АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Барак Обама албан ажилдаа орсон даруйдаа Куба дахь Америкийн цэргийн Гуантанамо хуаранг татан буулгахаар амласан билээ. Осама Бин Ладений толгойлдог “Аль Кайда” бүлэгтэй холбоотой буюу сэжиглэгдсэн хэдэн мянган хүн тус лагерьт хоригдож буй. Хятадын Шинжан-Уйгурын Өөртөө Засах Орноос гаралтай хэдэн уйгур хүн хоригдлуудын дунд байдаг аж.
 
  Тэд чухам яаж яваад ийнхүү Америк гүрний дайсан болж яллагд­сан түүхийг сонирхвоос ихэнх нь юун Бин Ладентайгаа мантай, үндэстний цөөнхийнхөө хувьд хавчигдан амь зуухын эрхэнд Хятадаас гарч явсан, амьд­ралын мөр хөөж энд тэнд­гүй хэсүүчлэн төөрч будилж явсаар эцэстээ дэлхийн их улс төрийн бодлогын золиос болж Гуантанамод газардсан хүмүүс гэсэн дүр зураг гарч байна.
 
  Тухайлбал Абубаккер Квазим гэгч эрийн энд ирсэн түүх их сонин. 2001-2002 оны өвөл тус шоронд тэр хүргэгдэн ирснээсээ хойш дөрвөн жил гаруй суугаад 2006 оны дундуур суллагджээ.
 
  Өчнөөн жилийн хойно арай­хийн цагаадаж тэр ёрын газраас гарах болтол чухам хаашаа очих вэ? гэдэг том асуудал гарчээ. Гуантанамод хоригдогсдыг зар­тай алан хядагч бүлгийнхэн гээд хаа сайгүй ойлгуулчихсан тул авах газар олддоггүй аж. Ерөнхийлөгч Обама дэлхийн олон оронд хандаж, суллагдсан хоригдлуудыг цагаачийн журмаар аваач ээ гэж гуйхын учир энэ юм. Шоронг татан буулгах нэг хэрэг, харин суллагдагсдыг яах вэ гэдэг асуудал уг шоронг байлгахаас дутуугүй хүндрэлтэй байна.
 
  Дээр нь Хятадын цагаачлагч гэхээр авах орон бүр ч олдохгүй. Ямарваа шалтгаанаар нутгаасаа гарч явсан иргэдээ Хятад улс элдвийн юм ярьж мэдэх гэмт хэрэгтэн гэж үздэг болохоор тэднээс болж хятадуудтай толхил­цохыг хэн ч хүсдэггүй аж. Гэвч жил гаруй шаргуу хөөцөлдсөний эцэст Албани хэмээх Европын жижигхэн орон түүнийг авахаар болов. Өнгөрсөн сарын сүүлчээр нийслэл Тиран хотын Скендербергийн талбайн дэргэдэх бяцхан зоогийн газарт хэсэг сэтгүүлч Абутай уулзаж, туулсан амьдралынх нь талаар хөөрөлджээ.
 
  “Над энэ орноос шаардаад байх юм алга. Шоронд үр дүнгүй өнгөрүүлсэн таван жилийн амьд­ралаа нөхөхсөн гэж бодох юм. Хятадын түрэг угсааны үндэстний цөөнх болох манай уйгуруудын хувьд амьдрал хүнд л дээ” гэж Абубаккер яриагаа эхэллээ. Өдгөө 39 хүрч байгаа энэ эр ахиухан цалинтай ажил олж амьдралаа сайжруулахаар есөн жилийн өмнө 2000 оны нэгдүгээр сард давхар биетэй эхнэр, ууган хүү хоёроо төрөлх хот Гуля (Шинжаан)-даа орхиод харь газрыг зорьжээ. Тэр лалын шашинтан. Нутгаасаа гарах үед нь Хятадын шоронгуудад 100.000 уйгур хүн хоригдож байсан гэнэ.
 
