаж байгаа нэг хэлбэр юм. Өөрийн эд зүйлсэд хайр гамтай хандаж сурах эхний гараа нь болж өгдөг.

-Үүний дараагийн нэг том сэдэв бол хүүхдийнхээ хичээлийг хийлгэх шүү дээ. Тун удахгүй анхны хичээл эхлэх гэж байна. Эцэг эхчүүдэд маань хүүхдийнхээ хичээлийг хийлгэх зөв бөгөөд амархан аргаас хуваалцаач?

-Хичээл хийлгэж сургана гэдэг бол эхний 7 хоногт хамгийн хүнд байх болно. Тоглож тоглож байгаад гэнэт хэдэн цагаар сууж хичээл хийнэ гэдэг тэр хүүхдийн хувьд маш том өөрчлөлт. Бас тэвчээр. Эхэндээ хүүхэд л юм болохоор томчуудын үгэнд ороод маш дуулгавартайгаар сууна. Гэвч хүүхдийг суулгаж сургана гэдэг маань өөрөө системчлэлтэй явах ёстой зүйл. Бид харин яадаг вэ гэхээр, хүүхдээ гэнэт л шууд 40-50 минутаар суулгах гээд зүтгээд байдаг. Үгүй ээ. Ингэхийн оронд та хүүхдээ эхний өдөр нь 10 минут суулга. Дараагийн өдөр нь 5 минутаар хугацаагаа нэм. Өдөр өдрөөр уртасгаж суулгаж сурга. Ингэхгүйгээр хүүхдийг огцом 40 минут суулгачихвал тэр залхчихдаг. Залхаад эхэлбэл мэдээж хичээлдээ дургүйлхэнэ. Энэ насны хүүхэд 15 минут сууна гэдэг өөрөө тэр хүүхдийнхээ насанд бол хамгийн мундаг үзүүлэлт юм шүү дээ. Дээр нь өмнө нь харж үзээгүй олон үсгийг нь хүүхдэд автоматаар цээжлүүлэх хэрэгтэй болноо доо. Энэ үед та аль болох үлгэр зохио. Тэр үсэгтэй холбоотой үлгэр, онигоо, жүжиг зохио. Бүр та тоглоом ч зохиож болно. Ингэвэл хүүхэд маш их баярлана. Ингэж л тэр хүүхдийн сурах гарааг эхлүүлнэ шүү дээ.

-Танай төвд хандаж хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлтгэе гэсэн эцэг эхчүүд олон байгаа байх. Тэд маань танайд яаж хандах вэ?

-Манай төвд шууд хандаж болно. Эсвэл утсаар холбоо барьж болно. Утас: 70008998, 95808998 дугаарт залгаж хандаж болно. Мөнhttps://www.facebook.com/setgelsudlal?fref=tsхаягаар орж бидэнтэй холбогдож болно.

-Сүүлийн асуултыг танд үлдээж байна, та манай уншигч эцэг эхчүүдэд болон хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүүхэд бүр гайхамшигтай ур чадвараар дүүрэн байдаг, зөвхөн эцэг эхчүүд болон томчууд бид хүүхдийнхээ гайхамшигт тэр чадварыг нь олж хараад, хүүхдэдээ тохирсон сурах арга барилыг нь зөв олж илрүүлж, түүнийг нь хөгжүүлж чадвал та бүгдийн гарт огт зорогдоогүй эрдэнийн чулуу бий шүү.

http://www.mongoljingoo.mn/