  “Ердөө латинчилсан араб үсгээр бичдэгээсээ болж бид нар бөөн асуудалтай тулгардаг юм. Худалдаа наймаа чөлөөтэй эрхэлж, шашнаа чөлөөтэй шүтэж болдог ардчилсан оронд л амьдрахсан. Өөр хүсэх юм алга даа” гэж Абу ярьж байна. Нутгаасаа гараад хэдэн газраар дамжин байж Киргизэд очжээ. Харин Албанид хөл тавих юм гэж зүүдэлсэн ч үгүй. Хятадын кино театруудад заримдаа социа­лизмын үеийн албани хуучин кинонууд үзүүлдэг байж. Том ч орон юм уу, жижиг үү бүү мэд, ямартай ч коммунист орон гэж боддог байжээ.
 
  Киргизэд Абу наймаа хийгээд олигтой ч олсонгүй. Ард үлдсэн эхнэр нь энэ зуур хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Мань хүн жаахан ч гэсэн мөнгө олбол гэр рүүгээ явуулна. Гэвч гаднаас мөнгө авч байгаа уйгур айлуудыг хятадууд цагдаагаар дарамтлах нь их. Тэгтэл сайн мэдэх нэг уйгур хүн нь Туркт очоод арьс шир боловсруулах шинэ үйлдвэр нээн ажиллуулж байгаа тухай Абу танилаасаа дам сонсчээ. Гуляд тэр хүний компанид ажиллаж байсан юм санж. Ингээд яаж ийгээд хуучин танил дээрээ очвол арай ахиу мөнгө олох юм биш үү гэсэн бодол зурсхийжээ. Гэвч онгоцны зардал өөрт нь байхгүй тул Пакистан, Иракаар дамжин газраар явж Туркт очихоор шийдлээ.
 
  Яг явах гэхээр Исламабадад суугаа Ираны Элчин сайдын яам Абуг байнга оршин суух бичиг баримтгүй гээд дамжин өнгөрөх виз олгосонгүй. Пакистанд байхад нь зэргэлдээх орны уйгур тос­гоноос ирсэн нутаг нэгтэн нь түүнд, “Афганистанд юм арай хямд, тэгээд ч шаардлагатай бичиг баримт олоход илүү хялбар байдаг” гэхчилэн ярьжээ. Ийнхүү 2001 оны зун Афганийн Жалабад хотын ойролцоох нэгэн тосгонд тэр буув. Очоод хэдхэн долоо хонож байтал тэртээ Нью-Йорк дахь Дэлхийн Худалдааны Төвийн ихэр хоёр цамхийг хоёр онгоц мөргөж сүйрүүлсэн хэрэг мандаж, “Аль Кайда”-гийн эсрэг дайн эхлэх нь тэр. Абу энэ талаар юу ч мэдсэнгүй. “Би ердөө л буруу цагаар, буруу газар очсон азгүй хүн” гэж одоо халаглан ярьж байна.
 
  2001 оны аравдугаар сард Америкийн бөмбөгдөгч онгоцууд мөнөөх тосгоныг нь бөмбөгдөхөд хэдэн уйгур хүн газар дээрээ нас барж, бас нэг нь гараасаа салжээ. Хэдийд ч амь насаа алдаж магадгүй болсон учир мөн оныхоо дүн өвлөөр Абу санаа нийлсэн хувь тавилан нэгт 17 нөхдийн хамт эзгүй уулсаар дамжин Пакистан орохоор хөдлөв. Олон хоног хээрээр тэнэхдээ өлсөж, осгож үхэх шахсан тэдгээр эрчүүл нэг өдөр алсын тосгоны бараа харжээ. Тосгоныхон тэднийг найрс­гаар угтан хооллож ундалсан байна. Гэвч энэ нь худлаа байжээ. Америкчууд тэр хавийн газруудаар нуугдаж орогносон “Аль Кайда” бүлгийн дайчдаас барьж илрүүл­бэл авчирсан хүн бүрийн тоогоор 5.000 долларын шагнал олгоно гэсэн зар тараагаад байсныг тэд яаж мэдэхэв дээ. Абуг Пакистаны Цагдаагийн газраас баривчлан аваачиж тушаажээ. Ингээд тэднийг тус бүрийг 5.000 доллараар үнэлж мал аятай худалдчихсан байна. Хятад руу буцаагаад өгчих вий хэмээн айсан тэд өөрсдийгөө Афганистаны дайнаас зугтаж яваа узбекүүд гэж хэлсэн аж.
 
“Далай тэнгис, гоё цэцэрлэгтэй сайхан газар бий”
 
  Лалын шашинтай улс мөртөө лалын шашинтандаа тийм муухай харгис хандах юм гэж Абу огт төсөөлж байгаагүй гэнэ. Пакистаны шоронд тэр гартаа гавтай, аймшгийн бохир муухай орчинд, өлсөж цангахын туйлд хүрч олон хоногийг өнгөрөөсөн байна. Сүүлдээ тэднийг Афганий Кандагар дахь Америкийн цэргийн шорон руу шилжүүлэх болоход нь бөөн баяр болцгоожээ.
 
  “Эд нар чинь америкчууд, коммунизмын эсрэг үзэлтэй хүмүүс. Үндэстний цөөнх болох биднийг Хятадад ямаршуухан байдгийг ойлгох биз” гэж бодоод санаа амарсан тэдгээр эрс өөрсдийгөө уйгур хүмүүс болохыг илчлэхэд америк цэргүүд ч бас, “бид нар Аль Кайдагийнхны араас хөөцөлдөж яваа болохоос та нар хамаагүй” гэсэн юм байх. Удалгүй Улаан загалмай нийгэмлэгийнхэн тэдэнд Куба руу очихыг санал болгож, “далай тэнгис, гоё цэцэрлэгтэй сайхан газар аваачна” хэмээн ятгажээ. “Шоронгоос гарахын түүс болсон бид яахав дээ, тэгье тэгье, тэр сайхан газар чинь бушуухан очъё л гэцгээсэн” гэж Абу ярилаа.
 
  Гэвч Кубад тэднийг далай тэнгис, гоё цэцэрлэгтэй диваажин биш, Гуантанамо хэмээх америк хуарангийн хоёр метр хэрийн өндөртэй төмөр сараалж угтжээ. Очсон хойно нь тэдэнтэй хэн ч үг солиогүй бөгөөд мөнөөх Улаан загалмайнхан хуурсан нь тодорхой. Гэвч тэрхүү дөрвөлжин сараалж дотор дөрвөн жил хагасыг өнгөрүүлэх юм гэж тэд арай ч бодоогүй байна.
 
  Өмгөөлөгчтэй юм уу, гэр орныхонтойгоо холбоо барих боломж хоригдлуудад эхний хэдэн жилдээ олдсонгүй. Хоёр жилийн дараа л албаны хүн ирж, “Танд муу мэдээ дуулгах боллоо. Эцэг чинь нас барсан” гэжээ.
 
  Гэхдээ Абу тэнд байхдаа чухам юу үзэж туулснаа төдийлөн ярьсангүй. “Бид нарыг бие мах­бодийн талаар нэг их тамлаж байгаагүй ээ. Харин сэтгэл санааны хувьд Кубад байсан он жилүүд тун ч хүнд байсан даа” гэсхийгээд л зогсчээ.
 
  Хоёр жил гаруй болж байж анх удаа өмгөөлөгчтэйгээ уулзсан байна. Гурван жил хагасын дараа түүнийг өөр дөрвөн уйгур нөхрийн нь хамт гэм буруугүй хэмээн цагаатгав. Гэвч тэд хуарандаа дахин нэг жилийг өнгөрөөхөөс аргагүй болжээ. Учир нь, уйгур хоригдлуудыг орогнуулах гэж дэл­хийн 100 гаруй оронд хандсан ч Хятадаас өөр тэднийг авах нэг ч улс гарсангүй. Гэтэл Хятад руу бол буцаж очих аргагүй. Тэнд цаазаар авах ял хүлээж байгаа ч юм бил үү.
 
  Ийнхүү өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байтал Албани хэмээх улс тэднийг хүлээн авахад бэлнээ мэдэгдлээ. Албаничууд Хятадад хайртайдаа ч биш, Европын хамгийн ядуу орны нэг болох энэ улс яаж ийгээд Умард Атлантын Эвсэл (НАТО)-д элсчих гэж олон жилийн турш Америкийг царайчилж байгаа юм. Тэгээд өөр тус болчих юмаар маруухан учир хаа ч багтаж шингэхгүй таван цагаачийг нь ядаж авчихъя гэж бодсон хэрэг. Албанийг коммунист орон гээд ойлгочихсон Абу тийшээ очихоосоо жаахан айж байв. Гэвч Улаан загалмайнхан тэнд очсон хойно чинь байр, ажил, бичиг баримт олгоно гэж итгэлтэйеэ хэлсэн тул уйгурууд эцэстээ “”За за, биднийг тэр Албанидаа аваач даа” гэсэн байна.
 
“Гуантанамо - хар мөртэй газар”
 
  Ингээд гартаа гав зүүсэн уйгуруудыг 2006 оны тавдугаар сард 30 цэрэг харгалзан цэргийн онгоцоор Албанид хүргэж өгчээ. Очсон хойноо мань эрчүүд эхний 18 сарыг нэгэн томоохон хуаранд өнгөрөөв. Хотын захад байрладаг дүрвэгсдийн тэр хуаранг гадаадын нэг сонин “Албанийн Гуантанамо” хэмээн нэрлэсэн удаатай. Гэвч толгой хоргодож байгаа энэ орныхоо талаар тааламжгүй үг Абу амнаасаа ер унагасангүй. Харин ч ядарсан үед нь санаа тавьж чадлынхаа хэрээр тусалж байгаа албаничуудад баярлаж явдаг гэлээ. Бээжингээс мань уйгуруудыг буцаан татах хүсэлтээ гурван удаа ирүүлсэн боловч Тиран татгалзсан хариу өгчээ.
 
  “Бидний төлөө Хятадтай харил­цах харилцаандаа сэв суул­гах ардчилсан орон гэж ганц ч байдаггүй юм билээ” гэж тэр ярьж байна. Мөнөөх таван уйгурын нэг нь эдүгээ Швед улсад цагаачлахаар өргөдлөө өгөөд буй. Нөгөө дөрөв нь Тиран хотын төвд байр хөлслөн сууж байна. Тэдний зардлыг Албани улсын төр сайндаа хоёр жил л даана, түүнээс цааш бол өөрсдөө учраа олоод яв гэсэн гэнэ. Тус улс ажилгүйчүүдээ яая гэж байгааг Абу сайн мэднэ. Ажилд орох боломжоо нэмэгдүүлэхийн тулд Герман, Авст­риас үзүүлж буй хандивын тусламж­тайгаар жолоочийн дамжааг дүүргэж, долоо хоногт хоёр удаа албани хэлний хичээлд суудаг юм байна. Өнгөр­сөн зун Абу нэгэн пиццаны газарт дадлага сайн хийсний хүчинд одоо тэндээ пицца жигнэж, хагас хугас цалинтай, ажилтай золгожээ.
 
  “Америкийн Ерөнхийлөгч энэ шоронг хаахааар шийдсэнд би их баяртай байгаа. Гуантанамо гэдэг чинь хар мөртэй, өөдгүй газар. Бүр дэлхий нийтийн хувьд шүү. Тэнд ямар ч гэм буруугүй 17 уйгур хүн хоригдсоор байна. Хөөрхийс ядаж гэр оронтойгоо утсаар ярих боломжтой болж дээ” гэж тэр хэллээ. Абугийн хувьд гэрийнхэнтэйгээ ярьж чадалгүй зургаан жилийг өнгөрөөсөн бөгөөд хоёр ихрийнхээ барааг өнөө болтол хараагүй. Одоо харин долоо хоногт нэг удаа ярьдаг болжээ. Эхнэр нь Абугийн ээжийн авдаг сардаа 40-өөдхөн евротой тэнцэх тэтгэврийн хэдээр шар нар бор хоногийг залгуулж явна. Гэлээ гээд түүнийг нутагтаа эргэн очих аваас наанадаж баривчлах, цаанадаж цаазлах аюул отож байгаа. Эх орноосоо оргосон ялтан гэгдэх Абубаккер гэртээ харих боломжгүй, бас ийм ялтны гэр бүлийг Хятад улс гадаад руу явуулахгүй учраас эхнэртэйгээ хэзээ нэгэн цагт тэр уулзаж чадах эсэхээ хэлж мэдэхгүй байна.
 
  “Ийм хувь заяатай хүмүүс зөвхөн бид биш. Бидний туулсан амьдрал нэг л жишээ юм” гэж Абу ярьдаг. АНУ хийгээд Европын орнууд Гуантаномогийн үлдсэн хоригдлуудад амьдралаа шинээр эхлэх боломж олгоосой хэмээн тэр залбирна.